Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 00096

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

      Нарийн бичгийн дарга                          П.Нямсүрэн

      Улсын яллагч                                        Н.Дүүрэнжаргал

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч    О.Гт

        Шүүгдэгч                                                Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх А.Золжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Бд холбогдох 1832000000079 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Газар тариалангийн үйлдвэрлэлийн менежер мэргэжилтэй, * тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/

 

Харчу овогт Түмэннасангийн Б.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Т.Б нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Партизаны 30-А тоотод бага насны хүүхэд Г.Хныг зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: ... 2018 оны 06 дугаар сарын 25-ны өмнөх өдөр нь Хн тэмцээнд явах гэж байсан. Хн манай хоёр хүүхдэд төдийгүй өөрийнхөө төрсөн дүүд ч дээрэлхүү ханддаг. Манай охин Хнаагаас айдаг. Би өдөр цайныхаа цагаар ямар ч тохиолдолд хүүхдүүддээ очиж хоол хийж өгдөг. Хн бэлтгэлтэй байвал секцэн дээр нь хоол аваачиж өгдөг. Би Хныг хайр халамжаар дутаагаагүй гэж бодож байна. Тухайн өдөр манай эгчийн хүүхэд ирчихсэн байсан ба Хн тэнд байсан хүүхдүүдийг өдрийн 12 цаг болж байхад унт гээд хэвтүүлчихсэн байсанг нь чи яагаад дүү нартайгаа аятайхан харьцаж болдоггүй юм бэ, яагаад хүүхдүүд унт гэж байгаа юм гэсэн байдлаас болоод би хоёр удаа алгадсан. Гэхдээ хана мөргүүлсэн тохиолдол болоогүй. Аав нь ирээд утасны цэнэглэгчээр ороолгох гээд байсанг би болиулсан. Гэм буруутай, өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Гт Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: … 2018 оны 03 дугаар сард манай хоёр хүүхэд аав руугаа явахдаа хөөр баяртай явсан. Одоо болохоор аав руугаа явах уу гэхээр явахгүй надаа аав байхгүй гэж бага хүүхэд маань хүртэл хэлж байсан. Эхлээд би охиныг маань аав нь зодож дээ гэж ойлгосон. Гэтэл ирсэнийх нь дараа харахад энд тэндээ хөхөрчихсөн байсан. Аав өглөө ажлаасаа буугаад архи уугаад явчихсан аавыгаа олж ир гээд Б эгч зодсон гэж хэлсэн. Намайг хүртэл хүүхдэд маань доромжилж хэлсэн байсан. Одоо охин маань Б гэдэг нэрийг хүртэл сонсохоороо айдаг. Миний хувьд гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлгүй гэв.

Насанд хүрээгүй хохирогч Г.Хн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Т.Б эгч намайг загнаад аав чинь яахаараа утсаа авдаггүй юм чацга минь, гичий минь гээд миний хоёр хацарт дахин дахин олон удаа ээлжилж алгадсан. ... Намайг хана руу түлхэж унагасан тэр үед би толгойгоороо хана мөргөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 15 дугаар хуудас/

         Гэрч О.Гт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … охиноосоо болсон асуудлын талаар тодруулахад аав зодоогүй, Б эгч намайг алгадаад түлхэхэд нь би толгойгоороо хана мөргөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 8 дугаар хуудас/

         Т.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … би Хныг хоёр удаа алгадсан нь үнэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хуудас/

          2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №110 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

          1. Г.Хны биед тархи доргилт, хамар, хацар, нүүрэнд зөөлийн эдийн няцрал, толгойн хуйх, зүүн мөр, өгзгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

         2. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 17 дугаар хуудас/

 

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 29 дүгээр хуудас/, Шүүгдэгч Т.Бгийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /31 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Партизаны 30-А тоотод бага насны хүүхэд Г.Хныг зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Хны мөрдөн байцаалтанд өгөсн мэдүүлэг  /ХХ-ийн 15 дугаар хуудас/, Гэрч О.Гтийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 8 дугаар хуудас/, Т.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хуудас/, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №110 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 17 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Т.Бг бага насны хүүхэд Г.Хны биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд Т.Б нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Партизаны 30-А тоотод Г.Хны биед тархи доргилт, хамар, хацар, нүүрэнд зөөлийн эдийн няцрал, толгойн хуйх, зүүн мөр, өгзгөнд цус хуралт бүхий гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчу овогт Түмэннасангийн Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бг 1000 нэгж буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт  зааснаар ялтан Т.Бгийн торгох ялыг 03 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ.