Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/219

 

2026           02             24                                                                        2026/ДШМ/219

 

Г.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Ариунтөр,

шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/2763 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулганы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.М-д холбогдох эрүүгийн 2502 00640 0410 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Г-ы М-, ........, ял шийтгэлгүй, /РД:Г-/;

Шүүгдэгч Г.М- нь 2025 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс нийт 4.280,7 грамм цэвэр жинтэй, өвс гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-н агууламжтай олсны ургамал болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн хэрэгцээндээ ашиглах зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн,

улмаар дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг үргэлжилсэн үйлдлээр иргэн Д.О-гийн эзэмшлийн “Toyota prius XW50” маркийн тээврийн хэрэгсэл дотор 2 хэсэг уутанд хийж хадгалсан, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны пост хүртэл буюу 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шөнийн 02:00 цаг хүртэлх хугацаанд тээвэрлэж, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийг Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хар, шар өнгийн гялгар ууттай тус бүрийн цэвэр жин нь 1967.6 грамм, 2.313,1 грамм нийт 4.280,7 грамм цэвэр жинтэй, өвс гэх хэрэглээний нэршилтэй ногоон өнгийн ургамал болон гялгар уутанд хийсэн хуванцар савтай шингэн зүйлийг устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-өөс 21.315.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний ажил хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авах боломжийг хязгаарласан гэж үзэж байна. Г.М- нь “О- М-” ХХК-д захирал ажилтай бөгөөд тус компани нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвд худалдааны үйл ажиллагаа явуулдаг. Г.М- компанийн үйл ажиллагааг өөрөө эрхлэн явуулдаг болох нь түүний өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан “О- М-” ХХК-ийн гэрчилгээ зэргээс тодорхой харагддаг. Г.М-гийн хувьд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авах боломжтой хамгийн ойрын эмнэлэг бол Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв бөгөөд тус эмнэлэг нь Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрладаг. Г.М-гийн ажилладаг газар болон эрүүл мэндийн яаралтай тусламж авах боломжтой эмнэлэг нь түүнд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд хамаарахгүй байх тул зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгөхийг хүсье. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М-гөөс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Toyota prius” загварын О-УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 21.315.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн шийдвэр юм. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсний дараа буюу 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Г.М- нь тус тээврийн хэрэгслийг өөрийн ээж Д.О-гаас өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан билээ. Г.М-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota prius” загварын О-УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл түүний өмчлөлд бүрэн шилжсэн байх тул түүнээс тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье.” гэв.

Шүүгдэгч Г.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Юунд хэрэглэдэг болохыг нь мэдэхгүй байсан учраас мэдэх гэж түүсэн.” гэв.

Прокурор Б.Ариунтөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Практикт шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа оршин суугаа хаяг, хороо, дүүрэг, Нийслэлийн нутаг дэвсгэрээр тогтоодог. Улсын дээд шүүх 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 119 дүгээр тогтоолдоо “...гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон этгээдэд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа, тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хувийн байдал зэрэг зайлшгүй харгалзан үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ...” гэж тусгасан байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлд Г.М-гийн ажлын байр ордоггүй тул ажил, хөдөлмөр эрхлэхэд нь хүндрэлтэй байна, өрхийн эмнэлгээс өөр нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэх шаардлага гарах тул бүсчлэлийг дүүргээр нутаг дэвсгэрээр тогтоолгох саналыг гаргаж байна. Гэвч шүүгдэгчийг нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болохыг нотолсон баримт хэргийн материалд авагдаагүй. Ажил эрхлэлтийн тухайд шүүгдэгч нь “Барс” худалдааны төвд ээж болон уг хэрэгт анх яллагдагчаар тогтоогдсон боловч хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэрч Мишээлт нарын хамт ажилладаг ба тухайн ажилд шүүгдэгч Г.М- л ажиллахгүй бол үйл ажиллагаа нь зогсох хэмжээний нөхцөл байдал байхгүй. Иймд анхан шатны шүүхийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний амьдардаг хороогоор тогтоосон нь үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн түүсэн мансууруулах бодисын түүхий эд болох өвсний хэмжээ 4 кг буюу их хэмжээнд хамаарна. Хэрэв цагдаагийн байгууллагаас шүүгдэгчийн үйлдлийг таслан зогсоогоогүй бол тухайн бодис нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх байсан гэж прокурорын зүгээс харж байгаа. Тодруулбал, тухайн цаг хугацаанд илрүүлээгүй бол хамт явж байсан М-т нь өвсийг хэрэглэх цаашлаад бусад найз нөхөд нь хэрэглэх гэх мэт гэмт хэрэгт холбогдох этгээдүүдийн тоо нэмэгдэх байсан гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорооны нутаг дэвсгэрээр тогтоосон нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг хураах албадлагын арга хэмжээний тухайд шүүхийн шийдвэр гарах үед шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан тээврийн хэрэгсэл нь түүний ээж О-гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд хөрөнгө бусдын өмчлөлд байсан бол тухайн хөрөнгийн үнийг гаргуулна...” гэж зохицуулсан. Эдгээрээс дүгнэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүгдэгчийн тээвэрлэж явсан мансууруулах бодисын хэмжээ 4 кг буюу их хэмжээний бодист хамаарна. Тухайн бодисыг нэг удаа хэрэглэхэд 1 гр хэрэглэнэ гэж тооцоолохоор 400 удаа хэрэглэх хэмжээний бодис тээвэрлэж явсан байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь бодисыг хэрэглэсэн, бусдад худалдсан гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Ял шийтгэлийн тухайд прокурорын зүгээс шүүхэд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялын саналыг гаргасан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулганы гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Прокуророос Г.М-г 2025 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс нийт 4.280,7 грамм цэвэр жинтэй, өвс гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-н агууламжтай олсны ургамал болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн хэрэгцээндээ ашиглах зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг үргэлжилсэн үйлдлээр иргэн Д.О-гийн эзэмшлийн “Toyota prius XW50” маркийн тээврийн хэрэгсэл дотор 2 хэсэг уутанд хийж хадгалсан, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны пост хүртэл буюу 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шөнийн 02:00 цаг хүртэлх хугацаанд тээвэрлэж, хадгалсан хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэж заасан байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М-г “тээвэрлэсэн” гэх шинжээр гэмт буруутайд тооцож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарч байна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлээр ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зүй зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

 

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.М-гийн үйлдсэн гэмт хэргийн зүйл болох НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-н агууламжтай олсны ургамал буюу “өвс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис нь нийт 4.280,7 грамм цэвэр жинтэй байсан байх бөгөөд гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийг харгалзахгүйгээр шүүхээс түүнд “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн үндэслэлээр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байна.

 

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/2763 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулганы гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Г.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/2763 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулганы гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                                         Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                             Б.БАТЗОРИГ