Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2026/ДШМ/190

 

2026             02            11                                                                      2026/ДШМ/190

 

Д.И-, Б.Ч- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

хохирогч БНХАУ-ын иргэн Г- /Г-/-ийн хууль ёсны төлөөлөгч В- Liang/, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, орчуулагч А.Энхжаргал,

цагаатгагдсан этгээд Д.И-,

цагаатгагдсан этгээд Б.Ч-, түүний өмгөөлөгч М.Сонинбаяр, Б.Мэргэн,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2259 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Бат-Эрдэнийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В- Liang/-ийн өмгөөлөгч М.Сугарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.И-, Б.Ч- нарт холбогдох эрүүгийн 2311018301203 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б- овгийн Д-ын И-, ........,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, /РД: Д-/;

2. Б- овгийн Б-н Ч-, .......,

Ажилчны Районы шүүхийн 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109.Б-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж ялыг 2 жилийг хугацаагаар хойшлуулсан,

Октябрийн Районы шүүхийн 1987 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор 109.Б-Д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, /РД: Б-/;

Д.И- нь "Ш-" ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Б.Ч-тай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ш-” оффисын 1101 тоотод байхдаа 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус компанийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргал сумын Элдэв багийн нутаг дэвсгэрт байрлах уурхайгаас 1 жилийн хугацаанд 13,096,755,301,89 төгрөгийн үнэ бүхий 600.000 тонн нүүрсний "Уурхай түрээсээр эзэмших, ашиглах гэрээ"-г байгуулж, уг гэрээгээр халхавчилж дээрх тооны нүүрс олборлох тоног төхөөрөмж, бэлэн байгаа гэж итгэл үнэмшил төрүүлэн, баримт бичиг ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, анхнаасаа хагасыг нь өгч, хагасыг өгөхгүй байх зорилгоор хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард улсын ӨМӨЗО-ны иргэн Г- /Г-/ буюу "Б-" ХХК-ийн эзэмшигч, хөрөнгө оруулагчаас зөвхөн "Ч-" ХХК-аар нүүрс олборлолт, хөрс хуулалтын ажлыг гүйцэтгүүлэхээр Дорноговь аймгийн Даланжаргал сумын Элдэв багийн нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд 7,833,680,789,41 төгрөгийн үнэ бүхий 358,883.85 тонн нүүрс олборлуулж, үлдэгдэл 244,116.15 тонн нүүрсний үнэ 7,023,144,499,68 төгрөгийг мөн 500 тонн нүүрс олборлох, хөрс хуулалт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өөрт ногдох ашиг гэж 18,077,178,482.12 төгрөгийг авч 285,984.28 тонн нүүрс олборлох, хөрс хуулалтын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ажлыг гүйцэтгэж, үлдэгдэл 214,015.72 тонн нүүрсний үнэ болох 8,547,178,807.92 төгрөг буюу нийт 15,570,323,306 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, их хэмжээний хохирол учруулж залилсан,

мөн "Ш-" ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу татвар төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага Б.Ч-тай бүлэглэн тус компанийн эзэмшил дэх М\/-011281 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Далан нэртэй газар орших 344.70 гектар талбайд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн хооронд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахдаа 5,775,325,347.72 төгрөгийн татвар ногдох их хэмжээний орлогыг нуун дарагдуулж, холбогдох тайланд тусгалгүйгээр татвар төлөхөөс зайлсхийсэн,

Б.Ч- нь Д.И-той бүлэглэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ш-” оффисын 1101 тоотод байхдаа 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус компанийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргал сумын Элдэв багийн нутаг дэвсгэрт байрлах уурхайгаас 1 жилийн хугацаанд 13,096,755,301,89 төгрөгийн үнэ бүхий 600.000 тонн нүүрсний "Уурхай түрээсээр эзэмших, ашиглах гэрээ"-г байгуулж, уг гэрээгээр халхавчилж дээрх тооны нүүрс олборлох тоног төхөөрөмж, бэлэн байгаа гэж итгэл үнэмшил төрүүлэн, баримт бичиг ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, анхнаасаа хагасыг нь өгч, хагасыг өгөхгүй байх зорилгоор хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард улсын ӨМӨЗО-ны иргэн Г- /Г-/ буюу "Б-" ХХК-ийн эзэмшигч, хөрөнгө оруулагчаас зөвхөн "Ч-" ХХК-аар нүүрс олборлолт, хөрс хуулалтын ажлыг гүйцэтгүүлэхээр Дорноговь аймгийн Даланжаргал сумын Элдэв багийн нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд 7,833,680,789,41 төгрөгийн үнэ бүхий 358,883.85 тонн нүүрс олборлуулж, үлдэгдэл 244,116.15 тонн нүүрсний үнэ 7,023,144,499,68 төгрөгийг мөн 500 тонн нүүрс олборлох, хөрс хуулалт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өөрт ногдох ашиг гэж 18,077,178,482.12 төгрөгийг авч 285,984.28 тонн нүүрс олборлох, хөрс хуулалтын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ажлыг гүйцэтгэж, үлдэгдэл 214,015.72 тонн нүүрсний үнэ болох 8,547,178,807.92 төгрөг буюу нийт 15,570,323,306 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, их хэмжээний хохирол учруулж залилсан,

мөн "Ш-" ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу татвар төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага болохын хувьд тус компанийн эзэмшил дэх МV-011281 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Далан нэртэй газар орших 344.70 гектар талбайд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн хооронд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахдаа Д.И-той бүлэглэн 5,775,325,347.72 төгрөгийн татвар ногдох их хэмжээний орлогыг нуун дарагдуулж, холбогдох тайланд тусгалгүйгээр татвар төлөхөөс зайлсхийсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.И-, Б.Ч- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ч-, Д.И- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж, шүүгдэгч Б.Ч-, Д.И- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Ч-, Д.И- нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан тул хохирогч нарын нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Ч-, Д.И- нар нь өөрт учирсан хохирлыг өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ч-, Д.И- нар нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрийн оршин суугаа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В- Ч-/-ийн өмгөөлөгч М.Сугар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны тойргийн шүүх эрүүгийн 2311018301203 тоот хэргийг хүлээн авч 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд Д.И-, Б.Ч- нар нь урьдчилан үгсэн тохиролцсоны үндсэн дээр гэрээгээр халхавчилж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдоогүй, талуудын хооронд үүссэн дээрх маргаан нь гэрээний үүргийн биелэлттэй холбоотой иргэний журмаар шийдүүлбэл зохих гэрээний эрх зүйн маргаан байх бөгөөд залилах гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан шийдвэр гаргасан. “Залилах” гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Энэ гэмт хэргийг хуурах, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар үйлдсэн байна. Бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэж хуульд заасан арга хэрэглэж, хохирогчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хууль бусаар авах үйлдлийг хэлнэ. Хуурах гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг, зохиомол байдпыг зориудаар бий болгох гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгохыг, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж гэж дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдагдалтай, хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух зэргээр бусдыг төөрөгдүүлж, эд хөрөнгө, эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг тус тус ойлгоно. Шүүгдэгч Д.И- нь Б.Ч-тай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ш- оффисын 1101 тоотод 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус компанийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргал сумын Элдэв багийн нутаг дэвсгэрт байрлах уурхайгаас 1 жилийн хугацаанд 600.000 тонн нүүрсийг 4,200,000 америк ам.доллароор худалдан авах, түрээслүүлэх санал тавьж улмаар "Уурхай түрээсээр эзэмших, ашиглах гэрээ"-г байгуулж гэрээгээр халхавчилж дээрх тооны бичиг ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, нүүрс олборлох тоног төхөөрөмж, бэлэн байгаа гэж итгэл үнэмшил төрүүлэн баримт анхнаасаа хагасыг нь өгч, хагасыг өгөхгүй байх зорилгоор хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард улсын ӨМӨЗО-ны иргэн Г- буюу "Б-" ХХК-ийн эзэмшигч, хөрөнгө оруулагчаас зөвхөн "Ч-" ХХК-аар нүүрс олборлолт, хуулалтын ажлыг гүйцэтгүүлэхээр шаардан үйл ажиллагааг нь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд 360,000 тонн удаашруулж Дорноговь аймгийн Даланжаргал сумын Элдэв багийн нутаг дэвсгэрт хөрс хуулалтын ажилд 34.106.529 юань, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, нүүрс олборлуулж, үлдэх 240,000 тонн нүүрсний үнэ 1,680,000 ам.доллар, верт оногдох ашиг гэж 8.800.000 юань буюу нийт 52.906.529 юанийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Анхан шатны шүүх Д.И-, Б.Ч- нарын үйлдэлд дүгнэлт хийхдээ хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн авсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 3 дахь хэсэг “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус зааснаар хэргийн үйл баримт, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзэлгүйгээр шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байлдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2259 тоот цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Бат-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн цагаатгах тогтоолыг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: Прокуророос Б.Ч- нь Д.И-той бүлэглэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ш- оффисын 1101 тоотод байхдаа 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус компанийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргал сумын Элдэв багийн нутаг дэвсгэрт байрлах уурхайгаас 1 жилийн хугацаанд 13,096,755,301,89 төгрөгийн үнэ бүхий 600.000 тонн нүүрсний “Уурхай түрээсээр эзэмших, ашиглах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр халхавчилж дээрх тооны нүүрс олборлох тоног төхөөрөмж, бэлэн байгаа гэж итгэл үнэмшил төрүүлэн, баримт бичиг ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, анхнаасаа хагасыг нь өгч, хагасыг өгөхгүй байх зорилгоор хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард улсын ӨМӨЗО-ны иргэн Г- буюу “Б-” ХХК-ийн эзэмшигч, хөрөнгө оруулагчаас зөвхөн "Ч-" ХХК-аар нүүрс олборлолт, хөрс хуулалтын ажлыг гүйцэтгүүлэхээр Дорноговь аймгийн Даланжаргал сумын Элдэв багийн нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд 7,833,680,789,41 төгрөгийн үнэ бүхий 358,883.85 тонн нүүрс олборлуулж, үлдэгдэл 244,116.15 тонн нүүрсний үнэ 7,023,144,499,68 төгрөгийг мөн 500 тонн нүүрс олборлох, хөрс хуулалт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өөрт ноогдох ашиг гэж 18,077,178,482.12 төгрөгийг авч 285,984.28 тонн нүүрс олборлох, хөрс хуулалтын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ажлыг гүйцэтгэж, үлдэгдэл 214,015.72 тонн нүүрсний үнэ болох 8,547,178,807.92 төгрөг буюу нийт 15,570,323,306 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, их хэмжээний хохирол учруулж залилсан, мөн Б.Ч- нь “Ш-” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу татвар төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага болохын хувьд тус компанийн эзэмшил дэх М\/-011281 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Далан нэртэй газар орших 344.70 гектар талбайд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн хооронд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахдаа Д.И-той бүлэглэн 5,775,325,347.72 төгрөгийн татвар ногдох их хэмжээний орлогыг нуун дарагдуулж, холбогдох тайланд тусгалгүйгээр татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэхүү гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байхад шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг цагаатгажээ.

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хувьд: Шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасны дагуу хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “Ш-” ХХК нь төрд төлөх татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлийг татварын албаны мэдээллийн бааз дахь мэдээлэл, холбогдох төрийн байгууллага болох Гаалийн бүрдүүлэлт, мэдээнд тулгуурлан Татварын байгууллагаас гэмт хэргийн шинжтэй үйлдэлд танилцуулга бичиж, үүнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол...” шинжээч томилж, шинжилгээ хийлгэхийг хуульчилж өгсний дагуу Шинжлэн магадлахуй “Ч- аудит” ХХК-аар санхүүгийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. Дээрх шинжээчийн дүгнэлтэд “Ш-”-ийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг нийт 5,775,325,347.72 төгрөгийг нуун дарагдуулсан, зайлсхийсэн үйлдлийн талаар тодорхойлсон. Хэрэгт авагдсан санхүүгийн тусгай мэдлэг шинжээчийн дээрх гэмт хэргийн улмаас төрд учруулсан хохирлыг нэг мөр тогтоосон байхад анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийж чадаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг зөвхөн шүүх тогтооно гэж заасан тул шүүхээс тогтоож буй үйл баримт бүхэлдээ нотлох баримт, үндэслэгээнд суурилсан байна. Гэтэл авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай шалгаж, цогц байдлаар үнэлэхийн оронд яллах талын нотлох баримтуудыг огт няцаан үгүйсгэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүйгээс гадна шүүхийн шийдвэр бичих хуулийн болоод аргачлалд заасан шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Монгол улсын татвар нь: албан татвар, төлбөр, хураамж /цаашид "татвар" гэх/-аас бүрдэнэ гэж заасан бөгөөд хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улсын болоод орон нутгийн төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ. Татвар төлөгч нь татвар ногдох зүйл болон татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, түүнтэй холбогдох тооцоо, мэдээ, тайланг хугацаанд нь Татварын албанд хүргүүлэх зэрэг үүргийг хүлээнэ. Хуулиар тогтоосон татвар ногдох орлоготой буюу эд хөрөнгөтэй, эсхүл тодорхой ажил үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, хэн боловч төрд мөнгөн хэлбэрээр татвар заавал төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл хүлээлгэх учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Татвар төлөхөөс зайлсхийх" гэмт хэрэг нь мөн хуулийн 18 дугаар бүлэгт заасан "Эдийн засгийн гэмт хэрэгт" хамаарах бөгөөд уг гэмт хэргийн үндсэн шинжийг "Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан" үйлдэл байхаар тодорхойлж хуульчилсан байна. Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн субъект нь татвар ногдвол зохих орлого, эд хөрөнгөтэй болон ажил үйлчилгээ эрхлэн гүйцэтгэж байгаа, хэрэг хариуцах чадвартай, Монгол улсын иргэн, гадаадын харьяат, аль ч улсын харьяалалгүй хүн, хэн ч байж болох бөгөөд тухайн гэмт хэргийн обьектив шинж нь татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг нуух, тэдгээрийн тоо хэмжээ, үнэлгээг зориуд бууруулан мэдээлэх зэрэг арга хэлбэрээр татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн идэвхтэй үйлдэл байхаас гадна татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлж өгөхгүй байх, татварыг зохих ёсоор төлөхгүй байх гэсэн гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл, эс үйлдэхүйн хэлбэрээр илэрхийлэгдэнэ. Татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэдэгт албан татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг татварын албанаас өнгөлөн далдлах буюу данс бүртгэл, тайлан баланст  тусгахгүй байх, үндэслэлгүйгээр бусдад шилжүүлэх, хууль бус хэлцлээр халхавчлах, хуурамчаар өглөг үүсгэх, холбогдох баримт бичгийг нууцлах, орлого, эд хөрөнгө, ажил үйлчилгээний тоо, хэмжээ үнийн дүнг нягтлан бодох бүртгэл, тайлан мэдээ, тайлан тэнцэл, орлого, татвар тодорхойлох хуудсанд дутуу мэдээлж татварын хэмжээг багаар тооцох зэргийг ойлгох юм. Шүүгдэгч "Ш-" ХХК-ний 50 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Ч- нь Д.И-той тус хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд заасан "Ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр, "Ш-" ХХК-ийн эзэмшилд байх М\/-011281 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Далан нэртэй газар орших 344.70 гектар талбайд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн хооронд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахтай холбогдсон нийт 5,775,325,347.72 төгрөгийн татвар ногдох их хэмжээний орлогыг нуун дарагдуулж, холбогдох тайланд тусгалгүйгээр татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн нарын энэхүү үйлдэл нь "татвар төлөгч хувь хүн ... татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон, нуусан" буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Татвар төлөхөөс зайлсхийх" гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэм буруутай үйлдэл байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн объект буюу энэ гэмт хэргийн халдлагын зүйл нь төрөөс татвар төлөх талаар тогтоосон журам байна. Татвар төлөхөөс зайлсхийх нь улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөрөөр нөлөөлдөг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм. Монгол Улсад татвар, түүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа, харилцаа нь Татварын ерөнхий хууль болон түүнд дагалдах хууль, дүрэм, журмаар зохицуулагдах бөгөөд татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд хэн аль нь хууль тогтоомж, дүрэм журмыг сахин биелүүлэх үүрэгтэй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд ял завшуулах бүрэн боломжийг олгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйл “Хуулийн зорилго”, 1.2 дугаар зүйл “Хууль ёсны”, 1.3 дугаар зүйл “Шударга ёсны” зарчмууд алдагдсан гэж үзэж байна.

Залилах гэмт хэргийн хувьд: хэргээс үзэхэд анх хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард улсын ӨМӨЗО-ны иргэн Г- буюу "Б-" ХХК-ийн эзэмшигч, хөрөнгө оруулагчаас шүүгдэгч Б.Ч- түүний болон бусад этгээдийн хувь оролцоотой "Ш-" ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргал сумын Элдэв багийн нутаг дэвсгэрт байрлах уурхайгаас сард 50.000 тонн нүүрс гаргахаар 1 жилийн хугацаанд нийт 600.000 тонн нүүрс олборлох гэрээг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ш- оффисын 1101 тоотод 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулж 4,200,000 америк ам.доллар өгсөн байх ба энэ гэрээ болон бусад тохиролцоогоор бүрэн шийдэж дуусгах зорилготой гэж талууд томьёолсон /дараагийн 42,906,529 юанийн хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны зардал болох хөрс хуулалт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн санхүүжилт, урсгал зардал/ юанийн болон ам.долларын хөрөнгө оруулалтыг "Ш-" ХХК болон "Ч-" ХХК-д Б.Ч-, Д. И- нарт хийгдсэн байна. Шүүгдэгч Б.Ч-, Д.И- нь уурхай түрээсээр эзэмших, ашиглах гэрээ"-г гэрээг 1 жилийн хугацаанд 13,096,755,301,89 төгрөгийн үнэ бүхий 600.000 тонн нүүрсийг худалдан авахаар тохирч хийсэн бөгөөд харин гэрээнд заасан 7,833,680,789,41 төгрөгийн үнэ бүхий 358,883.85 тонн нүүрс олборлуулж үлдэгдэл төлбөрийг өгөлгүй мөн Бүгд Найрамдах Хятад Ард улсын ӨМӨЗО-ны иргэн Г- буюу "Б-" ХХК-ийн эзэмшигч, хөрөнгө оруулагчаас зөвхөн "Ч-" ХХК-аар нүүрс олборлолт, хуулалтын ажлыг гүйцэтгүүлэхээр шаардсаны дагуу хөрс хуулалтын ажилд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өөрт оногдох ашиг төлбөрийг шилжүүлсэн байхад үйл ажиллагааг нь удаашруулсан, "Ч-" ХХК-ийн техник хэрэгслээр бүрэн хангах үүргийг хэрэгжүүлэхгүй тодорхой хугацаанд нүүрс олборлох нөхцөлийг бүрэн хангахгүй гэрээний хугацааг дуусгасан, тохиролцсон гэрээний дагуу төлбөр мөнгийг бүрэн шилжүүлсэн байтал хохирогчоос анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан зүйлийг хохирогчид амлаж, төөрөгдөлд оруулан хуурч мэхлэх замаар төлбөрийг залилсан нөхцөл байдал тогтоогдож байна. Энэхүү нөхцөл байдал иргэний хуульд заасан гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхтэй холбогдон үүссэн эрсдэлээс ялгагдаж байгаа юм.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 51 дугаартай тогтоолд "Залилан мэхэлж авах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал /хохирогч/ нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ." гэх тайлбар,

 Өөрөөр хэлбэл, бусдыг хуурч, баримт бичиг ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай хэмжээнд тогтоосон байхад шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шаардлага хангаагүй гэж үзэхээр байна. Шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана” гэснийг зөрчиж, үндэслэл бүхий няцаан үгүйсгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж үзэж байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2259 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В- Ч-/-ийн өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие прокурорын гаргасан эсэргүүцэл болон М.Сугар өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Миний үйлчлүүлэгч БНХАУ-ын иргэн бөгөөд Монгол улсад ашиг олох, бизнес эрхлэхээр хөрөнгө оруулалт хийсэн. Д.И-, Б.Ч- нартай холбогдсоноор хэрэгт авагдсан нөхцөл байдал үүссэн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харах юм бол энэ нь залилах гэмт хэргийн шинжийг агуулсан нь харагддаг. Өөрөөр хэлбэл бодит байдлыг нуун дарагдуулсан. Цагаатгагдсан этгээд Д.И-, Б.Ч- нар Монгол Улсад энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хэрхэн үйл ажиллагааг мэддэг байдлаа ашиглан мөн хохирогчийн Монгол улсын хууль, дүрмийг мэдэхгүй байдлыг нь ашиглан гэрээгээр халхавчилсан. Гэрээгээр халхавчилсан нөхцөл байдал нь эргээд цагаатгах нөхцөл байдалд хүргэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Өөрөөр хэлбэл энэ нь гэрээний харилцаа гэх үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг үйлдэхдээ гэрээгээр халхавчилсан. Анхан шатны шүүх хэрэгт байх бусад баримтуудыг харьцуулан гэрээгээр халхавчилсан байна уу эсхүл иргэний эрх зүйн харилцаа байна уу гэдгийг тогтоох ёстой байсан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг харахаар тухайн гэрээг л иш татаж үндэслэлээ тайлбарласан. Бусад нотлох баримтыг иш татан тайлбарласан зүйл байдаггүй. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Тийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийн хохирлыг барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В- Ч-/ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна. Бид нар анхнаасаа хөрөнгө оруулалт хийгээд гэрээний дагуу бүх зүйлээ хийсэн. Хөрөнгө оруулалтаа хийсэн. Анхнаасаа залилангийн шинж байсан гэж үзэж байна. Бид нар бүх мөнгөөрөө хөрөнгө оруулахдаа гэрээнд заасны дагуу хийсэн. Эцэст нь цаг хугацаандаа нүүрсээ гаргаж чадахгүй нүүрсээ алдаад үргэлжлүүлээд залилангийн хэрэг болсон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус байна. Хуулийн дагуу шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.И- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч болон прокурорын зүгээс гэрээтэй холбоотой залилсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх дээр бид хэдэн өдөр, хэдэн цаг мэтгэлцээд хэрэгт авагдсан баримтуудаар нотолсон. Гэрээний дагуу сар бүр төлбөр төлөх ёстой. Гэтэл 200 удаа төлбөр төлсөн байна, яагаад вэ гэрээний үүргээ биелүүлсэн юм уу гэдэг дээр хүртэл маргасан. Энэ бүхний эцэст цагаатгагдаж шийдвэрлэгдсэн. Хэрвээ өнөөдөр гэрээний үүрэгтэй холбоотой асуудал яригдах гэж байгаа бол "Ч-" ХХК өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох ёстой. Хөрсийг нь би хуулаагүй. Хөрсийг нь "Ч-" ХХК хуулсан. Яагаад намайг дуудаад ямар ч хамаагүй хэрэг дээр яллаж байгааг би ойлгохгүй байна. Хохирогчийн өмгөөлөгч шинээр оролцож байгаа юм байна. Бидний байгуулсан гэрээ хөрөнгө оруулалтын гэрээ биш. Нүүрсний уурхай түрээсээр ашиглах гэрээ байгуулсан. 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээ. Прокурор 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нүүрсний уурхайг түрээсээр ашиглаж болохгүй гэх шийдвэр гарсан гэж тайлбарлаж байна. Гэтэл бид түүнээс өмнө буюу шүүхээс ямар шийдвэр гарахыг мэдэхгүйгээр гэрээ байгуулсан шүү дээ. Гэхдээ энэ гэрээг би байгуулаагүй. "Ш-" ХХК болон "Б-" ХХК нарын хооронд байгуулагдсан. Үүнд би ямар холбоотой татагдаж байгааг мэдэхгүй байна. Намайг "Ч-" ХХК-ийн өмнөөс явсан гэж буруутгаж байх шиг байна. "Ч-" ХХК чинь өөрөө бие даан үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Техник төхөөрөмжөөрөө хөрсийг нь хуулсан. Хуулсан хөрсний төлбөрийг сард нэг удаа хэмжилт хийгээд нэг удаа авах байдлаар 12 сарын хугацаанд 12 удаа төлбөрөө авах ёстой байсан. Гэтэл сүүлийн хоёр сарын төлбөрийг авалгүйгээр 10 сарын хугацаанд 217 удаагийн үйлдлээр тасалж мөнгө авсан байдаг. Тийм юм чинь "Ч-" ХХК хэрхэн нүүрсийг чинь гаргаж өгөх юм бэ. Энэ нь иргэний эрх зүйн харилцаа. Та нар төлбөрөө төлөөгүй учраас нүүрсийг чинь удаан гаргаж өгсөн байна. Энэ нь надад байж болох зүйл юм шиг санагдаж байна. Гэтэл энэ асуудлыг яагаад аймшигтай их мөнгөн дүнгээр харлуулж харагдуулаад байгааг би ойлгохгүй байна. Хэчнээн их мөнгө байсан хэдий ч 217 удаа тасалж өгөх юм бол хэн ч байсан ажлыг чинь хийж өгч чадахгүй. Шүүхийг ингэж доромжилж болохгүй шүү дээ. Прокурорын зүгээс хүртэл нэг бол үүнийг хөрөнгө оруулалтын гэрээ гэж тайлбарлаж байна. Прокурор хүн шүүхийн өмнө хуулийн хэллэгийг надаас илүү мэдэж байх ёстой. Анхнаасаа өгөхгүй зорилгоор гэрээ байгуулсныг хэн нотлоод байгаа юм бэ. Талыг нь өгөөд талыг нь өгөхгүй гэж тодорхойлсныг хэрхэн тогтоогоод байна вэ гэдгийг би ойлгохгүй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн олон өдөр үргэлжилсэн хуралдаанд тайлбарласан. Би өөрийнхөө гэм буруугүй гэдгийг мөн энэ үйл ажиллагаа хохирогч талын буруутай үйл ажиллагаанаас болж удааширсан талаар олон удаа нотолсон. Мөнгөн дүнгээр "Б-" ХХК "Ч-" ХХК-д 20,000,000,000 төгрөгийн өртэй байгаа. Тийм учраас "Ч-" ХХК-ийг дуудахгүйгээр голд нь байсан намайг дуудаж байна. Миний зүгээс хууль зөв бурууг дэнсэлдэг болов уу гэж харж байгаа. Энгийн хүний нүдээр харахад гэм буруутай "Б-" ХХК "Ч-" ХХК-аар яллагдагчаар татагдсан явж байж яагаад өнөөдөр өөрсдийнхөө төлөөгүй мөнгийг өөр хүнээс нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Татварын асуудал нуун дарагдуулсантай холбоотой тайлбар хэлэхэд энэ нь гэмт хэрэг биш. 2019 оноос хойш цагдаагийн байгууллагад үүнтэй холбоотой асуудалтай байгаа. Хэн нь тайлан, төлөвлөгөөгөө өгөх нь мэдэгдэхгүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн маргаантай асуудал бий. Тиймээс магадгүй зарим тохиолдолд тайлан төлөвлөгөөгөө буруу зөв өгсөн, хэн нь өгөх нь ойлгомжгүй болоод орхигдсон асуудал бий. Энэ нь гэмт хэрэг биш. Татварын өрд 2014 оноос 2015 онд Б.Ч- захирал 2,000,000,000-3,000,000,000 гаруй төгрөг төлөөд л явж байгаа. Татвар үүсдэг ба бас төлдөг. Өөрөөр хэлбэл цар тахлаас хойш үргэлжилж байгаа энгийн нөхцөл байдал гэж үзэж байна. Мөн өнөөдрийг хүртэл үүссэн бүх татвар нь "Б-" ХХК-ийн авч явсан нүүрсний татвар гэдгийг ойлгох хэрэгтэй. "Б-" ХХК тухайн үед түрээсэлсэн уурхайгаасаа авч явсан нүүрсний татварыг төлөөгүй асуудал байгаа. Энэ асуудал нь яагаад "Ш-" ХХК-тай холбоотой гэж үзэж байгааг би ойлгохгүй байна. “Ч-” ХХК "Б-" ХХК-ийн өмнөөс аль хэдийн татварын өрөнд орсон байгаа. Түүнийхээ актыг хүлээгээд авсан байсан. Хохирогч тал “Ч-” ХХК-ийг залилан мэхлээд бид нар та нарын байгууллагын нэрээр татвараа төлөөд явчихна, манайх Хятад байгууллага учраас болохгүй байна гэх итгэл төрүүлсэн. Ингэж өөрсдийнхөө олборлож гаргасан нүүрсийг гадагшаа гаргасан. “Ч-” ХХК одоогийн байдлаар 7,000,000,000 гаруй төгрөгийн татварын өрөнд орсон. Энэ талаар мөн анхан шатны шүүх хэлэлцэгдсэн ба хэрэгт авагдсан. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Ч- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би энэ хэрэгтээ холбоотой 5-6 жил шалгагдаж байна. Хятадуудтай холбоотой асуудал хэрэгсэхгүй болж байсан боловч хэн нь яаж сэргээснийг би мэдэхгүй байна. Дээд шатны прокурорт нь энэ асуудлаа шүүхээс шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан. 2019 оны 10 дугаар сард прокурорын тайлбарлаад байгаа хууль гарсан юм байна лээ. Харин бид 2019 оны 08 дугаар сард гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээ гэж тайлбарлаад байх юм. Энэ хөрөнгө оруулалтын гэрээ огт биш. Би өөрийн байгууллагаараа хөрсийг нь хуулсан. Нүүрс нь ил болсон байсан уурхай байсан. Хөрснийх нь мөнгийг 4,000,000 ам.долларт нөхөж авсан. Хохирогч талаас надтай гуйж гэрээ байгуулсан. Би хохирогч талтай гэрээ байгуулахгүй гэж байсан. Яг үнэндээ Д.И- болон эд нарын дарга хоёр чинь найзууд шүү дээ. Сүүлд нь над дээр ирж гэрээ хийсэн. Түүнээс би энэ хүмүүстэй гэрээ хийе гэж огт гуйгаагүй. Нэг жилийн хугацаанд гэрээ хийсэн. Аман тохироо хийсэн гэж тайлбарлаад байх юм. Надад огт техник байгаагүй. Зөвхөн түрээслээд орхисон асуудал бий. Би тухайн техник төхөөрөмжтэй холбоотой асуудалд үүрэг хүлээх ёсгүй. Байгуулсан гэрээнд 50,000 тонн нүүрсийг сар бүр авах үүрэгтэй. Гэтэл тэр үүргийнхээ талаар хохирогч талаас огт ярихгүй байна. Мөн надад сүүлийн хоёр сарын түрээсийн мөнгөө огт төлөөгүй. Адилхан бизнес эрхэлж байгаа гадаад хүн юм гээд би их харж үзсэн. Гэрээ нь дуусахаар нь та нар гэрээгээ үргэлжлүүлээд хий, гэрээтэй байхгүй бол болохгүй, би хууль зөрчөөд байна гэж хэлсэн. Би ямар ч гэрээгүйгээр хугацааг нь 4 сараар сунгаж өгсөн. Үүний дараа сунгахгүй байсан учраас би хууль зөрчөөд байна, та нар гэрээгээ хийгээч гэж хэлсэн чинь намайг цагдаад өгсөн. Татвартай холбоотой асуудал ярьж байна. Гэрээ дууссаны дараа Татварын ерөнхий газраас над дээр шалгалт хийсэн. Нийслэлийн татварын байгууллагаас гурван хүн ирээд танай байгууллага 1,700,000,000 төгрөгийн татварын асуудалтай байна гэж хэлсэн. Би тухайн үед нь уучлаарай гэж хэлээд хүлээн аваад төлсөн. Гэтэл үүнийг төлөгдөөгүй гэж тайлбарлаж байна. Тэр талаарх шалгалтыг зөв эсхүл буруу хийсэн нь миний асуудал биш. Татварын байгууллагад энэ хүнийг шалгаж өгнө үү гэсэн гомдлыг хэн ч өгөөгүй. Прокурорын зүгээс татварын байгууллагад хандаж энэ хүнтэй холбоотой татварын асуудал байна уу гэж шалгасан асуудал бий. Хохирогч талаас ашиг олоогүй гэж тайлбарлаж байна. Гэвч тухайн үеийн ханшаар 150,000,000,000 төгрөгийн ашиг олсон. Гэвч нэг ч татвар төлөөгүй нүүрсээ аваад гарсан. Өөр дүүрэг дээр яллагдагчаар татсан тогтоол гэж прокурорын зүгээс худлаа тайлбар хэлж байна. Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийнхөө байгууллагын 50 хувийн хувьцааг зарчхаад байхад 2023 оноос 2024 оны хэрэг дээр намайг яллагдагчаар татсан. Тэр хэрэг надад огт хамаагүй. Байгууллагынхаа хувьцааны 50 хувийг зараад 3 жил болсны дараа яллагдагчаар татаж байна лээ. Анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсний маргааш нь намайг дуудаж яллагдагчаар татаж байна лээ. Техник болон хөрс хуулалттай холбоотой асуудал надад огт хамаагүй. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Ч-ын өмгөөлөгч Б.Мэргэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Х.Баатарбилэг өмгөөлөгч гэрээгээр халхавчилсан гэдэг зүйл дээр тайлбар хэлж байна. Түүнээс бичгээр өгсөн М.Сугар өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг харахад яллах дүгнэлтийн тэмдэглэл хэсгээс хэргийн агуулгыг бичээд шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдал нийцэхгүй байна, Эрүүгийн хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн байна. Дүгнэлтээс харахад хэргийн ямар бодит байдалтай яаж нийцэхгүй байгаа эсэх, Эрүүгийн хуулийн ямар хууль заалтыг хэрхэн тайлбарлах ёстой байхад яаж буруу тайлбарласан эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн ноцтой зөрчиж байгаа эсэх, ямар нотлох баримтыг дутуу шалгасан эсэх, үнэлэх ёстой ямар нотлох баримтад дүгнэлт хийгээгүй эсэх нь тодорхойгүй байна. Ерөнхий агуулга нь би гомдол гаргаж байна, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн байна. Давж заалдах гомдолдоо хэргийн үйл баримтыг бичээд араас нь цагаатгаж шийдвэрлэсэн талаар нь бичсэн байна. Надад өмгөөлөгчийн хувиар давж заалдах гомдолд хариу тайлбар хэлэх ямар ч боломж алга. Шаардлага байхгүй гэж үзэж байна. Гомдож байна гэх ганц үг дээр би ямар тайлбар хэлэх юм бэ. Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар хэлье. “...Шинжээчийн дүгнэлтэд 5,775,325,347 төгрөгийн нуун дарагдуулсан, зайлсхийсэн үйлдлийн талаар тодорхойлсон, нэг мөр тогтоосон байхад шүүх бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийгээгүй...” гэж тайлбарлаж байна. Прокурор анх яллах дүгнэлт үйлдэхдээ 33,190,000,000 төгрөгийн татвараас зайлсхийсэн гэж дүгнэсэн. Яллах дүгнэлт нь ойлгомжгүй байсан учраас анхан шатны шүүхээс 60 хоногийн хугацаа өгч яллах дүгнэлтээ тодорхой болго, зарим нэмэлт ажиллагааг хий гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Үүний дагуу прокурорын зүгээс яллах дүгнэлтээ өөрчилсөн. Ингэхдээ 33,190,000,000 төгрөг гэснийг 5,700,000,000 төгрөг болгосон. Шинжээчийн дүгнэлтээр нэг мөр тогтоогдсон зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд “...татварын улсын байцаагч нарын танилцуулагдах дүнг тогтоохдоо хөндлөнгийн мэдээлэл ашигласан санхүүгийн баримт мэдээллийг шалгаагүй байна, татварын танилцуулгаар тогтоогдсон зөрчлийн дунд гурван төрлийн татвар ногдож болох юм гэж үзээд "Ш-" ХХК-ийн нуун дарагдуулсан орлогыг 33,190,502,000 төгрөг гэж үзэхээр байна гэсэн боловч холбогдох тооцооллыг нарийг хийгээгүй байна, шинжилгээнд санхүүгийн анхан шатны баримтуудыг ирүүлээгүй, зөрчлөөс хасагдах зардлыг тооцох боломжгүй байсан, тиймээс дээрх ногдуулах татварын дүнд өөрчлөлт орох боломжтой байна, "Ш-" ХХК-ийн зөрчлийн дүн тус компанийн эзэмшлийн талбайгаас эх үүсвэртэй болон түрээсээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын борлуулалтын орлоготой давхацсан байх боломжтой, татварын ногдлыг эцсийн байдлаар тогтоохын тулд "Ш-" ХХК-ийн 2020 он болон 2021 оны санхүүгийн баримтуудыг бүрэн шалгалтад оруулах шаардлагатай...” гэж дүгнэлт гаргасан. Тодруулбал эцэслэн тогтоосон шинжээчийн дүгнэлт байхгүй. Шинжээч нэг мөр эцэслэн тогтоохын тулд эдгээр баримтууд шаардлагатай байна, эдгээр баримтууд байхгүй байна, прокуророос өгсөн баримтын хүрээнд тогтоох юм бол 5,700,000,000 төгрөгийн татвар байх боломжтой гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргасан. Тиймээс яллах дүгнэлтийн ойлгомжгүй байдал хэвээрээ л байсан. Прокурорын сүүлийн яллах дүгнэлтэд хүртэл татварын хэмжээг хольж бичсэн байсан. Аль дүнгээр нь тогтоох гэж байгаа нь ойлгомжгүй байсан. Мөн 5,775,000,000 төгрөгийн татвар ногдох их хэмжээний орлогыг ногдуулсан байна гэж бичсэн байсан. Татвар ногдох нь 5,775,000,000 төгрөг юм бол татвар нь хэдэн төгрөг байх юм бэ. Үүнийг тогтоогоогүй нөхцөл байдал бий. Өмнө нь ч гэсэн прокурор 33,190,000,000 төгрөгийн татвараа ингэж бичсэн байсан. Өөрөөр хэлбэл хохирлын хэмжээ нь хэдэн төгрөг вэ гэдгийг тогтоосон баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдал гэж байдаг. Хэргийн хүрээнд гол нотлох шаардлагатай зүйл чинь хохирлын хэмжээ шүү дээ. Гэтэл хохирлын хэмжээ байхгүй. Яллах дүгнэлтийн хавсралт дээр нь хүртэл байхгүй. Тийм учраас анхан шатны шүүхээс ямар төрлийн үйл ажиллагаа явуулж хэдэн төгрөгийн орлого олсон, түүнээс хэдэн төгрөгийн ямар татвар төлөх ёстой байсан талаарх тогтоосон баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэж байгаа нь зөв шүү дээ. Мөн шинжээч “...“Ч-” ХХК-ийн төлөх ёстой үлдсэн татвартай давхцаж байх боломжтой байна...” гэж дүгнэсэн. Гэхдээ шинжээч яг давхцаж байна гэж тооцъё гэхээр нөгөө баримт нь байхгүй байсан учраас болзошгүй байна гэх байдлаар дүгнэлтээ гаргасан. “Ч-” ХХК 6,500,000,000 төгрөгийн татвараа хүлээж аваад төлөөд явж байгаа. "Б-" ХХК-ийн төлөөгүй татварыг “Ч-” ХХК төлж байгаа гэсэн үг. "Б-" ХХК-тай “Ч-” ХХК гэрээ байгуулаад нүүрсийг нь өөрийнхөө нэр дээр гаргасан учраас татварыг нь төлж байгаа. "Б-" ХХК “Ч-” ХХК-ийг татварын өрөнд оруулсан. Өөрөөр хэлбэл хоёр байгууллагыг өрөнд оруулчхаад нэг байгууллагынх нь захирлыг шүүгдэгч болгоод байна. Залилах гэмт хэргийн тухайд тайлбар хэлье. Прокурор эсэргүүцэлдээ Улсын дээд шүүхийн 2006 оны 51 дүгээр тогтоолыг иш татан тайлбарлаж байна. Тухайлбал “...залилан мэхлэх гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэж шунахайн сэдэлтээр дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогчийг хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан үр дүнд хүрэхийн тулд хийгддэг, гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь нотлогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсныг залилах гэмт хэрэг гэж үзнэ...” гэснийг иш татан тайлбарлаж байна. Энэ тодорхойлолтод байгаа нөхцөл байдлуудыг хэргийн үйл баримттай хэрхэн холбож залилсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж урьдын харилцаанд бий болсон итгэлийг урвуулан ашигласан үйл баримт хавтаст хэрэгт хангалттай хэмжээнд тогтоогдоогүй. Урьдын олж авсан ямар итгэл үнэмшлийг эвдээд байгаа юм бэ. Эдгээр хүмүүс чинь бие биеийгээ танихгүй шүү дээ. Анх удаа ирээд танилцаад гэрээ байгуулсан нөхцөл байдал байдаг. Өөрөөр хэлбэл урьдын харилцаа огт байхгүй. Гэрээг сайн дурын үндсэн дээр тэгш эрхийн хүрээнд байгуулсан гэдэгтэй аль аль маргадаггүй. Энэ гэрээ сайн дурын үндсэн дээр байгуулагдсан. Үүнийг үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй. Гэрээнд зааснаар "Б-" ХХК нэг жилийн хугацаанд тус уурхайг бүрэн ашиглах, өөрсдийн санхүүгийн үйл ажиллагааг явуулах, хамтран ажиллах буюу ажил гүйцэтгүүлэх этгээдийг өөрийн үзэмжээр сонгох эрхтэй. Түрээслүүлэгч тал буюу "Ш-" ХХК аливаа үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх үүргийг хүлээсэн. Гэрээний заалтад энэ талаар тодорхой бичигдсэн. Гэрээг байгуулахад бусдад дарамт шахалт үзүүлсэн, болзол тавьсан, айлган сүрдүүлсэн, хүчээр байгуулсан, аль нэг талыг хясан боогдуулсан зүйл байдаггүй. Уг байгуулсан гэрээний дагуу "Б-" ХХК нэг жилийн хугацаанд багадаа 150,000 тонн, ихдээ 600,000 тонн нүүр олборлох эрхтэй байсан. 600,000 тонн нүүрсээ тултал олборлож чадаагүй бол энэ нь өөрсдийнх нь асуудал. Энэ гэрээний дагуу 450,000 тонн нүүрсийг олборлосон. Тэгсэн боловч бид нар 600,000 тонн нүүрсээ олборлож чадахгүй байна гэхээр нь 10 сарын түрээсээ авчхаад сүүлийн хоёр сарын түрээсээ аваагүй. Энэ талаар цагаатгагдсан этгээд Б.Ч- тодорхой тайлбарласан. Тухайлбал гадаадын иргэн гэж харж үзээд 4 сарын хугацаа үнэгүй олгосон. Анх прокурорын зүгээс энэ 4 сарын хугацааг олгосон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Сүүлд өөрчилсөн яллах дүгнэлтдээ 4 сарын хугацаа олгосон юм байна гэж хүлээн зөвшөөрсөн. Хохирогч тал өөрсдөө гэрээнд заасан хугацаанд олборлож чадаагүйгээ мэргэжлийн хяналт оруулж байгаад гацаасан мэтээр тайлбарладаг. Гэвч энэ нь төлөвлөгөөт ажиллагаа байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага албаар орж гацаасан зүйл байхгүй. Ингэхдээ үйл ажиллагааг нь 7-14 хоногийн хугацаанд зогсоосон. Энэ хугацаанд "Б-" ХХК мэргэжлийн хяналтаас хийсэн зүйлүүдийг эвдэж үйл ажиллагаагаа явуулсан байдаг. Дараа нь үүнтэй холбоотой тусдаа асуудал үүссэн. 14 хоног гацсан хэдий ч үүнийх нь оронд 4 сарын хугацаа өгсөн байна шүү дээ. Энэ хугацаанд ямар нэгэн төлбөр аваагүй. "Ч-" ХХК-тай хүчээр хөрс хуулалтын гэрээ байгуул гэж Б.Ч-ын зүгээс шаардсан зүйл байхгүй. Өөрсдөө сайн дурын үндсэн дээр гэрээгээ байгуулсан. Өөрсдөө "Ч-" ХХК-д төлбөрөө төлөөгүй. "Ч-" ХХК мөн цаад өөр байгууллагаас тоног төхөөрөмжөө түрээсэлсэн байсан. "Ч-" ХХК "Б-" ХХК-аас мөнгөө авч чадахгүй байгаа учраас тоног төхөөрөмжийн мөнгөө өгч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Тиймээс тоног төхөөрөмж түрээсэлсэн компани нь тоног төхөөрөмжөө ажиллуулаагүй. Ийм нөхцөл байдал байсан болохоос Б.Ч- гэх этгээд Д.И- гэх хүнтэй хуйвалдаад "Ч-" ХХК-ийг хүчээр оруулж ирээд залилах гэмт хэрэг үйлдсэн зүйл огт байхгүй. Улсын дээд шүүхийн 2019 оны 538 дугаар тогтоолд мөн залилах гэмт хэргийг иргэний эрх зүйн маргаанаас ялган тайлбарласан. Прокурорын зүгээс 2006 оны Улсын дээд шүүхийн тогтоолын талаар тайлбарлаж байна. Улсын дээд шүүхийн 2019 оны 538 дугаар тогтоолд мөн адил агуулгаар тайлбарласан байсан. Үүн дээр гэрээний харилцаа нь иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож харилцан гомдлын шаардлага гаргаж гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй талаар тайлбарласан. "Ш-" ХХК "Б-" ХХК нар гэрээний биелэлтийн талаар тогтмол мэдээлэл солилцож, гэрээгээ дүгнэж байсан. Энэ нь хавтаст хэрэг авагдсан албан бичгүүдээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл "Ш-" ХХК танай гэрээний жилийн хугацаа дууслаа гэх албан тоотыг тухай бүрд нь явуулаад "Б-" ХХК-ийн зүгээс бид хугацаандаа амжиж 600,000 тонн нүүрсийг олборлож чадаагүй учраас дахин хугацаа сунгаж өгнө үү, гэрээгээ дахин байгуулъя гэх агуулгаар гэрээгээ дүгнэж байсан. Үүний үр дүнд харилцан ойлголцсоны үр дүнд 4 сарын хугацаа өгсөн. "Б-" ХХК 4 сарын хугацаандаа дахин үйл ажиллагаа явуулсан боловч 600,000 тонн нүүрс олборлох хэмжээндээ олборлож чадаагүй. Энэ нь "Б-" ХХК-ийн өөрсдийнх нь байгуулсан гэрээний эрсдэл шүү дээ. Анх гэрээ байгуулахдаа жилийн хугацаанд 150,000 тонноос 600,000 тонны хэмжээнд нүүрс олборлоно гэж заасан. Анхан шатны шүүх сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулсан, мэдээлэл солилцож харилцан гомдлын шаардлага гаргаж байсан, гэрээгээ дүгнэсэн байна гэж үзсэн нь үндэслэлтэй. Гэхдээ 453,000 тонн нүүрс олборлож авч яваад ашгаа авчхаад нэг төгрөгийн татвар төлөхгүйгээр “Ч-” ХХК-ийг өрөнд оруулсан. Прокурор бичгээр өгсөн эсэргүүцэлдээ дурдаагүй боловч зарим шинэ зүйлсийн талаар дурдаж байна. Ингэхдээ 1,000,000,000 гаруй төгрөгийн татвар төлсөн гэж тайлбарладаг. Татвараас байгууллагаас 1,800,000,000 төгрөгийн татвар нөхөн ногдуулсныг хүлээж аваад төлсөн. 1,800,000,000 төгрөгийн татвар нөхөн ногдуулсан хугацаан дээрээ дахиад энэ асуудлыг буюу 5,700,000,000 төгрөгийн татварын асуудлыг давхар оруулж ирж яриад байгаа нь үндэслэлгүй. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу уурхайг түрээсэлж болдоггүй, шилжүүлж болдоггүй гэдгийг мөн нэмж тайлбарласан. Гэтэл 2019 онд тухайн уурхайг анх түрээслэхэд Ашигт малтмалын тухай хуульд түрээсэлж болох тухай хуулийн зохицуулалт байсан. Бүхэл уур уурхайн байгууллагууд уурхайгаа түрээсэлж байсан. Хуульд нэмэлт өөрчлөлт орж түрээстэй холбоотой хориглосон агуулга сүүлд нэмэгдсэн нөхцөл байдал байдаг. Гэхдээ өнөөдөр ч гэсэн уул уурхайн байгууллагууд хятад байгууллагад уул уурхайгаа түрээслээд явж байгаа. Уурхайг шилжүүлэхтэй холбоотой асуудал түрээслэхтэй огтхон ч хамааралгүй. Мөн шилжүүлж болохгүй гэх зохицуулалт Ашигт малтмалын тухай хуульд огт байхгүй. Харин бүх эрх үүрэг, байгууллагаа шилжүүлж байгаа болох тухай хуулийн заалт бий. Шинээр баримт өгч байна. Цагаатгагдсан этгээд нарын хувийн байдлыг дордуулсан зүйл шүү гэдэг агуулгаар яллагдагчаар татсан тогтоолыг баримтаар гаргаж өгч байна. Үүнтэй холбоотой тайлбар хэлье. С-, Б- гэх "Ш-" ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг хоёр этгээдийн гомдлоор иргэний маргаан үүсээд Улсын дээд шүүх хүртэл маргалдсаар дууссан. Сая мөн хувьцаа эзэмшигчтэй холбоотой иргэний маргаан Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Захиргааны маргаан яваад дууссан. Эрүүгийн хэрэгтэй холбоотой өгч болох газар бүгдэд нь гомдол өгсөн байдаг. Өнөөдөр бидний хэлэлцэж байгаа 40 гаран хавтаст хэргийн 20 гаруй хавтаст хэрэгт С-ийн 600 гаруй гомдол байдаг. С- гэх этгээд энэ хэргийн оролцогч биш. Гэвч прокурор С- болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан бүх хүсэлтийг хангаад байдаг. Чингэлтэй дүүргээс яллагдагчаар татсан тогтоол байна гэж прокурорын гаргаж өгсөн баримт нь мөн С-ийн гаргасан гомдолтой холбоотой. Тухайлбал уурхайн талбай дээр байгаа 250,000 тонн нүүрсийг Б.Ч- залилсан гэж тайлбарладаг. "Ш-" ХХК”-ийн гүйцэтгэх захирал чинь байгууллагынхаа үйл ажиллагааг явуулахаар тухайн уурхай дээр байгаа нүүрсийг борлуулна шүү дээ. Гэхдээ борлуулсан асуудал байхгүй, харин С- тухайн нүүрсийг авч явсан баримтууд байгаа. "Б-" ХХК-ийн захирал хилийн хоригтой байгаа учраас ирж чадахгүй хууль ёсны төлөөлөгчөө томилсон. Тухайн хүн байхгүй байгаа учраас "Б-" ХХК-ийн залилсан хэрэг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хүн нь байхгүй гэх үндэслэлээр үүсэхгүй байгаа. Чингэлтэй дүүргийн прокурорын газарт "Ш-" ХХК-ийн хувьцаагаа 5,000,000,000 төгрөгөөр зарна гэж мөнгийг нь авчхаад хувьцааг нь шилжүүлж өгөөгүй үйлдэлтэй холбоотой С-, Б- нарыг яллагдагчаар татсан. Цагдан хоригдоод, суллагдаад байгаа асуудал бий. Эдгээр бүх хэргүүдийг Б.Бат-Эрдэнэ прокурор хянадаг. Би дүүргийн ерөнхий прокурорт гомдол гаргасны дагуу таны яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгохгүй, гэхдээ Б.Бат-Эрдэнэ прокурорын сольж өгөх асуудлыг хангалаа гэх хариу өгсөн. Яллагдагчаар татсанаас хойш нэг ч ажиллагаа хийхгүй байгаа. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Ч-ын өмгөөлөгч М.Сонинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны цагаатгах тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Татварыг хуулийн хүрээнд ногдуулахаар зохицуулахдаа татвар төлөгч өөрийнхөө эрхэлж олсон орлогодоо хэдий хэмжээний ямар татвар төлөхөө үнэн зөв шударгаар хуулийн хугацаанд тайлагнах хэлбэрээр үүсэхээр зохицуулсан. Татварын алба буюу мэргэшсэн байгууллага нь хяналт шалгалт хийсний үндсэн дээр нуун дарагдуулсан аливаа зөрчлийг илрүүлж нөхөн ногдуулах хэлбэрээр татварыг ногдуулдаг. Цагаатгагдсан этгээд Б.Ч-ыг 5,700,000,000 төгрөгийн татвар төлөөгүй гэж буруутгаж байгаа. Татварын ногдуулалт ямар үндэслэлээр үүссэн, үндэслэл нь хуулийн хүрээнд эсэх асуудлыг гарцаагүй тодруулах нь зүйтэй. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн татварын улсын байцаагч нарын 2123501500 дугаартай танилцуулга бичигдсэн. Танилцуулга гэх баримт бичиг нь ямар эрх зүйн хүчинтэй мөн агуулгатай баримт вэ гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр гарсан бүх хууль, журам аргачлал заавар дотор татварын улсын байцаагч танилцуулга хэлбэрээр татвар нөхөн ногдуулах зохицуулалт байхгүй. Гэтэл танилцуулга гэх баримтаар хүнийг маш өндөр хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтэд энэ талаар дурдсан. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт гэх нарийн мэргэшил шаардсан ач холбогдол бүхий баримт байгаа боловч шинжээчийн дүгнэлт татварын улсын байцаагчийн танилцуулгыг үндэслэсэн. Шинжээч татварын асуудлыг ярихад анхан шатны ямар ч баримт байхгүй байна шүү гэдэг талаар тайлбарласан. Мөн ямар ч хасагдуулах зардлын тооцооллууд хийгдсэнгүй талаар дурдсан. Ямар ч байгууллага олж байгаа орлогоосоо олохтой холбоотой гарсан зардлаа хасаж байж тэр хүний татвар гарч ирэх ёстой. Ямар ч хасах зардалгүй байдлаар татвар ногдуулж байгаа нь үндэслэлгүй. Шүүх шинжилгээний байгууллага хуульд заасан хүчин төгөлдөр баримтыг үндэслэх ёстой байтал үүнийг хангахгүй байна гэдэг талаараа өмгөөлөгчийн зүгээс илэрхийлсэн. Татвар нөхөн ногдуулалт хөөн хэлэлцэх хугацаатай байдаг. Төлөх татварыг эцсийн байдлаар тогтоож байгаа хэлбэрийг нөхөн ногдуулалт гэдэг. Нөхөн ногдуулах татварын хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байдаг. Өнөөдрийн байдлаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Татварын төрлийг тодотгож ярихгүй бол болохгүй. Прокурорын зүгээс эсэргүүцэлдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар гэсэн гурван төрлөөр татвар төлөхөөс зайлсхийсэн байна гэж тайлбарласан. Бид өнөөдөр "Ш-" ХХК-ийн ямар орлогоос татвар төлөх вэ гэдгийг харах хэрэгтэй. Уурхай түрээслэх гэрээ хүчин төгөлдөр байгаа. Уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй. Энэ тохиолдолд уурхайг "Ш-" ХХК түрээсэлсэн учраас 2019 оны 08 дугаар сараас 2020 оныг дуусах хүртэл хугацааг "Ш-" ХХК-ийн орлого түрээсийн орлого гэсэн нэртэй байгаа. Тэгэхээр байгууллага аж ахуйн нэгдсэн орлогын албан татварынхаа тайлан гаргаад түрээсийн орлогоо тайлагнаад өнгөрсөн хугацаанд 1,500,000,000 төгрөгийг 2020 онд төлсөн. Тэгэхээр байгууллага өөрийнхөө олсон орлогоосоо татвараа төлсөн гэсэн үг. Нүүрс борлуулсан, экспортлон этгээдүүд шат шатандаа төлдөг зохицуулалттай. Түрээсэлсэн цаг хугацааг нь харахад олборлогч нь "Б-" ХХК байдаг. Харин экспортолж борлуулж байгаа байгууллага нь “Ч-” ХХК. Танилцуулга болон гаалийн мэдүүлгээс харахад "Б-" ХХК-ийн түрээслэх цаг хугацаанд 549,000 тонн нүүрс Монгол Улсаас Хятад Улс руу "Ш-" ХХК-ийн гарал үүсэлтэйгээр гарсан байдаг. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Тэгэхээр эргээд уурхай түрээсээр эзэмших, ашиглах гэрээний зохицуулалтыг харахад түрээслэгч тал сард 50,000 тонн буюу жилд 600,000 тонн нүүрс олборлоно гэж төлөвлөснөөс 549,000 тонн нүүрсээ олборлоод гаргасан нь баримтаар нотлогдож байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахад "Б-" ХХК-ийн зүгээс төлбөр төлсөн баримтуудыг нэг бүрчлэн гаргаж өгөөд бидэнд ийм хэмжээний хохирол учирсан гэх асуудлыг хөндөж гаргасан. Үүн дээр нарийвчилсан байдлаар тооцоолол хийж үзэхэд "Б-" ХХК "Ш-" ХХК-нд 4,500,000,000 төгрөг дутуу төлсөн гэх тооцоо гарсан. Энэ талаар анхан шатны шүүх маш дэлгэрэнгүй дүгнэсэн. Энэ нөхцөл байдлууд гэрээ хэрхэн бодитой хэрэгжсэн бэ гэдгийг нотолж байна. Татвар төлөгч этгээд хуулийн этгээд байх ёстой. Аж ахуй нэгж үндэслэлтэй үүссэн байж нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудал яригдана. Татвар төлөгч субъектийг зөв тодорхойлсон уу гэх асуудал бий. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.И-, Б.Ч- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж бүхэлд нь хянав.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас, Д.И-, Б.Ч- нарын бусдыг залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тус хуулиар хамгаалагдсан эрх ашигт учирсан үр дагавар бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн шинж болж хуульчлагдсан, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр үүсгэгдсэн байдаг.

Цагаатгагдсан этгээд Д.И-, Б.Ч- нарт холбогдох хэргийн үйл баримтаас авч үзвэл гэрээгээр халхавчилж залилах гэмт хэргийг үйлдсэн гэх шинжээр яллах дүгнэлт үйлдсэн боловч Уурхай түрээсээр эзэмших, ашиглах гэрээ биелэгдэх боломжтой байсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж улмаар гэрээний зүйл болох 600,000 тонн нүүрсний бүгдийг эсхүл заримыг олборлуулахгүй байх санаа зорилго байсан эсэхийг нотлох шаардлагатай гэж үзлээ.  

Өөрөөр хэлбэл, залилах гэмт хэргийг үйлдэх санаа зорилго хэзээ үүссэн болохыг нотолсны үндсэн дээр гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, хор уршгийн хэм хэмжээг  “Уурхай түрээсээр эзэмших, ашиглах гэрээ”-ний нийт үнийн дүнгээр тооцох эсэх, эсхүл хохирогч талын олборлоогүй үлдсэн нүүрсний үнийн дүнгээр тооцох эсэхийг тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Дээрх нөхцөл байдал буюу Д.И-, Б.Ч- нарт холбогдох хэрэгт нотолбол зохих байдал нотлогдоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдоогүй гэж дүгнээд шүүхийн тогтоолд заасан үндэслэлд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх орхигдуулсан байна гэж дүгнэлээ. 

Иймд давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс цагаатгагдсан этгээдүүдийн хувийн байдалтай холбоотой “Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2302008131607 дугаар тогтоолоор Д.И-, Б.Ч- нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн 2023 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд хуулийн этгээдийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар,

Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2410046881396 дугаар тогтоолоор Д.И- нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар БНХАУ-ын “Б-” ХХК-ийг төөрөгдөлд оруулан хуурч залилсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан баримт гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтууд нь цагаатгагдсан этгээдүүдийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог бол шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол тус тусын хэргүүдэд нь ял оногдуулж, нэмж нэгтгэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед уг зохицуулалтыг хэрэглэх боломж шалгагдаж буй этгээдийн бүх гэмт хэрэг илэрч, тогтоогдоогүй тохиолдолд мөрдөгч, прокурорын хувьд хязгаарлагдмал байдаг.

Нэг ижил зүйл, хэсгээр зүйлчлэгдэх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн талаараа мөрдөн шалгах, хяналт тавих эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн, энэ талаарх мэдээлэл, баримтыг гарган өгсөн тохиолдолд прокурор тэдгээр үйлдлүүдийг нэгтгэж, нэг яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлүүлэх үүрэгтэй ба энэ хүрээнд ял оногдуулах нь гагцхүү гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шударгаар ял оногдуулах зорилгод суурилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байхад чиглэнэ.

Харин өөр зүйл, хэсэгт хамаарах хэргүүдийг нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор шийдвэрлэхэд аль ч тохиолдолд ашигтай байдлын асуудал хөндөгдөхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэх боломжтой.

Иймд цагаатгагдсан этгээдүүд болох Д.И-, Б.Ч- нарт холбогдох хэргийн нотолбол зохих байдлыг нотлох бүхий л ажиллагааг хийж энэ талаар нэг мөр шалгаж хэрэгт нэгтгэвэл зохих үйлдэл холбогдол байгаа тохиолдолд энэ талаарх ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатайг прокурор анхаарах нь зүйтэй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2259 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Бат-Эрдэнийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

Цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В- Ч-/-ийн өмгөөлөгч М.Сугарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Цагаатгагдсан этгээд Б.Ч-, Д.И- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2259 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР

 

                       ШҮҮГЧ                                                  Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ