| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2018/00081/Э |
| Дугаар | 00091 |
| Огноо | 2018-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 00091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Шүүгдэгч С.ГО нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.ГОод холбогдох 1832000000084 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Улаанбаатар хот дахь Тэнүүн Хас cap ХХК-д талбайн инженер ажилтай, */ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн ял шийтгэлтэй 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзаж шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Засгууд овогт Сүхтулгын ГО, /*/
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Шүүгдэгч С.ГО нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангайн 102 тоотод 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хохирогч М.Брыг хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.ГО мэдүүлэхдээ: “...С.ГО миний бие эхнэр Бртойгоо үл ойлголцсоны улмаас эхнэрийнхээ биед хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж гэм буруугаа ойлгож байгаа...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Бр мэдүүлэхдээ: “…Манай нөхөр С.ГО Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Бид хоёр албан ёсоор гэрлээд 3 жил болж байна. Апбан ёсоор гэрлэлт цуцлуулсан асуудал байхгүй. Гэхдээ нэг дор амьдардаггүй. Аав, ээжүүдтэйгээ тус тусдаа амьдардаг. Ингээд манай нөхөр 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр манай гэрт ирсэн. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 14-ны өдөр буцсан. Би нөхрийнхөө Nokia маркийн гар утсыг барьж байсан юм. Манай нөхөр буцахдаа гар утсаа надаас буцааж аваад явсан. Ингээд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ГО надруу утсаар залгаад чи хүнтэй явалдаад байгаа юм уу гэж асуусан. Би тийм тэр чамд ямар хамаатай юм бэ гэжхэлсэн. Тэрнээс болж манай нөхөр бид хоёр үл ойлголцсон. Ингээд 16-17 нд шилжих шөнө 01 цагийн орчим манай цонхийг хүн тогшсон. Би сэрээд хаалгаа онгойлгоогүй байж байтал утас дугарсан. Утсаа автал ГОын төрсөн дүү Ох би ГОтой танай гадаа ирчихсэн байна хаалгаа онгойлго би та хоёрыг хэрэлдүүлж, зодолдуулахгүй гэж хэлсэн. Би xaariraa онгойлготол тэр хоёр ороод ирсэн. Тэгээд ГО надаас энэ ямар учиртай мессеж юм бэ гэж асуугаад утсаа харуулсан. Би хараагүй учир нь би бичсэн мессеж ээ мэдэж байсан болохоор хараагүй. ГО надад чи өөр хүнтэй уулзахаа больчих би чамд дахиж гар хүрэхгүй, ээжийг чинь есөн шидээр хэлэхгүй, хоёулаа амьдралаа бодоё, үр хүүхдээ ч бодоё гэсэн. Би ГОод би чамтай одоо амьдрахгүй. Би чамаас салмаар байна гэж хэлсэн. Тэгээд ГОын дүүд би чиний ахад хайр сэтгэлгүй болсон. Чи ахыгаа одоо аваад яв би чиний ахаас сална гэж хэлсэн. Ингээд тэр хоёр гараад явсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 07 дугаар сарын 17-ний өглөө 07 цаг өнгөрөөгөөд Г ал-од манай гэрт ороод ирсэн. Би Г ал-од намайг зодох байх гээд хүүхэд рүүгээ очсон. Тэгтэл ГО буйдан дээр байсан миний утсыг очоод авчихсан. Тэгэхээр нь би утсаа авахаар ГОруу очсон. ГО гарах гэхээр нь би подволкноос нь зуураад утсаа авах гэхэд ГО шууд зүтгэсээр байгаад байшингаас гарсан. Тэгэхэд ГОын подволк урагдсан. Ингээд ГО эргэж харан намайг толгой руу цохисон. Би зугтах гээд гүйтэл намайг дэгээдээд унагаасан. Намайг газар унатал намайг толгойруу, цээжрүү, гэдэсрүү, гарлуу өшиглөсөн. Тэгэхдээ намайг үхээч гээд байсан. Би туслаарай гээд хашгиртал миний амыг гарынхаа шуугаараа дараад намайг байшин руу чирсэн. Би тэр үед ухаан балартсан байсан. Нэг сэртэл хүүхэд маань ээжээ гээд уйлчихсан байж байсан. Намайг сэрэхэд ГО явчихсан байсан. Би арынхаа айлруу гүйж ороод цагдаад дуудлага өгсөн. Тэгээд бас ГО руу залгаад утсаа авъя гэхэд Г ал-од утсыг чинь орхичисон гэж хэлсэн. Би гэрлүүгээ орж хувцсаа өмсөөд амбараас утсаа олж авсан. Тэгтэл цагдаа ирж намайг авч явсан. Ийм л юм болсон. ГО утсан дээрээ байсан мессежийг хараад намайг хардснаас болж хэрүүл маргаан гарсан. Өмнө нь 14 нд буцахдаа ГО чамаас сална гэж хэлээд явсан. ГО цуг ажилладаг нярав хийдэг эмэгтэйтэйгээ эр, эмийн явдалтай явснаас болж бид хоёрын амьдрал цав сууж эхэлсэн. ГО тэр эмэгтэйнхээ хажууд хүү бид хоёрыг уулзахаар очиход нулимж, халуун савтай цай авч шидэж байсан. Ингээд би ГОод хайр сэтгэлгүй болсон. Тэгэхэд 2014 он байсан. Ер нь ГО манай аавыг 2018 оны 03 сард өнгөрснөөс нь хойш намайг их зодож, ээжийг маань есөн шидээр хэлэх болсон. Гэхдээ энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /ХХ-н 19-20-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Ох мэдүүлэхдээ: “...Манай ах эхнэр М.Бртойгоо уулзаж ярилцана гэж ирсэн ГО ах эхнэр нь утсаар өөр хүнтэй янз бүрийн мессэж бичээд байна гэж хэлсэн Мандал суманд ирээд Бр эгчийн гадаа очоод хаалгыг нь тогшиход онгойлгохгүй байсан ...” гэх мэдүүлэг /ХХ-25-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Мц мэдүүлэхдээ: “…Намайг Улаанбаатар хотод эмнэлэгт байхад манай хүргэн ГО 2018 оны 07 дугаар сарын 17-ний өдөр Улаанбаатар хотоос Мандал суманд ирж манай гэрт байсан охин М.Брыг зодсон байсан манай охин зодуулсаныхаа дараа утсаар надад хэлсэн. ГО өмнө нь миний охиныг олон удаа зодож байсан. Гэхдээ яг он, сар, өдрийн хэлж мэдэхгүй байна. Өмнө нь охиныг минь зодсон асуудал дээр би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Намайг бас зодож байсан тухайн үед нь цагдаагийн байгууллагад хандаж байсан. Ааш зангийн хувьд зэрлэг, догшин араншинтай...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.ГО мэдүүлэхдээ: “...Би Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Харин манай эхнэр Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажилд ороод эхнэр хүүхэд хоёр маань Мандал суманд амьдарч байгаа. Ингээд би 2018 оны 07 дугаар сарын 14-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд эхнэр хүүхэдтэйгээ байж байгаад Улаанбаатар хот руу ажил руугаа явсан. Өмнө нь би өөрийн Nokia маркийн гар утсыг эхнэртээ бариулж байгаад явахдаа аваад явсан. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ажлынхаа заваар гар утасныхаа мессеж рүү ороод үзтэл манай эхнэр 88914989 гэсэн дугаар луу Бамбуу сая л унтлаа ядарч байвал амар даа гайгүй гэвэл одоо гарлаа чамдаа хайртай шүү санаад л байна гэх зэрэг мессеж бичсэн байсан. Би уг мессежийг хараад балмагдаж шоконд ороод эхнэр лүүгээ залгаад юу болоод байна аа чи юун хүнтэй янз бүрийн мессеж бичсэн юм бэ?, чи өөр хүнтэй уулздаг болсон юм уу гэхэд манай эхнэр эхлээд чи юу яриад байгаан гэж байснаа сүүлд нь тэгсэн юм чамд ямар хамаатай юм бэ?, энэ миний асуудал гэж уурласан. Ингээд би тэр утасны эзэн залуу руу залгаад чи яагаад манай эхнэртэй янз бүр болоод байгаа юм бэ яагаад хүний амьдрал үймүүлээд байгаа юм бэ гэж асуухад битгий хуцаад бай чи тэр гичийдээ хэлэхгүй юу гээд утсаа салгачихсан. Ингээд би шууд Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал сум руу явсан. Шөнө буюу 16-17 нд шилжих шөнө эхнэрийнхээ байдаг гэрт ирсэн. Тэгээд гэрт ороод эхнэртэйгээ уг асуудлаар ярилцсан. Чи наад асуудлаа боль гэхэд эхнэр маань битгий хуц энэ тэр гээд намайг халгаагаагүй. Би орой хэрүүл уруул хийгээд яахав гээд гараад явсан. Тэгээд хээр очиж автомашиндаа унтаад маргааш өглөө нь буюу 07 цөг өнгөрөөгөөд эхнэр дээрээ буцаад очсон. Тэгээд нөгөө асуудлаа ярьсан. Чи одоо янз бүрийн хүнтэй уулзахаа боль хоёулаа амьдралаа бодъё гэхэд чамд ямар хамаатай юм бэ гээд намайг толгой түрүүгүй гараараа алгадаад байсан. Би тэр үед энхэрийн утас орон дээр харагдахаар нь автал бүр уурлаж намайг зуурч өмсөж байсан подволкноос татаж татаж урсан. Би эхнэрээ түлхээд гадаа гартал манай эхнэр надтай зууралдаад гадаа гарсан. Тэгээд гадаа гараад орилж чарлаад аллаа гээд хашгираад байсан. Би санаа зовоод Броог чирээд үүдний амбаарт оруулсан. Тэгсэн Броо бүр аймаар орилж хашгираад байхаар нь би гараад яваад өгсөн. Удалгүй найз Соёлоогийн утаснаас залгаад чи яагаад миний гар утсыг аваад явж байгаа юм бэ чи ямар хулгайч юм бэ одоохон миний утсыг аваад ир гэсэн. Би хариуд нь чи битгий тэнэг юм яриад бай би утсыг чинь аваагүй чи өөрөө булаагаад авсан биз дээ гэж хэлсэн. Дахиад 5-10 минутын дараа өөрийнхөө намайг аваад явсан гээд байсан утаснаасаа залгаад чи ямар аймаар юм бэ хүнийг ухаан алдтал зодоод байхдаа яахав дээ гэж ярьсан. Би тэгэхээр нь чи битгий балайраад бай гэж хэлээд утсаа салгачихсан. Тэгээд 30 минутын дараа цагдаагаас чи эхнэрээ зодсон байна. Цагдаа дээр ир гэсний дагуу цагдаа дээр очсон. Ийм л юм болсон...” гэх мэдүүлэг /ХХ-41-р хуудас/,
2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 118 тоот дүгнэлтэнд:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /ХХ-44-р хуудас/, шүүгдэгч С.ГОын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-49-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-45-р хуудас/, шүүгдэгч С.ГОын ажил байдлын тодорхойлолт /ХХ-46-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.ГО нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангайн 102 тоотод 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хохирогч М.Брыг хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч М.Брын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /ХХ-19-20-р хуудас/, гэрч Ө.Мцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /ХХ-26-р хуудас/, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 118 тоот дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч С.ГОыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч М.Брын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.ГО нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангайн 102 тоотод 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хохирогч М.Брыг хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.ГО нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Засгууд овогт Сүхтулгын ГОыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.ГОыг 500 нэгж буюу 500000 /тав зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан С.ГОыг торгох ялыг 5 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.ГОод 01 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ авсугай.
6. С.ГО нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.ГОод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ.