| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2505 04390 1799 |
| Дугаар | 2026/ДШМ/217 |
| Огноо | 2026-02-24 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ч.Цэндмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/217
2026 02 24 2026/ДШМ/217
Б.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Цэндмаа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2807 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Э-т холбогдох эрүүгийн 2505 04390 1799 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Б-йн Э-, ........, ял шийтгэлгүй, /РД:Б-/;
Шүүгдэгч Б.Э- нь “Б-” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2025 оны 07 дугаар сарын 07-ноос 08-ний өдрийн хооронд тус компанийн орлогыг хувьдаа завшиж 3.257.275 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б.Э-ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 3.197.275 төгрөг гаргуулж хохирогч “Б-” ХХК-д олгохоор олгож, Б.Э- цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э- нь гэмт хэргийн улмаас манай компанид учруулсан хохирлоос нэг ч төгрөг барагдуулаагүй байхад түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оноосонд гомдолтой байна. Б.Э- үйлдсэн хэрэгтээ ямар ч дүгнэлт өгөөгүй, бусдын хөрөнгийг завшаад, хохирол төлөхгүй байхад болдог юм гэсэн байдалтай байна. Ийм учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй болно. Гэмт хэргийн хохирлыг арилгах нь эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Шүүгдэгч Б.Э- энэ хэрэгт шалгагдах явцад хоригдоогүй, өвчин тусаагүй тул шударгаар ажиллаж, орлого олоод гэмт хэргийн хохирлыг барагдуулах бүрэн боломжтой байсан. Шүүхээс энэ асуудалд дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Шүүгдэгч Б.Э- нь шүүх хурлын танхимд тус хохирлыг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулна хэмээн мэдүүлсэн нь шүүх хурлын тэмдэглэлд байгаа болно. Мөн шүүгдэгч Б.Э-ын нэр бүхий дэлгүүрүүдээс хувьдаа завшсан мөнгөнөөс болоод манай байгууллага нь тухайн дэлгүүрүүдэд борлуулалт хийж чадахгүй байгаа. Шүүхээс Б.Э-т оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь хөнгөдсөн гэж үзэж байна. Санаатайгаар үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хор хохирол арилаагүй байхад хөнгөрүүлэх нөхцөл байгаа гэж үзэх боломжгүй юм.
Шүүгдэгч Б.Э- нь нэр бүхий 8 дэлгүүрээс удаа дараагийн үйлдлээр орлогыг нь авч хувьдаа завшсан. Энэ хэрэг гараад 7 сарын хугацаа өнгөрч байхад тэрээр хохирол, төлбөрөөс 60.000 төгрөгийг л төлсөн. Шүүгдэгчийн 60.000 төгрөг төлсөн үйлдлийг анхан шатны шүүх хохирол төлбөрөөс тодорхой хэмжээнд төлсөн, цаашид хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа гэж үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг хөнгөдсөн гэж үзэж байна. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд “...12 дугаар сарын 20-ны өдөр цалингаа аваад хохирлоо төлнө...” гэж мэдүүлсэн боловч хэлсэн хугацаандаа хохирлоо төлөөгүй. Иймд манай зүгээс давж заалдах гомдол гаргасан.” гэв.
Прокурор Ч.Цэндмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос анхан шатны шүүхэд 1 жил 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг гаргасан. Гэвч анхан шатны шүүх шүүгдэгчид 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хувийн байдал зэргийг харгалзан үзэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна. Шүүгдэгч Б.Э- нь завшсан хөрөнгийнхөө талаар тодорхой мэдүүлэг, тайлбарыг гаргахгүй байсан учир түүний дансанд үзлэг хийсэн. Түүний дансанд үзлэг хийхэд тэрээр гэмт хэрэг үйлдэхдээ зөвхөн “Хаан” банкны данс ашигладаг болох нь тогтоогдсон. Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн “Хаан” банктай харилцсан дансны хуулга болон нэр бүхий 8 дэлгүүрийн авах ёстой авлагын баримтуудаа аудитын газар гаргаж өгч дүгнэлт гаргуулсан, тухайн дүгнэлтийг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн учраас дахин дүгнэлт гаргуулаагүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-ы гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
1. Шүүгдэгч Б.Э- нь “Б-” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2025 оны 07 дугаар сарын 07-ноос 08-ний өдрийн хооронд тус компанийн орлогыг хувьдаа завшиж 3.257.275 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 6/,
хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.А-ы өгсөн: “...2025 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 7 дугаар сарын дэлгүүрүүдийн авлага тооцоог шалгахад нэр бүхий 8 орчим дэлгүүрээс нийт 2.861.729 төгрөгийн хувийн дансаараа шилжүүлэн авсан нь тогтоогдсон. Бид Э-той уг асуудлын талаар асууж ярилцахад авсан нь үнэн, авсан мөнгийг данснаас Хаан банк илүү татан авалт хийгээд авсан гэсэн тайлбар өгсөн. Мөнгөө төлнө гэж хэлдэг. Одоог хүртэл төлөгдөөгүй байгаа тул цагдаагийн газарт гомдол гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх 24/,
“Б-” ХХК-иас гаргаж өгсөн авлагын дүн, харилцагч нарын орлого хүлээлгэсэн өгсөн баримтын хуулбар /хх 9-18/,
“Пантер Мидланд аудит” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 25/49 дугаартай “...Б.Э- нь харилцагчдаас 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 8-ны өдрүүдэд нийт 3.257.275 төгрөгийг шилжүүлэн авсан...” гэсэн тайлан /хх 29-31/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Э-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Э-ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Э-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
3. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А- “...шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байхад шүүхээс түүнд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хөнгөдсөн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснөөр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж эсхүл чөлөөлж болохоор заасан хэдий ч хохирлыг бүрэн төлөөгүй гэх үндэслэл дангаараа ялыг чангатгах хууль зүйн нөхцөл биш бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж байх төдийгүй энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2807 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ