Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 216/МА2022/00002

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж,  шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 134/ШШ2022/00048 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.М,

Хариуцагч Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Нөхөн төлбөрт 23 134 680 төгрөг гаргуулах тухай

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлага:

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага: Миний бие Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарт жолоочоор ажиллаж байхдаа 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянтал сумын дэд станцад фазны ялгаа хийх ажил гүйцэтгэх явцад 35 кВт-ын өндөр хүчдэлд цохиулж, үйлдвэрлэлийн осолд орсон. Дээрх үйлдвэрлэлийн ослын улмаас асар их хэмжээний гэмтэл, түлэгдэл авсан. Түлэнхийн нөхөн сэргээх эмнэлэгт мэс засалд бүтэн норкозтой орж, зүүн гарын шуу хэсгээр тайруулж, баруун хөлний доод хэсэг дэх түлэгдсэн шөрмөс, судас, мах зэргийг огтолж авсан, нүүрний баруун хэсэг, хүзүү, цээжний хэсэг гүн түлэгдсэн, толгойн оройн хэсэгт оёдол тавьж, баруун нүдний хажуу талд оёсон зэрэг гэмтлүүд авсан. Уг ослоос болж тухайн үед хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсан. Үйлдвэрлэлийн осол болох үед үйлчилж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 51-71 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж заажээ. Хэдийгээр ажил олгогчоос дээрх үйлдвэрлэлийн ослын дараа 18 сарын цалингийн дундажтай тэмцэх нөхөн төлбөрт 9 559 641 төгрөгийг 2011 онд надад олгосон боловч 2012 оноос эхэлж эмчилгээний зардал шалтгаангүй гаргахаа больсон. Үйлдвэрийн осолд орсны дараа ажлаас, чиний эмчилгээний зардал болон хэрэгтэй зүйлүүдийг өгнө гэж байсан боловч хэрэг хаасны дараа надад юу ч өгөөгүй. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 160 гаруй сая төгрөг нэхэмжилж байсан. Үүнээс сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг, эмчилгээний зардалд гарсан 100 гаруй сая төгрөг гэж нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Тэгэхээр нь би хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан ба хяналтын шатны шүүхээс надад 16 000 000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Түүнээс гадна сар болгон 77 105 төгрөгийг цалин, тэтгэврийн нэмэгдэл болгож өгөхөөр шийдвэрлэсэн. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр энэ ажилдаа орсон. Энэ ажилд ороход гүйцэтгэх захирал маань биед нь тохирсон ажил хийлгэе, 2 өрөө байр гаргаж өгье гэсэн.

Ингээд дээрх хуульд заасны дагуу дахин нөхөн төлбөр олгож өгнө үү хэмээн 2021 оны 06 дугаар сард ажил олгогч Б з ө б ц т с ТӨХК-д хандсан боловч тус компаниас 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр санхүүгийн боломжгүй гэх хариуг бичгээр өгсөн. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдсны нөхөн төлбөрийг 1 ба түүнээс дээш удаа олгохоор заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 25.1-д ажил олгогч энэ хэсэгт заасан хугацааны нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэдэг нь нэг удаа заавал олгохыг хэлэх ба хөдөлмөрийн чадвар алдалтын хувь багассан, нэмэгдсэн тохиолдолд нэгээс дээш удаа олгоно гэж тайлбарлажээ. Хоёр жил тутам Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг шинэчлэн тогтоолгодог. 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ЭХМК-ын шийдвэрээр намайг хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсныг тогтоосон. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ЭХМК-ын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэж үзсэн. Миний бие 2011 оноос ийнхүү хөдөлмөрийн чадвараа их хэмжээгээр алдаж, эрүүл мэнд, бие махбодь, сэтгэл санаагаар хохирч байгаа бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн комиссын шийдвэрээс өмнө ажил олгогчид хандаж байсан тул хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсан хэмжээгээр нөхөн төлбөр нэхэмжилнэ.

Нэхэмжлэлийн мөнгөн тооцооллын хувьд үйлдвэрийн осолд орохдоо Говьсүмбэр аймгийн Цахилгаан түгээх станцад жолооч ажилтай байсан. 2021 оны 10 дугаар сарын 22-нд ахлах нягтлан бодогч, эдийн засагч Ц гэх хүнээс жолоочийн цалингийн дундажийг гаргуулж авсан. Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д заасны дагуу жолоочийн цалингаар 18 сарын цалингийн дундажтай тэнцэх нөхөн төлбөрт 23 134 680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагчийн татгалзал, түүний тайлбарын агуулга:

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Тус салбарын данс хөтлөгч ажилтай М.М нь өмнө нь жолоочоор ажиллаж байх хугацаанд 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үйлдвэрлэлийн осолд орсны улмаас Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийн дагуу хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсан нь тогтоогдсон тул ажил олгогчийн зүгээс тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д заасны дагуу 18 сарын цалингийн дундажтай тэмцэх хэмжээний нэг удаагийн нөхөн төлбөрт 9 559 641 төгрөгийг 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн дансаар дамжуулан олгосон. Мөн М.М үйлдвэрлэлийн осолд орж, эмчлүүлэх хугацаанд эмчилгээний зардалд тус салбараас нийт 7 023 750 төгрөг, буцалтгүй тусламжид 346 752 төгрөгийг тус тус олгосон. Хариуцагчийн зүгээс М.М холбогдох хуулийн дагуу зохих нөхөн төлбөрийг 1 удаа олгосон тул одоо нэхэмжилж байгаа 23 134 680 төгрөгийг дахин олгох боломжгүй гэж үзэж байна. Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт, Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/130 дугаар М.М нөхөн төлбөр олгох тухай тушаал, Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/130 дугаар М.М нөхөн төлбөр олгох тухай тушаал, Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/90 дугаар Буцалтгүй тусламж үзүүлэх тухай тушаал, Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/129 дугаар Зардал гаргах, комисс томилох тухай тушаал, Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/145 дугаар Зардал гаргах, комисс томилох тухай тушаал, Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/107 дугаар Зардал гаргах, комисс томилох тухай тушаал, Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/91 дүгээр Зардал гаргах, комисс томилох тухай тушаал, Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/82 дугаар Зардал гаргах, комисс томилох тухай тушаал, Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаар Зардал гаргах, комисс томилох тухай тушаал, Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/74 дүгээр Зардал гаргах тухай тушаал, Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/70 дугаар Зардал гаргах тухай тушаал, Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/66 дүгээр Зардал гаргах, комисс томилох тухай тушаал, Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/50 дугаар Зардал гаргах, комисс томилох тухай тушаал, Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/49 дугаар Зардал гаргах, комисс томилох тухай тушаал, Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/36 дугаар Зардал гаргах, комисс томилох тухай тушаал, Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/48 дугаар Зардал гаргах, комисс томилох тухай тушаал, Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/47 дугаар Зардал гаргах, комисс томилох тухай тушаал, Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/43 дугаар Зардал гаргах, комисс томилох тухай тушаал, Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/53 дугаар Зардал гаргах, комисс томилох тухай тушаал, Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын даргын 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/54 дугаар Зардал гаргах, комисс томилох тухай тушаал зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн  гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбараас 21 028 518 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М.М олгож, үлдэх 2 106 162 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б з ө б ц т с ТӨХК-ийн Говьсүмбэр салбараас нэхэмжлэлийн хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 263 093 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М.М олгож, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдлын агуулга: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 134/ШШ2022/00048 дугаартай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хариуцагчийн зүгээс давж заалдах шатны гомдол гаргаж байна.

Тус салбарын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1 “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж заасан ба ажил олгогчийн зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж М.М 1 удаа мөнгөн тусламжийг олгосон байхад шүүхээс дахин гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 134/ШШ2022/00048 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                              ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч “...ажил олгогчийн зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж М.М 1 удаа мөнгөн тусламж олгосон байхад шүүхээс дахин олгуулахаар шийдвэрлэсэн нь...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна...шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ”   гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Б з ө б ц т с түгээх сүлжээ ТӨХК-д холбогдуулан нөхөн төлбөрт 23 134 680  төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа Хөдөлмөрийн тухай хууль, уг зүйлийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбар зэрэгт үндэслэжээ.

Нэхэмжлэгч М.М нь Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг өөрчлөн тогтоосон баримт /хх-6-7, ажил олгогчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 469 дугаар /хх-8/, мөн  2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаар /хх-9/ албан тоотууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн тооцоолол зэргийг нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Б з ө б ц т с ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж үйлдвэрийн ослыг тогтоосон акт /хх-28-32/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-33/, нэхэмжлэгч М.М нөхөн төлбөр олгох, буцалтгүй тусламж үзүүлэх, зардал гаргах, комисс томилох тухай тушаал /34-52/-уудыг  шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.М нь 2011 онд хариуцагч байгууллагад жолоочоор ажиллаж байхдаа осолд өртсөн, уг ослыг үйлдвэрийн осол гэж тооцсон, үйлдвэрийн ослыг тогтоосон акт болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг харгалзан эмчилгээний зардал, буцалтгүй тусламжаас гадна 2011 онд 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 удаа олгосон зэрэг үйл баримт тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “ Үйлдвэрийн осол ...улмаас хөдөлмөрийн чадвараа ....71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа  олгоно “ гэснээс үзэхэд нэхэмжлэгч нь дахин нөхөн төлбөр гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэл бүхий болсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан  “ нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэдэг нь  “ ...нэг удаа заавал олгохыг хэлэх ба хөдөлмөрийн чадвар алдалтын хувь багассан, нэмэгдсэн тохиолдолд нэгээс дээш удаа олгоно. ....хэмжээ өөрчлөгдөөгүй боловч ... нэгээс дээш удаа олгосон тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэхгүй “ гэсэн тайлбарын агуулгад бүрэн нийцсэн  байна.

Энэхүү үйл баримт нь цаг хугацааны хувьд  1999 оны Хөдөлмөрийн хуулийг дагаж мөрдөж байх үед хамаарах ба шүүх уг хуулийг  хэрэглэсэн нь иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч М.М нь ажил олгогч байгууллагад 2021 оны 06 дугаар сарын 23-д нөхөн төлбөр гаргуулах тухай өргөдөл гаргасан, ажил олгогч уг өргөдлийг холбогдох хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, өргөдөл гаргах үедээ нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээ 79 хувь байсныг харгалзан  анхан шатны шүүхээс 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөрийг гаргуулсан нь зөв болжээ.

Мөн шүүх нь нэхэмжлэгчийн сарын цалингийн дундажыг тодорхойлохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  2021 оны а/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам, хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг үндэслэн сүүлийн 6 сарын цалингийн дундажаар тооцсон нь буруу биш байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 134/ШШ2022/00048 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263093 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход   саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

...................ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ..........................О.ОДНЯМАА

 

...................ШҮҮГЧИД...........................................Х.БАЙГАЛМАА

 

.....................................................................           Г.ТЭГШСУУРЬ