Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/220

 

2026             02         24                                                                         2026/ДШМ/220

 

Б.Б-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Б-зориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Цээрүүгүндүү,

шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ч.Мөнхбаяр /цахимаар/,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2750 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Б-ад холбогдох эрүүгийн 2508 00000 0231 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш- овгийн Б-гийн Б-, ....., урьд ял шийтгэлгүй, /РД:Ш-/.

Шүүгдэгч Б.Б- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч байсан Г.Х-г жирэмсэн байхад нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хамтран амьдрагч Г.Х-г төрөөд 1 сар гарантай нярай хүүхэдтэй байх үед нь хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2025 оны 01 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын Х- тоотод байрлах хохирогч Г.Х-гийн гэрт “миний хүүхэд биш гэсэн биз дээ, бүгдийг чинь ална” гэх шалтгаанаар биед нь халдаж зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шуу, өвдөгч цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ш- овогт Б-хуягийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн" гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 жил зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 01 жил, 6 сарын хугацаагаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын урьд цагдан хоригдсон 110 хоног буюу 3 сар, 20 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, нийт биечлэн эдлэх ялыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 01 жил, 2 сар, 10 хоногийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б-ад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ч.Мөнхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруу зүйчлэл дээр маргаагүй. Харин мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх гэмт хэргийн шинж нь байнга буюу 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхыг шаарддаг ба Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар заасан тул хохирогч болон шүүгдэгч нарын гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсэхийг тогтоох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Хавтас хэрэгт байгаа баримтуудаар шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шүүхийн байгууллагаар зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь тогтоогдохгүй байна.

Тус гэмт хэрэг нь эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг ба нэг төрлийн гэмт хэрэгт нэг ажиллагаагаар гэм буруутайд зэрэг тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Мөн Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 506 дугаар тогтоолоор тайлбарласан байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Цээрүүгүндүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналтай оролцож байна. Учир нь , шүүгдэгч Б:Б-ын үйлдсэн зөрчлийн цаг хугацааны хувьд хамтран амьдрагч Г.Х-тэй 2024 оны 4 дүгээр сар, 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр, сүүлийн үйлдэл нь 2025 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө гэж тогтоогдож байгаа. Тухайн 3 үйлдлийн хооронд зөрчлийн 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй. 2024 оны 4 дүгээр сарын 2-ны үйлдэлд, 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан үйлдлээр шүүхээр орж, ял шийтгэл эдэлсэн нь тогтоогдож байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангана гэж тайлбарлаад байна. Зүйлчлэлийн хувьд Г.Х- тухайн үед 2024 оны 4 сарын үйлдэлд жирэмсэн байсан бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн ямар нэгэн байдлаар хүндрүүлэх шинжийг хуульчилсан зүйл байхгүй. Иймд хамгийн сүүлийн үйлдэл болох 2025 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө зодсон үйлдлийн улмаас хохирогч Г.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйлдэл нь тусдаа гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна....” гэх шударга ёсны зарчмыг зөрчихгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд, хэдэн төрлийн гэмт хэрэг буюу 2 төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул тус тусад нь ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ч.Мөнхбаярын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Б- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч байсан Г.Х-г жирэмсэн байхад нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хамтран амьдрагч Г.Х-г төрөөд 1 сар гарантай нярай хүүхэдтэй байх үед нь хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2025 оны 01 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын Х- тоотод байрлах хохирогч Г.Х-гийн гэрт “миний хүүхэд биш гэсэн биз дээ, бүгдийг чинь ална” гэх шалтгаанаар биед нь халдаж зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шуу, өвдөгч цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Г.Х-гийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын Х- тоотод ээж У- болон 2 охины хамт амьдардаг. Миний том охин 9 настай, бага охин 7 сартай, эцэг ондоотой хүүхдүүд юм. Манай бага охины аав Б- гэх хүн байдаг бөгөөд бид хоёр 2023 оноос хойш үерхэж байгаад 2023 оны 06 дугаар сараас хойш Б- манай гэрт хамт амьдарч эхэлсэн. Ингээд бид хоёр 2023 оны 10 дугаар сард дундаасаа хүүхэдтэй болсон гэдгээ мэдсэн. Хүүхдээ 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрүүлсэн. Б- хүүхэдтэйгээ 2 сар амьдарч байгаад нууц амрагтай болоод бид 2-г 2024 оны 08 дугаар сард хаяад явсан. Б- бид 2 гэрлэлтийн Б-алгаа байхгүй, дундаасаа 1 охинтой. 2025 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Б- гэнэт манай гэрт согтуу орж ирээд надаас таксины мөнгө нэхээд таксинд мөнгө төлүүлсэн, тэгснээ “ам цангаад байна, уух юм байна уу, пиво байна уу” гээд надаас нэхээд байхаар нь би “пиво байхгүй” гэхэд Б- “яахаараа пиво байдаггүй юм” гэсэн. Би Б-ад цай аягалж өгөхөд цайгаа ууж дуусаад аягаа шууд зуух руу шидэж хагалсан. Ээж “яаж байгаа юм бэ, яагаад аяга шидээд байгаа юм, асаж байгаа гал руу шидэж болохгүй” гэхэд Б- босож ирээд агсам тавиад намайг ална гэж дайраад, хүүхдээ надаас булааж аваад тэврэхээр нь би “хүүхэд аваад ир” гэхэд Б- “яахаараа чамд хүүхдээ өгдөг юм” гэж хэлээд хөлөөрөө миний ташаа хэсэгт өшиглөж унагаасан. Тэгэхээр нь би согтуу хүнтэй зөөлөн байхгүй бол охиныг бэртээчхэж магадгүй гэж бодоод Б-аас эвээр охиноо салгаж авсан. Тэгсэн Б- агсраад манай халуун савыг хагалаад “миний хүүхэд биш гээ биз дээ, бүгдийг нь ална” гээд миний нүүр рүү алгадаад үсдэж, гараа атгаж зангидаж байгаад шанаа хэсэгт хэд хэдэн удаа цохиод байсан. Тэр үед ээж гар утсаараа цагдаад дуудлага өгсөн, цагдаа ирэхээс өмнө Б- гэрт байсан хутга аваад зууханд ирлээд “чамайг хүүхэдтэй чинь ална” гээд сүрдүүлээд байсан. Тэгээд удахгүй цагдаа ирсэн ба Б- цагдаа хараад гартаа байсан хутгаа шидчихсэн. ...Өмнө нь 2024 оны 05 дугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо Баянголын Х- тоотод гэрт Б- согтуу байхдаа намайг жирэмсэн байх үед хардаж улмаар хэрэлдээд миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж баруун шанааг нь хөхрүүлж байсан, мөн 2024 оны 07 дугаар сарын 28-ны үеэр Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо Баянголын Х- тоотод гэрт Б- согтуу гар утсаараа мөрийтэй тоглоом тоглож байхаар нь би “наадхаа болиоч, унтмаар байна, хүүхдээ унтуулмаар байна” гэхэд уурлаж босож ирээд “унтуулбал унтуулна биз, яасан намайг унтуулчхаад Баатартайгаа чатлах гээд байгаа юм уу” гээд намайг хардаж хэрүүл үүсгэж миний зүүн нүд шанааг цохиж хөхрүүлсэн. Тухай бүрд нь ээж хажууд байсан ба “болиоч ээ” гээд хэлдэг байсан. Өөрөөр хөгшин настай хүн яах билээ, манай ээж хөл муу бага зэрэг муу алхдаг юм. ...Миний нүүр, нүд, эрүү хэсэгт Б- гараа атгаж байгаад цохиж зодсон, мөн баруун гарын ядаж хурууг хазчихсан, мөн би Б-ын гарт байсан хутгыг авах гээд булааж байхдаа зүүн гарын ядам хуруугаа хутганд зүссэн. ...Өмнө нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. ...” /хх7-9/,

дахин өгсөн “...Шинжээчийн дүгнэлтэд гаргах санал хүсэлт байхгүй, санал нийлж байна. ...Надад сэтгэл санааны хохирол учраагүй, сэтгэл санааны хохирол тогтоолгохоор үзүүлэхгүй. ...Би эмнэлгийн байгууллагад үзүүлж тусламж үйлчилгээ аваагүй, хэрэгт гарган өгөх эмнэлгийн баримт бичиг байхгүй. ...Хуулийн дагуу шийдэж өгнө үү. ...” /хх12-11/,

гэрч Ж.У-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын Х- тоотод охин Х- болон Х-гийн 2 охины хамт амьдардаг. Манай охин Х- 2 жилийн өмнөөс Б- гэх хүнтэй үерхэж байгаад хүүхэдтэй болсон ч Б- нь хүүхдээ 2 сар гарантай байхад 2024 оны 08 дугаар сарын сүүлээр гэр бүлээ хаяж яваад өөр хүнтэй суучихсан юм. Тэгсэн 2025 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Б- нь манай гэрт согтуу орж ирээд манай охиноос таксины мөнгө нэхээд таксинд мөнгө төлүүлсэн ба “цангаад байна, уух юм байна уу, пиво байна уу” гэхээр охин Х- “пиво байхгүй” гэхэд Б- “яахаараа пиво байдаггүй юм” гэж хэлсэн тэр үед охин Х- Б-ад цай аягалж өгөхөд цайгаа ууж дуусаад шууд аягаа зуух руу шидээд хагалчихаар нь би “яаж байгаа юм бэ, яагаад аяга шидээд байгаа юм, асаж байгаа гал руу шидэж болохгүй” гэхэд Б- босож ирээд агсам тавиад миний охин Х-г ална гэж дайраад, хүүхдээ Х-гээс булааж аваад тэврэхээр нь Х- “хүүхэд аваад ир” гэхэд охин Х-г хөлөөрөө ташаа хэсэгт нь өшиглөж унагаасан ба манай охин Х- Б-аас охиноо гуйж байгаад аргалж авсан. Тэгсэн Б- агсраад Х-гийн нүүр рүү алгадаад үсдэж, гараа атгаж зангидаж байгаад шанаа хэсэгт хэд хэдэн удаа цохиод байсан. Тэгэхээр нь би айсандаа би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэхээс өмнө нь Б- гэрт байсан хутга зууханд ирлээд “чамайг хүүхэдтэй чинь алга” гээд охин Х-г сүрдүүлээд байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн ба Б- цагдаа хараад гартаа байсан хутгаа шидчихсэн. ...Өмнө нь охин Х-г 2024 оны 05 дугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо Баянголын Х- тоотод гэрт Б- согтуу байхдаа охин Х-г жирэмсэн байх үед хардаж улмаар хэрэлдээд охины нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж баруун шанааг нь хөхрүүлж байсан, мөн 2024 оны 07 дугаар сарын 28-ны үеэр Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо Баянголын Х- тоотод гэрт Б- согтуу гар утсаараа мөрийтэй тоглоом тоглож байхаар нь охин Х- “наадхаа болиоч, унтмаар байна, хүүхдээ унтуулмаар байна” гэхэд уурлаж босож ирээд “унтуулбал унтуулна биз, яасан намайг унтуулчхаад Б-тайгаа чатлах гээд байгаа юм уу” гээд охиныг хардаж хэрүүл үүсгэж охины зүүн нүд шанааг цохиж хөхрүүлсэн. Би хажууд нь хараад байж байсан. Тухайн үед Б- манай гэрт хамт амьдардаг байсан. ...Өмнө нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. ...Б- эрүүл үедээ их даруухан хонь шиг ааштай боловч согтуу үедээ нүд нь улайраад ааш нь авах юмгүй муухай ааштай болчихдог. Ер нь Б-ыг архи уусны дараа маш их айдаг, охиныг алаад хаячихвийдээ гэж бодоод айгаад байна. ...Гомдолтой байна, Б- бид 2-г эмэгтэй гээд дээрэлхээд байдаг. ...” /хх16-17/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Г.Х-гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шуу, өвдөгч цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. ..." гэх дүгнэлт /хх21-22/,

 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/, дуудлага лавлагааны хуудас /хх2/, аюулын зэргийн үнэлгээ /хх50/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх51-55/, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 0853167 дугаартай “100.000 төгрөгөөр торгох” шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас /хх57/, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх59-60/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх61-63/, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн Б.Ч-гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх135/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Б-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг,

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр тус тус хуульчилсан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 жил зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 01 жил, 6 сарын хугацаагаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын урьд цагдан хоригдсон 110 хоног буюу 3 сар, 20 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, нийт биечлэн эдлэх ялыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 01 жил, 2 сар, 10 хоногийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр “...1. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. ...2. Хэрэгт байгаа баримтуудаар шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогдоогүй. Тус гэмт хэрэг нь эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг байна. ...3. Мөн Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 506 дугаар тогтоолоор тайлбарласан байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийтгэх тогтоолын зарим хэсэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Х- болон шүүгдэгч Б.Б- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу тодорхой хугацаанд хамтран амьдарч, дундаас үр хүүхэдтэй болсон болох нь хохирогчийн “...Манай бага охины аав Б- гэх хүн байдаг бөгөөд бид хоёр 2023 оноос хойш үерхэж байгаад 2023 оны 06 дугаар сараас хойш Б- манай гэрт хамт амьдарч эхэлсэн. Ингээд бид хоёр 2023 оны 10 дугаар сард дундаасаа хүүхэдтэй болсон гэдгээ мэдсэн. Хүүхдээ 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрүүлсэн...” /хх7-9/, гэрч Ж.У-ийн “...Манай охин Х- 2 жилийн өмнөөс Б- гэх хүнтэй үерхэж байгаад хүүхэдтэй болсон ч Б- нь хүүхдээ 2 сар гарантай байхад 2024 оны 08 дугаар сарын сүүлээр гэр бүлээ хаяж яваад өөр хүнтэй суучихсан юм...” /хх16-17/ гэх мэдүүлгүүд болон хохирогч, шүүгдэгч нарын дундаас 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн Б.Ч-гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх135/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

Мөн хохирогч Г.Х-гийн “...2025 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө ...Б- босож ирээд агсам тавиад намайг ална гэж дайраад, хүүхдээ надаас булааж аваад тэврэхээр нь би “хүүхэд аваад ир” гэхэд Б- “яахаараа чамд хүүхдээ өгдөг юм” гэж хэлээд хөлөөрөө миний ташаа хэсэгт өшиглөж унагаасан. ...Тэгсэн Б- агсраад манай халуун савыг хагалаад “миний хүүхэд биш гээ биздээ, бүгдийг нь ална” гээд миний нүүр рүү алгадаад үсдэж, гараа атгаж зангидаж байгаад шанаа хэсэгт хэд хэдэн удаа цохиод байсан. ...Өмнө нь 2024 оны 05 дугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо Баянголын Х- тоотод гэрт Б- согтуу байхдаа намайг жирэмсэн байх үед хардаж улмаар хэрэлдээд миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж баруун шанааг нь хөхрүүлж байсан, мөн 2024 оны 07 дугаар сарын 28-ны үеэр Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо Баянголын Х- тоотод гэрт Б- согтуу гар утсаараа мөрийтэй тоглоом тоглож байхаар нь би “наадхаа болиоч, унтмаар байна, хүүхдээ унтуулмаар байна” гэхэд уурлаж босож ирээд “унтуулбал унтуулна биз, яасан намайг унтуулчхаад Б-тайгаа чатлах гээд байгаа юм уу” гээд намайг хардаж хэрүүл үүсгэж миний зүүн нүд шанааг цохиж хөхрүүлсэн. ...” /хх7-9/,

гэрч Ж.У-ийн “...Б- нь манай гэрт согтуу орж ирээд ...охин Х-г хөлөөрөө ташаа хэсэгт нь өшиглөж унагаасан ...Х-гийн нүүр рүү алгадаад үсдэж, гараа атгаж зангидаж байгаад шанаа хэсэгт хэд хэдэн удаа цохиод байсан. ...Өмнө нь Б- согтуу байхдаа охин Х-г жирэмсэн байх үед хардаж улмаар хэрэлдээд охины нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж баруун шанааг нь хөхрүүлж байсан, мөн 2024 оны 07 дугаар сарын 28-ны үеэр Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо Баянголын Х- тоотод гэрт Б- согтуу гар утсаараа мөрийтэй тоглоом тоглож байхаар нь охин Х- “наадхаа болиоч, унтмаар байна, хүүхдээ унтуулмаар байна” гэхэд уурлаж босож ирээд “унтуулбал унтуулна биз, яасан намайг унтуулчхаад Б-тайгаа чатлах гээд байгаа юм уу” гээд охиныг хардаж хэрүүл үүсгэж охины зүүн нүд шанааг цохиж хөхрүүлсэн. ...” /хх16-17/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Г.Х-гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шуу, өвдөгч цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. ..." гэх дүгнэлт /хх21-22/, аюулын зэргийн үнэлгээ /хх50/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх51-55/, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 0853167 дугаартай “100.000 төгрөгөөр торгох” шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас /хх57/, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх59-60/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх61-63/ зэргээр шүүгдэгч Б.Б- нь хохирогч Г.Х-г удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогдсон, үүнийг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогчийн биед учирсан гэмтэл, шүүгдэгчийн үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан гэж үзнэ.

Хууль зүйн хувьд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчлийн үйлдлийг удаа дараа үйлдэх нь давтамжийн шинжээрээ нийгэмд аюултай гэмт хэргийн шинжийг агуулж, Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг ноцтой зөрчиж, илүү хүнд хор уршигт хүргэж болзошгүй үр дагаврыг харгалзан гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэхийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулиар хамгаалжээ.

Тодруулбал, гурав ба түүнээс дээш удаагийн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг хууль тогтоогч “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Хэрэгт авагдсан баримтаар яллаж буй үйлдлүүдийн алиныг ч өмнө гэмт хэрэгт тооцож ял шийтгээгүй, эдгээр давтагдсан үйлдлүүд нь нийлж нэг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул эрүүгийн болоод зөрчлийн хариуцлагын давхцал үүссэн гэж үзэхгүй.  

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд гэр бүлийн хүчирхийллийн үйлдлүүддээ Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн эсэх нь түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй бөгөөд нэг гэмт хэрэгт нэг удаа шийтгүүлэх, нэг зөрчилд мөн нэг удаа шийтгүүлэх зарчимтай харшлахгүй болно.

Харин, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн гурван үйлдлийг нэгтгэн дүгнэх хууль зүйн гол үндэслэл юм.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн шийтгэлийн хуудас, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, гэр бүлийн орчинд хийгдсэн “Аюулын зэргийн үнэлгээ”, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэргийг харьцуулан үзэхэд, шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр, 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч байсан Г.Х-д хүч хэрэглэн зодсон, эдгээр үйлдлүүдийн хоорондох хугацаа тус бүр 6 сарын дотор буюу зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхдаа үйлдэгдсэн байна.

Үүнээс гадна, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй учир тухайн гэмт хэргийг үйлдэх явцдаа Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт давхар хохирол учруулбал тухайн үйлдэлд тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчлэх нь эрүүгийн эрх зүйд тогтсон жишиг ойлголт бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан гэмт хэргийн үндсэн ойлголтод хамаарна. 

Иймээс, шүүгдэгч Б.Б-ын хохирогч Г.Х-г 3 удаа зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн, ингэхдээ сүүлийн үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус давхар зүйлчилж, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

Дээрх үндэслэлээр, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаярын гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2750 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2750 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

 

                                    ШҮҮГЧ                                           Б.Б-ЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                           С.БОЛОРТУЯА