| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2018/00080/Э |
| Дугаар | 00093 |
| Огноо | 2018-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 00093
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Ад холбогдох 1732001130086 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 хоёр хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, Улаанбаатар хотод Жаврай ХХК-д мужааны туслах ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Гэсэржавын А, /РД:*/
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Шүүгдэгч Г.А нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Гандангийн 47 тоот хашаан дотор 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэн Л.Чзтой хувийн таарамжгүй харьцааны хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр намайг унтаж байхад Чз согтуу орж ирсэн. Шөнө модонд явах юм чинь гээд би хоёр охиноо аавындаа оруулчихаад гэртээ ганцаараа унтахаар хэвтэж байсан. Гэтэл Чз хөнжил гудсаа үүрээд орж ирэхээр нь би миний дүү шөнө модонд явах учраас хажуугаар орж ирээд унт гэж хэлсэн. Тэгсэн гарч ороод яваад байхаар нь шөнө явах байж унтаач дээ гэж хэлсэн чинь миний хажууд хэвтэж байснаа гарч яваад та ер нь яагаад байгаа юм бэ, би таниас айна гэж байхгүй шүү алалцана шүү наашаа гараад ир гэж гадаа гараад намайг дуудсан. Тэгээд би араас нь гараад юу гээд байгаа юм яасан юм бэ гээд хаалгаар гартал өөдөөс цохисон. Тэгэхээр нь би зөрүүлж ноцолдоод босч ирээд хувцасаа гөвөөд байж байтал манайх руу Чз гүйж ороод ширээн дээрээс хутга аван гарч ирээд таныг алчихсан ч яадаг юм бэ гэж хэлсэн. Тэгээд би хутгыг нь булаацалдаж байгаад айлгах гэж байгаад чичтэл цээж рүү нь хатгачихсан юм. Тэгээд дараа нь аав нь яагаад хүүхэд хутгалж байгаа юм бэ гэхээр нь би хутгалаагүй ш дээ гэж хэлээд тэдний гэр рүү араас нь дагасан чинь цагдаа нар ирсэн байсан тэгээд намайг аваад явсан...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Чз мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би Баганаа ахынд очсон. Тэгтэл Баганаа ах Сээгий ах руу залгаад Чз ирчихлээ гэхэд Сээгий ах би одоо очлоо та хоёр байж бай гэсэн. Ингээд удалгүй Сээгий ах ирээд бид гурав дэлгүүр орсон. Дэлг/үрээс Сээгий ах нэг шил 750 граммын хараа архи авсан. Бид гурав архиа уурын цуухны хажууд очиж уусан. Дахиад дэлгүүрээс 750 граммын нэг шил хараа архи аваад Төмөр замын урд сааданд сууж байгаад уусан. Тэгээд бид гурав Баганаа ахын гэрт очсон. Сээгий ах харилаа гээд гараад явсан. Харин Баганаа ах бид хоёр үлдсэн. Бид архиндаа согтчихсон байна лээ. Нэг мэдсэн Баганаа ахтай хоорондоо зодолдож байсан. Тэгээд цээж рүү халуун оргиод явчихаар нь бариад үзтэл нойтон оргиод явчихсан. Би Баганаа ахаас салж зугтаагаад гэрлүүгээ орсон. Гэртээ ороол хартал цээжнээс цус гарсан байсан. Ингээд манай дүү охин Ат цагдаад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг /ХХ-12-13-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Ат мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 23-ны 23 цаг 50 минутын орчим Чз ах архи үнэртүүлсэн байдалтай орж ирээд хөнжил аваад айлд очиж хононо гээд гараад явсан. Тэгээд удалгүй 20 орчим минутын дараа хаалгаар мөлхөж орж ирэхдээ “Баганаа намайг хутгалчихлаа” гэж сулхан хэлсэн. Түүнийг харахад цээжин бие нь болон баруун гар нь цус нөжтэйгээ хутгалдчихсан өрөөсөн гуталтай дээгүүрээ хувцасгүй нүцгэн байдалтай орж ирсэн юм. Тэгэхээр нь цусыг нь цэвэрлэнгүүтээ шууд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн юм...” гэх мэдүүлэг /ХХ-15-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.А мэдүүлэхдээ: “...Чзийн гарт нь цагаан иштэй хутга байхаар нь булаалцалдаж нэлээн юм болсон. Тэгж байгаад Чз надаас салаад хашаанаас гараад явсан. Манай хажуугийн айлын Одончимэг болон түүний дүү нь Чз бид хоёрын зодооныг бие засах газар руугаа явж байгаад харсан гэсэн. Намайг Чзоос салаад гэртээ ороод байж байхад түүний аав нь хүрч ирээд “яагаад манай хүүхдийг хутгалж байгаа юм бэ” гэх зэмлэхээр нь хутгалаагүй гэдгээ хэлсэн чинь гараад явчихсан. Тэгээд удалгүй цагдаа нар хүч ирээд намайг эрүүлжүүлэх байранд саатуулсан.
...2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Чз манай гэрт орж ирээд надаас ажлын гутал авсан. Учир нь үүрээр модонд явах байсан юм. Тэгээд модонд бид хоёртой цуг явах Сэргэлэн бид гурав 750 граммын 2 шил архи хувааж уусан. Би гэртээ харьж хоёр хүүхэддээ хоол унд хийж өгөөд хүүхдүүдээ аавындаа оруулж өгөөд гэртээ унтаж байтал Чз шуудайтай хөнжил пүүгээгээ аваад манай гэрт орж ирсэн. Үүрээр цуг модонд явах болохоор би Чзийг унт гээд хэвтүүлсэн. Тэгтэл Чз нйорон дунд надруу агсраад манай гэрээч гарч ороод тэгснээ би танаас айна гэж байхгүй шүү та ер нь яагаад байгаа юм бэ алалцана шүү гээд гарсан. Би араас нь гараад яасан бэ яагаад байгаа юм бэ гээд гартал шууд миний нүүр лүү хоёр удаа цохисон. Тэгээд бид хоёр дээр доороо орооп зодолдсон. Тэгтэл Чз босоод манай гэрлүү ороод ширээн дээр байсан төмс ногоо арилгадаг жижиг цагаан иштэй хутга бариад гарч ирээд надруу дайрахаар нь би хутгыг нь булааж авах гээд ноцолдсон. Тэгэж байтал Чз хутганд өртөөд цээжин тус газраа хатгуулчихсан. Тэгээд Чз босоод гүйгээд хашаанаас гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, /ХХ-16-17-р хуудас/,
2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №107:...
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас /ХХ-ийн 20-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-32-р хуудас/, Шүүгдэгч Г.Аы ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-36-р хуудас/, хохирогч Л.Чзийн шүүгдэгч Г.Ад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар гаргасан хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.А нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Гандангийн 47 тоот хашаан дотор 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэн Л.Чзтой хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Л.Чзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /ХХ-12-13-р хуудас/, гэрч Л.Атгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /ХХ-15-р хуудас/, яллагдагч Г.Аын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-16-17-р хуудас/, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №107 тоот дүгнэлт /ХХ-21-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас /ХХ-ийн 20-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Аыг хохирогч Л.Чзийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.А нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Гандангийн 47 тоот хашаан дотор 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэн Л.Чзтой хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Л.Чз нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Г.Ад гомдол саналгүй гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Гэсэржавын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А нь 450000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ.