| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2016/00593/И |
| Дугаар | 001/ХТ2017/00593 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2017/00593
Я.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/01398 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 430 дугаар магадлалтай,
Я.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Орон сууц битүүмжилсэн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 159/03 дугаар тогтоол, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 159/05 дугаар эд хөрөнгө хураасан тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Я.Эрдэнэцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Худалдаа хөгжлийн банк нь С.Даваажав, Я.Эрдэнэцэцэг нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү эвлэрсэн захирамжид Я.Эрдэнэцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а байрны 33 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг хурааж авсан гэсэн шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж байхгүй байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба битүүмжлээд зогсохгүй хураан авсанд гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэгч нь шүүгчийн захирамжид дурдаагүй шүүхээр шийдвэрлэгдсэн асуудалд огт хамааралгүй Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а байрны 33 тоот орон сууцыг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 159/05 дугаар тогтоолоор хураан авсанд гомдолтой байна. Мөн шүүгчийн захирамжид “Тэдд” ХХК, С.Даваажав нар нь хамтран хариуцагчаар татагдаж төлбөр авагчийн нэхэмжилсэн үнийн дүнг хамтдаа төлөхөөр тохиролцон хүлээн зөвшөөрсөн байхад ганц хүн дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар явуулсан байна. Иймд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а байрны 33 тоот орон сууцанд холбогдуулан гаргасан 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 159/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2016 оны 3 дугаар сарын 01-ний 159/05 дугаартай эд хөрөнгө хураасан тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 4065 дугаар шийдвэрээр “Тэдд” ХХК, С.Даваажав, Я.Эрдэнэцэцэг нараас 28 785 363 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч С.Даваажав өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а байрны 33 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2204005228 дугаарт бүртгэгдсэн хоёр өрөө орон сууцыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн Худалдаа хөгжлийн банкинд барьцаалж зээл авсан болох нь тус банктай байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12012/238 дугаартай зээлийн гэрээ, тухайн өдрийн 2012/238 дугаартай барьцааны гэрээ 2012/238А дугаартай зээлийн хувийн батлан даалтын гэрээ болон Баянзүрх дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсээс ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд эд хөрөнгийг битүүмжлэхдээ өмчлөгчийг заавал байлцуулах талаар зохицуулалт байхгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С.Даваажавын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а байрны 33 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2204005228 дугаарт бүртгэгдсэн хоёр өрөө орон сууцыг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 159/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т заасны дагуу хугацаа тогтоож уг тогтоолын нэг хувийг төлбөр төлөгч С.Даваажав, Я.Эрдэнэцэцэг нарын хүү Д.Дөлгөөнд хүлээлгэн өгсөн. Төлбөр төлөгч нар тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар хөндлөнгийн гэрчийг оролцуулж, төлбөр төлөгч С.Даваажавын хүү Д.Дөлгөөнийг байлцуулан 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 159/05 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолоор барьцаалан хурааж тогтоолын нэг хувийг Д.Дөлгөөнд хүлээлгэн өгөхөд гарын үсэг зурахаас татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар тэмдэглэлд тусгайлан тусгаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ. Иймд төлбөр төлөгч “Тэдд” ХХК, С.Даваажав, Я.Эрдэнэцэцэг нарын Худалдаа хөгжлийн банкинд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн хүсэлтээр удаа дараа шүүх хурал хойшилж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 4065 дугаар шийдвэрийг биелүүлэхэд нэхэмжлэгч Я.Эрдэнэцэцэг саад учруулж байна. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09.00 цагт товлогдсон шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав миний бие оролцох боломжгүй байх тул шүүхэд бүрдүүлсэн нотлох баримт, хариуцагчаас гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/01398 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 4065 дугаар шийдвэрийн дагуу явагдсан орон сууц битүүмжилсэн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 159/03 дугаартай тогтоол, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 159/05 дугаартай эд хөрөнгө хураасан тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай Я.Эрдэнцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 430 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/01398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Я.Эрдэнэцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Я.Эрдэнэцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэгч Ц.Гомбожав нь шүүгчийн захирамжинд дурдаагүй шүүхээр шийдвэрлэгдсэн асуудалд огт хамааралгүй Баянзүрх дүүргийн 3 хороо, 12 хороолол, 7а байрны 33 тоот орон сууцыг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 159/03 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор битүүмжлэхдээ эд хөрөнгөний хууль ёсны өмчлөгч биш хүнийг байлцуулан тогтоолд гарын үсэг зуруулсан, 2016 оны 3 сарын 01-ний өдөр 159/05 дугаар “эд хөрөнгө хураасан тогтоол”-оор хураан авсанд гомдолтой байна. Мөн шүүгчийн захирамжинд “Тэдд” ХХК, С.Даваажав нар нь хамтран хариуцагчаар татагдаж төлбөр авагчийн нэхэмжилсэн үнийн дүнг хамтдаа төлөхөөр тохиролцон, хүлээн зөвшөөрсөн байхад ганц хүн дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар явуулж байгаад гомдолтой байна. Энэ тухай гомдлоо давж заалдах шатны шүүхэд гаргасан боловч хүлээж аваагүй, төлбөр төлөгч С.Даваажав болон намайг байлцуулаагүй, хүүхэд Д.Дөлгөөнийг байлцуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 4065 дугаар захирамжийн дагуу явагдсан орон сууц битүүмжилсэн, эд хөрөнгө хураасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч Я.Эрдэнэцэцэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “Эд хөрөнгө битүүмжлэх” 2016 он 02 дугаар сарын 24-ний өдрийн 159/03 дугаартай, “Эд хөрөнгө хураах” 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 159/05 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 4065 дугаар захирамжаар “Тэдд” ХХК болон С.Даваажав, Я.Эрдэнэцэцэг нар нь 28 484 983 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 05-ны дотор “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр барагдуулах талаар нэхэмжлэгчтэй уулзаж, тэмдэглэл үйлдэн, мэдэгдэл гардуулсан боловч төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгчээс “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас зээл авахдаа үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 7а байр, 33 тоот 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг дээрх тогтоолуудаар битүүмжилж, хураан авах ажиллагааг явуулсан байна. /хх- 29-31, 35-37, 42-43, 46-52/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “Я.Эрдэнэцэцэгийн өмчлөлийн орон сууцыг хурааж авах талаар шүүгчийн захирамжаар шийдвэрлээгүй ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба явуулсан нь хууль бус” гэж тайлбарласан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д “Төлбөр төлөгчид эд хөрөнгө байгаа эсэх талаар хуульд заасан журмаар мэдээлэл олж авах, төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах данснаас хасалт хийх, эд хөрөнгө болон биeд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид “барьцаалах” гэх/, хураах, худалдан борлуулах үйл ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч явуулж болно” гэж заасны дагуу хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулахтай холбоотойгоор дээрх ажиллагааг явуулсан нь хууль зөрчөөгүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 4065 дугаар захирамжид барьцааны зүйлийг албадан худалдаж, шийдвэрийн биелэлтийг хангах тухай заагаагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасны дагуу хийгдэх ёстой.
Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзвэл 2016 оны 01 сарын 26-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарсан ч төлбөр төлөгч болон төлбөр авагч тал энэ тогтоолтой танилцсан баримт байхгүй, нэхэмжлэлийн шаардлага болж буй 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” 159/03 дугаар тогтоол, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө хураах” 159/05 дугаар тогтоол гарсны дараа буюу 2016 оны 04 сарын 22-ны өдөр хариуцагч байгууллагаас Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандаж албан бичиг явуулсан, хариуг мөн оны 04 сарын 27-ны өдөр өгсөн, түүнчлэн 2016 оны 03 сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст албан бичиг явуулсан, хариуг 03 сарын 24-ний өдөр өгсөн байна.
“Эд хөрөнгө битүүмжлэх” болон “Эд хөрөнгө хураах” тогтоол гарсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан ажиллагаа хийгдсэн болох нь дээр дурдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй юм.
Түүнчлэн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” 159/03 дугаар тогтоолын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдлийг хүлээлгэн өглөө гэсэн тэмдэглэл байх боловч мэдэгдэл хэрэгт авагдаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т заасан хугацааг тогтооосон гэж үзэхгүй. Иймээс хариуцагчийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө хураах” 159/05 дугаар тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д нийцээгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Я.Эрдэнэцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 430 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/01398 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 4065 дугаар шийдвэрийн дагуу явагдсан орон сууц битүүмжилсэн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 159/03 дугаартай тогтоол, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 159/05 дугаартай эд хөрөнгө хураасан тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Я.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.” гэж, 2 дахь заалтыг “...70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэснийг “...70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Я.Эрдэнэцэцэгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН