Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 01

 

                                              Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                                баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун би: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг “Нөмрөг ээл ХХК-ийн нэхэмжлэлтэй,  Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/1097 тоот “Чиглэл болгох тухай” захирамжилсан үйлдлийг,  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6-д заасан захиргааны илт хууль бус акт болохыг тогтоож, тус компанийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах талаар зохих захиргааны үйлдэл хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Нөмрөг Ээл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “Петро Чайна Дайчин Тамсаг Монгол” ХХК-ийн 19, 21 дүгээр талбайд авто тээврийн туслан гүйцэтгэгчээр  Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж, төсөвт 400 гаруй сая төгрөгийн татвар хураамжийг төлөн, орон нутгийн 20 гаруй  иргэдийг ажлын байраар хангаж тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн. Бидний зүгээс харилцагч “Петро Чайна Дайчин Тамсаг Монгол” компанитай 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр уулзахад  Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс ”Петро Чайна Дайчин Тамсаг Монгол ХХК-д  2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/1077 тоот  “Чиглэл болгох тухай” албан бичгээр 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай, гадаадын иргэн захирлаар нь ажилладаг нь нотлогдсон “Нөмрөг ээл “ ХХК-ийг ажиллуулахгүй байхыг мэдэгдье гэсэн албан бичгийг бидэнд танилцуулж, цаашид энэхүү Засаг даргын бичгээр ирүүлсэн асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хамтран ажиллах боломжгүй болсон тухайгаа илэрхийлсэн... Иймд аймгийн Засаг даргын  2016 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1/1077 тоот “Чиглэл болгох тухай”  албан  бичгийн  эрх  зүйн үр дагавар нь компанийн эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг

хөндөж  байх тул  уг албан бичгийн  хууль бус болохыг  тогтоон,  дээрхи 1/1077 тоот  албан

бичигт залруулга хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч “Нөмрөг Ээл” ХХК-нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.2.4-д заасны дагуу дараах байдлаар өөрчилж байна. Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 1/1097 тоот “Чиглэл болгох тухай” захирамжилсан үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6-д заасан захиргааны илт хууль бус акт болохыг тогтоож, тус компанийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах талаар зохих захиргааны үйлдэл хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  …нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 2016 оны 1/1077 гэх албан бичиг нь “Нөмрөг Ээл” ХХК-д холбогдох бичиг биш бөгөөд 1/1077 дугаар албан бичиг нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын Цагаан-Овоо суманд хандан хүргүүлсэн албан бичиг болно гэжээ.

           Хариуцагч шүүхэд ирүүлсэн нэмэлт  тайлбартаа: …Монгол Улсын  Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр хуульчилсан ба ийнхүү гаргасан шийдвэрийг нь аймгийн Засаг дарга аймаг орон нутгийн хэмжээнд хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй. Харин нэхэмжлэгч нэмэлт тайлбартаа өөрийн эрхэлж буй үйл ажиллагаа нь орон нутгийн ард  иргэдийн эрх ашгийг хөндөөгүй гэж тусгасан.  Гэтэл орон нутгийн иргэдийн ажилтай орлоготой байх асуудал нь ард иргэдийн эрх ашигтай шууд холбоотой тулгамдсан асуудал бөгөөд  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга нь энэ асуудлыг шийдвэрлэх үүргийг ард иргэдийнхээ өмнө хүлээдэг.

           Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 63 дугаар тогтоол нь одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд хууль бус акт болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон зүйл байхгүй тул, аймгийн Засаг даргын 2016 оны 1/1097 дугаар албан бичиг нь хууль бус үйлдэл хийхийг шаардсан акт биш гэж үзэхийн зэрэгцээ эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх   шаардлагыг хангахгүй  гэж үзэж байна гэжээ.

           Нэхэмжлэгч “Нөмрөг Ээл” ХХК нь:  Бид  Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 1/1097 тоот “Чиглэл болгох тухай” албан бичгээр Гадаадын хөрөнгө оруулалттай, гадаадын иргэн захиралтай “Нөмрөг Ээл” ХХК-ийг ажиллуулахгүй байхыг үүгээр мэдэгдье гэж аж ахуйн үйл ажиллагаанд нөлөөлсөн, компанийн хууль ёсны үйл ажиллагааг үндэслэлгүйгээр хязгаарлан хориглосон, захирамжилсан үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6-д заасан захиргааны илт хууль бус акт болохыг тогтоож, тус компанийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн явуулах талаар зохих захиргааны үйлдэл хийхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан билээ.

           Уг асуудлаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд маргаан үүсгэснээс гадна холбогдох дээд шатны байгууллага албан тушаалтанд хандахад:

           Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга У.Бямбасүрэнгээс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ХЭ/1868 дугаартай албан бичгээр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд гомдлыг шийдвэрлэж хариу мэдэгдэн, хувийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ  үү гэж,

            Монгол улсын Хууль зүй дотоод хэргийн дэд сайдын 2016 оны 1-3/1069  дугаар албан бичгээр “Тус албан бичиг нь  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөртэй үл нийцэхээс гадна хөрөнгө оруулагч аж ахуй эрхлэгчдэд  хүнд суртал, дарамт шахалт учруулсан, Монгол Улсын  Үндсэн хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хуулиудыг зөрчсөн шийдвэр болсон байх тул 2016 оны 06 дугаар сарын 26-ны  өдрийн 1/1077 тоот албан бичигт дурьдагдсан асуудлыг хүчингүй болгож, “Нөмрөг Ээл” ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй” гэж,

           Монгол Улсын Хуульзүй дотоод хэргийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1-1/2190 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Дорнод аймгийн Засаг даргаас “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК-д хүргүүлсэн 2016 оны 06 дугаар сарын 24-ний  өдрийн 1/1097 тоот “Чиглэл болгох тухай” албан бичиг нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020  оны үйл  ажиллагааны хөтөлбөрт үл нийцэх бөгөөд тус хөтөлбөрийн 5.6.6-д Гадаадын хөрөнгө оруулагчдад бодлогын хамтын ажиллагааны болон хууль, эрх зүйн тогтвортой байдал, тааламжтай орчинг бүрдүүлж, тэдгээрийн эрх ашигт хамаарах олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийн хэрэгжилтийг  сайжруулж, дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын болон бусад бүх салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэж заасан байх тул танай компани хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад харшлах зүйлгүй” гэж тус тус мэдэгдсэн хариуг аваад байна.

           Түүнчлэн “Нөмрөг Ээл” ХХК-ийн хувьд 2016 онд ”Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК- тай байгуулсан гэрээт ажлаа дүгнэсэн, мөн энэ хугацаанд Дорнод аймгийн Засаг дарга болон түүний харьяа байгууллагуудаас ямар нэг хязгаарласан хориглосон үйл ажиллагааг дахин явуулаагүй тул, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан эрхийн дагуу, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч  “Нөмрөг Ээл” ХХК нь   Дорнод аймгийн Засаг даргын  2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/1077 тоот “Чиглэл болгох тухай” албан бичиг нь хууль бус болохыг тогтоон залруулга хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, улмаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн аймгийн Засаг  даргын 2016 оны 1/1097 тоот “Чиглэл болгох тухай” албан бичгээр  ...компанийн хууль ёсны эрх ашгийг үндэслэлгүйгээр хязгаарлан хориглосон, захирамжилсан үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6-д заасан захиргааны илт хууль бус акт болохыг тогтоож, тус компанийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн явуулах талаар зохих захиргааны үйлдэл хийхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно.

           Хариуцагч  аймгийн Засаг дарга нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/1097 дугаар бүхий “Чиглэл болгох тухай” албан бичгээр, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Санал дэмжих тухай” 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ийн 19, 21 дүгээр талбайд авто тээврийн туслан гүйцэтгэх ажилд Дорнод аймгийн “Татварын хэлтэс”-ийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 45 тоот “Албан тодорхойлолт”-оор 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай, гадаадын иргэн захиралтай нь нотлогдсон “Нөмрөг Ээл” ХХК-ийг ажиллуулахгүй байхыг мэдэгджээ.

            Нэхэмжлэгч “Нөмрөг Ээл” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 12 дүгээр сарын 08-ны өдрийн ХЭГ/1868 дугаар албан бичиг,  Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн  Дэд сайдын  2016 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 1-3/1069,  Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн Сайдын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1-1/2190 дугаар албан бичгүүдийн үндэслэл болон ...2016 онд ”Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК- тай байгуулсан гэрээт ажлаа дүгнэсэн, мөн энэ хугацаанд  Дорнод аймгийн Засаг дарга болон түүний харьяа байгууллагуудаас ямар нэг хязгаарласан хориглосон үйл ажиллагааг дахин явуулаагүй талаар дурьдаж, шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байна.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” мөн хуулийн  66 дугаар зүйлийн 66.2-д “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж,  2017 оны 01 дүгээр сарын 11-ний  өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ  нь:

           1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Нөмрөг Ээл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, аймгийн Засаг даргын  2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/1097 дугаар “Чиглэл болгох тухай” захирамжилсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн явуулах талаар зохих захиргааны үйлдэл хийхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд нь  уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                            

                                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ОЮУН