| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2508014701455 |
| Дугаар | 2026/ДШМ/214 |
| Огноо | 2026-02-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Халиунаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/214
2026 02 24 2026/ДШМ/214
М.И-, Э.Б- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Халиунаа,
өсвөр насны шүүгдэгч Э.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Э-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батцэнгэл,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2701 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлоор М.И-, Э.Б- нарт холбогдох 2508014701455 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. И- овогт М-ийн И-, ....., /РД:М-/
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/484 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан;
2. Б- овогт Э-гийн Б-, Монгол Улсын иргэн, ......., /РД:Б-/;
Өсвөр насны шүүгдэгч М.И- нь Э.Б-тэй урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Дүүхээ төвийн гадаа насанд хүрээгүй хохирогч Ц.М-тэй урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж газраас чулуу аван толгой тус газарт цохисны улмаас зулайн шар бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч Э.Б- нь М.И-тэй урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Дүүхээ төвийн гадаа насанд хүрээгүй хохирогч Ц.М-тэй урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зүүн гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохин, баруун гарын бугалга хэсэгт хутгаар хатгасны улмаас баруун баруун гарын бугалгад хатгагдаж зүсэгдсэн шарх, хамар ясны баруун ханы далд хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.И-, Э.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: М.И-, Э.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.И-, Э.Б- нарт тус бүр 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.И-, Э.Б- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.И-, Э.Б- нарыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч М.И-, Э.Б- нарт сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Өсвөр насны шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Э.Б- нь Нийслэлийн Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн 12г ангид сурдаг, 17 настай, ээж, ахын хамт амьдардаг. Ирэх хавар сургуулиа төгсөх гэж байгаа. Цагдаагийн академид орох мөрөөдөлтэй. Урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Спортоор хичээллэдэг, олон удаагийн өргөмжлөл, медалиар шагнагдаж байсан. Зан аашны хувьд төлөв даруу, хүний үгэнд сайн ордог, нийгмийн идэвх сайтай хүүхэд юм. Хамт гэмт хэрэгт холбогдсон М.И-тэй олон айл саахалт явж, багаасаа хамт тоглож өссөн бөгөөд түүнээс 1 ах. Тиймээс тухайн хэрэг гарах үед хохирогчийн М.И-тэй харилцаж байгаа харилцааг хөндлөнгөөс харж байгаад тэсэлгүй уг зодоонд оролцож хохирогчид гэмтэл учруулсан болох нь камерын бичлэгээс харагдана. Иймээс ч шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгааг тогтоолдоо дүгнэсэн байдаг. Мөн хохирогчид учирсан эмчилгээний зардал, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол, хохирогчийн сэтгэл санааны хохирол зэргийг нөхөн төлсөн болохыг мөн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал мөн гэж дүгнэсэн бөгөөд хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй талаар дүгнэсэн байдаг. Түүнчлэн Э.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй бөгөөд шүүх хурал дээр ч маргаагүй болно. Энэ нь түүний зүгээс өөрийн үйлдэлд дүгнэлт хийсэн, гэм буруугаа ухамсарласан. чин санаанаасаа гэмшиж байгааг илтгэнэ.
Анхан шатны шүүхэд миний бие өөрийн үйлчлүүлэгч Э.Б-н хувийн байдал, хүсэл мөрөөдөл, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэх саналыг гаргасан боловч шүүх хүлээн аваагүй.
Өмгөөлөгчийн хувьд Э.Б-г группт байдаг ээжийн хамт амьдардаг, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, одоо 12 дугаар ангиа төгсөж ажил мэргэжлээ сонгох хариуцлагатай цаг үед тулж ирээд байгаа болон дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмын дагуу түүнд оногдуулсан ялыг 2 дахин багасгах биш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасны дагуу ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэж байгаа болно. Мөн түүний ээж Б.Э- нь шүүх хурал дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Хүүгээ хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх” саналаа гаргасныг дурдах нь зүйтэй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж. өсвөр насны шүүгдэгч Э.Б-д ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү.” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Э.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна.” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Э.Б-гийн хууль ёсны төлөөлөгч Н.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна. Манай хүү 12 дугаар ангид суралцдаг, төгсөх ангийн сурагч, хүүгийн маань сурлага маш сайн тэрээр 10 жилийн сургуулиа төгсөөд Цагдаагийн академид суралцах зорилготой. Гэмт хэрэгт холбогдсон асуудлаар нь хүүтэйгээ маш сайн ярилцсан, цаашид хүүхэд дээ илүү анхаарал, халамж тавих болно. Иймд хүүхдэд маань хүмүүжлийн чанартай албадлын арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
Прокурор Н.Халиунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.И- нь хувийн таарамжгүй харилцааны улмаас насанд хүрээгүй хохирогч М-тэй маргалдаж, муудалцсан. Улмаар өсвөр насны шүүгдэгч Э.Б- нь хохирогч М-ийн нүүр хэсэгт нэг удаа цохиж, баруун гарын булчин хэсэгт нэг удаа хутгаар хатган хөнгөн гэмтэл учруулсан. Өсвөр насны шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, гэмт хэргийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ял оногдуулсан. Тодруулбал шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.И-, Э.Б- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Өсвөр насны шүүгдэгч М.И- Э.Б- нар нь урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Дүүхээ” төвийн гадаа насанд хүрээгүй хохирогч Ц.М-тэй урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж,
М.И- нь газраас чулуу аван толгой тус газарт цохисны улмаас зулайн шар бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Э.Б- нь зүүн гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохин, баруун гарын бугалга хэсэгт хутгаар хатгасны улмаас баруун баруун гарын бугалгад хатгагдаж зүсэгдсэн шарх, хамар ясны баруун ханы далд хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7-8/,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх 93-94/,
насанд хүрээгүй хохирогч Ц.М-ийн “Намайг биллиардад очиход И-, өөрийн ихэр И-, Б-, Тэнгис гэх хүүхдүүд байсан ба надтай асуудалтай хүүхэд нь аль юм гээд би тэр хэдээс асуухад биллиардаас гарч ирсэн юм. Тэгээд маргалдаж, муудалцаж байхдаа Э.Б- гэх хүүхэд нь миний баруун гарын булчин хэсэгт 1 удаа хутгалсан, тэгээд байж байхдаа И- гэх хүүхэд нь чулуугаар толгой хэсэг рүү 2 удаа цохисон юм. Бид хэд салаад миний толгойноос нь цус гарч байхад И- гэх хүүхэд нь өөрийнхөө футболкийг урж хаяад миний цусыг тогтоож өгсөн юм. Тухайн үед ийм л зүйл болсон. Миний толгой хэсэгт 2 газар гэмтсэн, баруун гарын булчин хэсэгт хутгаар хатгасан шархтай. Тухайн үед И- чулуугаар толгой хэсэгт 2 удаа цохисон, Б- гэх хүүхэд миний баруун гарын булчин хэсэгт нэг удаа хутгаар хутгалсан. Надад сэтгэл санааны байдалд зовуурь, түгшүүр зүгээр байна. /хх 11-13, 15, 17/,
насанд хүрээгүй гэрч А.Т-ийн “И-, И- хоёрын найзынх нь малгайг урд өмнө нь тухайн М- гээд хүүхэд авсан байсан юм байна лээ. Түүнээс болоод маргаан болсон. Тэгээд И-, И-, М-, Төмөр дөрөв биллиардаас гарсан. Тэгээд биллиардын гадаа зогсож байсан чинь М-, И- рүү хандан "Хоёулаа ийшээ явж зодолдъё гэсэн. Тэгсэн чинь И- үгүй ээ би чамтай зодолдохгүй гэсэн юм. Тэгсэн М- И- рүү улам дайраад хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн чинь И- урдуур нь ороод одоо болно, чи хүүхэд зүгээр байхад зүгээр байлга гэсэн. Тэгсэн М- И-ийг баруун гараараа 1 удаа алгадаад авсан. Тэгээд И- доошоо суусан юм. Тэгээд Б- та хоёр одоо дүү нарыг яагаад байгаа юм гээд цааш нь түлхэх шиг болсон. Тэгээд М-, Т- хоёр доош унасан. Тэгээд Б- хутга гаргаад ирсэн байсан. Гэтэл тэрийг нь хараад Т-өө зугтаад явсан. Харин И- доош сууж байхдаа нэг чулуу аваад М-ийн толгой хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгсэн чинь М-ийн толгойноос цус гарсан чинь И- подволкоо ураад М-ийн толгойноос гарч байсан цусыг нь арчиж өгсөн. ...бид гурав эргээд нөгөө хоёр дээр очтол М-ийн баруун гарын булчин хэсгээс цус гарч байсан. ...М- И-ийг 1 удаа алгадсан юм. Тэгсэн зөрүүлээд И- 1 удаа чулуугаар толгой хэсэг рүү нь цохисон. Харин манай найз Б-, М-ийг цааш түлхэх шиг болсон. Өөр хүн биед нь халдаагүй. М-ийг хутгалсан талаар би сайн мэдэхгүй байна. Учир нь тухайн үед гадаа харанхуй болсон байсан. Б- М-ийг цааш нь түлхэх шиг л болсон. Тухайн үед М-ийн толгой хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд Б-, И- бид гурав дээшээ яваад И-, М- хоёр ард үлдсэн. Тэгээд бид гурав эргээд нөгөө хоёр дээр очтол М-ийн баруун гарын булчин хэсгээс цус гарч байсан.”/хх 28-3/,
шинжээч Э.Хүрэлсүхийн “Ц.М-ийн биед үүссэн зулайд шарх, баруун гарын бугалгад хатгагдаж зүсэгдсэн шарх, хамар ясны баруун хананы далд хугарал гэмтлүүд тус бүр дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” /хх 42-43/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1041 дугаар “1.4. 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас Ц.М-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 2.3. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь түр зуурын эсхүл байнгын эсэх, цаашид хэрхэн нөлөөлөх эсэх, үргэлжлэх цаг хугацаа нь эрүүл мэндийн эмчилгээ эдгэрэл, хувь хүний сэтгэл зүйн онцлог, нийгэм хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах зэргээс хамаарна. 5.Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.”/хх 46-48/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0725/3859 дугаар “1. Ц.М-ийн биед зулайд шарх, баруун гарын бугалгад хатгагдаж зүсэгдсэн шарх, хамар ясны баруун хананы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.3улайн шарх, хамар ясны баруун хананы далд хугарал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Баруун бугалгын хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” /хх 55-56, 96-97/ гэсэн дүгнэлтүүд,
өсвөр насны шүүгдэгч Э.Б-, М.И- нарын төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /хх 66, 67-68, 152-153/ зэрэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч М.И-, Э.Б- нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Өсвөр насны шүүгдэгч М.И-, Э.Б- нарыг хохирогч Ц.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн”” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.И-, Э.Б- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжид энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилсан.
Шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч М.И-, Э.Б- нарыг тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч Б.Батцэнгэл “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, өсвөр насны шүүгдэгч М.И-, Э.Б- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу Э.Б- нь хутга хэрэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсхүл хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2701 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА