| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00074/Э |
| Дугаар | 00084 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 00084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Мт холбогдох 1832000000070 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй, хаалттай хорих 0413 дугаар ангид харуул хамгаалалтын ажилтан, * тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Жаран овогт Нармандахын М.
Н.М нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Тээвэрчдийн байрны гадаа 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр эхнэр Г.Ажыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Г.Аж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 05 дугаар сарын 23-ны орой нөхөртэйгөө, нөхрийн ах Н.Мэндбаярын гэрт хонох гээд очсон байсан. Бид хоёр маргалдаад би охиноо хувцаслаад гадаа гарах гэсэн чинь араас үсдэж аваад буйдан руу татаад унагаасан. Би уйлаад охиноо аваад ахынхаас нь гараад явтал араас Н.М гарч ирсэн. Би машинаас зуны байшингийн түлхүүр авах гэсэн чинь машин онгойлгуулахгүй түлхүүр булаалцалдаад миний зүүн гуя руу өшиглөсөн, толгой руу гараа зангидаж байгаад цохиод авсан. Тэгэхээр нь би өөдөөс нь машины түлхүүрийг нь шидсэн чинь намайг барьж аваад үсдэж газар унагаад үснээс сэгсрээд байсан. Бас нүүр нүдгүй цохиод гар мушгиад гарнаас хазаад байсан. Би тухайн үед хүүхдээ тэврээд хүүхэд уйлаад байхад намайг зодоод байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-р хуудас/
Гэрч Ж.Тд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр цагдаагийн хэлтсийн мэдээлэл хүлээн авагч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байхад Хорихын байрны гадаа нэг залуу эхнэрээ зодоод байна гэж дуудлага ирсэний дагуу эргүүлийн цагдаа нартаа дуудлага ирлээ гэж хэлээд удаагүй байж байтал Г.Аж гэх эмэгтэйг эргүүлийн цагдаа нар дагуулаад орж ирсэн. Тухайн үед Аж нь жоохон хүүхэд тэвэрчихсэн уйлчихсан манай нөхөр намайг зодоод байна гэж жижүүрийн өрөөнд орж ирсэн. Надад хамаатан садан байхгүй би Улаанбаатар хот руу ээж дээрээ очмоор байна. Эндээс хурдан явмаар байна гэж хэлсэн. Тухайн үед Ажын зүүн нүдний орчим байх дух нь хавдчихсан байсан. Жижүүрийн ахлах хошууч Ш.Эрдэнэбаясгалан Ажаас мэдүүлэг авахад хүүхдээ тэврээд уйлаад байсан. Манай нөхөр намайг хотод байхдаа зодож байсан гэж ярьж байсан ба би ээждээ хэлж байгаагүй, одоо эндээс хурдан ээж рүүгээ явмаар байна. Би гомдолтой байна. Манай хадмууд хүүгээ өмөөрөөд байдаг гээд байсан. Тэгээд мэдүүлэг өгч дууссан чинь хошууч Ш.Эрдэнэбаясгалан Ажыг дагуулаад эмнэлэгт үзүүлээд эмнэлэгийн тодорхойлолт аваад ир гэж явуулсан. Би эмнэлэгт очсон чинь жижүүр эмч БО эмч өрөөндөө аваад орсон тэгээд удалгүй эмнэлгийн тодорхойлолт аваад гарч ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-р хуудас/
Гэрч Б.БО мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би Ажын биед үзлэг хийхэд духандаа хавдартай зүүн нүдний дээд зовхины орчим зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн хөлний шилбэний орчим хөхөрсөн зөөлөн эдийн гэмтэлтэй байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-р хуудас/
2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №85 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: …
1. Г.Ажын биед дух, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэг, зүүн хөлийн шилбэний ар хэсэгт цус хуралт, дух, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 13 дугаар хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний маягт /ХХ-ийн 11-12-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 28 дугаар хуудас/, Шүүгдэгч Н.Мын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /39 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.М нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Тээвэрчдийн байрны гадаа 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр эхнэр Г.Ажыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.Ажын мөрдөн байцаалтанд өгсөн “...Бид хоёр маргалдаад би охиноо хувцаслаад гадаа гарах гэсэн чинь араас үсдэж аваад буйдан руу татаад унагаасан. Би уйлаад охиноо аваад ахынхаас нь гараад явтал араас Н.М гарч ирсэн. Би машинаас зуны байшингийн түлхүүр авах гэсэн чинь машин онгойлгуулахгүй түлхүүр булаалцалдаад миний зүүн гуя руу өшиглөсөн, толгой руу гараа зангидаж байгаад цохиод авсан. Тэгэхээр нь би өөдөөс нь машины түлхүүрийг нь шидсэн чинь намайг барьж аваад үсдэж газар унагаад үснээс сэгсрээд байсан. Бас нүүр нүдгүй цохиод гар мушгиад гарнаас хазаад байсан. Би тухайн үед хүүхдээ тэврээд хүүхэд уйлаад байхад намайг зодоод байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-р хуудас/, Гэрч Ж.Тдийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Хорихын байрны гадаа нэг залуу эхнэрээ зодоод байна гэж дуудлага ирсэний дагуу эргүүлийн цагдаа нартаа дуудлага ирлээ гэж хэлээд удаагүй байж байтал Г.Аж гэх эмэгтэйг эргүүлийн цагдаа нар дагуулаад орж ирсэн. Тухайн үед Аж нь жоохон хүүхэд тэвэрчихсэн уйлчихсан манай нөхөр намайг зодоод байна гэж жижүүрийн өрөөнд орж ирсэн ...”гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-р хуудас/, Гэрч Б.БОын мөрдөн байцаалтанд өгсөн “... Би Ажын биед үзлэг хийхэд духандаа хавдартай зүүн нүдний дээд зовхины орчим зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн хөлний шилбэний орчим хөхөрсөн зөөлөн эдийн гэмтэлтэй байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-р хуудас/, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №85 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ... Г.Ажын биед дух, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэг, зүүн хөлийн шилбэний ар хэсэгт цус хуралт, дух, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 13 дугаар хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /ХХ-ийн 11-12-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Н.Мыг эхнэр Г.Ажын “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож”, биед нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.М нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Тээвэрчдийн байрны гадаа 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр эхнэр Г.Ажыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож улмаар Г.Ажын биед дух, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэг, зүүн хөлийн шилбэний ар хэсэгт цус хуралт, дух, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жаран овогт Нармандахын Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Мын торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.