Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 01

 

2017 оны 01 сарын 19 өдөр                                            Дугаар 120/IIЗ2017/0001                                                                  Өмнөговь аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа би Өмнөговь аймгийн ******* нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн ******* холбогдох, “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/11, 2/12 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие анх удаа хуралдаан даргалж байгаа мөн хуралдааныг удирдах туршлага, дадлага дутууг минь ашиглан дураараа авирлан хууль зөрчсөн үйлдлээ гүйцэтгүүлсэн.

Хуралдаан даргалагч нь өөрийн саналыг бусдад тулгах биш төлөөлөгч нарын эрхийг хүндэтгэн ардчиллын байдлаар санал хураалт явуулж тус асуудлыг олснхийн саналаар хэлэлцүүлсэн ба олонх төлөөлөгчид хэлэлцэх асуудалд оруулах нь зүйтэй гэж шийдсэн тул хэлэлцэх асуудалд оруулсан. Ардчилсан намын бүлэг буюу Монгол ардын намын хэсэг бүлэг хүмүүсийн энэ бусармаг үйлдэл хэрээс хэтэрч олонхоор түрий барин хурлын ажлыг өөрсдийн санаачлагаар явуулсан...иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ

Гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1-1979 дугаар албан бичгээр: “...дээрх тогтоолууд нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй, цаашид ******* даргатай хамтран ажилла...” гэсэн хариу өгсөн бөгөөд ийнхүү маргаан бүхий захиргааны актуудын эрх зүйн үр дагаврыг шууд бий

болгон хэрэгжих нөхцөлийг хангах субъект нь баталгаажуулаагүйгээр дээрх

 

 

C:\Users\garidaa\Documents\Received Files\Бадарч.docx

тогтоолууд хууль зүйн чадамжгүй болж байгаа юм.

Дээрх тогтоолуудыг нэгэнт аймгийн Засаг даргад дахин уламжлах хуулийн зохицуулалт байхгүй тул хүчин төгөлдөр хэрэгжиж, мөрдөгдөх захиргааны актын шинж байдлаа алдсан, ямар нэгэн байдлаар миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаар уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцохгүй болохоо мэдэгдэж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн     21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Хариуцагч Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар албан бичгээр “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/11, 2/12 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Гуравдагч этгээд ******* нь маргаан бүхий захиргааны актууд өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байгаа  тул энэхүү маргаанд гуравдагч этгээдээр оролцохгүй тухайгаа бичгээр илэрхийлжээ.

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн ******* “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/11, 2/12 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Цогтцэций сумын Засаг дарга ******* нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Ч.БАЯРМАА