| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2510043501579 |
| Дугаар | 2026/ДШМ/206 |
| Огноо | 2026-02-12 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал /цахимаар/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2026/ДШМ/206
2026 02 12 2026/ДШМ/206
Д.Ё-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Өлзийжаргал /цахимаар/,
хохирогч Ж.М-,
шүүгдэгч Д.Ё- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч М.Хандармаа,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.М-, шүүгдэгч Д.Ё- нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Ё-д холбогдох 2510043501579 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овогт Д-ын Ё-, ........., урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 822 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, (/РД: Д-).
Шүүгдэгч Д.Ё- нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт “Д-” 3 блок хотхоны Д- тоотод хардалтын улмаас маргаан үүсгэж хохирогч Ж.М-г үсдэж хараалын үгээр хэлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт “Д-” 3 блок хотхоны Д- тоотод чамаас болоод ажил бүтэхгүй байна хэмээн маргаан үүсгэж хохирогч Ж.М-гийн нүүр хэсэг рүү нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт “Д-” 3 блок хотхоны Д- тоотод хардалтын улмаас маргаан үүсгэж хохирогч Ж.М-гийн зүүн чих хэсэг рүү нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Мөн 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт “Д-” 3 блок хотхоны Д- тоотод хардалтын улмаас маргаан үүсгэж хохирогч Ж.М-г орон дээр түлхэж унаган толгой бие хэсэг рүү цохих үйлдлээр зүүн чихний дэлбэнд няцарсан шарх, зүүн чихний хэнгэрэн хальсанд цус хуралт, духны зүүн хажуу, чихний урд хэсэг, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тарх доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Ё-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт Д-ын Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ё-г 10 /арван/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ё-д оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Ё- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Ё- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д- овогтой хоригдогч Ё- би Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн №2026 /ШЦТ/ 86 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Миний бие Д.Ё- нь өөрийн хамтран амьдрагч болох Ж.М-д хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэм буруугаа ойлгож их зүйлс ухаарч байна. Миний амьдралд дахиж ийм зүйл гарахгүй гэдгийг амалж байна. Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хорих ялаас бусад өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгч амьдралд минь дахин нэг боломж олгооч гэж чинь сэтгэлээсээ гуйж байна” гэв.
Хохирогч Ж.М- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би уг хэргийн хохирогчийн хувьд анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрээр шүүгдэгч Д.Ё-д оноосон 10 сарын хорих ялыг хүнд байна гэж үзэж, энэхүү гомдлыг гаргаж байна. Тухайн хэрэг гарсанаас хойш Д.Ё- нь надад ямар нэгэн хүчирхийлэл, дарамт шахалт үзүүлээгүй, дахин согтууруулах ундаа хэрэглээгүй бөгөөд өөрийн гэм бурууг ухамсарлан уучлалт гуйж, зан үйлдэлээ бодитоор өөрчилсөн. Миний зүгээс гомдол саналгүй бөгөөд Д.Ё-д оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр хөнгөн төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Энэхүү гомдол саналыг аливаа дарамт шахалтгүйгээр, өөрийн сайн дураар гаргаж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хандармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Д.Ё- болон хохирогч Ж.М- нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Д.Ё-гийн тухайд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой гэмт хэрэг гаргаснаас хойш хамтран амьдарч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. Өөрөөр хэлбэл, 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах болон 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх сонгох санкцтай. Иймд хохирогчтой эвлэрсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан үзэж, хохирогч шүүгдэгч нарын гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Д.Ё-д зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.
Прокурор Б.Өлзийжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Ё-гийн хувьд 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилсэн 4 удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдэж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Анхан шатны шүүхээс 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулд тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогч болон шүүгдэгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Ё-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдол болон хохирогч Ж.М-гын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ё-г 4 удаагийн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ё-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргасан байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын ахлах шинжээч эмч Ц.Бадралын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №ЕГО0725/11768 дугаартай: “...Ж. М-гийн биед зүүн чихний дэлбээнд няцарсан шарх, зүүн чихний хэнгэргэн хальсанд цус хуралт, духны зүүн хажуу, чихний урд хэсэг, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх 22-24/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14/,
Хохирогч Ж.М-гийн: “...Болсон үйл явдал нь 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11-р хороо, “Д-” хотхоны 3-р блок Д- тоотод Д.Ё-гийн гэрт нь болсон уйл явдал юм. Өглөө 8 цагийн үед тухайн үйл явдал болсон. Өмнөх өдөр болох 2025 оны 08 дугаар сарын 24-ний үүрээр 5 цагийн үед найз залуу бид хоёр цугтаа пиво уусан, Найз залуу 3 лаазтай пиво, би 2 лаазтай пиво ууцгаасан. Бид хоёр пиво уугаад ярилцаж байх хугацаанд Ё- нь надад хандаад “Чи надтай бүтэн сар холбоогүй байх хугацаанд, чамайг гэдэг байсан зүйлүүд мартагдаад чи байхгүй байсан ч амьдарч чадахаар болсон” гэж хэлэх үед нь би “тэгвэл би явсан нь дээр юм байна” гэж хэлээд босоод хувцсаа өмсөөд явах гэтэл Ё- нь надад хандаад “чи ямар санаа амар гичий вэ, ийм байдалтай болгочхоод орхиж явах гээд байгаа юм уу” гэж хэлээд намайг маш ихээр хараасан. Намайг жижиг өрөөнд орон дээр түлхэж унагаагаад гараа атгаж толгой хэсэг рүү баруун, зүүн гараараа толгой, бие, хүзүү хэсэг рүү цохиод л байсан. Толгой нэлээд өвдөж байна, дагз хэсгээр илүү өвдөж байна, хэвтэж байгаад босоод ирэхээр манарч байна, нүүр тэр чигтээ хөндүүр, хавдартай, зүүн талын чих сэтэрч 2 ширхэг оёдол тавиулсан, зүүн хавирга хөндүүр, эрүү маш их хөндүүр, шанаа зовуурьтай, араагаараа хазагдахгүй байгаа, нуруу, бөөрний харалдаа маш их хөндүүр байна...” гэсэн мэдүүлэг /хх 11-13/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо тухайн гэмт хэргийн онцлог болсон бүрэлдэхүүний шинжийг анхааралтай авч үзэн тэдгээрт бодитой дүгнэлт хийж хэргийн бодит байдлыг үндэслэлтэй зөв тогтоосноор хэргийг зөв зүйлчлэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гарах нөхцөл бүрдэнэ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжид хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл багтаагүй бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, тухай гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тус зүйлийн 2 дахь хэсэгт тусгайлан заасан байна.
Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутай үйлдэл болгон нь гэмт хэргийн шинжтэй бол үйлдэл тус бүрээр гэмт хэрэгт тооцон яллагдагчаар татаж, тухайн үйлдэл болгонд ял шийтгэл оногдуулахаар заасан. Гэтэл шүүгдэгч Д.Ё-гийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай М.М-г 4 удаа зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчилсэн атлаа хохирогч М.М-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг тусад нь зүйлчлэлгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчилж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх үүнийг зөвтгөлгүй, хохирогч Ж.М-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхэд дүгнэлт хийлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарах, давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй алдаа зөрчил гэж үзнэ.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Д.Ё-, хохирогч Ж.М- нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шүүгдэгч Д. Д.Ё-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Шүүгдэгч Д.Ё-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэв.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР