| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2026/00489/И |
| Дугаар | 312/ШШ2026/00668 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 312/ШШ2026/00668
2026 02 25 312/ШШ2026/00668
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 22-р хороо Хилчин *** тоотод оршин суух, Ц овгийн С-ын Д /РД: /-ийн хүсэлттэй,
Г.Р-н нэхэмжлэлтэй “үрэгдсэн баримт бичгийг устгасанд тооцуулж, алдагдсан эрхийг сэргээн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Р миний бие 2009 оны 09 дүгээр сараас эхлэн өнөөг хүртэл Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангид малчнаар ажиллаж байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох бичиг баримтаа бүрдүүлэх явцад, миний 2009 оны 09 сард анх 186 дугаар ангид малчнаар ажилд орсон тухай тушаал олдохгүй байна. Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03|216 дугаартай ажилласан жилийн архивын лавлагаанд Г-н Р 186 дугаар ангид ажилд томилогдсон захирагчийн 2009 оны тушаал шүүн үзэхэд нэр нь гарахгүй байна. Мөн ангийн цалингийн баримтыг шүүн үзэхэд 2009 оны 09 дүгээр сараас цалинжсан баримт байна гэжээ. Энэхүү цалингийн баримт нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Г.Рд олгосон №097520 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 2009 оны 09 дүгээр сараас 2012 оны 12 дугаар сарын хооронд, мөн хэлтсээс 2013.01.01-ний өдөр олгосон НДД № А 0771583 дугаартай дэвтэрт 2013 оны 01 сараас 2020 оны 12 дугаар сарын хооронд бичигдсэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилт, эдгээрийг баталгаажуулсан нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг, тэмдэг зэргээр давхар нотлогдож байна. Түүнчлэн тухайн үед Г.Ртэй хамт ажиллаж байсан Г.Л , Х.Т нарын тус шүүхэд гаргасан тайлбараар мөн гэрчлэгдэж байна. Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03|216 тоот лавлагаар, Г.Р-н 2009 оны 09 дүгээр сард Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажилд томилогдсон тушаал үрэгдсэн болох нь нотлогдож байгаа бөгөөд уг тушаалыг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон байна. Г.Р миний бие өндөр насны тэтгэвэрт гарахад зайлшгүй шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэх зорилгоор, ИХШХШТХ-ийн 13 дугаар бүлэг буюу хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмыг баримтлан, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу үрэгдсэн баримт бичгийг устгагдсанд тооцуулж, алдагдсан эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар сэргээн тогтоолгох тухай хүсэлтээ ИХШХШТХ-ийн 136 болон 147 дугаар зүйлд тус тус зааснаар Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд гаргаж байна. Иймд Г.Р миний Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангид 2009 оны 09 дүгээр сард ажилд томилогдсон тушаал үрэгдсэн болохыг хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар тогтоож, уг тушаалыг устгагдсанд тооцож, ИХШХШТХ-ийн 148 дугаар зүйлийн 148.3-т шүүх хүсэлтийг хангавал үрэгдсэн баримт бичгийн оронд шинэ баримт бичиг олгохыг уг баримт бичгийг олгосон байгууллагад даалгасан шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчид 2009 оны 09 дүгээр сард Г.Рг тус ангийн малчны ажилд томилсон тухай шинэ тушаал гаргахыг даалгаж, миний алдагдсан эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцахад Г.Р нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт “шүүх хүсэлтийг хангавал үрэгдсэн баримт бичгийн оронд шинэ баримт бичиг олгохыг уг баримт бичгийг олгосон байгууллагад даалгасан шийдвэр гаргана” заасныг үндэслэн Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчид 2009 оны 09 дүгээр сард Г.Рг тус ангийн малчны ажилд томилсон тухай тушаалыг дахин гаргахыг даалгах тухай шаардлага гаргажээ.
3. Үрэгдсэн баримт бичгийг устгагдсанд тооцуулснаас алдагдсан эрхийг сэргээн тогтоолгох хүсэлт гаргах асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 147, 148 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “Эдийн болон эдийн бус хөрөнгийн эрх олгосон баримт бичгийг үрэгдүүлж устгагдсанд тооцуулсан тохиолдолд уг баримт бичгийг эзэмших эрхийн талаар маргаан гарвал тухайн эрхийг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг хуульд өөрөөр заагаагүй бол шүүхэд гаргана” гэж заажээ. Өөрөөр хэлбэл үрэгдсэн баримт бичиг гэдгийг “эдийн болон эдийн бус хөрөнгийн эрх олгосон баримт бичиг” гэж тодорхой тусгасан байна.
4. Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн “ажилд томилох тухай” 2009 оны тушаал нь эдийн болон эдийн бус хөрөнгийн эрх олгосон баримт бичигт хамаарахгүй бөгөөд үрэгдсэн баримт бичиг гэх ойлголтыг хуульд зааснаар өөрөөр хэт өргөн хүрээнд ойлгож хэрэглэх боломжгүй юм.
5. Иймд иргэн Г.Р-н нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Г.Р нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой “ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүхэд гаргах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Р-н нэхэмжлэлтэй “үрэгдсэн баримт бичгийг устгасанд тооцуулж, алдагдсан эрхийг сэргээн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Р-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС