Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 00031

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Хохирогч А.Бж

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эөд холбогдох 1732000750073 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт * тоотод оршин суух хаягтай, урь ял шийтгүүлж байгаагүй, эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

 

Цагаагчууд овгийн Амгаланбаатарын Э. /РД:*/

 

Шүүгдэгч А.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хужирт гэх газар хатуу хужилттай зам дээр 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн үед Лексус загварын 70-70 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн А.Бжын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эийн өгсөн ……  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгч байсан мэдүүлгүүд үнэн зөв. Хохирогчтой шүүх хурлаас өмнө уулзаж хохирлын талаар ярих гэсэн боловч амжсангүй. Одоо бид 2 шүүх хуралдаан дээр тохиролцоод 5 500 000 сая төгрөг эмчилгээнд өгөхөөр тохиролцсон. Үүнээс шүүх хуралдааны өмнө 1980000 төгрөг төлсөн. Шүүх хуралдааны дараа 520 000 төгрөг өгнө. Үлдэгдэл 3000000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон гэх мэдүүүлэг

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Бжын өгсөн …… Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хужиртын эх гэдэг газраас хадлан хийж яваад харихаар явсан. Намайг гэрлүүгээ явах үед 16 цаг өнгөрч байсан. Тэгээд миний урд талд өвстэй машин явж байсан. Би өвстэй машиныг гүйцэж түрүүлэх нь үү гээд зам тавьтал намайг араас мөргөсөн. Тэрнээс хойшхи зүйлийг санахгүй байна. Миний зүүн тархи бага зэргийн мэдээтэй байгаа, бусад хэсэг нь огт ажиллагаагүй болсон. Надад Эөөс 1980000 төгрөгний хохирол төлсөн. Одоо шүүх хуралдаан дээр хохиролын талаар тохиролцоод үлдэгдэл 3 520 000 төгрөгний хохирлыг авахаар болсон.Надад тэгэж гомдлоод байх юм алга, эмчилгээний зардал мөнгөө гаргуулж аваад хөл дээрээ босмоор байна. Миний 3 нялх хүүхэд хэцүү байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

Гэрч Ц.Нжын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би билүүтээс хадлангын газар үзчихээд наашаа аж ахуй руу хар зам луу нийлээд явж байтал урд Бж бас аж ахуй тал руу улаан өнгийн бага оврийн трактор унчихсан тармуур чирчихсэн явж байсан. Би хажуугаар нь толгой дохиод гэр луугаа явах юм уу гэхэд гараараа бригад чиглэл рүү заагаад гэр лүүгээ заасан. Би тэрийг нь бригад орчихоод харина гэж байна гэж ойлгосон. Би гэрлээ асаагаагүй байсаныг бодоход гэгээтэй байсан байж таарна. Хэрэв харанхуй байсан бол би гэрэл тусгаад бригад луу хамт оччих байсан. Тухайн үед бол урд байгаа тээврийн хэрэгсэлийг харах бүрэн боломжтой байсан. Би тэрийг анзаараагүй. Би Бжыг гүйцэд түрүүлээд өнгөрөхөд ард нь бол ямар нэг тээврийн хэрэгсэл байгаагүй. Байхгүй байсан. Урагшаа явж байсан. Би Бжын Аавынх нь найз гэх мэдүүлэг /Хх-ийн 26 дугаар хуудас/

 

    Гэрч М.Мт мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би Пусо маркын 53-70 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээр Зүүнхараагаас Улаанбаатар луу явж байсан юм. Яг цагаа сайн мэдэхгүй байна. Яг бүрэнхий болж байсан юм. Тэгээд аж ахуйн төвөөс гараад хужиртын бригадын зүг явж байтал ертөнцын зүгээр зүүн тал зүү урсгалд авто машины осол гарсан байсан. Би машинаасаа бууж байхад зам тээврийн осолд орсон лексус маркын машины жолооч машинаасаа буучихсан нөгөө трактор луу очиж явсан. Гэхдээ яг тэр газраа хүрээгүй байсан. Тракторын жолооч дээр очиж амжаагүй байсан. Тэгээд миний урд явсан жолооч бас бууж очоод нөгөө аваарт орсон лексусын жолоочтой нөгөө тракторын жолооч дээр очсон. Тэр 2 нөгөө тракторын жолооч дээр очихоод гэрэл тусгаад амьд байна уу үхсэн байна уу гэдгийг хараад байж байсан. Тэгээд би 70367103 луу дуудлага өгөхөд аж ахуйн түргэний дугаарыг надад өгч би тэр дугаар луу залгаж дуудлага өгсөн. Цагдаа руу би бас дуудлага өгсөн. Дуудлага өгч байх хооронд нөгөө тракторын жолооч ухаан ороод өндийж босох гээд байсан. Тэгтэл лексусын жолооч хөдөлж болохгүй битгий хөдөл гээд гараараа цээжин дээр нь дараад байж байсан. Намайг цагдаа руу дуудлага өгч байх хооронд лексусын жолооч тракторын жолоочыг замын хажуу руу чирч аваачиж тавьж эвтэйхэн хэвтүүлсэн. Тэгээд дуудлага өгчихөөд би яваад өгсөн. Намайг очиход зам тээврийн осол болчихсон байсан бөгөөд лексусын жолооч нь тракторын жолооч дээр очиж амжаагүй байсан. Би хэргийн газарт очоод 1 минутын дараа цагдаад дуудлага өгсөн. Тэгэхэд гадаа бол бүрэнхий болж байсан.Хэргийн газарт оччихоо^ дуудлага өгчихөөд машиндаа суугаад Улаанбаатар луу хөдлөх үед харанхуй болж байсан. 400-500 метрын наана очоод харсан. Тухайн үед би машины гэрлээ асаагаагүй явж байгаад уг ослыг хараад гэрлээ асаасан. Гэрэл асаагаагүй явж байхад бүр холоос бол харах боломжгүй. Ойрын 400-500 метрийн зайд болох харах боломжтой байсан. Би сайн санахгүй байна. Бид нарыг очиход өвстөй портер маркын авто машины тракторын хойно зогсож байгаад хөдлөөд явчихсан санагдаж байна. Тэр машины улсын дугаарыг нь хараагүй. Ямар ч байсан задгай өвс ачсан портер байсан гэх мэдүүлэг  /Хх-ийн 27 дугаар хуудас/

 

Иргэний хариуцагч Г.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тоёото Ар-Экс 400 маркийн 70-70 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх байгаа юм тиймээс надад татгалзах зүйл байхгүй. Эрдэнэнэтөгс нь миний нөхөр байгаа юм бид 2 гэр бүл болоод 5 жил болж байна гэхдээ гэр бүлийн баталгаагүй ээ. 2017 оны 07 дугаар сарын эхээр байхаа хоног хугацааг нь сайн санахгүй байна нөхөр А.Э бид 2 явж байгаад шинээр худалдаж авсан юм яг хэдэн төгрөг гэдгийг нь сайн санахгүй байна. 30 гаруй сая төгрөгеөр авсан санагдаж байна. Тиймээ уг тээврийн хэрэгслийг шинээр нь худалдаж авахад бэлэн 20 сая төгрөгийг нь өгөөд “Инвескор” банк бус санхүүгийн байгууллагаас 10 сая төгрөг зээлж барьцаанд тавьсан гэх  мэдүүлэг /Хх-ийн 31 дүгээр хуудас/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 12286 .......

Дүгнэлт:

 

1.А.Бжын биед зүүн зулай хэсгээс хөхлөг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, чамархай хэсгээс зүүн талын суурин яс хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дагз чамархайн аалзан бүрхүүлд хий, цус хуралт, зүүн зулайн сулкуст цус харвалт тархи доргилт, зүүн ухархайн гадна хананд хугарал, зүүн зовхинц зөөлөн эдийн няцрал, зүүн талд дагз, чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун 6-р хавирганы цууралт хүзүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ зүүн чамархайн хуйханд шарх, 2 зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  2.Дээрх гэмтэл нь авто ослын үед уүсгэгдэх боломжтой.

  3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

  4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй.

   5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх /Хх-ийн 33 дугаар хуудас/

 

             2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 9156 дугаартай Шинжээчийн дүгнэлт..............

 

  1.Шинжилгээнд ирүүлсэн “А.Э IХ/20” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна гэх  /Хх-ийн 48 дүгээр хуудас/

 

                 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 9156 дугаартай Шинжээчийн дүгнэлт..............

 

  1.Шинжилгээнд ирүүлсэн “А.Бж 32/эр” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна гэх  /Хх-ийн 53 дугаар хуудас/

 

Шинжээчийн №47..... Дүгнэлт

  1. Лексус маркийн 70-70 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан А. Э нь Монгол улсын замын хөдөлгеений дүрмийн 8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалт. 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тэзврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн.
  2. Бага оврын трактор жолоодож явсан А. Бж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн заалт зөрчсөн.
  3. Лексус маркийн 70-70 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан А. Э нь Монгол улсын замын хөдөлгеөний дүрмийн 8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалт. 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөнөөс осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэв.

           4. Лексус маркийн тээврийн хэрэгсэлийн хурдыг тогтоох боломжгүй гэх /Хх ийн 67 дугаар хуудас/

Шинжээчийн № 698..... Дүгнэлт

            1.Хэргийн оролцогч А.Бжын жолоодож явсан бага оврын тээврийн хэрэгсэлд чирэгдэж байгаа хөдөө аж ахуйн эд ангиуд нь Стандарчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор баталсан Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлагын 8 дугаар зүйлд заасан чиргүүл, хагас чиргүүлд хамаарахгүй. Уг стандарт нь 2011 онд шинэчлэн батлагдсан болно.

            2.Хэрэв чиргүүл /чиргүүл биш/ гэж үзвэл замын хөдөлгөөнд оролцохдоо холбогдох байгууллагуудаас тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй хөдөлгөөнд оролцохдоо зөвхөн ачиж зөөвөрлөх ёстой.

            3.Тухайн чирэгдэгч зүйл нь зориулалтын гэрэл дохиогүй, анхааруулах тэмдэггүй байрлуулаагүй нь замын хөдөлгөөний заалтыг зөрчсөн байна.

            4.Чирэгдэж байгаа /чиргүүлд/ гэрэл дохио, анхааруулах тэмдэглэгээ байхгүй нь осол гарахад нөлөөлсөн байна.

      5.Уг осол нь хадуурын тармууртай /пад/ 200507 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч А.Бж нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 заалт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна..

а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх,

          б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ;” мөн дүрмийн 2.3 заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.

          А/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжпүүлэхийг хориглоно.

 Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурьдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно;” мөн дүрмийн 3 дугаар хавсралтын 3 дугаар заалт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараахь үүргийг хүлээнэ:

           а/стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохгүй байх,

б/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх;

гинж, ажлынхаа хэрэгслээр замын хэсэг, бусад элементийг эвдэж болзошгүй трактор, өөрөө явдаг машин, механизмыг хатуу хучилттай замаар явуулахгүй байх”

в/ Гинж ажлынхаа хэрэгслэээр  замын хэсэг, бусад элементийг эвдэж болзошгүй трактор, өөрөө явдаг машин, механизмыг хатуу хучилттай замаар явуулахгүй байх гэснийг тус тус зөрчсөнөөс,

 

Лексус РХ-400 маркийн 70-70 УНҮ улсын дугаартай автомашины жолооч А.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” Мөн дүрмийн 9.2 заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”  Гэснийг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарах үндэслэл бий байна гэх /ХХ-ийн 82-84 дүгээр хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт хийсэн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 08-14 дүгээр хуудас/

70-70 УНҮ улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 5.825.000 төгрөгөөр, шууд бус зардлыг 730.000 төгрөгөөр, нийт 6.555.000 төгрөг,  Трактор /пад пад/ эвдрэл хохирлын шууд зардлыг 390.000 төгрөгөөр, шууд бус зардлыг 15.000 төгрөгөөр, нийт 405.000 төгрөгөөр тус тус үнэлсэн Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 57-64 дүгээр хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 71-75 дугаар хуудас/

А.Эийн иргэний үнэмлэхний хуулбар болон жолооны үнэмлэхний хуулбар /Хх-н 96 дугаар хуудас/

Инвескор ББСБ-ын эзэмшлийн 70-70 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Хх-н 98 дугаар хуудас/

А.Э нь урьд нь ял шийтггүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 99 дүгээр хуудас/

Хохирогч А.Бжын эмчилгээний зардлын баримт болон Хаан банкны Малчны хэрэглээний зээлийн гэрээ зэрэг баримтууд /Хх-н 104-127 дугаар хуудас/

Хохирогч А.Бжын хохирол, эмчилгээний зардал нөхөн төлүүлэхээр гаргасан баримтууд болон шүүгдэгч А.Э нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогч А.Бжтай тохиролцсон баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр иутаг дэвсгэр Хужирт гэх газар хатуу хужилттай зам дээр 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн үед Лексус загварын 70-70 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн А.Бжын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.Э нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Хохирогч А.Бж, гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Э нарын хооронд байгуулсан гэрээний дагуу хохирол төлбөр болох 5.500.000 төгрөг төлөхөөс 1.980.000 төгрөгийг А.Э нь төлсөн бөгөөд 520.000 төгрөгийг өнөөдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдааны дараа төлөх, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор багтаан хэсэгчлэн төлөхөөр тохирсон байна.

 

Шүүгдэгч А.Эийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Эийг ялаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч А.Бж нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй байна.

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, ¹ 139866 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Эөд буцаан олгохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Цагаагчууд овогт Амгаланбаатарын Эийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар А.Эийг ялаас чөлөөлсүгэй

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Бж, гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Э нарын хооронд байгуулсан гэрээний дагуу хохирол төлбөр болох 5.500.000 төгрөг, үүнээс 520.000 төгрөгийг өнөөдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүх хурадлдааны дараа төлөх, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхийг А.Эөд даалгасугай.

 

4. Шүүгдэгч А.Э нь хохирогчтой байгуулсан гэрээний дагуу хохирол төлбөрөө төлөхийг даалгаж, хэрэгт хураагдан ирсэн № 139866 дугаартай жолооны үнэмлэхийг А.Эөд буцаан олгосугай.

 

5.Хохирогч А.Бж нь цаашид эмчлүүлэхэд зайлшгүй гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Эөд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан,/хүргүүлсэн/  өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Д.РЕНЧЕНХОРОЛ.