Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 00146

 

М.Б холбогдох эрүүгийн

хэргийн тухай

                                                                       Хэргийн индекс 142/2016/0171/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Ц.Идэрмөнх

            Ялтны өмгөөлөгч                            Ю.Ганбат  

            Нарийн бичгийн дарга                   Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолтой М.Б-д холбогдох, 201614000230 дугаартай, эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн задгайн 14 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт М Б. /РД:ФА90011651/

 

Шүүгдэгч М.Б нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт 13 настай бага насны М.М-д хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн,

 

Давтан үйлдлээр орон байранд нэвтэрч 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 29-04 тоотод оршин суух А.Ариунаагийн байшингаас 32 инчийн хэмжээтэй “Монел” загварын зурагт 1 шихэргийг хулгайлж 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 25-11 тоотод оршин суух Э.Гансүхийн байшингаас 40 инчийн хэмжээтэй “Самсунг” загварын зурагт, цагаан никель флаш диск зэрэг эд зүйл хулгайлж 1.325.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөлийн 01-16 тоотод оршин суух А.Ариунзаяагийн Монгол гэрээс 42 инчийн хэмжээтэй “Самсунг” загварын зурагт, улаан хүрэн өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж 615.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 30-08 тоотод оршин суух Л.Баасанжаргалын байшингаас 43 инчийн хэмжээтэй “Самсунг” загварын зурагт удирдлагын хамт, жижиг гарын мөнгөн аяга хулгайлж 1.358.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 07-31 тоотод оршин суух Н.Цэцэндуламын гэрээс 43 инчийн хэмжээтэй “Самсунг” загварын зурагт, цэнхэр өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж 508.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ш овгийн М Б-г бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-д зааснаар 11 /арван нэг/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-д зааснаар оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хорих ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.Б-н цагдан хоригдсон 156 /нэг зуун тавин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Б-с 4.146.000 /дөрвөн сая нэг зуун дөчин зургаа мянга/ төгрөг гаргуулж хохирогч А.Ариунаад 340.000 /гурван зуун дөчин мянга/ төгрөг, хохирогч Э.Гансүхэд 1.325.000 /нэг сая гурван зуун хорин таван мянга/ төгрөг, хохирогч А.Ариунзаяад 615.000 /зургаан зуун арван таван мянга/ төгрөг, хохирогч Л.Баасанжаргалд 1.358.000 /нэг сая гурван зуун тавин найман мянга/ төгрөг, хохирогч Н.Цэцэндуламд 508.000 /таван зуун найман мянга/ төгрөг тус тус олгож,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн хар бөөрөнхий бүхий дотоож, цэнхэр өнгийн женсэн өмд, хар цэнхэр өнгөөр алагласан хос пүүз, шүүгдэгч М.Б-н хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан урд энгэр хэсэгтээ 5 хошуу бүхий улаан өнгийн хэлбэр дүрстэй юүдэнтэй саарал өнгийн ноосон цамц, хар өнгийн урдаа Nike гэсэн дүрс бүхий логотой урт ханцуйтай дугуй захтай нимгэн цамц, улаан өнгийн хар бичигтэй майк, цэнхэр өнгийн женсэн өмд, хар өнгийн гадаргуутай хүрэн өнгийн дотортой никель аралтай лидренин бүс, саарал өнгийн даавуун өмд, гэрч Л.Бямбаагийн гэрээс хураан авсан шүүгдэгч М.Б-н хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх хөх өнгийн дотоож, шүүгдэгч М.Б-н өмсөж явсан хар өнгийн хагас түрийтэй шөвгөр гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, битүүлжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэсэн.

 

Улсын яллагч эсэргүүцэлдээ:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М нь мэдүүлэхдээ “500.000 төгрөг хохиролд авсан, ...идэшний үеэр адуу авна” гэсэн бөгөөд адуу өгөхөөр тохиролцсон бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байгаа. Гэвч энэ нь материаллаг хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэхэд эргэлзээтэй. Түүнчлэн бусдыг хүчиндэх гэмт хэрэг нь материаллаг ба материаллаг бус хохирол, гэм хор учирдаг онцгой төрлийн гэмт хэрэг бөгөөд энэ хэргийн улмаас учирсан материаллаг бус гэм хор арилсан гэж ямар нотлох баримт, шалгуураар дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ тогтоолд дурьдаагүй байна.

 

Шүүгдэгч М.Б нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийн өмнө 2015 он, 2016 онуудад давтан үйлдлээр буюу 8 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, тухайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байгаа.

 

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйл, 56 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан хуульд зааснаар хөнгөрүүлж хорих ял оногдуулсан нь ойлгомжгүй, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг болон тогтоох хэсэг нь харилцан зөрүүтэй байна.

 

Дээр дурьдсан нотлох баримтаас үзэхэд шүүх М.Б-н гэмт хэрэг давтан үйлдлээр санаатай үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорыг бүрэн арилгаагүй, үйлдсэн хэргийн шинж чанар болох бага насны буюу 13 настай хүүхдийг хүчиндсэн, хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй зэрэг хуульд заасан нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хөнгөрүүлж хорих ял оногдуулан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Идэшний адууг аваагүй байхад хохирол арилсан гэж үзэж дүгнэсэн нь буруу юм. Гэм хор арилсныг яаж дүгнээд хэрхэн ойлгоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551дүгээр зүйлийг хэрэглээд байгаа нь ойлгомжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйл, 56 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж дүгнэсэн атлаа түүний хувийн байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж дүгнэж М.Б-г бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг баримтлан хуульд заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь үндэслэл муутай болжээ.

 

Шүүх хуульд заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэргийг анх удаа үйлдсэн этгээдэд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан хуульд заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч хохирогч М.М нь гэмт халдлагад өртөх үедээ бага насны буюу 13 нас 11 сар 03 хоногийн настай байсан бөгөөд бага насны хүүхэд нь сэтгэл санааны хувьд хурьцал үйлдэх учир холбогдлыг гүйцэд сайн ойлгох чадваргүй, бие мах бодын хувьд бэлгийн бойжилт бүрэн гүйцэт олоогүй байдаг онцлогтой. Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг нь нийгэмд болон хувь хүнд сэтгэл санааны хувьд айдас түгшүүр, зовлон шаналал авчирдаг, эрүүл мэндийн хувьд тодорхой хор уршгийг учруулдаг нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцогддог зэргийг зайлшгүй харгалзан үзэж дээрх хуулийг хэрэглэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М ялтан М.Б-с хохирол 200.000 төгрөг, 1 адуу, 1 хонь хохиролд авсан, нэхэмжлэх хохирол төлбөр гарвал иргэний журмаар нэхэмжлэх болно гэсэн хүсэлт бичгээр шүүхэд ирүүлсэн боловч М.Б нь хулгайн гэмт хэргийн хохирогч болох А.Ариунаа, Э.Гансүх, Л.Баасанжаргал, Н.Цэцэндулам нарт учруулсан хохирлыг төлөөгүй байгааг шүүх анхаарч үзээгүй, зөвхөн хүчингийн гэмт хэргийн хувьд материаллаг хохирлыг арилгасан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан дүгнэлт нь утга агуулгын хувьд ойлгомжгүй бусад нотлох баримтыг үгүйсгэсэн талаар үндэслэлээ заагаагүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна гэж үзэж улсын яллагчийн “...Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М нь мэдүүлэхдээ “500.000 төгрөг хохиролд авсан, ...идэшний үеэр адуу авна” гэсэн бөгөөд адуу өгөхөөр тохиролцсон бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байгаа. Гэвч энэ нь материаллаг хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэхэд эргэлзээтэй. Түүнчлэн бусдыг хүчиндэх гэмт хэрэг нь материаллаг ба материаллаг бус хохирол, гэм хор учирдаг онцгой төрлийн гэмт хэрэг бөгөөд энэ хэргийн улмаас учирсан материаллаг бус гэм хор арилсан гэж ямар нотлох баримт, шалгуураар дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ тогтоолд дурьдаагүй байна.

 

Шүүгдэгч М.Б нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийн өмнө 2015 он, 2016 онуудад давтан үйлдлээр буюу 8 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, тухайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байгаа.

 

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйл, 56 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан хуульд зааснаар хөнгөрүүлж хорих ял оногдуулсан нь ойлгомжгүй, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг болон тогтоох хэсэг нь харилцан зөрүүтэй байна.

 

Дээр дурьдсан нотлох баримтаас үзэхэд шүүх М.Б-н гэмт хэрэг давтан үйлдлээр санаатай үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорыг бүрэн арилгаагүй, үйлдсэн хэргийн шинж чанар болох бага насны буюу 13 настай хүүхдийг хүчиндсэн, хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй зэрэг хуульд заасан нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хөнгөрүүлж хорих ял оногдуулан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна” гэсэн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн эсэргүүцлийг хангаж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.3, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын яллагчийн эсэргүүцлийг хангаж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол М.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

3. Магадлал гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА                                                                                           

 

                        ШҮҮГЧИД                                                                 Ц.ТУЯА                                                                                                                                                                                                                                                                                          З.ХОСБАЯР