| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Баатарсүх |
| Хэргийн индекс | 2239001660021 |
| Дугаар | 2026/ДШМ/04 |
| Огноо | 2026-01-20 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Н.М |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2026/ДШМ/04
2026 01 20 2026/ДШМ/04
П.А , Х.У нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Г.Уртнасан, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд: прокурор Н.М,
Иргэний хариуцагч: С.Б /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Д, Э.Ш, Г.Э,
Шүүгдэгч: П.А /цахимаар/, Х.У,
нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатарын даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Х.У, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э , С.Д нарын гаргасан давж заалдах гомдлоор, П.А , Х.У нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
2.1 Монгол улсын иргэн,
2.2 Монгол Улсын иргэн,
3.1 Шүүгдэгч П.А нь нийтийн албан тушаалтан буюу Х аймгийн Н сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.6 дахь хэсэгт заасан “Сумын өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, сумын өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах зэргээр захиран зарцуулах санал боловсруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Засаг дарга нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ,
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, 7.1.6. албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, мөн Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журмын 2 дахь хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.11, 3 дахь хэсгийн 3.3, 3.3.1, 3.6 дахь заалтуудыг зөрчиж,
Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай “эд хөрөнгө актлах, худалдах тухай” тэргүүлэгчдийн тогтоолын 1 дүгээр хавсралт, Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/423 дугаартай “Эд хөрөнгө актлах, худалдах тухай” захирамжийн хавсралтаар акталж худалдан борлуулахаар шийдвэрлэсэн, Х аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 249 дугаартай албан бичиг хүргүүлсэн, Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрыг эрх бүхий этгээдээс эд хөрөнгө актлах, худалдах тухай шийдвэр гараагүй байхад 2020 оны 06 дугаар сараас эхэлж, уг хичээлийн байрыг “Б” ХХК-ны ажилтнуудаар нураалгаж, гарсан модон материалыг “Б” ХХК-д ямар нэгэн шалгуур, өртөггүй олгосон, улмаар “Б” ХХК нь “Эко зуслангийн байрыг” 43,977,805 төгрөгийн өртгөөр барихаар зураг төсөл боловсруулж, тендерт шалгарсан атлаа, уг хичээлийн 2 дугаар байрны модон материалыг “Эко зуслангийн байр” барихдаа ашигласан, уг хичээлийн байрны үлдэх хөрөнгө буюу 23,523,113 төгрөгийг Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсөвт төвлөрүүлээгүй, Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай “эд хөрөнгө актлах, худалдах тухай” тэргүүлэгчдийн тогтоолоор уг хичээлийн 2 дугаар байрыг “актлах, худалдах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг аймгийн засаг даргад үүрэг болгосон, улмаар аймгийн Засаг дарга 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/423 дугаартай “Эд хөрөнгө актлах, худалдах тухай” захирамжаар ажлын хэсэг байгуулсан байхад, Х аймгийн Н сумын Засаг даргаар ажиллаж байсан П.А нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрны модон материалыг “Б” ХХК-д ямар нэгэн шалгуур, өртөггүй олгож, “Б” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг,
3.2 Шүүгдэгч Х.У нь Х аймгийн Н сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалыг хашиж байхдаа, тус сумын Засаг дарга П.А-тэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, 7.1.6. албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, мөн Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журмын 2 дахь хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.11, 3 дахь хэсгийн 3.3, 3.3.1, 3.6 дахь заалтуудыг зөрчиж,
Х аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай “эд хөрөнгө актлах, худалдах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралт, Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/423 дугаартай Эд хөрөнгө актлах, худалдах тухай захирамжийн хавсралтаар акталж худалдахаар шийдвэрлэсэн,
Х аймгийн Н сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх өртөгтэй хичээлийн 2 дугаар байрыг зохих журмын дагуу актлах, худалдан борлуулах үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, эрх бүхий этгээдээс актлах, худалдах тухай шийдвэр гараагүй байхад 2020 оны 06 дугаар сараас эхэлж, уг хичээлийн байрыг “Б” ХХК-ны ажилтнуудаар нураалгаж, гарсан модон материалыг “Б” ХХК-д ямар нэгэн шалгуур, өртөггүй олгож, “Б” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
4. Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.А, Х.У нарт холбогдох 2239001660021 дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч П.А, Х.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдлыг бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А, Х.У нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А, Х.У нарт тус бүрт оногдуулсан 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 төгрөгөөр торгох ялыг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч П.А, Х.У нарт мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А, Х.У нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч П.А, Х.У нарт оногдуулсан эрх хасах, торгох ялуудын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А, Х.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Б-с 1,621,760 төгрөг, шүүгдэгч П.А-с 1,621,760 төгрөг, шүүгдэгч Х.У-с 1,621,760 төгрөгийг тус тус гаргуулж Х аймгийн Н сумын орон нутгийн төсөвт төлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч П.А, Х.У нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.А, Х.У нарын иргэний үнэмлэхийн лавлагааг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах зэргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
6. Шүүгдэгч Х.У, түүний өмгөөлөгч Г.Э нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Х.У нь сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ямар шийдвэр гаргаж барилгыг нураасан эсэх, сургууль өөрөө өмч хамгаалах зөвлөлтэй байсаар байхад ямар ч хамааралгүй удирдах албан тушаалтныг татан оролцуулж, яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөө хэлбэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журмын 1.5-р зүйлд "Төрийн өмчит хуулийн хуулийн этгээд өмч хамгаалах Байнгын зөвлөл уйл ажиллагаандаа энэхүү журмыг баримтлан ажиллана" гэсэн байдаг. Энэхүү байнгын зөвлөл нь Сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/06 тоот тушаалаар Өмч хамгаалах зөвлөлийг байгуулж, 5 хүний бүрэлдэхүүнтэй томилсон байдаг. Тус зөвлөлийг дарга Д. А нь даргалж 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар ЕБС-ийн хичээлийн 2-р байрыг актлах тухай асуудлыг хэлэлцэж гишүүдийн 100 хувийн саналаар актлах асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Мөн энэхүү зөвлөл нь 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Зөвлөлийн дарга Д.А, нарийн бичгийн дарга Э.О, гишүүд Г.Н, Б.Б, Д.Д нарын бүрэлдэхүүнтэйгээр ЕБСургүүлийн 102 тоот 14:00 цагт болсон хурлаар Зөвлөлийн дарга Д.А Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 54 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2020 оны А/423 дугаар захирамжийн дагуу хичээлийн 2 дугаар байрыг актлах шийдвэр ирсэн тул гүйцэтгэх ажлыг явуулах тухай хэлэлцэнэ. Холбогдох хууль тогтоомж болон ирсэн баримт бичгийг зөвлөлийн гишүүдэд танилцуулав Гэснээр хурал эхэлж, хурлын тэмдэглэлийн сүүлийн өгүүлбэрт /Зөвлөлийн дарга Д.А: За ер нь бүх гишүүдийн саналыг сонслоо. Гишүүд санал нэг байна гэж үзэн дараах шийдвэрийг гаргаж байна. Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журмын 3.9 дүгээр заалтыг үндэслэн хичээлийн байр-2 болох цагаан байрыг нэн даруй буулган түүнээс гарах модыг ангилан ялгаж ялзарсан мод хаягдлыг устгаж хогийн цэгт зөөвөрлөн хаях нь зүйтэй. Ашиглаж болох хөдөлмөр зусландаа өгөхөөр шийдвэрлэлээ шүүх эдгээр баримтуудад огт дүгнэлт хийгээгүй төдийгүй, хэрэгт авагдсан 2 удаагийн Өмч хамгаалах зөвлөлийн хуралдаанд Х.У миний бие огт оролцоогүй бөгөөд тус зөвлөл дангаараа асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Дээрх үйлдлээс харахад өмч хамгаалах зөвлөлийн энэ үйлдэлтэй ямар ч хамааралгүй Сургуулийн захиралд холбогдуулж шийтгэл ногдуулж байгаа хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэргийн бодит байдалд огт нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүхээс Сургуулийн 2-р байрыг нурааж, "Б" ХХК-д эдийн засгийн давуу байдал олгосон гэж дүгнэсэн атлаа яг хэдэн төгрөгийн модыг Эко хөдөлмөр зусланд оруулсан талаар огт баримт байдаггүй. Нөгөөтэйгүүр гэм хорын хохирол 4.865.279 төгрөгийг П.А, Х.У бид нараар тэнцүү хуваан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хичээлийн 2-р байрыг нураасан модыг байхгүй болсон мэтээр дүгнэн хураалттай модыг үнэлсэн үнэлгээний дүнг тэнцүү хуваан төлүүлсэн нь хэт нэг талыг баримтлан дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэг (Авлигын гэмт хэрэг)-ийн 22.1 дүгээр зүйл (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-ийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн шинжийг "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол" гэж тодорхойлжээ. Харин Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад "авлига" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн. хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгоно" гэж, 3.1.2-т "ашиг хонжоо" гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал" гэж, 3.1.3-т "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх гэж. "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад "хувийн ашиг сонирхол" гэж "нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг ойлгоно гэжээ. Х.У-н миний тухайд хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх санаа зорилго ч байгаагүй, бусдад хэрхэн ямар үйлдлээр давуу байдал бий болгосон талаар баримт хэрэгт огт байхгүй түүнд тийм хүсэл ч байгаагүй, гагцхүү хүүхдүүдийг хөдөлмөр зуслантай болгоё гэсэн чин хүсэл л байсан. Хэдийгээр уг гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй биш боловч авлигын гэмт хэрэг учраас хувийн ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох сэдэлт, зорилго заавал байх ёстой. Гагцхүү үүнийг нь тодорхой баримтаар нотолсон байх учиртай. Гэтэл хэрэгт энэ талаар нотолсон нэг ч баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна. Иймд Х.У-т холбогдох "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон" гэх гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсгийн 3-8-р талд 1-33 хүртэл дугаарлан ... зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан тухай дурдаад эдгээр нотлох баримтууд хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэж, мөн 8-р талд хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан " гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал"-ыг хууль зүйн үндэстэй дүгнээгүй, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ огт тусгаагүй нь хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр болсон гэж үзэх үндэслэл болж байна. Түүнчлэн "шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал"-д хууль зүйн дүгнэлт хийгээгүй, зөвхөн прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн яллагдагчаар холбогдсон хэргийн тухай нөхцөл байдлыг шинжлэн судалсан баримтуудаар жагсаан бичиж хуулийг тайлбарлах замаар хэргийн үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр П.А-н холбогдсон хэргийг нотлогдсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, хууль зүйн үндэслэлгүй байна. Хэргийн бодит нөхцөл байдал болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд *******ийг холбогдуулан шалгаж буй асуудал нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй, тэрээр Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй, гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй юм. Тендэр зарласан байдаг. Энэ үйл ажиллагаа нь хууль ёсны дагуу явагдсан. Уг гэрээгээр эко зуслангийн барилгыг барихад хичээлийн 2 дугаар байрын модыг буулгаж ашиглана гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Гэтэл "Б" ХХК компаниар уг хичээлийн байрыг нураалгаж, модон материалыг компанид олгох шийдвэр гаргасан мэтээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Холбогдох хууль, журмын зохицуулалтаас үзэхэд Сумын засаг дарга нь сумын өмчийн хөрөнгийг худалдан борлуулах, бусдад шилжүүлэх эрхгүй бөгөөд түүний бүрэн эрхэд эл асуудал хамаарахгүй юм. Харин Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас үлдэх хөрөнгөтэй акталсан хичээлийн 2 дугаар байрыг сургуулийн захирал өмч хамгаалах зөвлөлөө томилоод, өмч хамгаалах зөвлөл актлах уу, худалдан борлуулах уу гэдэг шийдвэрээ гаргах ёстой. Хэрвээ худалдан борлуулах эсхүл актлах шийдвэр гаргаж байгаа бол худалдан борлуулах, данснаас хасуулах тухай саналыг аймгийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар уг эд хөрөнгийг акталж, данснаас хасах эсхүл худалдан борлуулах уу гэсэн асуудлыг эцэслэн шийдвэрлэх байсан. Гэтэл энэ ажиллагаа процедур дарааллаараа явагдаагүй байдаг. Энэ талаар ч гэрчүүд тодорхой мэдүүлсэн байдаг. Тухайлбал 1 хх-ийн 61-62-р талд авагдсан гэрч С.С, 2 Хх-ийн 197-198-р талд авагдсан Гэрчээр Н.Ү, 2. Хх-ийн 227-228-р талд авагдсан Гэрч Ш.Ц нарын мэдүүлгүүдээр тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс энэ нөхцөл байдлуудад няцаан үгүйсгэсэн тухай ямар нэг дүгнэлт огт хийгээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй байхад анхан шатны шүүх үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заагаагүй, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хийсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, П.А-д холбогдох үйлдэл холбогдол хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдоогүй гэж үзнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.А-д холбогдох хэргийг Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хоёр ч удаа хянан хэлэлцэхдээ яг ижил үндэслэлээр буюу "... Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл Н сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23.523.113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрны бүрэн бүтэн байдлыг хариуцан хамгаалах үүрэг бүхий этгээд хэн болох, уг этгээд нь үүргээ холбогдох хууль, журмын дагуу биелүүлж чадсан эсэх, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалгаан нөхцөл үйлдэл, гэм бурууг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй ба уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна..."гэж дүгнэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д *Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ." гэж заажээ. Гэтэл нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу авагдсан баримтуудаар П.А-н гэм бурууг нотолсон нэг ч баримт бүрдүүлээгүй бөгөөд харин ч эсрэгээрээ түүний гэм буруугүйг нотолсон, эргэлзээтэй нотлох баримтууд бүрдүүлсэн нь түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл хангалттай болж байна гэж үзэж байна. Иймд П.А-г буруутгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан "нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон" гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн: "эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд, эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн "гэм буруугүйд тооцох зарчмын дагуу шүүгдэгч П.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэв.
8. Шүүгдэгч Х.У, түүний өмгөөлөгч Г.Э нар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “...давж заалдах гомдлоо дэмжиж байна.*******т холбогдох "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон" гэх гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.
9. Шүүгдэгч П.А , түүний өмгөөлөгч С.Д , Э.Ш нар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “...давж заалдах гомдлоо дэмжиж байна. П.А-г буруутгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан "нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон" гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн: "эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд, эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн "гэм буруугүйд тооцох зарчмын дагуу шүүгдэгч П.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...гэв.
10. Прокурор Н.М нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
11. Шүүгдэгч П.А-н өмгөөлөгч С.Д, шүүгдэгч Х.У, түүний өмгөөлөгч Г.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч П.А, Х.У нарт холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримт тогтооход үндэслэл болсон хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулан оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчин хууль бусаар хязгаарлаагүй.
13. Шүүгдэгч П.А нь Х аймгийн Н сумын Засаг даргаар ажиллаж байхдаа, үүгдэгч Х.У нь тус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус тус бүлэглэн Х аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай “эд хөрөнгө актлах, худалдах тухай” тогтоол, Х аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/423 дугаартай “эд хөрөнгө актлах, худалдах тухай” захирамж, Х аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 249 дүгээр албан бичиг зэрэг эрх бүхий байгууллага, албан тушаалтны эд хөрөнгө актлах, худалдах тухай хууль ёсны шийдвэр гараагүй байхад эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан тус аймгийн Н сумын ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн хоёрдугаар байрыг “Б” ХХК-ийн ажилтнуудаар 2020 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд нураалгаж, түүнээс гарсан модон материалыг тус компанид ямар нэгэн шалгуур, өртөггүй өгч эдийн засгийн давуу байдал бий болгосон болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хүрэлцэхүйц нотлох баримтаар сэргээн дүрслэгдэж тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Үүнд:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд болон гэрэл зургийн үзүүлэлт /2хх-174-182, 3хх-38-52х/,
- Х аймгийн Н сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/24 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамж /1хх-71х/,
- Х аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай “Эд хөрөнгө актлах, худалдах тухай” тогтоол, 01 дүгээр хавсралт, /1хх-146-147х/,
- Х аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/423 дугаартай “Эд хөрөнгө актлах, худалдах тухай” захирамж, хавсралт /1хх-151-152х/,
- Х аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 249,250 дугаартай албан бичиг /1хх-156,160х/,
- Н сумын засаг даргын тамгын газар, “Б” ХХК-тай байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ХЭАНСЗДТГ/202001028 дугаартай “Эко зуслангийн барилга” барих ажлын гэрээ, /1хх-132-134х/,
- Х аймгийн Н сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.У-н 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн А/06 дугаартай “ өмч хамгаалах зөвлөл байгуулах тухай” тушаал, /3хх-6х/,
- Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам /3хх-24-28-х/,
- Хөрөнгийн үнэлгээний “фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШД-33 дугаартай дүгнэлт /3хх-61-64х/,
- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 23-6 дугаартай дүгнэлт /3хх- 98-107х/,
- Х аймгийн Н сумын эко зуслангийн барилгын ажлын тендерийн баримт бичиг /1хх-93-129х/,
- Х аймгийн Н сумын сурагчдын хөдөлмөр амралтын эко зуслангийн байрны ажлын төсөв, скиз зураг /4хх-143-164х/,
- Иргэний нэхэмжлэгч Б.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... хичээлийн хоёрдугаар байрны модон материалыг эко зуслангийн байр барихдаа ашигласан ба уг хичээлийн байрны үлдэх хөрөнгө 23,523,113 төгрөгийг сумын төрийн сангийн дансанд байршуулаагүй байх тул нэхэмжилж байна.” гэх /2хх-166-167х/,
- Гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өмч хамгааллын комиссоор хоёрдугаар байрыг акталж хэрэгцээтэй модыг авахаар эко зусланд ашиглана гэж ярилцаж байсан.” гэх /1хх-14-15х/,
- Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... хичээлийн хоёрдугаар байр нь сургуулийн үндсэн хөрөнгө байсан. Анх 50,000,000 төгрөгийн үнэлгээтэй байр бөгөөд актлах үед элэгдэл хорогдол хасагдаад 23,000,000 төгрөгийн үнэлгээтэй болсон. Б сургуулийн хоёрдугаар байрны модыг ашиглаж эко зуслан барьсан байдаг.” гэх /1хх-18-19х/,
- Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... захирал Б сургуулийн хичээлийн хоёрдугаар байрыг буулгуулах гээд хүмүүс хайгаад байсан. Би амжихгүй гэж хэлж байсан. Дараа нь сургуулийн хоёрдугаар байрыг буулгаад модыг нь ангилаад сургуулийн хашаанд хурааж байхад нь би Н сумын 3 дугаар багийн төв рүү Маяти маркийн машинаар 2 удаа зөөсөн. Зарим мод нь сургуулийн хашаанд үлдсэн.” гэх /1хх-25-26х/,
- Гэрч С.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би эко зуслангийн байр барихад “Б” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр хувиараа 100 хувь хариуцаж ажилласан. Сумын Засаг дарга П.А-д хэлэхдээ эко зуслангийн байр барихад сургуулийн хоёрдугаар байрыг буулган модон материалыг ашиглаж, бусад материалыг танайх өөрсдөө гаргана гэж байсан. Барилгын хогийг буулгахад Энхтүвшин гэх хүний машинаар зөөлгөж, хөлсөнд нь барилгын модноос өгсөн. Би сургуулийн барилгын ялзарсан модыг авсан. Хичээлийн байрны завсрын хананы мод, таазны мод нь эко зуслангийн барилгад орсон. Бусад модыг нь эко зусланд ашиглах боломжгүй байсан. Эрдэнэсүрэн гэх залуу, түүний ах Заяа гэх хүмүүс эко зуслангийн байрыг барьсан. Сургуулийн байрнаас гарсан хамгийн чанартай хэрэглэж болохоор модыг ялгаж авсан.” гэх /1хх-29-31х/,
- Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Палк модоор 7 өрөө бүхий нэг давхар барилга барьсан. Сургуулийн захирал Х.У-тэй уулзаад хүн хүч хэрэгтэй байна гэхэд 20 литр түлш гаргаж өгсөн. Ингээд эко зуслан барьсан хүмүүсийн хамт сургуулийн хичээлийн байрыг ирж буулгаж байсан. С.Б ах сумын Засаг дарга А энийг буулгаж нураана гэж байна гэсэн. Би Х аймгийн Н суманд С.Б ахын хашаанд амьдардаг уг хашаанд хэсэг мод нь сумын төвөөс 50 км зайд байрлах хөдөө Э гэх айлын малын хашааны ар талд цас болон салхинаас хамгаалж хэдэн мод аваачиж суулгасан байгаа.” гэх /1хх-34-36, 3хх- 31-32х/,
- Гэрч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Дуудлага худалдаагаар худалдан борлуулах, төрийн байгууллага хооронд шилжүүлэх, акталж устгах гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой. Манай байгууллагаас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 249 дүгээр албан тоотоор Н сумын Ерөнхий боловсролын сургуульд “Хичээлийн хоёрдугаар байрыг санхүүгийн тайлан данс бүртгэлээс холбогдох журмын дагуу хасаж, жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгаж ажиллахыг зөвлөсөн байна. Буцаагаад хариу ирүүлээгүй байна. Тухайн байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлөөрөө хэлэлцээд цаашид ашиглах боломжтой бол худалдан борлуулах, боломжгүй бол акталж устгах ёстой. Энэ хичээлийн байрыг устгаж акталсан, дуудлага худалдаагаар худалдан борлуулсан, бусдад шилжүүлсэн тайлан манай байгууллагад ирээгүй байна. Хөдөлмөр зуслангийн байр нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Х аймгийн Н сумын ерөнхий боловсролын сургуулийн өмчид 43,977,805 төгрөгийн өртөгтэй бүртгэгдсэн байна.” гэх /1хх- 61-62х/,
- Гэрч Э.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Хөдөлмөр зусланг барьж байсан компанийн хүмүүс ирээд хичээлийн хоёрдугаар байрыг нураагаад ашиглах боломжтой материалыг нь авсан.” гэх /2хх-131-133х/,
- Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... тэр үед төсөв, төрийн сангийн мэргэжилтэн хийж байсан. “Б” ХХК-д Эко зуслан барихад шаардлагатай төсөв шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /2хх-189-190х/,
- Гэрч Н.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Б нь хичээлийн хоёрдугаар байрыг нурааж шаардлагатай зүйлсээ авсан.” гэх /2хх-193-194х/,
- Гэрч Н.Ү-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уг сургуулийн хичээлийн хоёрдугаар байрыг Х аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар үлдэх өртөгтэй хөрөнгийг актлах шийдвэр гарсан байна. Үүний дагуу ерөнхий боловсролын сургуульд албан бичгээр мэдэгдсэн боловч, хариу ирүүлээгүй. Тухайн актлуулах гэж байгаа эд хөрөнгийг хариуцагч байгууллага буюу Н сумын ерөнхий боловсролын сургуулийн өмч хамгаалах зөвлөл шийдвэрлэх ёстой.” гэх /2хх-197-198, 4хх-110-111х/,
- Гэрч Ш.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үлдэх өртөгтэй хөрөнгө актлах гэдэг нь хөрөнгийн элэгдлийг жил бүр тооцож тайлан баланст тусгаж тооцоолол хийнэ. Үлдэх өртөгтэй хөрөнгө актлагдсан тохиолдолд тухайн байгууллагын өмч хамгаалах зөвлөл дахин ашиглагдах материалыг зах зээлийн үнэлгээ гаргуулсны дараа худалдан борлуулж, өөрийн орлогод оруулна. Харин ашиглагдах боломжгүй материалд мэргэжлийн байгууллагын үнэлгээ гаргуулна.” гэх /2хх-227-228х/
- Иргэний хариуцагч С.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Н сумын Онон багт зуслангийн барилга барих гэж байгаа уг барилгын модон материалыг сургуулийн акталсан барилгаас гарах ёстой юм гэж сумын Засаг дарга А хэлсэн. Үүний дагуу сургуулийн барилгыг нураасан. Сургуулийн барилгын дээвэр, таазны мод, завсрын хананаас гарсан модыг зуслангийн барилгад ашигласан.” гэх /3хх-33-37х/,
- Гэрч Э.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 03 дугаар сард анх зураг төсөв хийлгэхдээ аж ахуйн аргаар барих төсөл хийлгэсэн. Энэ арга нь барилгын норм дүрэмд тусгасан боловч онцын шаардлагагүй зардлыг хасаж гаргахыг хэлнэ. Өөрсдийн нөөц бололцоо гэдэгт хуучин барилгын модон материалыг оролцуулахыг ойлгож болно. Н сумын засаг даргад танилцуулж байсан.” гэх мэдүүлэг /4хх-82-83х/ зэрэг болно.
14. Нэгдсэн үндэсний байгууллагын авлигын эсрэг конвенцийн 19 дүгээр зүйлд “... төрийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад шууд буюу шууд бусаар давуу тал олгох зорилгоор хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх эсхүл гүйцэтгэхгүй байх үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж авч үзнэ.” гэж заажээ.
15. “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгон хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулан төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршигт хүргэдэг бөгөөд нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.
16. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.4,11 дүгээр зүйлийн 11.1.9, 14 дүгээр зүйлийн 14.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2-т тус тус зааснаар 2020 оны 9 дүгээр сард шүүгдэгч П.А нь Х аймгийн Н сумын Засаг дарга буюу улс төрийн албан тушаалд, шүүгдэгч Х.Унь Х аймгийн Н сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал буюу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтанд ажиллаж байсан учир “нийтийн албан тушаалтан”-д хамаарагдана. /1хх-69, 2хх-119-120, 5х-135х/
17. Шүүгдэгч П.А , Х.У нар нь төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны албан ёсны шийдвэр гараагүй байхад 2020 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд Х аймгийн Н сумын ерөнхий боловсролын хичээлийн хоёрдугаар байрыг “Б” ХХК-ийн ажилчдаар нураалгаж, модон материалыг Б.Н-н маяти загварын машинаар зөөлгөж, тус сумын Онон багийн төвийн хажууд баригдаж байгаа эко зуслангийн барилгад ашиглуулж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгаагаа хууль бус гэмт хэргийн шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж, 4,865,279 төгрөгийн хохирол хор уршигт зориуд хүргэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
18. Шүүгдэгч Х.У нь Х аймгийн Н сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын хувьд өөрийнх нь байгууллагын эзэмшилд байгаа орон нутгийн өмч болох хичээлийн хоёрдугаар байрыг “Б” ХХК-ийн ажилчид нурааж байхад хараад сууж байх биш төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар байгууллагынхаа өмч хөрөнгийг хамгаалах, хадгалах, өмч хамгаалах зөвлөлөөс гаргасан шийдвэр хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаад хяналт тавих эрх бүхий субъект учир “хууль эрх зүйн мэдлэггүй” гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
19. Шүүгдэгч П.А нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.6 дахь хэсэгт заасан “Сумын өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, сумын өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах зэргээр захиран зарцуулах санал боловсруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Засаг дарга нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ шүүгдэгч Х.У-тэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно”, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно, 80 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, 7.1.6. албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журмын 2.5-2.7, 2.11, 3.3, 3.3.1, 3.6 дахь заалтуудыг тус тус зөрчиж, албаны эрх ашгийн эсрэг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод нийцүүлэн хуулиар хүлээлгэсэн орон нутгийн болон байгууллагын өмч хөрөнгө хамгаалах үүргээ хэрэгжүүлэхгүй буюу хийх ёстой үйлдлээ хийхгүй, хийх ёсгүй үйлдэл хийн эрх мэдлээ хэтрүүлсэн байх тул тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэргээр зүйлчилсэн нь хуулийг зөв хэрэглэсэн байна.
20. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дэх хэсэгт заасныг журамлан энэ хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн.
21. Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 23-6 дугаартай дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 4,865,279 төгрөг гэж дурдсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч П.А, Х.У, иргэний хариуцагч С.Б нарт хувь тэнцүүлэн гаргуулж, Х аймгийн Н сумын орон нутгийн төсөвт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. /3хх-98-107х/
22. Шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар шийдвэрлэсэн байх тул хуулийг буцаан хэрэглэх тухай ойлголт яригдахгүй. Иймээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласныг хэрэглэх ёсгүй хуулийн зүйл, хэсгийг хэрэглэсэн гэж үзэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулан шүүгдэгч П.А-н өмгөөлөгч С.Д, шүүгдэгч Х.У, түүний өмгөөлөгч Г.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Шүүгдэгч П.А-н өмгөөлөгч С.Д, шүүгдэгч Х.У, түүний өмгөөлөгч Г.Э нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай. Үүнд:
1.1 Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А, Х.У нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6,500 (зургаан мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан энэ хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А, Х.У нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6,500 (зургаан мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.” гэж өөрчилсүгэй.
1.2 Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсэг, 14.2 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч П.А, Х.У нарт урьд авсан хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
Дөрөв. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.