Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 00106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Улсын яллагч                                 Б.Эрхэмбаатар

             Нарийн бичгийн дарга                   П.Нямсүрэн

             Шүүгдэгч                                          Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Нд холбогдох 1832000000104 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага бололвсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн №89 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /*/

Боржигон овогт Нн Н.

 

Н.Н нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Хараагийн №50 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн хүү 15 настай Н.Бцыг зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н мэдүүлэхдээ: ... Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Н.Бц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дэлгүүр орж бэлэн гоймон авч идэхээр ангийнхаа Өсөхбаяр гэдэг хүүхэдтэй тааралдсан. Ингээд найзтайгаа гудамжинд юм яриад байж байтал манай аав Н.Н араас хоёр хүний хамт ирээд чи юу хийгээд байгаа юм гэртээ хариач одоо юманд явна шүү гэж хэлсэн. Би одоо ингэж байгаад гэртээ харьлаа гэж хэлсэн. Намайг гэртээ хариад унтах санаатай амбаарт ороод хэвтэж байтал манай аав Н.Н гаднаас орж ирээд чи бос гарч мод түлээ хагал, эгчтэйгээ үхсэндээ хэрэлдээд байдаг юм бэ гэж хэлсэн. Би үгүй чадахгүй гэж хэлтэл аав уурлаад миний гар луу гараараа 1-2 удаа цохисоноо ширээн дээр байсан аяга аваад миний толгой руу 2 удаа цохисон. Тэгтэл гаднаас манай ах Эб орж ирээд аав та яаж байгаа юм бэ толгойг нь хагалаад хаячихлаа шүү дээ гэж хэлсэн. Аав тэгсэн чинь гараад явчихсан. Би гадаа толгойгоо усаар угаагаад байж байтал ээж Л.Саруулцэцэг гаднаас орж ирээд намайг аваад эмнэлэг дээр аваачиж үзүүлсэн. Тэгээд ээж цагдаад дуудлага өгсөн. Эмч миний толгойг үзээд 4 оёдол тавьсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/

Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №132 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...  

 

f

 

  1. Н.Бцын биед хуйханд шарх эдгэрэлтээс үүссэн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 21 дүгээр хуудас/

            Н.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Миний уур хүрээд очоод 2-3 удаа мөр, нуруу хэсэг рүү нь цохиод ямар эхтэйгээ хэрэлдэж байгаа юу усан толгойлсон новш минь гээд ширээн дээр байсан аяга аваад толгой руу нь 2 удаа цохисон. Тэгтэл толгойноос нь цус гарсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хуудас/

          Аюулын зэргийн үнэлгээ /ХХ-ийн 11-12-р хуудас/

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 29 дүгээр хуудас/, Шүүгдэгч Н.Нийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас/ 32 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 33-34 дүгээр хуудас/, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Н нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Хараагийн №50 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн хүү 15 настай Н.Бцыг зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Н.Бцын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/, Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №132 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 21 дүгээр хуудас/, Н.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хуудас/, Аюулын зэргийн үнэлгээ /ХХ-ийн 11-12-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Н.Нийг өөрийн төрсөн хүү 15 настай Н.Бцыг зодож”, биед нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Н.Н нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Хараагийн №50 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн хүү 15 настай Н.Бцыг зодож улмаар Н.Бцын биед хуйханд шарх эдгэрэлтээс үүссэн зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Нн Нийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нийг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт  зааснаар ялтан Н.Нийн торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар ялтан Н.Нийг согтууруулах ундаа хэрэглэхийг 03 /гурван/ сарын хугацаанд хязгаарлалт тогтоосугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан Н.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Н.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдсугай.

 

8. Н.Нд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ.