Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 00098

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   П.Нямсүрэн

             Улсын яллагч                                 А.Золжаргал

              Хохирогч                                          Л.Дх

                         Шүүгдэгч                                         Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх А.Золжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Бд холбогдох 1832000000091 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, * тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Чойжоогийн Б.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Холбоотолгойн 1-15 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Л.Дхыг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Л.Дх Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: … Манай нөхөр архи хэтрүүлэн хэрэглэсэнээс л ийм зүйл боллоо. Тэрнээс ийм авир гаргадаггүй. Надаас уучлалт гуйсан. Надад гомдол саналгүй байхгүй гэв.

Хохирогч Л.Дх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Манай нөхөр гэртээ согтуу унтаж байсан. Тэгэхээр нь би нөхрөө сэрээгээд хүүхдэд хоол унд хийж өгөхгүй юугаа хийж байдаг юм. Гэр орноо цэвэрлэхгүй яасан юм бэ гэтэл намайг элдвээр хараагаад пизда энэ тэр гээд байсан. Тэгээд хэрэлдэж байтал намайг гарнаас хүчтэй базаад нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Бас хөл рүү өшиглөж намайг зодсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/

Ч.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Нэг сэртэл манай эхнэр гэртээ ирчихсэн намайг загнаад байсан. Тэгээд бид 2 маргалдаж хэрэлдээд би уурандаа эхнэрээ баруун гараараа нэг удаа нүүр лүү нь алгадсан. ... Нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. Хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Мөн барилцаж муудалцаж байхдаа гарнаас нь чанга базаж гар нь хөхөрсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/

2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №126 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

1. Л.Дхын биед дээд уруулын дотор талд зулгаралт дээд уруулын дотор тал, баруун зүүн гарын бугалга, зүүн хөлийн гуя, баруун хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /ХХ-ийн 12-р хуудас/

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 33 дугаар хуудас/, Шүүгдэгч Ч.Бын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /31 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Холбоотолгойн 1-15 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Л.Дхыг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Л.Дхын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/, Ч.Бын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №126 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт /ХХ-ийн 12-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ч.Быг хохирогч Л.Дхын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Холбоотолгойн 1-15 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Л.Дхын биед дээд уруулын дотор талд зулгаралт дээд уруулын дотор тал, баруун зүүн гарын бугалга, зүүн хөлийн гуя, баруун хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Чойжоогийн Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт  зааснаар ялтан Ч.Бын торгох ялыг 03 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ.