Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00489

 

Г.Сүхбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/05828 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 279 дүгээр магадлалтай,

         Г.Сүхбаатарын нэхэмжлэлтэй,

         “Ти Си Ди” ХХК-д холбогдох      

         Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай үндсэн, орон сууцны үлдэгдэл төлбөр 4.500.000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгч Г.Сүхбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Сүхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан, хариуцагчийн төлөөлөгч А.Мөнхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч П.Баярмагнай, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Би хариуцагч компанитай 2011 онд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, байрыг 43 000 ам.доллараар авахаар тохирсон. Гэрээнд зааснаар байрны төлбөрийг 4 удаагийн төлөлтөөр төлөх байсан. Би эхний 3 төлөлтийг цаг тухайн үед нь графикийн дагуу төлж байрны төлбөрийн 90 хувийг төлж дуусгасан. Хамгийн сүүлийн төлбөрийг 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр байсан. Гэтэл байрны гэрчилгээ тэр үед гараагүй, байр ашиглалтанд бүрэн ороогүй байсан. Байрандаа 2013 оны 1 дүгээр сард орсон. 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр сүүлийн мөнгөө өгөх ёстой байсан боловч гэрчилгээ гараагүй учир өгөх боломж байгаагүй. Учир нь би гэрчилгээ гарахаар барьцаанд тавиад зээл аваад төлье гэсэн боловч байр ашиглалтанд ороогүй. Мөнгө бэлэн байсан боловч хэл ам гараад гэрчилгээ гарахгүй, байрны засвар хийгдээгүй учир би төлбөрөө төлөөгүй. Манайх байрандаа засвар бүрэн хийгдээгүй байхад орсон учир засвараа бүрэн хийж өгөхийг хариуцагч байгууллагаас хүссэн боловч засвар хийж өгөөгүй. Тиймээс засварын мөнгө 3.963.800 төгрөгийг байрны үлдэгдэл төлбөр 10 хувиас хасч тооцохоор тохирсон. Мөн метр квадратын зөрүү 684.200 төгрөг, алданги 282.500 төгрөгийг 10 хувиас хасч өгье гэж хариуцагч байгууллагын захиралд хэлсэн боловч хасч өгөөгүй. Би 10 хувийн төлбөрөө тухайн үеийн буюу гэрээ хийх үеийн Монгол банкны ханшаар тооцоод үүнээс засварын мөнгө 3.963.800 төгрөг, квадрат метрийн зөрүү 684.200 төгрөг, алданги 282.500 төгрөгийг хасаад зөрүү 736.212 төгрөгийг төлөөд, байрны гэрчилгээгээ гаргуулж авах хүсэлтэй байна, мөн намайг Баянгол дүүргийн 2 дугаар хороо, The hill side pesidences хотхоны D дугаар байрны 9 давхрын 2 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.” гэжээ.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайханы гаргасан тайлбарт: “Г.Сүхбаатар “Ти Си Ди” ХХК-ийн The hill side pesidences хотхоны 9-В байрны 9 давхрын 2 тоот 43 метр квадрат орон сууцыг захиалж 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 0/40 дугаартай орон сууц борлуулалтын гэрээ байгуулсан. Ингэхдээ 1 м.кв талбайг 1.000 ам.доллараар буюу 43 м.кв талбайг 43 000 ам.доллар гэж тохирсон. Тухайн үеийн ханшаар 16.303.930 төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 1.275 ам.доллараар 1.736.800 төгрөгийг 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр, мөн 12.823.000 ам.доллар буюу 16.898.660 төгрөгийг төлж 10 хувь үлдсэн, орон сууцыг 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтанд оруулж нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхөөр гэрээнд тусгасан боловч хариуцагч тал хугацаанаас хэтэрч 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ашиглалтанд оруулсан. Нэхэмжлэгчийн хувьд одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй. Үлдэгдэл 10 хувийг бүрэн төлөх боломжтой байсан. Орон сууцанд орсны дараа үлдэгдэл төлбөрөө тухайн үе буюу гэрээ хийсэн үеийн ханшаар төлье гэсэн боловч хариуцагч тал одоо үеийн ханшаар төл гэдэг шаардлага тавьсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн хувьд тухайн үеийн ханш гэдэг нь үүрэг үүссэн үеийн ханш буюу 1317.84 ам.доллар буюу 5.666.712 төгрөг болж байгаа. Энэ мөнгөнөөс нэхэмжлэгч нь хариуцагч компанитай ярилцаж тохиролцоод засварын мөнгө 3.963.800 төгрөг, квадрат метрийн зөрүү 684.200 төгрөг, алданги 282.500 төгрөгийг 10 хувийн төлбөрөөс хасч тооцохоор хариуцагч байгууллагын захирал бичиг хийж өгсөн байдаг. Үүний дагуу дээрх мөнгийг хасаад үлдэгдэл нь 736.212 төгрөг бөгөөд энэ мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд “Ти Си Ди” ХХК-ийн The hill side pesidences хотхоны 9в байрны 9 давхрын 2 тоот 43 метр квадрат орон сууцны гэрчилгээг гаргуулж, жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж заасан. Мөн хуулийн 217.2-д хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэж заасан. Гэтэл үүнийг хариуцагч тал ойлгохгүй байх шиг байна. Мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хууль байгаа. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно, 4.4-т Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно гэж заасан. Тус байранд нэхэмжлэгч 3 жил амьдарч байна. Гэтэл байрны гэрчилгээ одоо хүртэл гараагүй. Компанийн зүгээс тус байр нь нэхэмжлэгчийн өмч гэдэг талаар маргадаггүй боловч үлдсэн 10 хувийн төлбөрийг ямар ханшаар тооцож төлөх талаар маргадаг. Хуулиар ам.доллараар гэрээ байгуулахыг хориглодог. Гэхдээ бид энэ талаар маргахгүй, харин үүрэг үүссэн үеийн ханшаар тооцоод төлье гэж байгаа. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээнд төлбөрийг 90 хувиас дээш төлсөн бол 5 хувь хөнгөлнө гэсэн боловч энэ заалтаа яагаад хэрэгжүүлэхгүй байна.” гэжээ.

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Бидний хооронд хийгдсэн 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний дагуу Г.Сүхбаатар 9 148 000 төгрөг төлөхөөс алданги 282 500 төгрөг, метр квадратын зөрүү 684 200 төгрөгийг хасаж 8 463 800 төгрөг төлөх байсныг Г.Сүхбаатартай харилцан тохиролцож 3 963 800 төгрөгийг хасаж өгөхөөр болж, 4 500 000 төгрөг төлүүлэхээр шийдвэр гаргасан. Манайх Г.Сүхбаатартай ярилцаж эцсийн үлдэгдэл болох 4 500 000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрээ хүчингүй болгосон. Г.Сүхбаатар 2013 онд өөрийн дураар, компаниас зөвшөөрөөгүй байхад байрандаа нүүж орсон. Г.Сүхбаатарыг гэрээний үүргээ биелүүлэхийг хүсэж үлдэгдэл 10 хувь болох 4.273 ам.долларыг төлбөр хийх үеийн Монгол банкны ханшаар төлөхөөр, мөн байрны метр квадратын зөрүүг хасаж үлдэгдэл төлбөр 8 463 800 төгрөгийг, мөн 2013 оноос өнөөдрийг хүртэлх үлдэгдэл төлбөр төлөөгүй үеийн алданги 4 714 000 төгрөг бүгд 13 177 800 төгрөгийг төлүүлэхээр шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Г.Сүхбаатарын хүсэлтийн дагуу D байрны 902 тоот байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 43 метр квадратаар гарах боломжгүй, 42.69 метр квадратаар гарах боломжтой.” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтүвшингийн гаргасан хариу тайлбарт: “Г.Сүхбаатар гэрээнийхээ үлдэгдэл 10 хувийг өгчихвөл гэрчилгээ гарахад бэлэн байгаа. Төлбөрөө төлөөгүй хэдэн айл л үлдсэн. Бусад айлууд бүгд гэрчилгээгээ авчихсан. Гэрчилгээ гарахад асуудал байхгүй. Нэхэмжлэгч 10 хувийн төлбөрөө төлөөгүй учир гэрчилгээ гарахгүй байгаа. Төлбөрөө төлчихвөл манай байгууллагаас өр төлбөргүй гэсэн бичиг хийгээд үл хөдлөх эд хөрөнгийн газар руу явуулаад уг байрны гэрчилгээ Г.Сүхбаатарын нэр дээр гарах боломжтой. Манай компани нэхэмжлэгчтэй харилцан ярилцаад квадрат метрийн зөрүү 684 200 төгрөг, байрыг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүй алданги 282 500 төгрөгийг төлөөгүй үлдэгдэл 10 хувийн төлбөрийг одоо үеийн Монгол банкны ханш болох 4.273 ам.доллар 9.048.108 төгрөгөөс хасаад үлдэх 8.463.800 төгрөг төлбөл байрны гэрчилгээг гаргаж өгч болно гэж тохирсон.” гэжээ.

          Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: “Манай компани Г.Сүхбаатартай 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр ...43 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг 43 000 ам.доллараар барьж гүйцэтгэхээр тохирсон. Г.Сүхбаатар 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд байрны 90 хувийн төлбөр 38 469 ам.долларыг төлсөн, үлдэгдэл 10 хувь буюу 4.273 ам долларыг байраа хүлээн авсны дараа, байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гарахаас өмнө төлөхөөр талууд тохирсон. ... Г.Сүхбаатар гэрээнд заасан байрны үлдэгдэл 10 хувийн төлбөрийг төлөлгүйгээр, компанийн зөвшөөрөлгүйгээр 2013 оны 1 дүгээр сард дур мэдэн байрандаа орсон. Тухайн үед орон сууцны хотхоны барилга ашиглалтад орж дулаан, цахилгаан авч цэвэр бохир усны шугам ашиглалтад орсон байсан ч улсын комисс албан ёсоор авч акт гаргаагүй байсан. Иймд Г.Сүхбаатарыг үлдэгдэл 10 хувийн төлбөрөө төлж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулан авах шаардлага тавьсан боловч хэл ам хийж үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байна. Бидний хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д орон сууц болон үл хөдлөх хөрөнгийн эрхийн бичгийг төлбөрөө 100 хувь төлсөн захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан байгаа. Г.Сүхбаатар нь ам.долларын ханшийн зөрүү, алданги, засвар үйлчилгээний төлбөр зэргийг хасуулж байж үлдэгдэл төлбөрийг төлнө гэж маргаад байсан учир манай компанийн зүгээс 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Г.Сүхбаатарын хүсэлтийг хүлээн авч гэрээгээр дүгнэж тооцоо нийлсэн. Энэ тооцоо нийлсэн баримтаар байрны үлдэгдэл төлбөр 9 148 000 төгрөгөөс Г.Сүхбаатарын хүсэлтийн дагуу тодорхой төлбөрүүдийг хасч 4 500 000 төгрөгийг байрны үлдэгдэл 10 хувийн төлбөрт Г.Сүхбаатар манайд төлөхөөр болж харилцан тохиролцсон боловч Г.Сүхбаатар өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр 4 500 000 төгрөгийг төлөхгүй байгаа бөгөөд хэрэв дээрх төлбөрийг төлсөн нөхцөлд бидний зүгээс байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгөхөд асуудал байхгүй. Иймд үлдэгдэл төлбөр 4 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

          Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбарт: “Би “Ти Си Ди” ХХКомпанитай орон сууц борлуулалтын гэрээ байгуулж, 42 метр квадрат орон сууцыг 1 метр квадратыг 1.000 ам доллараар нийт 43 000 ам.доллар байхаар тохиролцсон. Гэтэл “Ти Си Ди” ХХКомпани гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй, чанаргүй материалаар барьсан гэж хэл ам гарсан. Мөн барилгыг зургийнх нь дагуу анх захиалахад хүүхдийн тоглоомын талбайтай байсан боловч бодит байдал дээр хүүхдийн тоглоомын талбайгүй байсан. Би гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийг төлөлгүйгээр, компанийн зөвшөөрөлгүйгээр 2013 оны 1 дүгээр сард байрандаа орсон тухай үед орон сууцны хотхоны барилга ашиглалтад орж, дулаан, цахилгаанаа авч, цэвэр бохир усны шугам ашиглалтад орсон байсан ч улсын комисс албан ёсоор хүлээж аваагүй байсан нь Барилгын тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Би үлдэгдэл 10 хувийн төлбөрийг төлөхгүй байсан нь “Ти Си Ди” ХХКомпани 4.300 ам.долларыг одоо үеийн буюу долларын ханш дээд цэгтээ хүрсэн үеийн ханшаар бодож авах гэж байгааг зөвшөөрөхгүй тул үлдэгдэл төлбөрийг тухайн үеийн буюу үүрэг үүссэн үеийн ханшаар төлөхөд татгалзахгүй.” гэжээ.

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/05828 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Баянгол дүүргийн 2 дугаар хороо The hill side pesidences хотхоны D байрны 9 давхрын 2 тоот байршилтай орон сууцны өмчлөгчөөр Г.Сүхбаатарыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг “Ти Си Ди” ХХКомпанид даалгаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Г.Сүхбаатараас 700 630 төгрөгийг гаргуулан “Ти Си Ди” ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 3 799 370 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Г.Сүхбаатарын төлсөн 70 200 төгрөг, “Ти Си Ди” ХХКомпанийн төлсөн 86 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Г.Сүхбаатараас 21 365 төгрөг гаргуулан “Ти Си Ди” ХХКомпанид, “Ти Си Ди” ХХКомпаниас 70 200 төгрөгийг гаргуулан Г.Сүхбаатарт тус тус олгож шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 279 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/05828 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 2 дугаар хороо The hill side pesidences хотхоны D байрны 9 давхрын 2 тоот байршилтай орон сууцны өмчлөгчөөр Г.Сүхбаатарыг тогтоож, хариуцагч “Ти Си Ди” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай Г.Сүхбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...700 630...” төгрөг гэснийг “...4.217.480...” гэж, “...3.799.370...” гэснийг “...282.520...” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...21.365 төгрөг...” гэснийг “...82.430 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч Г.Сүхбаатарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “...Миний бие Г.Сүхбаатар нь 2011 онд “Ти Си Ди" ХХК-ийн …орон сууцыг захиалж 0/40 дугаартай орон сууц борлуулалтын гэрээ байгуулсан. Ингэхдээ ...90 хувийг төлсөн, 10 хувийн үлдэгдэлтэй. Орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулаагүй учир би үлдэгдэл 10 хувиа төлөөгүй байдал үүссэн. Учир нь хэл ам гарч зурагт радиогоор яриад чанар муутай баригдсан гэхээр нь болгоомжилсон юм. Миний хүлээж авсан орон сууц засвар хийх шаардлагатай байсан. Хэрэв гүйцэтгэгч тал хугацаандаа ашиглалтанд оруулсан бол би үлдэгдэл 10 хувь буюу 4.300 долларыг тухайн үеийн буюу үүрэг үүссэн үеийн ханшаар төлөх боломжтой байсан юм. Энэ талаар дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 10 хувь буюу 4.300 ам.долларыг төлөх үүрэгтэй боловч хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод эргэлзээ төрж, хугацаа алдаж, засвар хийсэн зардал болон хоорондын үл ойлголцлоос өнөөдрийг хүрч ийм байдалд хүрсэн. Мөн ам.долларын ханш өөрчлөгдөж байхад гэрээндээ өөрчлөлт оруулах ёстой байтал тийм зүйл гүйцэтгэгч компани огт хийгээгүй байж одоо үеийн ханшаар нэхэмжлээд байгаа үүнийг зөв гэж үзээд байгаа Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдолтой байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 279 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5828 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан боловч зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж чадаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

          Нэхэмжлэгч Г.Сүхбаатар нь хариуцагч “Ти Си Ди” ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “The hill side pesidences” хотхоны D байрны 9 давхрын 2 тоотод байрлах 43 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Г.Сүхбаатараас орон сууцны үлдэгдэл төлбөр 4 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

         Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр N2040 дугаартай “Орон сууц борлуулалтын гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч “The hill side pesidences” хотхоны D байрны 9 давхрын 2 тоот орон сууцыг 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор ашиглалтанд оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь орон сууцны үнэ 43 000 ам.долларыг хуваарийн дагуу төлж, орон сууцыг хүлээн авахаар тохиролцсон, захиалагч гэрээний дагуу төлбөрийн 90 хувийг төлж, 2013 оны 01 дүгээр сард орон сууцыг хүлээн авсан, орон сууцны өмчлөгчөөр Г.Сүхбаатарыг тогтоох тухай үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

          Нэхэмжлэгч Г.Сүхбаатар нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “The hill side pesidences” хотхоны D байрны 9 давхрын 2 тоотод байрлах 43 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан ба зохигчдын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан N2040 дугаартай “Орон сууц борлуулалтын гэрээ” болон гэрээнд заасан төлбөрийн 90 хувийг төлсөн тухай баримтыг энэ шаардлагын  үндэслэл болгожээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч “...нэхэмжлэгчийг гэрээний үндсэн дээр орон сууцыг өмчлөх эрх олж авсан” гэж дүгнэсэн хэдий ч зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тогтоож чадаагүй, түүнчлэн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу юм.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг шаардлагын үндэслэл болж буй гэрээний агуулга, үндсэн шинж, үр дагавартай харьцуулан үзэлгүйгээр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-ийг хэрэглэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, үйл баримтын цаг хугацаанаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүрэгтэй, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн  эзэмшилд гэрээний зүйл болох орон сууцыг шилжүүлсэн, орон сууц нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа үйл баримт маргаангүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар “...ажил гүйцэтгэгч нь гэрээний зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх” үүрэгтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгчийн эрх үүсэх боломжтой юм. Нэхэмжлэгч Г.Сүхбаатарын орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь зохигчдын хооронд үүссэн  ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт  хамаарах бөгөөд хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрчилгээ гаргуулах ажиллагаатай холбоотой” шаардлага гаргасан байна.

Хариуцагчийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх эрх бүхий этгээд биш гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т нийцээгүй, харин анхан шатны шүүхийн шийдэл хууль хэрэглээ болон агуулгын хувьд буруу учраас хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

  Захиалгын орон сууцыг 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтанд оруулж нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхөөр гэрээнд тусгасан боловч хариуцагч тал гэрээний хугацааг хэтрүүлж 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр орон сууцыг ашиглалтанд оруулсан,  нэхэмжлэгч  нь төлбөрийн 90 хувийг гэрээнд заасан хугацаанд төлсөн боловч хариуцагч нь орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй, гэрээнд заасан зарим нөхцөл биелээгүй тул үлдэгдэл 10 хувийг төлөөгүй гэж нэхэмжлэгч тайлбарлах бөгөөд үлдэгдэл 10 хувийн төлбөрөөс засварын мөнгө 3.963.800 төгрөг, метр квадратын зөрүү 684.200 төгрөг, алданги 282.500 төгрөгийг тус тус хасч тооцохоор талууд тохиролцсон тухай баримт хэрэгт авагджээ.

          Гэвч хэргийн 16 дугаар талд авагдсан “Тодорхойлолт” гэх дээрх баримтад талууд орон сууцны үлдэгдэл төлбөрт 4 500 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байх боловч нэхэмжлэгч уг хэлцлээс татгалзсан, хариуцагч уг хэлцлийг цуцалсан тайлбарыг тус тус гаргасан тул уг хэлцлийн дагуу хариуцагчид  шаардах эрх үүссэн гэж үзэхгүй.

         Харин нэхэмжлэгч Г.Сүхбаатар нь 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 10 хувь буюу 4 273 ам.долларыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Ти Си Ди" ХХК- д төлөх үүрэгтэй. Зохигчид Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан зохицуулалт  төлбөр төлөх ханшид хэрэглэгдэх эсэх тухайд маргасан байх бөгөөд анхан шатны шүүх 700 630 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэхдээ ам.долларыг тооцохдоо үүрэг үүсэх үеийн ханшийг баримтлан төгрөгөөр гүйцэтгэх үүргийг тодорхойлох ёстой гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй болно.

        Давж заалдах шатны шүүх “...хариуцагч 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрөөр ханшийн зөрүү 1 ам.долларыг 2 140,88 төгрөгөөр тооцож үлдэгдэл 10 хувь болох 4 273 ам.доллар буюу нийт 9 147 980 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх ба үүнээс хариуцагчаас нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зардал болох 4 930 500 төгрөгийг хасч тооцвол нэхэмжлэгч Г.Сүхбаатарын үүрэг 4 217 480 төгрөгийн хэмжээгээр тогтоогдож байх тул уг үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 282 520 төгрөгийг хэрэгсэхгүй”  болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасныг зөрчөөгүй байна.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/05828 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 279 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь заалтыг баримтлан Баянгол дүүргийн 2 дугаар хороо The hill side pesidences хотхоны D байрны 9 давхрын 2 тоот байршилтай орон сууцны өмчлөгчөөр Г.Сүхбаатарыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах ажиллагаа хийхийг хариуцагч “Ти Си Ди” ХХК-д   даалгасугай.” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг  “351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан 4 217 480 төгрөг гаргуулж  хариуцагч “Ти Си Ди” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Сүхбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангахгүй орхисугай.           

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Сүхбаатарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.430 /наян хоёр мянга дөрвөн зуун гучин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                                 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН