| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2508 00000 0003 |
| Дугаар | 2026/ДШМ/221 |
| Огноо | 2026-02-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ /цахимаар/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/221
2026 02 24 2026/ДШМ/221
С.Н-ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Бат-Эрдэнэ /цахимаар/,
шүүгдэгч С.Н- /цахимаар/,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2505 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Н-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2508 00000 0003 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн С-ийн Н-, ........., урьд
Хэнтий аймгийн 6 дугаар шүүхийн ардын шүүхийн 1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 6/16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар,
Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь заалтад зааснаар 20 жил хорих ялаар тус тус шийтгэгдсэн, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 183 дугаартай “хорих ялыг дүйцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжаар ялтан С.Н-ид оногдуулсан 20 жилийн хорих ялыг 16 жил болгон дүйцүүлэн өөрчилж, биечлэн эдэлсэн 5 жил 2 сар 3 хоногийн хорих ялыг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 10 жил 9 сар 27 хоногоор тогтоосон, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ХМШЗ/105 дугаартай “хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамжаар ялтан С.Н-ийн эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 14 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, /РД:С-/.
Шүүгдэгч С.Н- нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдлын үйлдвэр 2 дугаар гудамжны С- тоотод хохирогч Б.А-ын Самсунг А35 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.050.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт С-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч С.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч С.Н-ийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 10 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч С.Н-ид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ийн цагдан хоригдсон 50 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-оос 1.050.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б- овогт Б-ын А-д олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.А- нь надад өөрөө утсаа өгсөн бөгөөд архины барьцаанд тавьчих, би өөрөө авчихна гэсэн. Тэгтэл удалгүй Баярсайхан орж ирэхэд нь А-ын хэлснийг би Б-д хэлсэн. Тэгээд А-ын утсыг Б-д өгч, Б- аваад гарсан, орж ирэхдээ 1 шил архи авч ирснийг А-, Г-, Б- бид бүгд хувааж уусан. Утасны эзэн А- өөрөө хүнд хэлүүлж, надаар утсаа тавиулчихаад намайг хулгайд гүтгэж 3 жил 10 сар 14 хоногийн ял оногдуулж байгаад гомдолтой байна. ...” гэв.
Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч С.Н-ийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.А-, гэрч н.Г- болон н.Б- нарын мэдүүлгүүд, “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ гэх зэрэг баримтуудаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулах хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Түүнчлэн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч С.Н-ийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 10 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн үйлдэлд тохирсон, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.Н-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч С.Н- нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдлын үйлдвэр 2 дугаар гудамжны С- тоотод хохирогч Б.А-ын Самсунг А35 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.050.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.А- /хх6-7/, гэрч И.Г- /хх9-10/, гэрч З.Б- /хх16/, гэрч Ж.Б- /хх69-70/, С.Н-ийн яллагдагчаар өгсөн /хх58-59/ мэдүүлгүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/, хохирогч Б.А-ын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх3/, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №24/026 дугаартай “Тэргүүн Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр “1.050.000 төгрөгөөр үнэлсэн” гэх шинжээчийн дүгнэлт /хх23-24/, хохирогч Б.А-ын гар утсаа 1.299.900 төгрөгөөр худалдан авсантай холбоотой санхүүгийн түрээсийн гэрээ, лизингийн эргэн төлөлтийн хуваарь /хх41-45/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.Н-ийг хохирогч Б.А-ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдлыг нь далимдуулан түүний эд хөрөнгө болох гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч С.Н-ийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд тухайн зүйл хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна.
Шүүгдэгч С.Н- “...Хохирогч Б.А- нь надад өөрөө утсаа өгөөд архины барьцаанд тавьчих, би өөрөө авчихна гэсэн. ...Тэгээд А-ын утсыг Б-д өгч, Б- аваад гарсан, ...А- намайг хулгайд гүтгэж 3 жил 10 сар 14 хоногийн ял оногдуулж байгаад гомдолтой байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, хохирогч Б.А- нь шүүгдэгч С.Н- өөрөө гар утсаа сайн дураараа өгсөн, архинд явуулсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, харин хэрэг учрал болсон өдөр хохирогч Б.А-, гэрч И.Г- нар архи ууж байхад шүүгдэгч С.Н- орж ирээд хамт архи ууж байгаад гараад явсан, хохирогч Б.А- гэртээ очиод утсаа алга болсныг мэдсэн, мэдсэн дариуд утсаа хайсан, маргааш нь шүүгдэгч С.Н-ийн куртикний хармаанаас хохирогчийн Хаан болон Голомт банкны картууд гарч ирсэн үйл баримт тогтоогдсон.
Хэргийн дээрх үйл баримт нь хохирогч Б.А-ын “...маргааш нь Тулга ахын гэрт очиход нөгөө залуу унтаж байсан тэгэхээр нь би тухайн залууг сэрээгээд “өчигдөр чи миний гар утсыг авсан юм уу” гэж асуухад “гар утсыг чинь авсан, хаана зарж үрсэн талаараа мэдэхгүй байна” гэж хэлсэн. ...Би тухайн залуугийн куртикнийх нь кармаг үзэхэд зүүн талын карманд нь миний Хаан болон Голомт банкны карт байсан. ...” /хх6-7/, гэрч И.Г-ын “...Өглөө босоод байж байтал Н- куртикнийхээ халааснаас 2 ширхэг банкны карт гаргаж ирсэн бөгөөд би Н-оос “хэний карт юм бэ” гэж асуухад “А- гэсэн нэртэй карт байна” гэж хэлсэн. Тэгээд байж байтал А- манай гэрт орж ирсэн бөгөөд өөрийнх нь гар утас алга болсон талаар хэлэхэд нь би Н-ийн куртикний халааснаас 2 ширхэг банкны карт гарч ирсэн, карт дээр А- гэсэн нэртэй байсан талаар хэлсэн...” /хх9-10/, гэрч Ж.Б-ы “...Би С.Н-ийг танина. ...2024 оны 11 дүгээр сарын үеэр өдрийг нь санахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамт архи ууж байхдаа надад нэг ухаалаг гар утас өгөөд энийг зараад архи аваад ир гэсэн юм. Би хулгайн гар утас гэж мэдээгүй...” /хх69-70/ гэсэн өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, харилцан бие биеэ дэмжсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Шүүгдэгч нь давж заалдах гомдолдоо хохирогч гар утсаа өөрөө архины барьцаанд тавьчих гээд өгсөн гэсэн байх боловч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч Б.А- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт С.Н-ид гар утсаа өгөөгүй, миний гар утсыг захиран зарцуулах эрх байхгүй талаар тогтвортой мэдүүлсэн байхаас гадна шүүгдэгч С.Н- нь гэмт хэргийг хаана, хэрхэн, яаж үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Б-, Г-, Борис /Б-/ нарын хамтаар А-ын авч ирсэн нэг шил архийг хувааж уусан. ...А- нэлээн халамцуу гэр рүүгээ явлаа гээд гарсан бөгөөд би араас нь гарч очоод А-ын куртикний зүүн талын карманд байсан утсыг нь өөрт нь хэлэлгүйгээр авчихсан. ...” /хх58-59/ гэж тодорхой мэдүүлжээ.
Түүнчлэн, шүүгдэгч С.Н- нь надад 3 жил 10 сар 14 хоногийн ял оногдуулсанд гомдолтой байна гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, түүний үйлдэлд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулсан байх бөгөөд ял хүндэдсэн гэж үзэхээргүй, шүүгдэгч С.Н-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.
Шүүгдэгч С.Н- нь 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь заалтад зааснаар 20 жил хорих ялаар шийтгэгдэж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 183 дугаартай “Хорих ялыг дүйцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжаар оногдуулсан 20 жилийн хорих ялыг 16 жил болгон дүйцүүлэн өөрчилж, биечлэн эдэлсэн 5 жил 2 сар 3 хоногийн хорих ялыг хасаж, эдлэх ялыг 10 жил 9 сар 27 хоногоор тогтоосон байх бөгөөд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ХМШЗ/105 дугаартай “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамжаар ялтан С.Н-ийн эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 14 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллажээ.
Гэтэл шүүгдэгч С.Н- нь дээрх тэнсэнтэй байх хугацаандаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул түүнд оногдуулсан 6 сарын хорих ялд өмнөх эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч С.Н-ийн гаргасан “...хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, 3 жил 10 сар 14 хоногийн ял оногдуулсанд гомдолтой байна...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2505 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч С.Н-ийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 111 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2505 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 111 /нэг зуун арван нэг/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА