Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00917

 

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2022/00567 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Т-ын хариуцагч Г.Э-од холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт нийт 16,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т-, хариуцагч Г.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Г.Э-той 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн. Нэг бүрийн үнэ 80,000 төгрөгийн үнэтэй, 138 ширхэг гутлын үнэ нийт 11,040,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Г.Э-од 138 ширхэг хос гутал хүлээлгэн өгсөн. Төлбөрийг төлөөгүй тул гэрээний үүрэгт 11,040,000 төгрөг, алданги 5,520,000 төгрөг нийт 16,560,000 төгрөг гаргуулна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Захирал С.П- намайг Б.Т-аас 139 ширхэг ажлын гутал аваад Ё.Ч-т хүргэж өг гэсэн. Б.Т- нь гэрээ хийгээд гутлаа өгнө гэж хэлсэн. Ё.Ч-т мэдэгдэхэд гэрээ хийчих гэж зөвшөөрсөн. Ингээд гутал болон гэрээг Ё.Ч-т хүлээлгэн өгсөн тул төлбөрийг хариуцахгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Э-оос 16,560,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,101 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-оос 241,101 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-ад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх тухайн гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хэрхэн хангасан, хангаагүй эсэх, зохигчдын хооронд тухайн гэрээ хийх шаардлага байсан эсэхэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна. Хариуцагч Г.Э- нь нэхэмжлэгч Б.Т-, гэрч Ё.Ч-, С.П- нарын хооронд үүссэн хүсэл зоригийн илэрхийлэл болох гэрээнд гарын үсэг зурсан нь өөрөө гэрээ байгуулах хүсэл сонирхол хэрэгцээ байгаагүй, гэрээний үүрэг хүлээнэ гэдгээ мэдэхгүй төөрөгдсөн гэж үзэхээр байна. Мөн гэрээ болон гэрээгээр хүлээн авсан 138 ширхэг гутлыг гэрч Ё.Ч-т хүлээлгэн өгсөн, Ё.Ч- гутлын борлуулалтаас 2,900,000 төгрөгийг С.П-гийн данс руу шилжүүлсэн зэрэг үйл баримт хариуцагчийн ямар ч оролцоогүйгээр хийгдсэн байдаг. Харин нэхэмжлэгч өөрөөс нь зээлээр гутал авах хүнийхээ талаар мөн адил төөрөгдөлд орсон байхад шүүх шууд гэрээний үүрэг ногдуулсан нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Шүүх дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагч нь гэрчийн мэдүүлэг, тайлбарыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тайлбарыг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Т- тухайн гутлаа Ё.Ч-, С.П- нартай ярьж тохирсны дагуу Ё.Ч-т өгч байгаа гэдгээ маш сайн мэдэж байсан, харин хэнтэй гэрээ байгуулах талаараа мөн адил төөрөгдсөн. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь худалдан авагч, худалдагч хоёрын хооронд хийгдэхээр хуульчилсан. Гэрч Ё.Ч- нь гутлыг авсан, төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа, хариуцагч Г.Э-оор дамжуулан хүлээн авсан зэрэг нь тогтоогдож байна. Иймээс хэргийн оролцогчид хэн аль нь төөрөгдөлд орсон байх тул хариуцагч Г.Э-ыг Иргэний хуулийн 262 дугаар зүйлээр зохицуулснаар худалдан авагч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч Г.Э-оос гэрээний үүрэг шаардах эрх үүсэх боломжгүй юм. Шүүх Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох хуулийн зохицуулалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэх шаардлагыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгуй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Хэрэгт гэрээ авагдсан. Анх С.П-, Г.Э-той нотариатаар гэрээ байгуулж баталгаажуулж болно гэх агуулгаар гэрээ байгуулсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Г.Э-од холбогдуулан гэрээний үүрэгт нийт 16,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.Зохигчид 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.Т- нь нэг бүр нь 80,000 төгрөгийн үнэтэй 138 ширхэг хос ажлын гутал худалдах, хариуцагч Г.Э- нь төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь 138 хос ажлын гутлыг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, зээлээр худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогджээ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талуудын хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын зурсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна. /хх-ийн 5-р тал/

4.а.Талууд зээлээр худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулсан байх боловч гэрээний зорилго, гол нөхцөл, талуудын хүсэл зориг зэрэг нь гэрээний харилцааг тодорхойлох үндсэн шинж болдог. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.1-263.2.4-т зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнээс нэмэгдсэн шинжтэй байдгаараа худалдах, худалдан авах гэрээнээс ялгаатай.

4.б.Гэрээний агуулгаас үзвэл нэг тал нь 138 ширхэг хос ажлын гутал худалдах, нөгөө тал нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөхөөр тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.

4.в.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч Б.Т- нь худалдсан эд зүйлийн үнийг хариуцагч Г.Э-оос шаардах эрхтэй.

4.г.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын байгуулсан гэрээний 3.5-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заажээ.

Дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасанд нийцсэн байх тул нэхэмжлэгч Б.Т- нь хууль буюу гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, алдангид 5,520,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

5.Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Г.Э-оос 16,560,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-ад олгуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасанд тус тус нийцэх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

6.Хариуцагч Г.Э- нь Ё.Чулууцэцэгийн хүсэлтээр нэхэмжлэгч Б.Т-тай гэрээ байгуулж, гутлыг Ё.Ч-т хүлээлгэн өгсөн, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

6.а.Хариуцагч Г.Э-ын хувьд иргэний эрх зүйн чадамжгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дах хэсэгт ноцтой төөрөгдсөн гэж үзэх, 58.3 дах хэсэгт ноцтой төөрөгдсөн гэж үзэж болох тохиолдлуудыг нэрлэн заасан бөгөөд хариуцагч Г.Э- нь ажлын гуталны үнийг төлөхөөр гэрээнд гарын үсэг зурсан үйлдэл нь дээрх хуульд заасан тохиолдлын алинд ч хамаарахгүй байхаас гадна хариуцагч тал хэрхэн, яаж ноцтой төөрөгдсөн болохоо баримтаар нотлоогүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2022/00567 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, ... гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,101 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ Г.ДАВААДОРЖ