Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 00107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   П.Нямсүрэн  

             Улсын яллагч                                 Д.Уранчимэг

                         Шүүгдэгч                                         Ц.ЧЭ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.ЧЭд холбогдох 1832000000102 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1960 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *тоотод оршин суух, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №152 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Овсгоохон овогт Цогтын ЧЭ.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Ц.ЧЭ нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, Спиртийн 11-3-294 тоотод 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Бжын эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.ЧЭ мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Хохирогч Б.Бж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр найз ЧЭ, хажуу айлын залуу Минжүүр бид гурав манай гэрт 0.5 литрийн багтаамжтай Хараа архи 1 шилийг уугаад өмнө нь эмнэлэгт цуг ажиллаж байсан гэх хөгшин Жавзандулам буюу Жааяа эгчийн гэрт очоод даалуу тоглонгоо 0.5 литрийн багтаамжтай Хараа архинаас 1 шилийг уугаад тэгээд тоглоомоо дуусгаад хөрш айлын залуу Минжүүр, ЧЭ бид гурав манай гэр лүү явсан. Замдаа дэлгүүрээс дахиад 0.5 литрийн хараа архинаас 1 шилийг аваад тэгээд манай гэрт очоод бид гурав ууж дуусгаад Минжүүр гэрлүүгээ орсон. ЧЭ бид хоёр үлдсэн бид хоёр аль аль нь согтсон байсан тэгээд удалгүй юунаас болсныг сайн мэдэхгүй байна хоорондоо маргалдаад эхэлсэн тэгсэн чинь ЧЭ намайг сууж байсан түшлэгтэй сандалаараа цохьчихоод гараад явсан. Тэгэхээр нь би ЧЭий хойноос залгаад миний хавирга бэртчих шиг боллоо ороод ир гэсэн чинь орж ирээгүй тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-р тал/

Гэрчээр Ц.ЧЭ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр найз Бжын хамт түүний гэрт нь цуг архи уугаад сууж байсан чинь Бж хүнтэй хардаад чи гадуур их явдаг гэсэн хүнтэй явалдаад байна гэх зэргээр хэрүүл маргаан үүсгээд байхаар нь сууж байсан түшлэгтэй сандалаа авч цохиод гараад явсан. Тэгтэл араас утасдаад байхаар нь би эргэж очоогүй гэртээ харьсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-р тал/

2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №133 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

 

1. Б.Бжын биед зүүн 8 дугаар хавирганы далд хугарал, цээжинд цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 16-р тал/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 27 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.ЧЭий ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /29 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 31-35 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.ЧЭ нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, Спиртийн 11-3-294 тоотод 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Бжын эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Бжын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 10-р тал/, Гэрч Ц.ЧЭий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14-р тал/, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №133 дугаартай Шинжээчийн дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ц.ЧЭийг хохирогч Б.Бжын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.ЧЭ нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, Спиртийн 11-3-294 тоотод 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Бжын эрх чөлөөнд халдан зодож,  Б.Бжын биед зүүн 8 дугаар хавирганы далд хугарал, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.ЧЭ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Овсгоохон овогт Цогтын ЧЭийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.ЧЭийг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Ц.ЧЭий торгох ялыг 6 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Ц.ЧЭ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.ЧЭд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.