| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2018/00089/Э |
| Дугаар | 00099 |
| Огноо | 2018-08-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 00099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Хохирогч Г.Гч
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Гид холбогдох 1832001000090 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1970 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ ДСЦТСХК-ний Зүүнхараа салбарын ашиглалт засварын монтёр ажилтай, Эрчим хүчний тэргүүний ажилтан, 4 удаагийн шийтгэлтэй
-2000 онд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 161 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 1-1-д зааснаар 01 жил 08 сарын хорих ялаар шийтгүүж тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан
- 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 –д зааснаар 03 сарын баривчлах ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэмж нэгтгэн бүгд 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар
- 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн № 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 01 жил 01 сарын хугацаагаар хянан харгалзсан,
- 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн №66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгуулсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Боржигон овогт Дашзэвэгийн Г. /РД: */
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Баруун Өлөнтийн №156 тоотод 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчим эхнэр Г.Гчийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: ... 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр архи уугаад уг нь эхнэрээ гуйж гэртээ аваачих гээд очсон. Тэгээд ороод эхнэртэйгээ ойлголцохгүй маргаж эхнэртээ гар хүрсэн нь миний буруу. 02 сар тусдаа байсан болохоор хүрээд ирэх болов уу л гэж их хүлээсэн. Хүү маань 2018 оны 06 дугаар сарын 04-ний оройны суудлаар ээж Улаанбаатар хотоос ирж байгаа тосож аваарай гэхээр нь тосож аваад гэртээ оруулаад банштай цай чанасан байснаа өгөх гэтэл идэхгүй гээд бид дахин маргах гээд байхаар нь ач хүүгийнхээ хамтаар эхнэрийгээ хадмындаа аваачиж өгсөн. Ач хүүгээ оруулж өгчихөөд гараад ирээрэй гэж хэлээд үүр цайтал хүлээсэн гарч ирээгүй. Тэгээд би маргааш нь ирэх болов уу гэж хүлээгээд ирээгүй болохоор нь тухайн өдөр архи уугаад очиж зодсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Г.Гч Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: … 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр намайг зодсон байдал арай дэндүү хэрцгий хэцүү байсан. Өмнө нь би залуу байсан болохоор хоёр хүүхдээ бодоод энэ миний туулах ёстой амьдрал юм байлгүй гээд олон удаа зодуулж олон удаа уучилж байсан. Энэ асуудал бол 1-2 удаагийн асуудал биш. Тухайн үедээ цагдаад өгчихөөр уучлалт гуйгаад ирэхэд нь тэр үеийн хууль нь өөр байсан болохоор буцаагаад өргөдөлөө авчихдаг байсан. Сүүлдээ энэ хүнийг би өөрөө ч ойлгохоо байчихаад байна ямар ч болчихоод байгаа юм мэдэхгүй. 2 хүүхдийнхээ ирээдүйг харлуулах гээд үнэхээр хэцүү байна. Энд амьдрахад ч хэцүү байна. Сүүлд намайг зодоход нь дахиад би 1 цохиулаад л үхчих юм байна. Ингэхгүйн тулд хол байж ядаж 2 хүүхдийнхээ хүүхдийг хараад ч болтугай байж байя гэсэн бодолтой байна. Тийм учраас би эргэж цуг амьдрахгүй. Миний саналын хувьд 2 хүүхдийнхээ ирээдүйг бодоод гомдолгүй. Би эмчилгээнд 2291050 төгрөг нэхэмжилсэн эмчилгээний зардал бүрэн төлөгдсөн цаашид гарах эмчилгээний зардалаа л нэхэмжилнэ гэв.
Хохирогч Г.Гч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 06 дугаар сарын 06-ны орой намайг ээжийнд ач хүү Санчирыг унтуулах гээд тэврээд ээжийнхээ хамт гурвуулаа байж байтал гаднаас Г ороод ирсэн. Ээж Гид цай хийж өгтөл ширээн дээр тавьчихаад намайг гаръя гээд миний хажууд хүрээд ирсэн. Тэр үед ээж гараад явчихсан. Тэгтэл архи сэнхийсэн. Г намайг гаръя гээд гарнаас чирээд ач хүү бид хоёрыг аваад гарсан. Ач хүү унтах гээд зүйрмэглэж байснаа сэрчихсэн. Би тэгэхээр нь газар тавих гээд явган суутал Г миний нүүрний зүүн хэсэгг шанаан тус газар баруун гараа атгаж байгаад цохьчихсон. Намайг босож амжаагүй байтал баруун хөлөөрөө миний зүүн талын бөөрөн тус газар өшиглөсөн. Тэгэхээр нь би ач хүүгээ аваад босоод гэрлүүгээ орчихсон. Г араас ороод ирсэн. Тэгтэл ээж араас нь ороод иртэл Г “Ою авгай би чиний хийж өгсөн цайг уугаагүй шүү” гэсэн. Ээж галын өрөө рүү ортол Г араас нь очоод “Ою авгай ус өгчих янхан авгай би чиний янхан охинтой уулзах гэж ирлээ, та нар муу сайн юмнууд намайг яаж ч чадахгүй шүү, би та нараас айхгүй та нар цагдаадаа өгөөрэй, тэр цагдаа нар чинь надаас хэдэн төгрөг л авдаг ш дээ, би баян надад тэр их мөнгө нь байна, мөнгөтэй байхад би шоронд орохгүй” гэх зэргээр агсарсан. Би тэгэхэд ээж та цагдаа дуудчих гэж хэлэхэд Г намайг дахин гараараа цохих гээд далайхаар нь би хүүхэд тэвэрч байгаад өрөөсөн гараараа Гийг өөрөөсөө холдуулах санаатай түлхсэн. Тэгтэл хүүхдийн толгой руу цохьчихсон. Ингээд ач хүү орилсон. Би ач хүүгээ хажуу талдаа тавьчихаад халхлаад эргэтэл миний баруун хөл, гуя руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Би газар унатал миний зүүн хөлийн шагайн тус газар дахин өшиглөсөн. Би босох гэтэл миний толгой руу хэд хэдэн удаа цохьсон. Би дахин босох гэтэл миний зүүн нүд хамар хоёрын дунд цохьсон. Тэгтэл миний хамарнаас цус гарсан. Г цус гарахыг хараад гараад яваад өгсөн. Би босоод угаалтуурт хамраа угаагаад байж байтал Г буцаад ороод ирсэн. Тэгсэнээ намайг толгой руу, ард дагз руу нилээд хэдэн удаа цохисон. Тэгээд гараад явахаар нь би цагдаа дуудсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/
Гэрч Д.Ою мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би гэртээ охин Гч, зээ хүү Санчир нарын хамт байж байтал гаднаас манай хүргэн Г согтуу орж ирсэн. Тэр үед манай охин Гч зээ хүү Санчираа тэврээд унтуулах гээд буйдан дээр сууж байсан. Би Гид цай хийж өгтөл чиний цайг уухгүй гээд шууд Гч рүү очсон. Тэгээд пизда минь харих болоогүй юу гэсэн. Энэ үед Санчир орилсон. Би хүү минь сууж байгаад ярилц гэхэд миний үгийг авч хэлэлцэхгүй манай охин руу пизда минь, янхан минь гэх зэргээр элдвээр хэлж байсан. Гч чи хүүхэд айлгачихлаа гэхэд Г шууд Гчийг нэг удаа алгадаад авсан. Би Гийг явахаар гэртээ ортол манай охин Гчийн хамарнаас цус гарчихсан уйлаад зээ хүүгээ тэврээд зээ хүү нь бас уйлчихсан байж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-32-р хуудас/
Гэрч Г.Бб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Намайг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хөдөө Зуун мод гэх газарт байж байхад манай ээж Г.Гч над руу гар утсаараа залгаад аав чинь намайг зодоод байна гэж хэлсэн. Би шууд хөдөөнөөс яваад иртэл аав согтуу, эмээ, бэр эгч хоёрт агсан тавиад байж байсан. Ээж цагдаагийн хэлтэс рүү мэдүүлэг өгөхөөр явчихсан байсан. Би аавыг боль явъя гэхэд над руу агсараад надад дийлдэхгүй байсан. Тэгтэл гаднаас цагдаа ирээд аавыг аваад явсан. Би цагдаагийн хэлтэс дээр араас нь очсон. Намайг цагдаа дээр ирэхэд манай ээжийн нүд хөхөрчихсөн, хамар нь далийгаад хамарнаас нь цус гараад хавдчихсан байсан, мөн хөл гар нь хөхөрчихсөн байсан. Ингээд би ээжийг эмээгийнхрүү аваад явсан. Манай аав өмнө нь ээжид гар хүрээд манай ах бид хоёр очиж ээжийг эмээгийнд аваачиж өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-р хуудас/
2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №99 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...
1. Г.Гчийн биед зүүн талын нүдний ухархайн дотор болон дээд ханын хугарал, зүүн нүдний дээд зовхи, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн хөлийн шагайн үений доод хэсэгт цус хуралт, баруун хөлийн шилбэнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 37-р хуудас/
Нэгдсэн эмнэлэгийн эмчийн тодорхойлолт /ХХ-ийн 43 дугаар хуудас/
Хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлэгийн Шинжилгээний №858 дугаартай дүгнэлт: ...
Г.Гч нь хамрын таславчны муруйлт гэмтлийн улмаас ерөнхий унтуулгатай мэс засалд орсон нь гэмтлийн зэрэг тогтооход нөлөөлөхгүй. Г.Гчийн биед зүүн нүдний ухархайн дотор болон дээд ханын хугарал, зүүн нүдний дээд зовхи, баруун гуя, өвдөг шилбэ, зүүн шагайн үенд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн шанааны зөөлөн эдийн гэмтэл, хамрын таславчийн мурийлт мэс заслаар зассаны дараах байдал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгг хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 74-76 дугаар хуудас/
Аюулын зэргийн үнэлгээ өндөр, гэр бүлийн орчин тогмол тайван бус байна гэх аюулын зэргийн үнэлгээ /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 86 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.Гийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /90 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /92-103 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Баруун Өлөнтийн №156 тоотод 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчим эхнэр Г.Гчийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.Гчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/, Гэрч Д.Оюы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 30-32-р хуудас/, Гэрч Г.Ббын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 35-р хуудас/, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №99 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт /ХХ-ийн 37-р хуудас/, Нэгдсэн эмнэлэгийн эмчийн тодорхойлолт /ХХ-ийн 43 дугаар хуудас/, Хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлэгийн Шинжилгээний №858 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 74-76 дугаар хуудас/, Аюулын зэргийн үнэлгээ өндөр, гэр бүлийн орчин тогмол тайван бус байна гэх аюулын зэргийн үнэлгээ /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Гийг хохирогч Г.Гчийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Баруун Өлөнтийн №156 тоотод 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчим эхнэр Г.Гчийн эрх чөлөөнд халдаж Г.Гчийн биед зүүн талын нүдний ухархайн дотор болон дээд ханын хугарал, зүүн нүдний дээд зовхи, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн хөлийн шагайн үений доод хэсэгт цус хуралт, баруун хөлийн шилбэнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4,5, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Дашзэвэгийн Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 1000 нэгж буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Гийн торгох ялыг 05 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Д.Гийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Гчтэй 03 сарын хугацаанд харилцахыг нь хязгаарлах хязгаарлалтын арга хэмжээг авсугай.
6. Шүүхээс үүрэг хүлээлгэж, хязгаарлалтын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
8. Хохирогч Г.Гч нь цаашид эмчлүүлэхэд гарсан зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ.