Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 363

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: М.Гансувд,

Хохирогч: С.Х,

           Шүүгдэгч: Б.И өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Иад холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1734005240118 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.И, урьд ял шийтгэлгүй

Шүүгдэгч Б.И нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 33 дугаар байрны 01 тоотод С.Хын түрээслэн амьдарч байсан орон сууцанд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч С.Хыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Иын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр С.Х 20:00 цагийн үед хуриманд явсан. Би С.Хыг хурдан ирээрэй гэж хэлсэн. Гэтэл С.Х 00:00 цаг өнгөрч 02:00, 03:00 цаг болж байхад ирэхгүй байсан. Тэгээд С.Х над руу 04:00 цагийн үед мессеж бичсэн. Тэгээд би С.Хыг ирэх гэж байгаа юм болов уу гэж бодсон. Би тухайн үед нэг хэсэг унтчихсан байсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тэгээд С.Х шөнө 04:30 цагийн үед согтуу орж ирсэн. С.Х ирээд намайг зайл гэсэн. Би хаалгаар гартал орцонд надтай нэг залуу зөрөөд дээшээ шат руу гарсан. Тухайн үед би тэр залууг зөрөх үед нь юм бодоогүй. С.Хын байрны цонхны доод талд нь очиход надтай зөрж орсон шар цамцтай залуу цамц, өмдөө тайлж С.Хын өвөрт орсон. Тэгээд би уурлаад С.Хынд ороход С.Х нөгөө залуутайгаа хаалга онгойлгохгүй, С.Х миний хэнтэй, яах чамд хамаагүй гэсэн. Тэгээд С.Х цонхоор нөгөө залууг гаргачихаад өөрөө шалдан зогсож байсан. Тэгээд би С.Хыг хоёр алгадаж, цохиж зодсон.  С.Х намайг хөөж гаргаж, гаднаас орж ирсэнээ санаж байгаа, гэтэл тухайн залуутай болсон асуудлаа санахгүй байна гээд байгаа. Тэр залуу нь орцны кодыг хүртэл мэдэж байсан. С.Х намайг хөөж гаргаж бааранд танилцсан нэг залуутайгаа байх зорилготой байсан. С.Хыг зодсон нь миний буруу, гэхдээ ийм үйлдэл харсан эр хүн уурлахгүй байх арга байхгүй байсан. Одоо бид хоёр эвлэрч хамт амьдарч байгаа” гэв.

Хохирогч С.Хын шүүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хуриманд 20:00 цагийн үед очиж 02:00 цагийн үед тарсан. Тэгээд ажлын найз хүүхэнтэй манай гэрийн хажуу талд байгаа бааранд орсон. Бааранд ороод архи уусан. Бааранд хүмүүстэй танилцаж байсан. Би гэр лүүгээ ганцаараа орж байснаа санаж байгаа. Цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Бид хоёр эвлэрч хамт амьдарч байгаа. Би одоо жирэмсэн байгаа” гэв.

Хохирогч С.Хын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б.Итай 2010 оны 10 дугаар сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Бид 2 дундаасаа 4 настай хүүтэй....Тэгээд 11 дүгээр сарын 19-ний орой би ажлынхаа хүний хуриманд хамт олонтойгоо очсон. Гэртээ шөнийн 03 цагийн үед ирсэн чинь Б.И хүлээгээд байж байсан. Намайг эхлээд нэг алгадчихаад гарч явснаа 5 минут болоогүй байтал утсаа орхичихсон байна гээд хаалга нүдсэнээ өшиглөөд орж ирсэнээ сая нэг залуутай зөрлөө танайд орсон уу яасан гээд зодож эхэлсэн. Миний хувцас, бие бүгд цус болчихсон байсан чинь угаалгын өрөөнд намайг чирж оруулж угаагаад, мөн шал, хананд болсон цусыг арчиж цэвэрлээд гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 44-47/,

   Гэрч Ч.Сийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би охиноо эмчлүүлэхээр Улаанбаатарт 3 дугаар хороололд байр хөлсөлж байлгаж байтал Б.И нь манай охиныг олж очоод хэвтэрт ортол нь зодсон байсан. Манай охин хүний утсаар гэр рүүгээ залгаад Б.И зодсон тухай хэлээд би хотод ирж охиноо гэмтлийн эмнэлэгт үзүүлж, зургийг нь авахуулсан. Мөн харъяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Б.И нь манай охиныг зодохдоо тэр өрөөг бүхэлд нь цус болгоод бүтэн нойлын цаасаар арчсан байгаа юм. Би Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаад одоо охиноо гэртээ эмчлүүлж байгаа...Төв аймгийн цагдаагийн газарт өргөдөл өгчихөөд Б.Итай уулзтал та эцэг хүний хувьд охиноо өмөөрдөг чинь зөвөө, явдаг газраар нь яв гэж хэлснээс нэг удаа уучлаарай гэж хэлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 50-51/,

Шинжээчийн 14519 тоот дүгнэлтэд: “...С.Хын биед тархи доргилт, уруулд шарх, баруун доод зовхи, зүүн дээд зовхи, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн сарвуу, баруун, зүүн бугалга, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн тохой, зүүн шуу, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 61/,

Яллагдагчаар Б.Иын мөрдөн байцаалтад өгсөн: “...С.Хыг зодож түүний биед гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө С.Хыг зодсон гэдгээ үнэнээр нь хэлсэн. Өөрийн үйлдсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. Миний хувьд өөрийн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. Цаашид зан байдалдаа дүгнэлт хийж зан байдлын зөв сайн харьцаатай болохыг бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-н 126/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 5, 7, 13/, хохирогч С.Хд учирсан гэмтлийн харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 26-31/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 33-36/, хохирлын баримтууд /хх-н 69-71/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 76-78, 87, 114, 117/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.И холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцаалт явуулж, Төв аймгийн прокурорын газраас хяналт тавьсан байх ба Төв аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг тус шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д “хэргийг уг хэрэг гарсан газрын шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Иын үйлдсэн гэмт хэрэг гарсан газар нь тухайн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт буюу Баянгол дүүргийн 18 дугаар хороонд гарсан байна.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар  зүйлд заасны дагуу прокурор нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргасан байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.И нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 33 дугаар байрны 01 тоотод С.Хын түрээслэн амьдарч байсан орон сууцанд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч С.Хыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Хын: “...Тэгээд 11 дүгээр сарын 19-ний орой би ажлынхаа хүний хуриманд хамт олонтойгоо очсон. ...гэртээ шөнийн 03 цагийн үед ирсэн чинь Б.И хүлээгээд байж байсан. Намайг эхлээд нэг алгадчихаад гарч явснаа 5 минут болоогүй байтал утсаа орхичихсон байна гээд хаалга нүдсэнээ өшиглөөд орж ирснээ сая нэг залуутай зөрлөө танайд орсон уу яасан гээд зодож эхэлсэн. Миний хувцас, бие бүгд цус болчихсон байсан чинь угаалгын өрөөнд намайг чирж оруулж угаагаад, мөн шал, хананд болсон цусыг арчиж цэвэрлээд гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 44-47/, гэрч Ч.Сийн: “...Би охиноо эмчлүүлэхээр Улаанбаатарт 3 дугаар хороололд байр хөлсөлж байлгаж байтал Б.И нь манай охиныг олж очоод хэвтэрт ортол нь зодсон байсан. Манай охин хүний утсаар гэр рүүгээ залгаад Б.И зодсон тухай хэлээд би хотод ирж охиноо гэмтлийн эмнэлэгт үзүүлж, зургийг нь авахуулсан. Мөн харъяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Б.И нь манай охиныг зодохдоо тэр өрөөг бүхэлд нь цус болгоод бүтэн нойлын цаасаар арчсан байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-н 50-51/ шинжээчийн 14519 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч нь хамтран амьдрагч С.Хыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Иын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.И нь хамтран амьдрагч С.Хыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9  дэх хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч, хохирогч нар нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулийн ялыг багасгаж өгнө үү гэснийг шүүх хүлээн авч улсын яллагчаас шүүгдэгч Б.Иад оногдуулсан 1.500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялыг багасгах нь зүйтэй гэж шүүх үзэв.  

          Шүүгдэгч нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Иад шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.   

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Иыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Иад шүүхээс оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Иад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР