Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 239

 

“С...” эвсэл,

Л.Н нарын нэхэмжлэлтэй,

 Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Г.Банзрагч

            Шүүгчид:                        Б.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

                                                   Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгах”,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар шийдвэртэй,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О, Ш.А нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О, Ш.А нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С...” эвсэл, Л.Н нарын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О, Ш.А нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... шүүхийн шийдвэрийг Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийг дараах байдлаар буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3. Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 29.6-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Улсын их хурлын Сонгуулийн тухай хуулийн 29.6-д ”нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглоно” гэх заалт нэр дэвшигч хувьд хүнд хязгаарлалт тогтоосон зохицуулалт байна.

4. Нэр дэвшигч тус хязгаарлалтыг өөрийн идэвхтэй үйлдэл, хүсэл зоригоор зөрчсөн бол түүнийг энэхүү хязгаарлалтыг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл иргэн УИХСТХ-ын 32.2.2-д заасан “өөрийн бичгээр өгсөн зөвшөөрөл”-ийг 2 тойрогт гаргасан тохиолдолд хуулийн дээрх хориглолтыг “нэр дэвшигч нь” шууд зөрчсөн болно.  

5. Гэтэл Л.Н өөрийн идэвхтэй, санаа зорилготой үйлдлээр хуулийн дээрх хязгаарлалтыг зөрчөөгүй.Л.Н нь Монгол Консерватив намын гишүүнээр элсэж, тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвших зөвшөөрлөө СЕХ-ын 2020.04.07-ны 19-р тогтоолын 2-р хавсралтаар батлагдсан маягтын дагуу үйлдэн намд хүргүүлж, нэр дэвшүүлэх ажиллагаан биечлэн оролцож, улмаар намын төлөөлөх зөвлөлийн хуралдайгаар тус намаас УИХ-ын сонгуулийн 22 тойрогт нэр дэвшүүлэхээр батлагдаж, Монгол Консерватив намын элсэн орсон “Сахигтун! Үндсэн хуулийн 19”- эвслээс нэр дэвшсэн.

6. Харин “Зөв хүн-электорат” эвслийн гишүүн болох “Монголын социал демократ” намын дарга А.Г-ын “УИХ-ын сонгуулийн 19-р тойрогт манай намаас нэр дэвшээч” гэсэн саналыг хүлээн авахаас татгалзаж байгаагаа илэрхийлж биеэр очиж уучлал гуйж, түүний сонгуулийн ажилд амжилт хүссэн байдаг.

7. Гэтэл “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшүүлэгчдийн нэрсийн жагсаалтад түүний нэрийг багтаан СЕХ-д хүргүүлсэн байна. Үүндээс УИХСТХ-ын 32.2.2-32.2.10-д заасан аль баримтыг хавсаргаагүй.  Үүний дотор тус хуулийн 32.2.2-д заасан “нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл” байхгүй.

8. Иймээс иргэн Л.Н “сонгогдох эрх”-ээ 2 давхардуулж эдлэх ямар ч оролдлого санаачлага хэрэгжүүлээгүй буюу УИХСТХ-ын 29.6-д заасныг зөрчиж 2 тойрогт давхар нэр дэвшээгүй.

9. “Нэр дэвших” талаар буруу тайлбарлаж хэрэглэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.1-д заасан үндсэн эрхийг баталгаатай эдлэнэ. Үүнд: 16.9 “сонгох, сонгогдох эрх”, 16.10 ”сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх” юм. Намаас дэвших ойлголт нь дээрх 2 үндсэн эрхийн нийлбэр. Сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийн хэлбэр болсон улс төрийн нам тухайн намын үйл ажиллагааг сайн дураараа дэмжиж, мөрийн хөтөлбөрийг нь хамтран хэрэгжүүлэхээр намаас нэр дэвшихээр “иргэн” сонгогдох эрхээ хэрэгжүүлэхдээ намтай хамтарч болно. Эсхүл татгалзаж болно.

10. Энэхүү хоёр үндсэн эрх сайн дураар харилцан зөвшөөрөлцөн нийлсэн эсэхийг хянах зорилгоор хууль тогтоогч УИХСТХ-ын 32.2.2-д “нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл” гэж тусгайлан заажээ.

11. Гэтэл шүүхийн шийдвэрт нэр дэвшүүлэх асуудал дан ганц улс төрийн намын эрх хэмжээний асуудал мэтээр хуулийг тайлбарлан хэрэглэжээ.

12. Шүүхийн шийдвэрт тайлбарласан агуулгаар буюу дэвшүүлэх асуудал иргэний зөвшөөрлийг авах шаардлагагүй улс төрийн намын эрх хэмжээний асуудал гэж үзвэл улс төрийн нам хэзээ ч хэнийг ч “сонгогдох” эрхийг хэрэгжүүлэхээр үүрэг болгох боломжтой байна.

13. Мөн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй ч намаас нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтанд нэр дурдагдсан л бол тухайн намаас “нэр дэвшсэн” гэж үзсэн СЕХ-ын тогтоолыг үндэслэлтэй гэж үзвэл намууд харилцан өөрсдийн өрсөлдөгчдийн нэрсийг өөрийн тогтоолд бичиж СЕХ-д хүргүүлснээр УИХСТХ-ын 29.6-д заасан үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзуулах боломжийг шүүх зөвшөөрсөн байна.

14. Дээрх нөхцөл байдлыг буюу УИХСТХ-ийн 27.1.3, 29.1, 30 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хариуцагч мөн адил буруу тайлбарлаж шүүх хуралдаанд оролцсон байдаг. Хуулийн 29.1-д зааснаар 2020 оны 05 сарын 10-аас 05 сарын 16-ний өдрийг дуустал нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагааг хийх ба ингэхдээ хуулийн 30.4-т зааснаар тухайн нам, эвслийн төлөөллийн байгууллагаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж шийдвэрлэх нарийвчилсан зохицуулалт байхад нэхэмжлэгчийг аль нэг нам эвсэлд хуулийн 27.1.3-д зааснаар 2020 оны 04 сарын 25-ны дотор шийдвэрлэгдээгүй мэтээр буруу тайлбарлаж үнэлсэн нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нам, эвсэл байгуулах, эвслээс сонгуульд оролцох сонирхлоо илэрхийлэх, эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагааг хийх, нэр дэвшигчээр бүртгэх гэсэн хуулийн 6 дугаар бүлгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журам зөрчсөн. Шүүхийн шийдвэрт “Л.Н нь Монголын социал демократ намын даргад хандан 2020 оны 05 сарын 16-ны өдрийн 23 цаг 15 минутад “нэр дэвших эрхээсээ татгалзаж байгаа тухай агуулгатай” бичиг өгсөн гэж дурдаад уг татгалзлыг үндэслэн өмнө нь Л.Н нь “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшихээр зөвшөөрч байсан мэт агуулгаар дүгнэлт хийжээ.

16. Шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ ЗХШХШТХ-ын 34.1-д “тал бүрээс нь бодитой харьцуулан үзсэний үндсэн дээр”, 34.2-д “ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас” гэж заасан нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчсөн байна.

17. Л.Ннь “Монгол Консарватив нам” болон “Сахигтун! Үндсэн хулийн 19” эвсэлээс нэр дэвшүүлэх ажиллагаанд оролцож дууссаны дараа “Зөв хүн электорат эвсэл”-ийн facebook live-аар өөрийн нэрийг дурдсан болохыг олж мэдээд “Монголын социал демократ нам”-д “зөвшөөрөөгүй”, “өөрийн нэрийг нэрсийн жагсаалтаас хасах” утга бүхий бичгийг хүргүүлсэн байдаг. Үүнийг өөрийн биеэр “Монголын социал демократ нам”-ын байранд очсон мэтээр дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

18. Мөн “Монголын социал демократ нам”-ын нарийн бичгийн даргын албан бичигт дурдагдсан “нэр дэвшүүлэх, татгалзах эсэх” асуудал нь намын удирдах зөвлөлөөр шийдвэрлэгдэнэ гэснийг Л.Н тогтоол гарсны дараа  нэр дэвшихээс татгалзсан тул тухайн намын удирдах зөвлөлөөс уг татгалзлыг хүлээн авах талаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ёстой байсан гэж тайлбарласан нь мөн нотлох баримтыг илтэд гуйвуулан тайлбарласан байна.

19. Уг албан бичигт дурдаж буй агуулга Л.Н анх тухайн намаас нэр дэвшихээр хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг нэр дэвшүүлэх эсхүл нэр дэвшүүлэхээс татгалзах эсэх асуудлыг намын удирдах зөвлөлөөс шийдвэрлэнэ гэх агуулгатай байна.

20. Шүүх ийнхүү тайлбарлаж дүгнэлт хийсэн нь Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэний сонгогдох эрхийг аливаа нам эвслийн байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр хийгддэг буюу тодорхой дамжлагатайгаар эдэлдэг эрх болгон буруугаар тайлбарлаж байна.

21. Иргэн намын хоорондын харилцаа иргэний эрх зүйн харилцаа бөгөөд энэхүү харилцаанд аль нэг нь давуу эрх эдлэхгүй бөгөөд иргэн тухайн намаас нэр дэвшихээс татгалзах нь түүний өөрийн бүрэн эрхийн асуудал юм.

22. Сонгуулийн ерөнхий хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар дүгнэлт өгөөгүй. УИХСТХ-ын 7.1-д “Сонгуулийн зарчим нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ”, 32.7-д “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах ба хэрэв баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд багтаан нөхөн ирүүлж болно” гэж заасан үүргээ биелүүлж “Зөв хүн-Электорат эвсэл”-ээс ирүүлсэн нэр дэвшүүлэгчийн нэрсийн жагсаалтад Л.Наранбаатарын өөрийн бичгээр өгсөн зөвшөөрөл байгаа эсэхийг нягтлан шалгаж тодруулсан бол Л.Ннь давхар нэр дэвшээгүй гэдгийг тодорхойлж болох байсан.

23. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д зааснаар “С...э”-ээс ирүүлсэн Л.Н-ын баримтууд, “Зөв хүн электорат эвсэл”-ээс ирүүлсэн Л.Н-ын материалыг харьцуулан шалгаж бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр Захиргааны ерөнхий хуулийн 42.1, 42.2-д заасны дагуу “сонгох боломжоо” зөв хэрэгжүүлээгүй. Энэхүү агуулгаар гаргасан нэхэмжлэл, тайлбарыг анхан шатны шүүх хүлээж аваагүй.

24. Үүнээс гадна, “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эсвэл”-ээс ирүүлсэн Л.Н-тай холбоотой баримт бичигт түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй буюу хуульд заасан бүх шаардлагыг хангасан байхад бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс хоёр эвсэлд хамаарах хоёр тогтоол хүчин төгөлдөр учраас аль алинд нь бүртгэх боломжгүй гэснийг шүүх үнэлж шийдсэн нь үндэслэлгүй.

25. Учир нь “Зөв хүн электорат” эвслийн 2020 оны 05 сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоол зөвхөн Л.Н-т холбогдуулж гараагүй бөгөөд уг эвслээс нэр дэвшүүлсэн нийт 60 хүний нэрсийг дэвшүүлсэн тогтоол. Уг тогтоолыг шүүхийн үнэлсэн шиг хүчингүй болгох боломж байхгүй ба хэрэв эвсэл нь хүчингүй болгосон нөхцөлд бусад 59 нэр дэвшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх байсан. Иймээс “Зөв хүн электорат” эвслийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 08 дугаар тогтоол гарч уг тогтоолд “... Улсын Их Хурлын 19 дүгээр тойрогт нэр дэвших эрхээсээ татгалзаж буйгаа илэрхийлж” хэмээн Л.Н-ыг онцолж асуудлыг шийдвэрлэсэн байтал СЕХ ч тэр, шүүх ч тэр уг үйл баримтыг үл ойшоож нэхэмжлэгчийг буруутгах, хариуцагчийг зөвтгөх хэт нэг талыг баримталсан шударга бус шийдвэр болсон.

26. Нэхэмжлэгч Л.Н нь шүүхээр УИХ гишүүнээр бататгахыг эсхүл аливаа нам, эвсэл, нэр дэвшигчээс илүү боломж олгохыг хүссэн нэхэмжлэл гаргаагүй бөгөөд бусад нэр дэвшигч нартай адил нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг даалгах л нэхэмжлэл гаргасан. Гэтэл хуулиар сонгууль зохион байгуулах үүрэг бүхий хороо ямар учраас нэхэмжлэгчид уг боломжийг олгохоос татгалзаад байгааг ойлгохгүй байна.

27. Хяналтын гомдол гаргасан цаг хугацаа болон ээлжит сонгууль явагдах 06 сарын 24-ны өдөр, сурталчилгааны хугацаа 22-ны өдөр дуусахаас өмнө хяналтын хурлыг хийж энэхүү маргааныг эцэслэж жирийн иргэнд хууль зүйн боломжийг эдлүүлж сонгуульд оролцох, сонгогдох эрхийг эдлүүлэхийг хүсч байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

28. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Л.Н-ын өмгөөлөгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

29. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Л.Н-ыг Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн  19 дүгээр тойрогт “З...” эвсэл, 22 дугаар тойрогт “С...” эвсэл тус тус нэр дэвшүүлсэн, ийнхүү нэр дэвшүүлсэн талаарх “Зөв хүн электорат” болон “С...” эвслээс нэр дэвшигчдийн нэрсийг баталгаажуулсан улс төрийн шийдвэрүүдийг Сонгуулийн ерөнхий хороонд 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тус тус ирүүлсэн, талууд энэ үйл баримттай маргаагүй байна.

30. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д “...нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглох”-оор, 33 дугаар зүйлийн 33.1-д “... 29 дүгээр зүйлийн 29.6-д заасныг зөрчиж нэр дэвшсэн бол /бүртгэхээс татгалзах/”-аар тус тус заасан тул Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д заасныг зөрчиж нэгээс илүү тойрогт нэр дэвшсэн” гэх үндэслэлээр “С...” эвслээс Улсын Их Хурлын сонгуулийн 22 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн Л.Н-ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь дээрх хуулийн заалтуудтай нийцсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

31. Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар зөрчлийг арилгасан болохоо мэдэгдэж, дахин бүртгүүлэхээр хүсэлтийг хүргүүлсэн ...” гэж тодорхой дурдсан атлаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “...огт зөрчил гаргаагүй” гэж маргаж байгааг хүлээж авахгүй.

32. Харин, нэхэмжлэгч нарын “...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар зөрчлийг арилгасан болохоо мэдэгдэж, дахин бүртгүүлэхээр хүсэлтийг хүргүүлсэн ... /байхад/ Сонгуулийн ерөнхий хорооноос уг зөрчлийг арилах боломжгүй зөрчил гэж үзэн нэр дэвшигчээр бүртгээгүй нь ... /хууль бус/” гэх үндэслэлээр гаргасан “Л.Н-ыг Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй, давж заалдах шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж, хэрэглэвэл зохих Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.2-т заасныг хэрэглээгүй, маргааны үйл баримтуудад буруу дүгнэлт хийж, “... маргаан бүхий акт гарснаас хойш үүссэн нөхцөл байдал, захиргааны шийдвэртэй холбоотой шаардлага гаргаагүй” гэх үндэслэлээр уг асуудлаар “... дүгнэлт өгөхгүй” гэж шийдвэрлэсэн нь буруу байна.

33. Хэрэгт цугларсан баримтуудаар, Л.Н-ыг Улсын Их Хурлын сонгуулийн  19 дүгээр тойрогт “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшүүлснийг Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаар тогтоолоор мөн бүртгэхээс татгалзсан, үүний дараа “З...” эвслийн Төлөөлөх зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 8 дугаар тогтоолоор уг тойрогт Л.Н-ын оронд Б.С-ыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж шийдвэрээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн, Л.Н нь “Зөв хүн электорат” эвслээс Улсын Их Хурлын сонгуулийн 19 дүгээр тойрогт нэр дэвшихээсээ өөрөө татгалзсан үйл баримтууд тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.  

34. Хариуцагч Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 192 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн  19 дүгээр тойрогт “З...” эвслээс Л.Н-ын оронд нэр дэвшүүлсэн Б.С-ыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн атлаа “С...” эвсэл болон Л.Н-аас 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сонгуулийн ерөнхий хороонд хандаж, “... бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгасан болохоо мэдэгдэж”, нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлт гаргасныг 2020 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 3-2/175 дугаар албан бичгээр “... нэр дэвшүүлэх ажиллагаа ... явагдаж дууссан байна, ... уг хугацаанд гаргасан зөрчлийг арилгах боломжгүй” гэх хариуг ирүүлж, Л.Н-ыг нэр дэвшигчээр бүртгээгүй нь дараах байдлаар хуульд нийцээгүй байна.

35. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.2-т “нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно” гэж зааснаас үзэхэд, нэр дэвшигчээр бүртгүүлэхэд аливаа “зөрчил” гарч болохоор, уг зөрчлийг арилгасан бөгөөд хуульд заасан хугацаанаас өмнө баримт бичгээ ирүүлсэн бол дахин бүртгэж болохоор хуульд тусгайлан заасан, хуульд заасан “санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө” гэх хугацаа нь тухайн тохиолдолд, 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөрт багтаж байх тул “С...” эвсэл, Л.Ннараас 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “... зөрчлийг арилгасан болохоо мэдэгдэж”, нэр дэвшигчээр бүртгүүлэхээр гаргасан хүсэлт хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй, “... нэр дэвшүүлэх ажиллагаа ... явагдаж дууссан байна” гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээж аваагүй нь  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.3-т “ Сонгуулийн ерөнхий хороо дахин бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 32.12-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчжээ.

36. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тохиолдлуудыг нэрлэн заасан, эдгээрийн аль ч үндэслэлээр, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдол бүрт “зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх” боломжийг уг хуулиар олгосон байхад “С...” эвсэл, Л.Н нараас 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “... зөрчлийг арилгасан болохоо мэдэгдэж”, нэр дэвшигчээр бүртгүүлэхээр гаргасан хүсэлтэд хариу өгч, “... арилгах боломжгүй зөрчил” гэх хуульд заагаагүй үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгээгүй Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй хууль бус, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэх” сонгуулийн үндсэн зарчимд нийцээгүй гэж үзлээ.

37. Давж заалдах шатны шүүх уг асуудлаар буруу дүгнэлт хийсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын “... бусад нэр дэвшигч нартай адил тэгш боломж олгоогүй ... /байхад/ шүүх маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийсэн, ... “Зөв хүн электорат” эвслийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 08 дугаар тогтоол гарч уг тогтоолд ... Л.Наранбаатарыг онцолж асуудлыг шийдвэрлэсэн байтал Сонгуулийн ерөнхий хороо ч тэр, шүүх ч тэр уг үйл баримтыг үл ойшоож нэхэмжлэгчийг буруутгах, хариуцагчийг зөвтгөх хэт нэг талыг баримталсан шударга бус шийдвэр болсон” гэх гомдол үндэслэлтэй байна.

38. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 29 дүгээр зүйлийн 29.6, 33 дугаар зүйлийн 33.1.6, 33.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С...” эвсэл, Л.Н нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Л.Н-ыг Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг хариуцагч Сонгуулийн ерөнхий хороонд даалгаж, “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Н-ын өмгөөлөгч Ш.А, Ө.Э-О нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.БАНЗРАГЧ

             ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА