Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 257

 

Ж.Н холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Ж.Н болон түүний өмгөөлөгч А.Дулмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1804 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 206 дугаар магадлалтай, Ж.Н холбогдох 1806045750565 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Нын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 26-ны Увс аймгийн Наранбулаг суманд өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 8 дугаар гудамж, 375 тоотод оршин суух,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан, М овогт Жын Н.

Ж.Н нь 2017 оны 06 дугаар сард иргэн Б.Бын өмчлөлийн 96-21 дугаартай “Ланд Круйзер-80” загварын тээврийн хэрэгслийг фэйсбүүкээр худалдана гэсэн зарын дагуу Сүхбаатар аймагт очиж иргэн Б.Бтай 7,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, бэлнээр 4,000,000 төгрөгийг авч, автомашины нэр шилжүүлэхдээ үлдэгдэл 3,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч, үлдэгдэл мөнгийг өгөхгүй 3,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

мөн уг автомашиныг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да хүрээ” зах дээр иргэн И.Н зохиомол байдлыг зориудаар бий болгон худалдаж 9,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Ныг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Н 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Н оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний цагдан хоригдсон 30 хоногийн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, шүүхээс оногдуулсан ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Н гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хийгээгүй хэргийг хийсэн болгож байгаад маш их гомдолтой байна. 1 хэргийг 2 хэрэг болгон онц аюултай харагдуулж буруу ойлгуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. 1.7-д заасан нотлох баримт тал бүрээс нь хийгдээгүй хэрэгт ач холбогдолтой гэрчүүд болон бусад хүмүүсийг асуугаагүй, нотлох, цагаатгах баримтуудыг бүрэн тогтоогоогүй.

Харьяалал зөрчсөн төдийгүй он, сар буруу хэрэглэсэн. 2016 оны 4 сард Сүхбаатар аймагт очиж авто машин худалдаж авсан. Баянзүрх дүүргийн хяналтын прокурор Б.Эрдэнэбаатар хэргийг чинь хаана гэж олон удаа хуурч, мэхлэн залилж яллах дүгнэлтэн дээр зуруулсан юм. Давж заалдах шатны шүүхээс гарч ирээд чамайг ална шүү, арьсыг чинь хуулна, 2 нүд, чих, хөл, гарыг чинь хугалж, тасдаж, сохолно гэж айлган ажил албаараа сүрдүүлж байхад манай 2 ах сонсож харсан төдийгүй, И.Н та миний өмнөөс юу бичээд өгчихсөн юм бэ? би хохирол байхгүй шүү дээ хоорондоо марган хэрэлдсэн.

Би хэрэг хийгээгүй харин ч хохирч авлагатай байхад прокурор Ж.Эрдэнэбаатар 3,000,000 төгрөг төлөхгүй бол чамд заавал ял өгнө гэж хүчээр төлүүлсэн. Шүүгч Ц.Алтанцэцэг шүүх хурлаас өмнө болон урьд нь дандаа Н чи заавал 3,000,000 төгрөгөө төлөхгүй бол ял онооно, хорино шүү гэж айлган сүрдүүлж прокурортой нийлж бүлэглэн 3,000,000 төгрөгийг эрх мэдлээ ашиглаж төлүүлсэн. Хавтаст хэргээс гэрээний эх хувь бусад ач холбогдолтой баримт үгүй хийж устгаж, урсан, удаа дараа мөрдөгч, прокурор 1 талыг барьж гэрч асуулгахаар очиход асуухгүй үг хэлээр, үйлдлээрээ доромжлон илтэд ёс зүйгүй авирласан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль, журмыг маш ноцтой удаа дараа зөрчиж ирсэн.

Эдгээр асуудлыг шүүхэд ярихад авч хэлэлцдэггүй. 8,800,000 төгрөг, 3,000,000 төгрөг нэмж өгснийг хэн гаргаж өгөх вэ, би үүнийг зөвшөөрөхгүй. Хэрэг бүртгэлтэнд буцаах, эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өг.  92-61 УНГ дугаартай тээврийн хэрэгслийг Хан-Агьт ХХК-ийн нэр дээрээс над руу шилжүүлээгүй, намайг хасаж дээрх 8,800,000 төгрөгийг бүрэн гүйцэт аваагүй байхад И.Н шүүгч, прокурор нар илтэд эргэлзээтэйгээр дээрх авто машиныг шилжүүлсэнд гомдолтой байна. Одоо машин болон мөнгөө хэнээс авах, хэнээр төлүүлэх вэ. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Дулмаа хэлсэн саналдаа “Ж.Н нь иргэн Б.Б өмчлөлийн “Ланд Круйзер-80” загварын тээврийн хэрэгслийг худалдан авч 3,000,000 төгрөгийг төлөөгүй, мөн уг автомашиныг “Да хүрээ” зах дээр иргэн И.Н худалдсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй Иргэний эрх зүйн маргаан юм. Гэтэл анхан шатны шүүх Ж.Н гэм буруутайд тооцож ял оногдуулсан бөгөөд шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн үнэлэлгүй, зөвхөн яллах талыг баримталж шийдвэрлэсэн. Харин И.Н автомашиныг авах үед өөр хүний нэр дээр байсан гэдгийг мэдэж байсан талаар мэдүүлсэн байдаг.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед И.Н автомашины эзэмшигчийн асуудлыг тодруулахад “Хан агьт ХХК-ийн нэр дээр байсныг мэдэж байсан” гэж хариулсан байдаг. 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэгдсэн. Гэхдээ 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ж.Н хоёр хоногийн хугацаанд баривчилсан, яллагдагчаар татсаны дараа 1 сар цагдан хорисон. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байхад Ж.Н баривчилсан.

Мөн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тэмдэглэл бүрэн бичигдээгүй. Ж.Ныг цагдан хорих хугацаанд хэл амаар доромжилж, сүрдүүлж, биед нь халдсан зүйл гарсан бөгөөд холбогдох байгууллагуудад гомдлоо гаргасан байдаг. Иймд Ж.Нын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулахаар гаргасан гомдлыг дэмжиж байна” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Ж.Н нь гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын автомашины төлбөрийн хагасыг төлөхгүй байх санаа зорилго байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Анхан болон давж заалах шатны шүүх хэргийн үйл баримт, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Мөн мөрдөн байцаалтын шатанд Ж.Н эрхийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.Н гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ж.Н нь 2017 оны 06 дугаар сард иргэн Б.Б “Ланд Круйзер-80” загварын тээврийн хэрэгслийг 7,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, бэлнээр 4,000,000 төгрөгийг авч, автомашины нэр шилжүүлэхдээ үлдэгдэл 3,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч, үлдэгдэл мөнгийг өгөхгүй 3,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

мөн уг автомашиныг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн И.Н зохиомол байдлыг зориудаар бий болгон худалдаж 9,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийг хэн, хэрхэн үйлдсэн болох, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэнд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.

Түүнчлэн иргэд хоорондын аман болон бичгэн хэлбэрээр хийсэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй, хүссэн үр дүндээ хүрч чадахааргүй нөхцөл байдал бий болж эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан нь залилах гэмт хэргийг шинжид хамаарах эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

Тухайлбал, Ж.Н үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн шинж байгаа эсэх, хохирогч гэх Б.Б автомашиныг хэзээ, ямар үнээр худалдахаар хэлэлцэж тохирсон болох үйл баримтыг хөдөлбөргүй тогтоогоогүй, энэ талаар өөр, өөр баримтууд хэрэгт авагдсан, тухайн автомашин эрх зүйн зөрчилтэй буюу өөр хүн, байгууллагын нэр дээр байсан нь уг хэлцлийн дагуу талууд хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн талаар маргаан үүсэхэд нөлөөлсөн эсэх, тухайн тээврийн хэрэгслийн нэр шилжүүлгийн асуудлыг хэн, ямар санаа зорилгоор удаашруулсан болох, улмаар дээрх нөхцөл байдал нь Ж.Н уг автомашины И.Н дамжуулан худалдсан гэрээний биелэлтэнд нөлөөлсөн эсэх, тэдгээр хүмүүсийн хооронд аман эсхүл бичгээр хийсэн гэрээ хэлцэл байгаа эсэх, тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах бодит үнийн дүн хэд байсан эсэх, энэхүү харилцаа бий болох болсон шалтгаан нөхцөлийг шалгаж, дээрх маргаантай асуудлын талаарх үйл баримтыг бүрэн тогтоосны эцэст, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзнэ.

Энэхүү ажиллагаа нь бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгон эд хөрөнгийг авсан гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт өгөх урьдач нөхцөлүүд мөн бөгөөд дээрх маргаантай харилцаанд хамаарах үйл баримтыг бүрэн тогтооход нотлох баримт хангалттай цугларсан эсэхэд хоёр шатны шүүх, прокурор хууль зүйн дүгнэлт огт өгөөгүйгээс эрх зүйн маргаан үүсч өдийг хүрсэн байна.

Үүний зэрэгцээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж явагдсан, нэр төр, алдар хүнд, бие махбодод нь хохирол учруулж, хүнлэг бусаар харьцсан гэх гомдол хүсэлтийг анхааран үзэж, мөрдөн шалгах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулбал зохино.    

Шүүхийн шийдвэрт нөлөөлж болох дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Хэргийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тул гэм буруугийн асуудлаар гаргасан гомдолд хариу өгөх боломжгүй юм.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Ж.Наранбаярт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.                                                    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1804 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 206 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Шүүгдэгч Ж.Н хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт очтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН