| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1271/э |
| Дугаар | 1339 |
| Огноо | 2018-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 1339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Батням
улсын яллагч: С.Солонго
хохирогч: Б.О
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов
шүүгдэгч: Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н овогт Н.Г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806056001544 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н овогт Н.Г, 1978 оны 3 дугаар сарын 01-ний өдөр У хотод төрсөн , 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Б дүүргийн дугаар хорооны А хотхоны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:
Холбогдсон хэргийн талаар:
Н.Г нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Б дүүргийн дугаар хорооны А хотхоны гадна эхнэр Б.О зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эхнэр бид хоёр ажлынхантайгаа хамт 8 улаа 0.5, 0.75 граммын хэмжээтэй 2-3 шил архи уусан. Тэгээд гэрийн үүдэнд ирэхэд манай эхнэр зам руу гарч өөр тийшээ явна гэхээр нь би уурлаад гараараа 2 удаа хацар руу нь цохьсон. Зам руу гүйх гээд байхаар нь барьж аваад машин руу оруулаад зүгээр болоод гэрлүүгээ орсон. Маргааш нь манай эхнэрийн хацар нь хавдчихсан байсан. Шүүх эмнэлэгт үзүүлснээс өөр эмнэлэгт үзүүлээгүй. Өөр ярих зүйлгүй гэв.
Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ажлыхантайгаа хаалт хийгээд жоохон юм уусан. Тэгээд байрны гадаа ирээд намайг өөр тийшээ явна гэснээс болж бид хоёр маргалдсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэв.
Шүүгдэгч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ”Би 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 20:30 цагийн үед гэрээсээ хүний үс янзлахаар гарсан. 06 дугаар сарын 16-ны өдрийн 02:30 цагийн үед манай хүргэн Т н хамт бид хоёр 6 шил С нэртэй 0.500 гр-ийн пиво аваад гэртээ ирэхэд манай эхнэр согтуу байсан. Манай эхнэр О надад хэлэхдээ манай хүргэн дүүтэй бас үйлчлүүлж байсан хүнтэйгээ хамт пиво уусан гэж хэлсэн. Эхнэрийг гэрт ирсэнээс хойш би хөл бөмбөг үзээд нөгөө авчирсан пивыг нь уусан гэхдээ би бараг уугаагүй. Эхнэрийгээ 04:00 цагийн үед унтаж амар гэсэн чинь би унтахгүй пиво ууна гээд надтай маргалдаад байхаар нь би хүргэнтэйгээ хамт гэрээс гараад хүргэнийхээ гэрт очиж хоносон. Өглөө 08:30 цагт гэрийнхээ орцоор орох гэсэн чинь манай байрны харуул танай хүүхэд чинь энд байна ш дээ гэхээр нь би өөрийн хүү болох Т дээр явж очоод яасан юм бэ наанаа юу хийж байгаа юм гэсэн чинь О эгч намайг 04:00 цагийн үед таныг гэрээс гарсаны дараа гэрээсээ хөөж гаргасан гэсэн. Тэгээд би гэртээ хүүгээ аваад орсон чинь манай эхнэр шал согтуу явж чадахгүй байсан ба чи яагаад миний хүүхдийг хөөж гаргаж байгаа юм бэ гэсэн чинь манай эхнэр чи наад хүүхдээ зайлуул гэхээр нь би өөрөө энэ гэрээс зайл гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр цагдаа дуудсан. Тэгээд би цагдаа дээр ирж мэдүүлэг өгчихөөд дахиад дүүгийнхээ гэрт очиж хоносон. 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 16-17 цагийн хооронд гэртээ очсон чинь гарч ирчихээд намайг гэрлүү огт оруулаагүй манай эхнэр чи тэр цагдаатай ямар сүлбээтэй юм тэр Х гэдэг хүнтэй ямар холбоотой юм, би чамайг цагдаагаар шүүсийг чинь шахуулна гээд шууд 102-луу дахиад залгаад дуудлага өгсөн. Энэ үед манай эхнэр бас л согтуу байсан сүүлийн 3 өдөр архи ууж байна. Тэгээд эхнэр дуудлага өгчихөөр нь би байрнаасаа гарч яваад дахиад дүүгийндээ очсон чинь араас 2 хүүхдээ дагуулж ирээд манай дүүтэй архи ууж хоносон. Тэгээд өглөө 08-09 цагийн үед дүүгийнхээсээ гараад би ганцаараа гэртээ харьсан. Тэгэээд өдөр манай эхнэр бид хоёр 14-15 цагийн хооронд утсаар хүүхдийн талаар яриад маргаад хэрэлдэж байгаад би гэртээ хүүхэдтэйгээ унтаж амарсан тэгээд намайг гэртээ амарч байхад 17-18 цагийн хооронд 2 цагдаа ирээд намайг хэлтэс рүү яваад оч гэсэн танай эхнэр чинь дахиад дуудлага өгсөн байна гэсэн.” гэжээ /хх-ийн 16-20/
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би нөхөртэйгээ цуг Б дүүргийн дугаар хороо А хорооллын урд явж байгаад бид нар хоорондоо маргалдсан юм. Манай нөхөр болох Г гараа атгаж байгаад нүүрний баруун хацар луу 2 удаа цохьсон мөн хоолой боосон тэр үед би манараад унасан тэгээд салаад гэртээ ороод би цагдаа дуудсан. Миний баруун талын хацар хавдаж хөхөрсөн байсан өөр зүйл байхгүй тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлсэн. Бид нар хамт амьдраад 8 жил болж байна, 6 настай хүү, 3 настай хүүтэй гэрлэлтийн баталгаатай гэр бүл байгаа юм. 2015 онд намайг нөхөр маань нэг удаа алгадаад би цагдаад хандаад шалгагдаж байгаад би өргөдөл гомдлоо буцааж авч байсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ / хх-н 21-25/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 28/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 7783 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд
1,Б.О-н биед баруун хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2,Дээрх гэмтэл мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3,Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ / хх-н 29/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 31-32/
Н.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 34/, эд хөрөнгийн талаарх лавлагаа /хх-н 35/, захиргааны зөрчлийн талаарх баримтууд /хх-н 40-44/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 33/, жолоочийн лавлагаа /хх-н 79/, захиргааны зөрчлийн талаарх бүртгэл /хх-н 81-83/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 53/
Н.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 65/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 49,59/, прокурорын тогтоол /хх-н 50, 60/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 62-64/ зэрэг болно.
Н.Г нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Б дүүргийн дугаар хорооны А хотхоны гадна эхнэр Б.О зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Б.О биед баруун хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 7783 дугаартай шинжээчийн дүгнэлт
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Манай нөхөр болох Ганхуяг гараа атгаж байгаад нүүрний баруун хацар луу 2 удаа цохьсон мөн хоолой боосон тэр үед би манараад унасан. Миний баруун талын хацар хавдаж хөхөрсөн байсан өөр зүйл байхгүй тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлсэн.Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг / хх-н 21-25/
Шүүгдэгч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би өөрийн хүү болох Т дээр явж очоод яасан юм бэ наанаа юу хийж байгаа юм гэсэн чинь О эгч намайг 04:00 цагийн үед таныг гэрээс гарсаны дараа гэрээсээ хөөж гаргасан гэсэн. Тэгээд би гэртээ хүүгээ аваад орсон чинь манай эхнэр шал согтуу явж чадахгүй байсан ба чи яагаад миний хүүхдийг хөөж гаргаж байгаа юм бэ гэсэн чинь манай эхнэр чи наад хүүхдээ зайлуул гэхээр нь би өөрөө энэ гэрээс зайл гэж хэлсэн. Манай эхнэр бас л согтуу байсан сүүлийн 3 өдөр архи ууж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-20/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Хохирогч, шүүгдэгч нар нь архидан согтуурсаны улмаас хоорондоо маргалдаж улмаар Б.О нүүрэн тус газар нь Н.Г гараараа цохисоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Н.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Б.О нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Н.Г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Н.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нарган овогт Н.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Г торгох ялыг гурван сарын дотор нэг сард 200.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Г нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Н.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Н.Г авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН