Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00927

 

 

А- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01011 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А- ХХК-ийн хариуцагч Т- ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт нийт 27,482,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани нь хариуцагч Т- ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, 1 ширхэг гэрэлт цамхагийг түрээслүүлж байгаад тус компаниас худалдаж авах хүсэлт гаргасан тул худалдсан. Уг барааны үнэ 25,821,400 төгрөг бөгөөд үүнээс хариуцагчийн түрээсийн хөлсөнд төлсөн 5,000,000 төгрөгийг хасч тооцвол 20,821,400 төгрөг үлдсэн бөгөөд хариуцагч тал 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөг төлсөн бөгөөд одоогийн байдлаар 18,321,400 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Талуудын байгуулсан гэрээний 2.4-т зааснаар хариуцагч нь барааны төлбөрийг 3 хувааж төлөхөөр тохиролцсон боловч тус компани гэрээний үүргээ бүрэн биелүүлэхгүй, манай компаниас төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж, утсаар ярьж, мэдэгдэл хүргүүлсэн боловч одоог хүртэл төлбөрийг төлөөгүй. Мөн гэрээний 7.1-т алданги төлөхөөр тохиролцсон. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 18,312,400 төгрөгийн 50 хувиар бодож алдангид 9,160,700.00 төгрөг, нийт 27,482,100.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани 18,321,400 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Бид цар тахлын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа тасалдаж, эдийн засгийн хямралд орж одоогоор зогсонги байдалд байна. Үүнтэй холбогдуулан алданги 9,160,700 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Т- ХХК-аас 23,817,820 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,664,280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,361.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 277,039 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан тайлбарын агуулга: Талууд гэрээний 8.3-т Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн, эсэргүүцлийн хөдөлгөөн төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно гэж тохиролцжээ. Монгол Улсын хилийн боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 77 тоот тогтоолоор 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 121 тоот тогтоолоор 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 260 тоот тогтоолоор 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түр зогсоосон байна. Энэхүү хугацаанд хариуцагч Т- ХХК-ийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан ... нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж тус тус зааснаар Хариуцагчийн гэм буруугаас болж хугацаа хэтрэх нөхцөл байдал бий болоогүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа дээрх дурдсан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 260 тоот тогтоолоор 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгагдсан байна. Нэхэмжлэгч нь алдангийн 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 20-ны хүртэл нийт 184 хоногт тооцжээ алданги бодсон хугацаа нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс тулгарсан хугацаатай давхцаж байна. Иймд Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 260 тоот тогтоол нь гэрээний 8.1-т заасан үүрэг гүйцэтгэх хугацааг сунгах нөхцөл байдалд хамаарах тул 5,496,420 төгрөгийн алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч талаас гэрээ байгуулагдсан талаар маргадаггүй, зөвхөн алдангийн талаар маргадаг. Анхан шатны шүүх Монгол улсын Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн алдангиас хассан. Гэтэл хариуцагч талаас үлдсэн алдангийг хасуулахаар гомдол гаргасан. Нэхэмжлэгч талын анз авах эрх нь хуульд заасан шаардлагыг хангаж буй тул уг эрхээ эдэлнэ. Хэрэгт хариуцагч тал уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг нотлох баримт болон давагдашгүй нөхцөл бий болсон талаарх баримт авагдаагүй. Цар тахлын үед улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гаргасан Уул уурхайн бүтээгдэхүүн экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журмын дагуу үйл ажиллагаа нь явагдаж байсан. Мөн тухайн журам нь цар тахлаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг цуцлагдах хүртэл үйлчилсэн. Ийм учраас хариуцагч тал үйл ажиллагаа явуулж байсан байх боломжтой учраас давагдашгүй хүчин зүйл хамаарахгүй. Талууд давагдашгүй хүчин зүйл тохиолдвол нөгөө талдаа 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэх талаар гэрээгээр тохиролцсон байдаг. Хариуцагч тал нэхэмжлэгч талд уг мэдэгдлийг өгөөгүй учраас анз авах эрхтэй. Анхан шатны шүүхээс анзыг хасахгүй байх үндэслэлтэй байсан. Иймд хариуцагч талаас давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагч Т- ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 27,482,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Зохигчид 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч А- ХХК нь 25,821,400 төгрөгийн үнэ бүхий, 1 ширхэг, гэрэлт цамхагийг худалдах, хариуцагч Т- ХХК нь төлбөрийг 3 хуваан төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох гэрэлт цамхагийг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 15-19-р тал/

4.а.Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдах авах гэрээ гэж зөв дүгнэсэн байна.

4.б.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул хэн аль нь нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

4.в.Хариуцагч Т- ХХК нь нэхэмжлэгч А- ХХК-д 7,500,000 төгрөг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, нэхэмжлэгч нь үлдэгдэл 18,321,400 төгрөгийг алданги 9,160,700 төгрөгийн хамт нийт 27,482,100 төгрөгийг хариуцагчаас шаарджээ. Хариуцагч Т- ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 18,321,400 төгрөгийг зөвшөөрсөн, харин ковид-19 цар тахалтай холбоотойгоор компанийн эдийн засгийн байдал муудаж, үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэх үндэслэлээр алдангиас чөлөөлөхийг хүссэн байна.

4.г.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын байгуулсан гэрээний 7.1-т Худалдан авагч нь гэрээний төлбөрийг гэрээнд заасан буюу тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд тийнхүү хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлнө гэж заажээ. Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасанд нийцсэн байна.

Ковид-19 цар тахал нь хариуцагч компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хэрхэн, яаж нөлөөлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч А- ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алдангид 9,160,700 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг бөгөөд хариуцагч Т- ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэг үүссэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх нотлох баримтыг харьцуулан үзээд алдангийн хэмжээг багасгаж, 5,496,420 төгрөгийн алданги хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01011 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН Г.ДАВААДОРЖ