Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/218

 

2026           02             24                                                                        2026/ДШМ/218

 

Л.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор О.Нандинцэцэг,

хохирогч Э.А-гийн өмгөөлөгч Э.Туул,

шүүгдэгч Л.Ж-,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2840 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Ж-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2411 02701 0966 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х- овгийн Л-ын Ж-, ......., ял шийтгэлгүй, /РД:Л-/;

Шүүгдэгч Л.Ж- нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 09 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Л- тоотод Э.А-тэй маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь эд зүйлээр цохиж, зодон эрүүл мэндэд нь баруун хөмсөг, хамрын угт язарсан шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.Ж-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Л.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж-ыг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгаж, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр”-ээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Л.Ж-аас хохирогчийн сэтгэцэд учирсан эдийн бус гэм хорын хохиролд 1.980.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.А-д олгож, 117.400 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Ж- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч гэгч А-тэй хамт архи ууж улмаар согтож унаад унтаж байсан чинь миний толгойн дээр шээж доромжилсон. Тэгээд босоод ирсэн чинь намайг боож унагаад дарж байхдаа өөрөө ширээ мөргөж унасан. Тэгээд би гараад зугтсан. Миний хувьд хохирсон болохоор гомдолтой байна.гэв.

Хохирогч Э.А-гийн өмгөөлөгч Э.Туул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Э.А- нь миний төрсөн дүү. Миний бие мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж өмгөөлөгчөөр нь ажиллаж байгаа. Хохирогч Э.А- нь Чингэлтэй дүүрэгт 1 өрөө орон сууцад ганцаараа амьдардаг, тархины хатангиршил гэх хүнд өвчтэй. Уг өвчнөөсөө болж хөл нь сааждаг учир өдөр тутмын хөдөлгөөн бага хийдэг. Э.А- нь эхнэр, хүүхэдгүй учраас хааяадаа гэртээ хүмүүс бөөгнөрүүлж архи, дарс уудаг. Гэсэн хэдий боловч түүнд хэн нэгний биед халдах, хохирол учруулах зан төлөвтэй хүн биш. Шүүгдэгч Л.Ж- өмнө нь манай дүүгийн амьдардаг байранд амьдардаг байсан хүн болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогдсон. Л.Ж- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд тухайн өдрийн болсон процессыг олон янзаар мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл түүний мэдүүлгүүд тогтворгүй байдаг. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн нэг мэдүүлэгтээ “...хохирогч Э.А-г дээрээс бие зассан учир хэрүүл маргаан үүссэн...” гэж мэдүүлсэн байдаг. Манай дүү Э.А- нь гэртээ бие засах хүн биш, нойл нь ойрхон, нэг өрөө байранд өөрөө яваад бие засаж чадах хүн учраас шүүгдэгчийн ярьж байгаа шиг зүйл болоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч хэргийн үйл баримтын талаарх мэдүүлэгтээ “...Л.Ж-ыг сандлаар цохисон...” гэж мэдүүлдэг. Шүүх шинжилгээний ерөнхий газраас гаргасан шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн биед учирсан гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэлээр, цохих механизмын үед үүснэ гэж тогтоосон байдаг. Үүнээс дүгнэхэд хохирогчийн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчээс хэргийн үйл баримтын талаар олон янзаар мэдүүлж байгаа боловч хохирогчийн гэрт тухайн цаг хугацаанд шүүгдэгч, хохирогч нараас өөр хүн байгаагүй. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байгаа нь шүүгдэгч Л.Ж-ы үйлдлийн улмаас бий болсон гэдгийг харуулж байна гэж үзсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж харьцангуй хөнгөн ял оногдуулсан байна гэж прокурорын зүгээс үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж-ы гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

1. Шүүгдэгч Л.Ж- нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 09 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Л- тоотод Э.А-тэй маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь эд зүйлээр цохиж, зодон эрүүл мэндэд нь баруун хөмсөг, хамрын угт язарсан шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            хохирогч Э.А-гийн “...2024 оны 10 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Л- тоотод гэртээ ...Ж- ...бид хоёр ...архи уучхаад согтоод босож ирээд намайг хаалгаа тайлаагүй, хаалга тайлдаггүй гэсэн нэрийдлээр жижигхэн хуванцар өндөр сандлаар миний хамрын дээд хэсэг рүү 1 удаа цохисон. Би ч ухаан алдаад уначихсан...” гэх мэдүүлэг /хх 14/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13729 дугаартай “...Э.А-гийн биед баруун хөмсөг, хамрын угт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” /хх 28-29/ гэх,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ЕГ0825/2128 дугаартай “...Тухайн гэмт хэргийн улмаас Э.А-гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” /хх 38-40/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

            гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Л.Ж-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Ж-ы гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Л.Ж-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Л.Ж-ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

3. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Ж-ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

4. Шүүгдэгч Л.Ж- “...миний толгойн дээр шээж доромжилсон ба босоод ирсэн чинь намайг боож унагаад дарж байхдаа өөрөө ширээ мөргөж унасан ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийг судлан үзэхэд, хохирогч Э.А- нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх хуульд заасан үүргийнхээ дагуу “...2024 оны 10 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Л- тоотод гэртээ ...Ж- ...бид хоёр ...архи уучхаад согтоод босож ирээд намайг хаалгаа тайлаагүй, хаалга тайлдаггүй гэсэн нэрийдлээр жижигхэн хуванцар өндөр сандлаар миний хамрын дээд хэсэг рүү 1 удаа цохисон. Би ч ухаан алдаад уначихсан...” /хх 14/ гэх мэдүүлэг өгч, уг мэдүүлэг нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13729 дугаартай /хх 28-29/ болон мөн газрын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ЕГ0825/2128 дугаартай /хх 38-40/ шинжээчийн дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн дээрх үйлдэл давхар нотлогдон тогтоогдож байх бөгөөд түүний гаргасан хохирогч өөртөө хохирол учруулсан гэсэн агуулах бүхий давж заалдах гомдол няцаагдаж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ж-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2840 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ж-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БОЛОРТУЯА

                       ШҮҮГЧ                                             Ц.МӨНХТУЛГА

                       ШҮҮГЧ                                             Б.БАТЗОРИГ