Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2026/ДШМ/03

 

 

 

 

 

 

 

 2026        01           19                                           2026/ДШМ/03

 

 

 

 

С.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Г.Уртнасан, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Улсын яллагч Д.Ч ,

Хохирогч нарын өмгөөлөгч Б.Г , А.А /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Д ,

         Шүүгдэгч С.Г

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нарыг оролцуулан,

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/278 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Д-н давж заалдах гомдлоор, С.Г-т холбогдох эрүүгийн 2339003390173 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч С.Г  нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Х  аймгийн М  сумын ... дугаар багийн нутаг "Э" гэх газар засмал зам дээр ... улсын дугаартай "Т" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан "...замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,

Мөн 11.3 дахь хэсэгт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчин эсрэг урсгал руу орж улмаар ... улсын дугаартай "Т" маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, ... улсын дугаартай "Т" маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч О.Н-н эрүүл мэндэд сээрний Th10-11-р нугалмайн зүүн хажуугийн хөндлөн сэртэнгүүдийн хугарал, нугас дарагдал, зүүн дал ясны хугарал, дух болон баруун шанаа, баруун хөлийн тавхайд мэс заслын оёдол бүхий шарх, нүүрэнд зулгаралт бүхий хүнд хохирол, мөн ... улсын дугаартай "Т" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.А-н эрүүл мэндэд хэвлийн хөндийн цусан хураа, элэгний зүүн дэлбэн, дэлүү, давсаг, 12 хуруу гэдэс, нойр булчирхайн няцрал, дунд чөмөгний доод 1/3 хэсгийн хугарал бүхий хүнд хохирол, зорчигч Н.О-н эрүүл мэндэд хоёр талын суудал ясны хугарал, зүүн хөлийн дунд чөмөгний хүзүү хэсгийн хугарал, зүүн гарын бугалга ясны доод 1/3 хэсгийн хугарал, баруун талын дал, эгэм, хавирганы хугарал бүхий хунд хохирол, Г.А-ны эрүүл мэндэд дух яснаас зүүн ухархайн дотно хана хүртэл үргэлжилсэн хугарал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цус хуралт, тархины няцрал бүхий хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газраас С.Г-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч С.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Д  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхээр миний үйлчлүүлэгч С.Г-г гэм буруутайд тооцоход 5 хоногийн завсарлага авалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хэдий ч осолд орсон Д.А, Н.О, Г.А нарын эмчилгээний зардал, тээврийн хэрэгслийн үнэ, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр болох нийт 91.4 сая төгрөгийг түүний ар гэрээс бүрэн төлж барагдуулсан болно. Мөн миний үйлчлүүлэгчийн төрсөн ах С.Г тэдэнтэй уулзан өнгөрсөн хугацаанд тэдний биеийг асууж, холбоо барьж уулзаагүй, тусалж дэмжээгүй талаараа тайлбарлаж, хүн ёсоор уучлалт гуйсан байна. Д.А, Н.О, Г.А (ээж А.О) нар үүнийг хүлээн авч, гомдолгүй гэдгээ илэрхийлэн, С.Г-т ял шийтгэл өгөхгүй байхыг хүссэн байна. (Хүсэлтийг хавсаргав.) Миний үйлчлүүлэгчийн зүгээс ар гэр, төрсөн ахаараа дамжуулан хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулж хүн ёсны харилцаа үүсгэсэн нь өөрийн гэм бурууг хүлээж байгаа хэрэг биш юм.

Х аймгийн М сумын нутагт 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гарсан автын ослын шалтгааныг бодитоор тогтоогоогүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч С.Г "урсгал сөрж өөдөөс хурдтай гарч ирээд баруун гар талаар дайрч гарсан машин осол гаргаад зугтсан" гэдгийг осол гарсан цагаас эхлэн тууштай мэдүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, урсгал сөрж хурдтай орж ирсэн тээврийн хэрэгсэл эгнээгээрээ явж байсан улаан хүрэн өнгийн ... тээврийн хэрэгслийг эсрэг урсгал руу шахаж оруулан цагаан өнгийн ... тээврийн хэрэгсэлтэй мөргөлдүүлсэн гэдгийг тогтоолгох хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Үүнтэй холбоотой дараах гомдлыг гаргаж байна.

С.Г-н холбогдсон 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн зам тээврийн ослын шалтгааныг тогтооход хамгийн чухал ач холбогдолтой нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл нь схем зураг, фото зургийн үзүүлэлтүүдтэй илт зөрүүтэй авагдсан байдаг. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг хавтаст хэрэгт компьютероор шивж хэвлэж хавсаргасан байдаг. Энэ нь ослын газар үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, гар бичмэлийг хавсаргах ёстой байсан гэж үзэж байна. Энэ нь харахад бага зүйл боловч ослын шалтгаан нөхцөлийг  тогтооход чухал ач холбогдолтой. Фото зураг болон схем зурагт авагдсан тэмдэглэлүүд, ялангуяа ... маркийн тээврийн хэрэгслийн дугуйн мөр, хоёр тээврийн хэрэгслийн мөргөлдсөн А цэгийн байрлалыг илт зөрүүтэй тэмдэглэсэн. Схем зургийн тухайд ослын үед үйлдэгдсэн ажлын болон хар зургийг хавсаргаагүй, тэмдэглэл, фото зурагт авагдсан тоон үзүүлэлтээр авсан цэгүүд огт байхгүй, А цэгийг 2 метрийн өргөнтэй хөвөөний голд авсан нь фото зурагт авсан А цэгтэй илт зөрж байдаг. Иймд дээрх 3 нотлох баримтууд нэг нэгнээсээ огт зөрөхгүй, ослын шалтгааныг ямарч эргэлзээгүйгээр нотлох ёстой гэж үзэж байна.

С.Г осол болсон үеийн нөхцөл байдлыг үнэн зөв тогтоолгох зорилгоор ослын дараа 2023 оны 07 сарын 19-нд Цагдаагийн газарт өргөдөл гаргасан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Гэтэл ЭХШТ хуульд заасныг удирдлага болгон хүсэлтийг шийдвэрлээгүй, албан ёсоор ямар ч хариу өгөлгүй байж байгаад 2024 оны 08 дугаар сарын 14-нд /хүсэлт өгснөөс хойш 13 сарын дараа, хүсэлтэд дурдсан баримтууд нотлох чадвараа алдсаны дараа ажиллагаа хийсэн нь мөрдөгч нар хууль зөрчиж, ажилдаа хайнга хандсан гэж үзэж байна.

2023 оны 11 сарын 22-ны өдрийн 06/119 дугаартай шинжээчийн дүгнэлт шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийг, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3 дахь заалтыг тус тус зөрчиж гарсан байна. Шинжээчийн дүгнэлтийн Асуулт-2-т хариулахдаа "хоёр тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй" гэж хариулсан байдаг. Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.7-д "шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултад шинжлэх ухааны арга хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах хуулийн заалттай. Тухайн дүгнэлт гаргах 2023 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн мөрдөгчийн тогтоолд шинжилгээ хийлгэхийг ШУТИС-ийн харьяа МИС-д буюу хуулийн этгээдэд даалгасан байдаг нь мөн хууль зөрчиж байна. 2025 оны 05 сарын 27-ний өдөр шүүгч 307 дугаартай Захирамж гаргасан байдаг. Шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй. (О.Н-н эрх зөрчигдсөн. 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болсон шүүх хуралдаанаар ч энэ асуудлыг хууль зөрчиж шийдсэн.) Уг захирамжид 60 хоногийн дотор хохирогчид сэтгэл санааны хохирол тооцуулах"-аар заасан ба энэ хугацаа 2025 оны 07 сарын 27-нд дуусаж хуралдах байтал, хурал 2025 оны 11 сарын 04-нд болсон. Осол 2023 оны 07 сарын 17-ны өдөр болсон. Гэтэл 2023 оны 12 сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт орсон бөгөөд яллах дүгнэлтийг 2024 оны 09 сарын 16-нд үйлдсэн. Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32-ын 9.1-д заасныг зөрчсөн. Гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.7 дугаар зүйлийн 2, 1.12  дугаар  зүйлийн 1-г тус тус удирдлага болгон гаргаж байна. Иймд 2025/ШЦТ/278 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...“ гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Д  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт нь хоорондоо тохирч байх ёстой. Миний хувьд зөвхөн схем зургаа хараад нөгөө 2 нотлох баримт байхгүй байхад тухайн ослын газрыг сэргээн дүрсэлж болно гэж ойлгодог. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг компьютероор шивээд хэвлэж гаргасан байдаг. Зам тээврийн ослын үед хэргийн газрын үзлэг хийж байгаа мөрдөгч компьютероор шивээд нотлох баримт бүрдүүлэх боломж багатай гэж үзэж байгаа. Шүүх хуралдааны үеэр анх удаа хэргийн газрын үзлэгийг компьютероор бичсэн байна гэдэг асуудлыг хэлсэн. Хэргийн газар дээр очсон бүрэлдэхүүн схем зургийг гар ноорог буюу хар зураг, хэргийн газрын масштаб дээр буусан схем зурагтай хавсаргагддаг. Гэтэл энэ нотлох баримтууд байхгүй байгаа. Үүнээс үзэхэд хэргийн газрын схем зураг, фото зураг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл хоорондоо их зөрүүтэй байдаг. Фото зураг дээр бэхжүүлж авсан цэгүүд схем зураг дээр байхгүй. Эдгээр байдлуудаас үзэхэд энэ 3 нотлох баримт осол болсон шалтгаан нөхцөлийг тогтоох нотлох баримт болж чадахгүй гэдэг асуудлыг мөрдөн байцаах ажиллагаанд орсноосоо хойш удаа дараа хүсэлт тавьж, прокурор, шүүхэд хүртэл хандаж байсан. Жишээлбэл 49 дээр осол болсон зорчих хэсгийн гадна талд биологийн элементээр үүссэн нөхцөл байдал байгааг схем зураг дурдчихсан. Бид энэ цэгийг 2 машин мөргөлдсөн цэг гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл 2 машин хоорондоо мөргөлдөхөд эхлээд шатах тосох материал шингэн доошоо асгардаг. Иймээс нотлох баримтыг харахад А цэг үндэслэл муутай тавигдсан. Мөн зорчих хэсгийн хөвөөний өргөн 2 метр байхад хөвөөний голд А цэгээ аваачаад тавьчихсан байдлууд нь осол гарсан буюу 2 машин мөргөлдсөн А цэгийг үндэслэл муутай тогтоосон гэж үзэж байна. Иймээс хэргийн газрын үзлэгийг дахиж хийлгэе гэдэг асуудлыг зөндөө тавьсан боловч хүлээж аваагүй. Хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоох ёстой. Хэрэгт авагдсан 3 нотлох баримт гурвуулаа эргэлзээтэй байгаа учраас хэргийн газрын үзлэгийг дахиж хийлгэж байж ослын шалтгаан нөхцөлийг үнэн зөв тогтоох боломжтой гэж үзэж байгаа.

С.Г тухайн осол болсноос 2 хоногийн дараа буюу 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн газарт очиж өргөдлөө өгсөн. Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. С.Г  нь болсон байдлыг өөрөө биеэрээ амссан учраас албан ёсоор хариу өгнө үү гэдэг асуудлыг тавьсан байдаг. Гэтэл уг өргөдлийг 7 сарын дараа шийдвэрлэж камерын бичлэг шүүсэн. Үүнтэй холбоотойгоор камерын бичлэгийг шүүсэн дүгнэлт дээрээ оролцсон хүнээс гаргасан санал хүсэлт байхгүй, хүсэлт гомдлыг шийдвэрлэсэн байдал үгүй гэсэн нотлох баримт хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүний гаргасан санал хүсэлт, гомдлыг тодорхой хугацаанд нэн даруй шуурхай шийдвэрлэх ёстой шүү дээ. Гэтэл 7 сарын дараагаар шийдвэрлэж байгаа асуудалд цагдаагийн албан хаагчид болон прокурор хяналт тавиагүйгээс болж энэ хүний эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа нь харагдаж байна. Өөдөөс тээврийн хэрэгсэл ирсэн болохоор л хажуу тийш дарсан байгаа. Чигээрээ яваад тэр машинтай мөргөлдсөн бол энэнээс илүү хор уршиг учрах байсан. Энэ асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм бэ гэхэд 7 сарын дараа шийдвэрлэх гэж оролдсон асуудал байгаа. Энэ дээр санал гомдол, хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх ёстой гэсэн зүйл хэлэх нь илүүц болов уу гэж бодож байна.

Гуравдугаарт, С.Г-г шинжээчийн дүгнэлтээр буруутгаж байгаа. 2023 оны 11 дугаар сарын 22-ны өдөр 06/119 тоот шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуулиудыг ноцтой зөрчиж гаргасан. Гэтэл ийм шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож ялласан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 74 дүгээр хуудсанд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шинжээч томилсон тогтоолд Механик инженер, тээврийн сургуульд буюу хуулийн этгээдэд даалгасан байгаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг ноцтой зөрчиж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д “төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн” гэсэн заалт байдаг. Нэгд механик инженерийн сургуулийг хуулийн этгээд гэж заасан байгаа нь үүнийг зөрчиж байна. Хоёрт Механик инженер, тээврийн сургуулийн багш нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3-д зааснаар тухайн шинжилгээ гаргах этгээд нь тусгай эрх, өөрийн гэсэн тамга тэмдэг, гэрчилгээтэй байх ёстой. Үүнийг зөрчиж гаргасан тогтоол байдаг. Би Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3-д заасныг тус тус зөрчсөн гэж гомдол гаргасан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.7-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт тодорхойгүй, тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол дүгнэлт гаргахаас татгалзана” гэсэн заалт байдаг. Гэтэл өнөөдөр тусгай мэдлэг бүхий хүмүүс 2 машины хурдыг тогтоолгож өгөөч гэж хүссэн боловч үүнийг тогтоох боломжгүй гэж хариулж байгаа.

Шүүгч шүүгчийнхээ захирамжийг биелүүлээгүй гэдэг асуудлыг ярьж байгаа. 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 307 тоот захирамж гаргасан. Энэ захирамж дээр хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлыг шинжилгээгээр тогтооно гэж заасан. Шинжээчийн дүгнэлт гараагүй, сэтгэцэд учирсан хохирол гараагүй гээд 3, 4 удаа шүүх хуралдаан хойшилсон. Энэ хугацаанд хохирогч Наранзаяагийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох ёстой гэж шүүгчийн захирамжид заасан байдаг. Хохирогч Наранзаяа нь анхан шатны шүүх хуралдаанд цахимаар оролцож сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж авмаар байна гэсэн хүсэлтийг гаргасан. Гэтэл захирамжид заасан ажиллагаанууд хийхгүй байна гэсэн мөртлөө шүүх хуралдаан болохоор хохирогч Наранзаяаг сэтгэцэд учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжил гэсэн. Үүнтэй холбоотой 5 дугаар хавтаст хэргийн 49 дүгээр хуудаст 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр шинжилгээ хийлгэх тогтоол гаргасан юм байна лээ. Энэ шинжилгээ хийх тогтоолтой Н  утсаныхаа дугаарыг тавиад танилцаад гарын үсэг зурсан байгаа. Гэтэл шинжилгээ хийлгэх тогтоол ерөөсөө үйлдээгүй. Шинжээчээр гарын үсэг зуруулаагүй. Шүүх шинжилгээний ерөнхий газар луу энэ тогтоолыг явуулаагүй байгаа юм. Шинжээчийн дүгнэлт гарсан гээд шүүх хуралдааныг хийсэн асуудлууд байгаа.

Мөн Эрүүгийн хуульд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөлт орсон байхад энэ өөрчлөлтийг яллах дүгнэлтэд дурдаагүй. Аль хуулиар нь хүнийг яллаад байгаа юм бэ? Мөн Эрүүгийн хуульд өөрчлөлт орсон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.9-д зааснаар дахиж мөрдөгчид даалгавар бичээд үйлдэгдэх ёстой гэж үзэж байна. Гэтэл прокурор яллах дүгнэлтдээ ч заагаагүй. Яллахдаа эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг баримталж яллаад байгаа юм уу, дээрдүүлээгүй хуулиар яллаад байгаа юм уу гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой бус байсан.

Холимог хэлбэрийн үйлдлээр санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол учруулсан гээд байгаа. ...өөрийнхөө гэр бүлийн хүмүүстэй явж байж гэр бүлийнхээ хүмүүсийг санаатайгаар хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэх ийм агуулга гарч ирж байна. Тийм учраас энэ хэрэг болгоомжгүй үйлдэгдсэн шүү дээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг гэдгийг хэлэх нь зүйтэй.

Зам тээврийн ослоос болж хүмүүс гэмтсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирлуудыг хохирогч нарт төлж барагдуулсан нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. А, О, А нарт 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирлоо сайн дураараа төлсөн. Энэ хүмүүс хохирол авсан талаараа тодорхой дурдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорт буцааж өгнө үү гэж хүсэж байна. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн. Хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тал бүрээс нь харах, тогтоох шаардлагатай байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд цагдан хоригдсон. Өөрөө цагаан хоолтой зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Хэрэв бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаах юм бол миний үйлчлүүлэгчийн цагаан хоолтой, эрүүл мэндийн байдал нь тааруу байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж өгнө үү...” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч ослын газрын бүдүүвч зурагт ямар зөрүүтэй зүйл байгаа талаар тодорхой хэлэхгүй байна. Энэ хэрэгт ямар ч зөрүүтэй зүйл байхгүй байгаа. Хэрэв зөрүүтэй зүйл байсан бол бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд энэ талаар дурдагдаж, дүгнэлт гарах боломжгүй талаар хариу ирдэг.

2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бүрэлдэхүүнтэй тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт 2 дугаар хавтаст хэргийн 76-77 дугаар талд авагдсан. Мөн камерын бичлэгийг шүүж цаг хугацааны байдлаар л жолооч нарыг шалгаж мэдүүлэг авсан. Тухайн үед осол гарчихсан байсан учраас жоохон хүүхэд байна гэхээр нь очсон гэдэг талаар нэр бүхий гэрч нарыг асуусан. Осол гарснаас хойших ач холбогдолгүй цаг хугацаагаар камерын бичлэг шүүж нотлох баримтыг цуглуулаагүй. Мөн аль фото зураг зөрүүтэй гэдэг нь ойлгомжгүй байна.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, шинжээчийн дүгнэлт болон гэрчийн мэдүүлгүүд ямар байдлаар таарч тохирч байгаа талаар дурдахад аллион маркийн тээврийн хэрэгсэл баруун зүгээс зүүн зүг рүү, пробокс маркийн тээврийн хэрэгсэл буюу 31-11 дугаартай тээврийн хэрэгсэл зүүн зүгээс баруун зүг рүү явж байсан. Аллион маркийн тээврийн хэрэгслийн хар мөр зам дээр маш тод гараад, гэрчийн мэдүүлэгтэй таарч тохирч байгаа хэсэг нь хөвөө хэсэг рүүгээ шахах гэж оролдсон тэгэхэд хажуу талаас ирээд мөргөлдсөн гэж байгаа. Энэ нь хэргийн газрын үзлэг хийсэн зурагтай таарч тохирч байдаг. Пробокс маркийн тээврийн хэрэгсэл жолоочийн ертөнцийн зүгээр зүүн хойд зүг рүү тээврийн хэрэгслийн урд хэсэг буюу хамар хэсэг харж зогссон. Тэгэхээр зүүн гар талаасаа мөргүүлсэн байгаа юм. Энэ нь хэргийн газрын зураг болон гэрчийн мэдүүлэгтэй тохирдог.

С.Г-н тайлбарлаж байгаагаар гуравдагч машин өөдөөс ирээд хөвөө хэсгийг тойроод хөвөөн дээрээс яваад цаашаагаа зугтсан учраас ийм осол болсон гэж тайлбарладаг. 2023 оны 7 сард осол болсон бөгөөд зун цаг байсан. Тухайн хэргийн газрын үзлэг дээр маш тодорхой гарсан байдаг. 2 хөвөөн дээр ямар нэгэн байдлаар тээврийн хэрэгслийн шарвасан ч юм уу өөр тээврийн хэрэгслийн ул мөр огт гараагүй. Үүнтэй холбоотойгоор гэрч, хохирогч нар ямар нэгэн байдлаар өөдөөс тээврийн хэрэгсэл ирээгүй, харин улаан өнгийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж өөдөөс орж ирж дээрх ослууд болсон талаар маш тодорхой мэдүүлдэг.

Камерын бичлэгийг шүүж тухайн үед постоор гарсан замын машинуудыг шалгаж нэг бүрчлэн мэдүүлэг авсан. Шинжээчийн дүгнэлт хууль зөрчөөгүй. Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт бүрэн танилцуулсан, шинжээчийн дүгнэлт, томилсон тогтоолыг бүрэн танилцуулж хүргүүлсэн. Үүнтэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Байгууллага томилсон чинь байгууллага гаргаагүй, хүн гаргачихсан байна гэдэг агуулгаар дүгнэлтийг няцааж байгаа нь үндэслэлгүй байна. Тусгай мэдлэг бүхий бүрэлдэхүүнтэй шинжээч ослын газарт хэмжилт хийсэн зураг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгийг үндэслэж дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харахад Н нь Орос Улсад байгаа, би очих боломжгүй, цахимаар сэтгэцэд учирсан дүгнэлтээ гаргуулмаар байна гэдэг хүсэлтийг илэрхийлсэн. Шүүх шинжилгээний ерөнхий газраас цахимаар сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох боломжгүй гэдэг байр суурийг хэлсэн. Үүнтэй холбоотойгоор шүүх хурал олон удаа хойшилсны эцэст шүүхээс шүүх хурлыг явуулсан. Иргэний хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хуулийг зөрчсөн, оролцогчдын эрхийг хязгаарласан гэж үзэхгүй байна.

Яллах дүгнэлт дээр аль хуулиар шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй байна гэж өмгөөлөгч ярьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр зохицуулсан байгааг дүгнэлтэд дурдсан. Анхан шатны шүүх дээрдүүлсэн хуулийг хэрэглэж тодорхой хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хууль зөрчсөн зүйл байхгүй байх тул хэвээр үлдээх саналтай байна...“ гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Г нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцсан. Манай үйлчлүүлэгчийн зүгээс Хэнтий аймгийн давж заалдах шатны шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 22-нд хүсэлт өгсөн байна лээ. Уг хүсэлтэд нийт хохирол 91,400,000 төгрөг өгсөн, хүн ёсоор уучлалт гуйсан, цаашид холбоотой байж тусалж дэмжлэг үзүүлж байя гэж амлалт өгсөн учраас заавал нийгмээс тусгаарлаж хорих ял өгөх шаардлага байхгүй гэдэг хүсэлтийг албан ёсоор бичгээр гаргаж өгсөн. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ гаргасан хүсэлтэд хүндэтгэлтэй хандаж байгаа. Манай үйлчлүүлэгч ингэж хэлсэн үндэслэлээ өмгөөлөгч нартаа тайлбарласан. Өөрсдөө олон хүүхдүүдтэй, олон ач зээ нартай, энэ залуу 2 ч бага насны хүүхэдтэй. Бидний хүүхдээс ялгаагүй гэдэг байдлаар сэтгэл гаргасан гэж тайлбарласан гэдгийг шүүхэд уламжилж байна. Шүүхэд 5 үндэслэлээр гомдол гаргасан байна лээ. Анхан шатны шүүх хуралдаанд ч гэсэн нарийвчлан бид нар мэтгэлцсэн. Анхан шатны шийтгэх тогтоолын 10, 11, 12 дугаар хуудсанд давж заалдах шатны шүүхэд гаргаад байгаа гомдолд хангалттай, үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Тийм учраас энэ асуудлаар цаашаа дэлгэрүүлэн яриад байх шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс тогтоолыг хүчингүй болгож мөрдөн байцаалтад буцаая гээд байх шиг байна. Тогтоолыг хүчингүй болгож ямар зүйлийг шалгаснаар энэ хэрэгт ач холбогдолтой юм гэдэг нь тодорхойгүй байна. Мөрдөн байцаалтын явцад олон удаа өргөдөл хүсэлт, 3 шатны прокурорт гурвууланд нь хүсэлт өгсөн бөгөөд тухайн хүсэлт өргөдлийг хэрхэн яаж шийдсэн бэ гэдгийг шүүх анхаарч үзэх байх. Иймд хохирогчийн гаргасан дүгнэлтийг дэмжиж орж байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч А.А нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: “...Анхан шатны шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч нарт хохирол, төлбөрийг тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч нар давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд тухайн хүсэлтийг Б.Г өмгөөлөгчийн адил дэмжиж оролцож байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Энэ хэрэг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Г болон түүний өмгөөлөгч нараас удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсан. Мөрдөгч, прокурор, дээд шатны прокуророос тухай бүр хүсэлтийг хангаж шийдвэрлэж мөрдөн шалгах ажиллагаа хангалттай явуулсан. Улсын ерөнхий прокуророос яллах дүгнэлтийг хүчингүй болгож С.Г-н хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байсан. Давж заалдах гомдолд дурдагдаад байгаа ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгасан. Үүнээс илүү хийгдэх ажиллагаа байхгүй гэж харж байна. Энэ үйлдэл болон хохирогч нарт учирсан үр дагавар хоорондоо шалтгаант холбоотой гэдэг нөхцөл байдал анхан шатны шийдвэрээр тогтоогдсон. Иймээс давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээр С.Г-т хорих ял оногдуулсан. Хохирогч нарын зүгээс “энэ хэрэг санаатайгаар үйлдэгдээгүй, хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, уучлалт гуйсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ял шийтгэл оногдуулахгүй байхыг” хүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар буюу шүүгдэгч С.Г-т хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар 3 хохирогч өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа тул уг хүсэлтийг хүндэтгэж дэмжиж оролцож байна...” гэв.

 

Шүүгдэгч С.Г  нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: “...Осолтой холбоотой учир шалтгааныг анхан шатны шүүх хурал дээр болон түүнээс өмнөх ажиллагаануудад бүгдэд илэрхийлж үнэнийг тогтоолгохын төлөө явж байсан. Би анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Ослын үнэн бодит шалтгааныг үнэн зөвөөр тогтоож өгөхийг хүсэж байна. Хэргийн материалтай нарийвчлан танилцсан байгаа байх гэж бодож байгаа тул энэ хэргийг үнэн бодитоор шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Д-н давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч С.Г  нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Х  аймгийн М  сумын 5 дугаар багийн "Э" гэх газар засмал зам дээр ... улсын дугаартай "Т" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.38  11.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчин эсрэг урсгал руу орж зам тээврийн осол гаргаж, хохирогч О.Н, Д.А, Н.О, Г.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  болох нь:

-Хохирогч Д.А “...Манай машиныг гүйцэж түрүүлсэн машин байгаагүй. Би тухайн үед 50 км цагийн хурдтай явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг нойрмоглож зүүрмэглэсэн байх гэж бодож байна. Улаан өнгийн “А” маркийн тээврийн хэрэгсэл урдаас урсгал сөрж орж ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 31-33-р хуудас/,

-Хохирогч Н.О-н “...2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн орчим сумын төвөөс баруун хойш хөдөө гэр лүүгээ явсан. Сумын төвөөс гараад 5-6 км орчим явж байхад урдаас улаан өнгийн машин ирж яваа харагдсан. Тэгтэл тэр машин ойртож ирээд юу юугүй урсгал сөрж орж ирээд манай машиныг мөргөсөн. Тэгээд юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 37-40-р хуудас/,

-Насанд хүрээгүй хохирогч Г.А-ны  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Тэр өдөр би Мөрөн сумаас өвөө эмээгийн  хамт гэр лүүгээ явж байсан. Өвөө машинаа бариад, эмээ хажуу талын суудал дээр суугаад, би ард нь зогсоод явж байсан. Тэгтэл урдаас гэнэт улаан өнгийн машин гарч ирээд мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 46-47-р хуудас/

-Гэрч Н.О-н “...Тухайн үед хажууд болон гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн машин байгаагүй.  Гэнэт урдаас улаан өнгийн машин урсгал сөрөөд ороод ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 58-60-р хуудас/,

-Гэрч Г.П-н “...2 тээврийн хэрэгсэл замын хойд тал руу орж мөргөлдөж зам тээврийн осол гарсан нөхцөл байдалтай байсан. ...... улсын дугаартай улаан өнгийн аллион маркийн тээврийн хэрэгсэл нь урсгал сөрж ... улсын дугаартай пробокс маркийн тээврийн хэрэгслийн урдаас мөргөж осол гарсан байсан. Мөн үзлэгийн явцад төв асфальтан засмал зам дээр дугуйны мөр үүссэн байх ба тухайн дугуйны мөр нь улаан өнгийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн урсгал сөрж осол гаргасныг батлах дугуйн мөр байсныг шинжээч гэрэл зургаар баримтжуулан авч миний бие үзлэгийн тэмдэглэл зураг дээрээ тусгаж өгсөн. Мөн тухайн үед үзлэг хийж байхад 2 тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн цэг нь замын хажуу талын шороо хэсэг буюу хөвөөн дээр мөргөлдсөн байсан ба пробокс маркийн тээврийн хэрэгсэл нь осол болох үед засмал замаас хөвөө хэсэг рүү шахсан байдалтай гарахад нь мөргөлдсөн байсан нь хэргийн газрын үзлэг болон гэрэл зурагт тодорхой харагдаж байна....” гэх мэдүүлэг /1-р хх-н 89-91-р хуудас/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 14-23-р хуудас/,

-Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-н 24-25-р хуудас/,

- Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Т-н  2023  оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 395, 401, 402, 530 дугаартай хохирогч нарын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд

-2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06/119 дугаартай бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн “...улсын дугаартай А маркийн автомашины жолооч С.Г нь МУ-ын ЗХД-ийн 11.3-р заалт буюу "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн ... улсын дугаартай А маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй, ... улсын дугаартай П маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.А нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. ... улсын дугаартай А маркийн автомашины жолооч С.Г... нь МУ-ын ЗХД-ийн 11.3-р заалт буюу "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 76-77-р хуудас/,

-Цагдаагийн ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл / /2-р хх-ийн 121-р хуудас/,

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-н 125-р хуудас/,

- 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Түргэн тусламжийн дуудлагын хуудас /16 цаг 16 минутад дуудлага хүлээн авсан/, /2-р хх-н 242-р хуудас/,

 - Алсын түргэн тусламжийн дуудлагын тэмдэглэл, бүртгэл /3-р хх-н 02-05-р хуудас/,

-Шинжээч И.Б-н “...хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтэд авагдсан 1 хос мөр нь автомашины дугуйнаас үүссэн мөр. ...Энэ зургаас Allion маркийн тээврийн хэрэгслийн мөр нь хурдтай явж байсан тээврийн хэрэгсэл хурд хасах үед үүссэн байна. Хурд хасахдаа бага зэрэг тоормослосон, мөн хөдөлгөөний чигээ өөрчилсөн учраас шарвах үед мөр үүссэн. ...зурагт авагдсан мөр нь чигээ бага зэрэг өөрчилсөн байгаа нь бүрэн хүчээр тоормозлоогүй, тодорхой хэмжээгээр хурдыг бууруулж шарвах үед үүссэн. Хэргийн газрын үзлэгт авагдсан нотлох баримтуудаас харахад эсрэг урсгал руу орсон нь уг осол гарах шалтгаан болсон...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 151-152-р хуудас/,

-Шинжээч Н.М-н “...хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд ... улсын дугаартай A маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Г нь эсрэг урсгалд орсон нь уг осол гарах шалтгаан болсон...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 154-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, болж өнгөрсөн үйл явдлыг бодитойгоор тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Д “...С.Г "урсгал сөрж өөдөөс хурдтай гарч ирээд баруун гар талаар дайрч гарсан машин осол гаргаад зугтсан" талаар гомдол, хүсэлт гаргасан боловч гүйцэд шалгаагүй

хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл нь схем зураг, фото зургийн үзүүлэлтүүдтэй илт зөрүүтэй, ослын үед үйлдэгдсэн хар зургийг хавсаргаагүй,

хэргийн газрын үзлэгт хавсаргасан 49 дэх зурагт осол болсон зорчих хэсгийн гадна талд биологийн элементээр үүссэн нөхцөл байдал байгааг ...2 машин мөргөлдсөн цэг гэж үзэх үндэслэлтэй,

шинжилгээ хийлгэхийг хуулийн этгээдэд даалгасан нь хууль зөрчиж байна.

Эрүүгийн хуульд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөлт орсон байхад энэ өөрчлөлтийг яллах дүгнэлтэд дурдаагүй,

Холимог хэлбэрийн үйлдлээр санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол учруулсан гээд байгаа...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч Д.А, Н.О нар “...Манай машиныг гүйцэж түрүүлсэн машин байгаагүй...” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчийн өөдөөс урсгал сөрж автомашин гарч ирсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Мөн шинжээч нар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зураг зэргийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, зөрүүтэй тусгагдсан нөхцөл байдлыг тусгай мэдлэгийн хүрээнд шинжлэн дүгнэж шийдвэртээ тусгасныг шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн мөрдөгч шинжээч томилохдоо шинжээчдийн бүрэлдэхүүнд оролцох шинжээч нарыг томилохыг хуулийн этгээдэд даалгасан нь хуулийн этгээдийг шинжээчээр томилсон гэж дүгнэх үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн санал, гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн талаар дүгнэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” хэмээн тодорхойлсон.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг буюу авто замын осол нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба хайнга хандах, хөнгөмсгөөр найдах зэрэг байдлаар илэрдэг.

Шүүгдэгч С.Г  нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан "...замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, мөн 11.3 дахь хэсэгт заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэх заалтуудыг зөрчин эсрэг урсгал руу орж өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийг мөргөсөн нь түүний бусдад аюул осол учруулахгүй, хор уршигт хүргэхгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэхээр байгааг залруулан тайлбарлах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч С.Г-г гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Учир нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2023 онд үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн заалтыг баримтлахад хангалттай юм. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан заалтыг хасаж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Д-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/278 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Д-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/278 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан...гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан...“ гэж өөрчлөлт оруулж,  бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-н цагдан хоригдсон 76 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.