| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/01055/И |
| Дугаар | 309/ШШ2026/00835 |
| Огноо | 2026-04-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 309/ШШ2026/00835
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сум, 3 дугаар багт оршин суух *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, ******* сум, 3 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт оршин суух ******* овогт *******гийн *******од холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 13,483,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхзул
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч О.*******од холбогдуулан гэм хорын хохиролд 13,483,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Т.******* би 2024 оны 10 сарын 06-ны өглөө хадлангийн ажлаасаа түр зуур ирээд гэрээ хашаандаа буулгаж байтал О.*******ын хардаг байсан маш олон үхэр манай гадаа ирсэн. Үхэр малыг нь шөнөжин хөөгөөд явахгүй байхаар нь өөрт нь хэлэх гэж ороход өөдөөс танай аав чинь манай хойно буудаг биз дээ гэж хэгжүүрхээд архи уучихсандаа ч тэр юмуу, олон хүмүүстэй байсандаа ч тэр үү надтай хэрүүл хийгээд байсан. Ингээд бид хоёр барьцалдаж авахад намайг шууд ална гээд хутга шүүрч аваад орон дээр нуруугаар дараад миний дээр гараад нөгөө хамт байсан хүмүүс нь намайг зуурчихаад О.*******од давуу байрлалтай болонгуут биднийг салгахгүй тэдгээр хүмүүс гараад явцгаасан. Би хутгатай гараас нь хэрэндээ хутгалуулахгүй гэж хичээсэн боловч миний нуруун тус газарт хутгалчихсан байсан. Би цус алдаад үхэх сэхэхийн завсарт л эмнэлэг амь насыг минь аварсан. Би маш их гомдолтой байгаа. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс иргэний журмаар нэхэмжлэхээ гаргаж сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нэхэмжил гэсэн учир өөрийн сэтгэцэд учирсан хохирлоо 8,573,400 төгрөгөөр нэхэмжилж байгаа болно. Мөн намайг орон дээр дарж унагахдаа нуруугаар минь эвгүй унагасан. Би бүтэн сар гаран эмчилгээ хийлгээд зүгээр болохгүй байхаар нь нурууны зураг авхуулж, мэдрэлийн хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх дахин баримт бүрдүүлж нэхэмжил гэсэн учир энэ 910,000 төгрөгөө нэхэмжилж байна. Би тухайн үед өдрийн 100,000 төгрөгөөр хадланд гарч байсан. Хадуур тармуур дээр явах, өвс хураах, боож преслэх, ачиж буулгах гэх мэт хадлангийн бүх ажлыг хийж байсан. Би энэ хутгалуулснаас болж олох байсан орлогоо алдсан. Энэ мөнгийг дундажлаад 40 хоног буюу 4,000,000 төгрөгийг О.*******оос нэхэмжилж байна. Иймд О.*******оос нийт 13,483,400 төгрөг гаргуулж өгнө үү гэж,
хариуцагч О.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.******* нь эрүүл мэндэд учирсан хохиролд 910,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус 910,000 төгрөгийн зардал нь мэдрэлийн эмнэлэгт нурууны суултаа эмчлүүлэхэд гарсан гэдгээ эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дээр хэлж байсан. О.*******ын үйлдлийн улмаас бий болсон эрүүл мэндийн хохирол биш гэж үзэж байна. Сэтгэцэд учирсан хохиролд 8,573,400 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сэтгэцэд учирсан зэрэглэлийг шинжээч тогтоох ёстой. Шинжээч тогоосны дараа, шүүхээс тогтоосон төлбөрийг төлнө. Мөн олох байсан орлогод 4,000,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг 2024 оны 10 сарын 07-ны өдөр болсон. Тухайн үед хадлангийн ажил дуусчихсан байсан. Мөн нэхэмжлэгчийг тухайн үед хадлангийн ажил хийж байсан гэж бодохгүй байна. Тэрээр ******* сумын 3 дугаар багийн нутаг дахь гэртээ малаа маллаж байхдаа хариуцагч О.*******ын гэрт ирж хэрүүл маргаан үүсгэж, тус хэрэг гарсан байдаг гэж тус тус тайлбарлан маргасан.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/378 дугаар шийтгэх тогтоолоор О.*******ыг Т.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон торгох ял шийтгэж, түүнээс эрүүл мэндэд учирсан хохиролд 1,485,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 3,300,000 төгрөг, нийт 4,785,000 төгрөгийг гаргуулж Т.*******т олгож шийдвэрлэсэн.
- Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх О.*******од холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 02 сарын 06-ны өдөр хянан хэлэлцэж, 2025/ДШМ/05 дугаар магадлалаар О.*******оос гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 575,000 төгрөгийг гаргуулан Т.*******т олгож, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 910,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийг тус тус холбогдох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн ба уг шийтгэх тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
- Шүүх нэхэмжлэгч Т.*******ын хүсэлтийг хүлээн авч, түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилсон боловч Т.******* нь үзлэг шинжилгээ хийлгэхээр очоогүйн улмаас дүгнэлт гаргах боломжгүй болсон тул шинжилгээ хийхээс татгалзсан хариуг Шүүх шинжилгээний ерөнхий газраас ирүүлсэн.
4. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, …эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан …зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх …үүрэгтэй ба ...гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй талаар тус тус хуульчилсан.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, хуульд зааснаас дүгнэж үзвэл нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч О.*******оос өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.
Гэтэл нэхэмжлэгч Т.******* нь хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбарыг нотлох, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.******* нь мэдрэлийн хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд 910,000 төгрөг зарцуулсан, хадланд 40 хоног ажиллаж 4,000,000 төгрөгийн орлого олох байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байх боловч тэр талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
Тус хэрэгт шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилсон боловч нэхэмжлэгч Т.******* нь шинжилгээний байгууллагад очиж шинжилгээнд биечлэн хамрагдах үүргээ биелүүлээгүйн улмаас сэтгэцэд хор уршиг учирсан болохоо тогтоолгоогүй байна. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршиг учирсан болох нь шинжилгээний байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар хуульд заасан.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч О.*******од холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Т.*******ын гэм хорын хохиролд 13,483,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хариуцагч О.*******од холбогдох нэхэмжлэгч Т.*******ын гэм хорын хохиролд 13,483,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Т.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гарснаас хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА