Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2026/ДШМ/07

 

 

 

 

 

 

 

 2026        01           20                                           2026/ДШМ/07

 

 

 

 

М.А-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Г.Уртнасан, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор: Н.А,

Хохирогч: Б.Б, С.Г /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Н,

Шүүгдэгч: М.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан нарыг оролцуулан,

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/275 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.А-н давж заалдах гомдлоор, түүнд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч М.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2.85 хувийн согтолттой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт "Дашваанжил" шатахуун түгээх станцын урд талд буюу аймгийн төвөөс 3-4 дэх километрт АО501 дугаартай асфальтан хучилттай зам дээр ... улсын дугаартай "Honda. Insight" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4, 3.7.а/, 12.1-т заасныг тус тус зөрчсөний улмаас Г.М-н жолоодож явсан ... улсын дугаартай "Ssangyoung.Istana маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас ... улсын дугаартай "Ssangyoung.Istana" маркийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч Б.Б-н биед бүсэлхийн 11, L2, L3 нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, сээрний Th12-р нугалмын хугарал, нүүр, нуруунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, зорчигч С.Г-н биед баруун хоншоор ясны дээд ирмэг, ухархайн гадна дотно хананаас дээш чамархай руу үргэлжилсэн хоёрлосон хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, баруун эгэм ясны хугарал, толгойн баруун талд чамархай хэсэгт хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун бугалга, баруун мөр, хэвлийн баруун доод хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газраас М.А-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.1, 2.2, 2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч М.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч М.А-г согтуурсан, мансуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч М.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/186 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) сар, 5 (тав) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасах ялд нэмж нэгтгэн нийт 4 (дөрөв) жил, 2 (хоёр) сар, 5 (тав) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял шийтгэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.А  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал болон тээврийн хэрэгслийн хохирлыг төлж барагдуулсан бөгөөд шүүхээс хохирогч нарт учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлын хэмжээг тогтоож миний бие төлөхөө илэрхийлж оролцсон болно. Өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргаагүй болохоо илэрхийлж байна.

Хуульд заасан хөнгөн гэмт хэргийг болгоомжгүй байдлаар үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарын эмчилгээний зардал болон тээврийн хэрэгслийн төлбөрийг төлж барагдуулсан, шүүхээс тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, ээжийн маань биеийн байдал тааруу, элэгний хавдар өвчнөөр өвдөж эмчийн хяналтад байдаг зэрэг нөхцөл байдлыг маань харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд миний бие Хэнтий аймгийн Өлзийт тосгонд үйл ажиллагаа явуулдаг "Ч" ХХК-д сарын 3.000.000 төгрөгийн цалинтай авто засварчнаар ажилд орсон байсан ба ажил хийж хохирогч нарынхаа хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна...“ гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: “...Хэргийн үйл баримт болон зүйлчлэл дээр маргахгүй оролцож байгаа.  Үйлчлүүлэгчид маань оногдуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн эрүүгийн хариуцлага дээр өөрчлөлт оруулж өгөөч гэсэн гомдол дээрээ дэмжиж оролцож байгаа. Миний үйлчлүүлэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б-д 1.383.000 төгрөг, хохирогч С.Г-т 4 сая төгрөг, Истана маркийн автомашины  хохиролд 22 сая төгрөг гээд нийт 27.383.000 төгрөгийг  мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байж байгаа. Ингээд төлөх хохирол нь шүүхийн шатанд тухайн хохирогч нарын сэтгэцэд учирсан хор хохирлын хэмжээг шүүхээс тогтоогоод С.Г-т 11.840.000 төгрөг, Б.Б-д 7.819.180 төгрөгийг төлөхөөр шийдвэр гаргасан. Учирсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдалтайгаар анхан шатны шүүхээр орсон байгаа.

Миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг нь өөрөө хөнгөн гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын хувьд зорчих эрх хязгаарлах ялын санкцтай гэмт хэрэг байна лээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан энэ гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хорих ял, зорчих эрхийг хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, торгох ял, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ авах ялын арга хэмжээ байгаа. Хорих ялаас бусад ялын хувьд миний сая дурдсан ялуудаас гадна албадлагын арга хэмжээ, тэнсэх ял дээр одоогийн байдлаар зааснаар тэнсэх хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байх юм бол хөнгөрүүлэх байр суурьтайгаар ерөнхий агуулга нь орсон байдаг.

Ингээд урд нь торгуулийн ял шийтгүүлсэн хүн дахин ийм гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг мэдээж нөхцөл байдлын хувьд шүүх дүгнэлтээ хийж шийдвэрээ гаргах байх. Гэхдээ яг энэ тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлнэ эсвэл хүндрүүлнэ гэдэг бол хуулийн ерөнхий зарчим байхгүй, шүүх үзэмжээрээ тухайн хүнд яаж эрүүгийн хариуцлага оногдуулах талаар хуульд хуульчилсан байж байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд анхан шатны шүүх бол миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж буюу урд нь гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулсан юм уу даа гэж би агуулгын хувьд ойлгосон. Тэгэхээр  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т заахдаа бол шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг  харгалзаж үзнэ заасан байж байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн эрүүгийн хариуцлага нь дуусгавар болсон байх юм бол тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж заасан байж байгаа.

 Тэгэхээр тухайн хүн маань урд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд торгуулийн арга хэмжээ авсан байсан. Энэ торгуулийн ялаа төлж барагдуулаад ял нь дуусгавар болчихсон байгаа. Тэгэхээр дуусгавар болсон байгаа нь эрх зүйн байдлыг нь хүндрүүлж болохгүй агуулгын хувьд миний үйлчлүүлэгчийн 2024 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн нөхцөл байдлыг нь хүндрүүлэхгүйгээр шийдвэрлэж өгөөч ээ гэдэг байдлыг өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж хэлж байгаа юм аа.

Тэгээд миний дээр дурдсанаар гэм буруу дээр маргахгүй байгаа, мөрдөн байцаалтын шатанд 27 сая төгрөг төлсөн байна. Энэ хүний хувьд залуу хүн ид хөдөлмөрлөх насан дээрээ байна. Өөрөө бол нийгмээс тусгаарлагдахаар үнэхээр болохоо больсон юм уу гэхээр үгүй юм билээ. Тодорхой хэмжээгээр  машин засварын ажил хийдэг, тодорхой хэмжээний орлого олох боломжтой хүн байгаад байгаа.

 

Миний хувьд хохирогч нартай өчигдөр болон өнөөдөр уулзсан байж байгаа. Яг тухайн хэрэг болох үед засварын газартаа 3 сая төгрөгийн ажил хийчихсэн. Машин засварын чиглэлээр овоо мэргэшчихсэн хүн юм билээ. Хохирлыг төлөх боломжтой. Миний үйлчлүүлэгчийн хэцүү үед нь та нар итгэл хүлээлгээд энэ тал дээр нь дэмжлэг үзүүлээч. Энэ хүн маань муу ч сайн ч амьдралтай. 3 сар хоригдоод 3 сарын өмнөх М.А өнөөдрийн М.А 2 шал өөр хүн болсон байж байгаа. 3 сарын хугацаанд хоригдчихсон тодорхой хэмжээнд эрхээ хасуулж  биеэрээ ял эдэлчихсэн. Энийгээ энэ хүн ойлгочихсон байж байгаа. Өнөөдөр энэ нөхцөл  байдлыг нь ойлгоод миний үйлчлүүлэгчид итгэл хүлээлгэх юм бол хохирлоо бүрэн төлөх боломжтой гэдгийг би хохирогч талд нь хэлсэн байж байгаа. Тиймээс миний үйлчлүүлэгчийн энэ нөхцөл байдлыг нь харгалзан үзээд зорчих эрх хязгаарлах ялаар хөнгөрүүлж шийдэж өгөөч гэсэн саналыг гаргаж байна...” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүдэгч М.А нь гэм буруу дээрээ маргаагүй, ял хөнгөрүүлэх байдлаар гомдол гаргасан гэж ойлгож байна. Анхан шатны шүүхээс М.А-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон эрүүгийн хариуцлагад тохирсон ялыг оногдуулсан гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...гэв.

 

Хохирогч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: “...Миний хувьд ч гэсэн  хэвээр үлдээх саналтай байна...“ гэв.

 

Хохирогч С.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд “Тайлбаргүй”...” гэв.

 

Шүүгдэг М.А давж заалдах шатны шүүх хуралдаанд “Тайлбаргүй”...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-н давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч М.А  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг "Дашваанжил" шатахуун түгээх станцын урд талд ... улсын дугаартай "Honda. Insight" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4, 3.7.а/, 12.1-т заасныг тус тус зөрчиж, зам тээврийн осол гарган Б.Б-н биед хүндэвтэр хохирол, С.Г-н биед хүнд хохирол учруулсан болох нь:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-13-р хуудас/,

-Хохирогч Б.Б, С.Г нарын мэдүүлэг /хх-ийн 35-37, 41-43-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Г.М-н мэдүүлэг /хх-ийн 47-49-р хуудас/,

-Гэрч Д.Э /хх-ийн 59-61-р хуудас/, Б.Б /хх-ийн 64-66-р хуудас/, Э.Ц /хх-ийн 69-71-р хуудас/, Х.Э /хх-ийн 74-76-р хуудас/ нарын мэдүүлэг,

-2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 406, 411 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.Н-н  дүгнэлтүүд /хх-ийн 140-144, 170-173-р хуудас/,

 

-Хэнтий аймгийн авто тээврийн төвийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 225-226-р хуудас/,

 

-Бодит үнэлгээ" ХХК-ны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШД-255 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 1-4-р хуудас/,

 

-2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн магадлагаа /2-р хх-ийн 8-9-р хуудас/,

-... улсын дугаартай "Honda. Insight" маркийн болон ... улсын дугаартай "Ssangyoung. Istana" маркийн тээврийн хэрэгслүүдийн лавлагаа /2-р хх-ийн 47-48-р хуудас/,

-2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн М.А-н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 31-р хуудас/,

-М.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаарх жолоочийн лавлагаа, мэдээлэл /2-р хх-ийн 82-р хуудас/,

 

 -Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/186 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 21-23-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, болж өнгөрсөн үйл явдлыг бодитойгоор тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Түүнчлэн эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Шүүгдэгч М.А  нь “...хохирогч нарын эмчилгээний зардал болон тээврийн хэрэгслийн төлбөрийг төлж барагдуулсан, шүүхээс тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, ээжийн маань биеийн байдал зэрэг нөхцөл байдлыг маань харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үндэслэл бүхий дүгнэлт хийж түүнд хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин шүүх “...нэг үйлдлийг 2 гэмт хэрэгт давхардуулан зүйлчилсэн нь илт хууль зүйн үндэслэлгүй ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох зүйтэй байна...” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй бөгөөд дээрх үйлдлүүд нь нэг гэмт хэргийн хүндрүүлэх болон тусгайлан зохицуулсан шинжийг зэрэг хангаж байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тусгайлан зохицуулсан шинжийн “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон..” гэх шинж нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “...Энэ гэмт хэргийг ...согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн ...үйлдсэн...” гэсэн шинжтэй агуулгын хувьд давхцаж байгаа тул зүйлчлэлийг өөрчлөх талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч М.А-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/275 дугаартай шийтгэх тогтоолд хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.А-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/275 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Шүүгдэгч А-д холбогдох Эрүүгийн .... дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3,  мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 заалт болгон өөрчилсүгэй...“ гэж өөрчлөн,  тогтоолын бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-н цагдан хоригдсон 78 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.