Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 309/ШШ2026/00199

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхтуул би,

          Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* овогтой *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 7 338 741.86 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******* банктай ЗГ-R000409810-2024/09/18 тоот Дижитал зээлийн гэрээ /Дижитал зээл/-г байгуулж 10 000 000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, сард 1 удаа (сар бүрийн 30-нд) буцаан төлөхөөр тохирсон. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтаарх Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч шаардлагыг эс биелүүлж, зээлийн төлбөрөө төлөлгүй, хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч М.*******ээс нийт 7 338 741.86 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* банкнаас 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээл авсан. 2025 оны 10 дугаар сараас эхлэн миний хүү А.Сүбэдэй нь таталт өгсний улмаас эмнэлэгийн байгууллагаар эмчлүүлэхээр Улаанбаатар хотод очсон. Үүний улмаас ажил эрхлэлт тасалдаж зээл төлөх боломжгүй болсон. Одоо Дорнод аймгаас Улаанбаатар хот руу шилжин амьдрахаар болсон. ******* банкинд 7 338 741.86 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 7 338 741.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг, мөн гэрээний үүрэгт 7 338 741.86 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэл байхгүй байна.

Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Хариуцагч М.******* нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 7 338 741.86 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 370 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 66 185 төгрөг, хариуцагч М.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 66 185 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                      О.ЭНХТУУЛ