Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2026/ДШМ/04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.От холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Даваахүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Долгорсүрэн,

Нарийн бичгийн дарга: М.Хулан нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/400 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.Даваахүүгийн эсэргүүцлээр Г.От холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, “Х” овогт Гын О, 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн М сумын 0 дугаар багт оршин суух, бүртгэлтэй, ял шийтгэлгүй /-00/.

Г.О нь 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн М сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Мыг пиво авч өгсөнгүй гэх шалтгааны улмаас түүний нүүр тус газарт цохиж эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, доод уруул, доод уруулын салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/400 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х овогт Гын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Гын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн 000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.М нь цаашид гарах 21, 22 дугаар шүдэнд импланд хийлгэх эмчилгээний зардпаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.Оөөс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Даваахүү эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Г.О нь гэмт буруугийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруу дээр маргаагүй боловч хохирогчийн зүгээс нэхэмжилсэн хохирол, нөхөн төлбөртэй холбоотой баримтыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүхээс хохирлын хэмжээг нотлох баримтад заасан эргэлзээгүй баримтыг үндэслэж тогтоож өгөөч, мөн сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн хэр хэмжээгээр багасгаж өгөөч гэх зэргээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар маргаж оролцсон байдаг.

Ийнхүү гэм буруугийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Оөөс хохирогч М.Мын эрүүл мэндэд учирсан холбоотой гарсан зардал 1,423,100 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол 3,952,080 төгрөг нийт 5,375,180 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүгдэгчийн зүгээс гэмт буруутайд тооцсоны дараа учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж улмаар 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нөхөн төлсөн баримтыг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргаж өгсөн байдаг.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал боловч уг зүйлийг хэрэглэх нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн (Шударга ёсны зарчим) 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцсэн байх учиртай.

Уг зохицуулалтаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л шүүх уг заалтыг хэрэглэж болохоор хуульчлагдсан байна.

Өөрөөр хэлбэл, тухайн этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шүүх Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаас хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгааг ойлгоно.

Өсвөр насны шүүгдэгч Г.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг гэмт хэргийг үйлдсэн мөн хохирогчид учирсан хохирол, нөхөн төлбөрийн талаар маргаж гэм буруугийн шүүх хуралдаанд оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Оийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/400 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн прокурор эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “...Гын О нь 2025 оны 5 дугаар сарын 30-ны шөнө Хөвсгөл аймгийн М сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Мыг “пиво авч өгсөнгүй” гэх шалтгааны улмаас түүний нүүр тус газарт цохиж эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, доод уруул, доод уруулын салстад шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцээд “...прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйчлэл тохирч байна” гэж дүгнэн Г.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх шинжийг агуулах бөгөөд Г.О нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/, Иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн нэхэмжлэл /хх-ийн 23-р тал/, Мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 67-р тал/, шүүгдэгч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...эрүүн тус газар нэг удаа гараараа цохитол цаашаагаа хашаа руу очоод мөргөөд унасан. Тэгсэн чинь М нь шүд хугарчихлаа гэж хэлж байсан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Би ахиж ийм зүйл гаргахгүй...” гэх мэдүүлэг, хохирогч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгэхээр нь би урдаас нь ахын дүү тэгж болохгүй шүү гэж хэлээд эргэж хартал Т миний дагз руу гараа атгаад 1 удаа цохисон. Тэгээд эргэж хартал шууд заамдаж аваад нүүрэн тус газар 1 удаа цохисон. Төгөлдөртэй цуг явсан Баасанжав мөн надтай цуг явсан А нар ирээд бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,

Гэрч Н.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Тэгсэн эхлээд Төгөлдөр Мыг хашаа руу тулгаад заамдаад цохиход М шүд хугарчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд араас нь А ах бид 2-ыг очиход О М ахыг нүүрэн тус газар нь цохиод авсан. Тэгсэн М ах шүд хугарчихлаа гээд нүүрээ бариад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 23- ны өдрийн 278 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27-р тал/,

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ 3057 дугаартай дүгнэлт /хх-н 111-113-р тал/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогоогдож байх ба эдгээр нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалтай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Прокурор Б.Даваахүүгийн гаргасан “....шүүгдэгч Г.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг гэмт хэргийг үйлдсэн мөн хохирогчид учирсан хохирол, нөхөн төлбөрийн талаар маргаж гэм буруугийн шүүх хуралдаанд оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Оийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй...” гэх эсэргүүцлийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг хуульчлан тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Г.Оийн тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч М.Мын эрүүл мэндэд учирсан холбоотой гарсан зардал 1,423,100 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол 3,952,080 төгрөг нийт 5,375,180 төгрөгийн хохирлыг шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж улмаар нөхөн төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн баримт /хх-н 159-р тал/-аар тогтоогдсон байна.

 Иймд анхан шатны шүүхээс Г.Оийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, цаашид сурч боловсрох бололцоотой зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт бөгөөд шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлснийг буруутган дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 Мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд прокурорын эсэргүүцэлд дурдсан хохирогчид учирсан хохирол, нөхөн төлбөрийн талаар маргасан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/400 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.СОСОРБАРАМ

                                           ШҮҮГЧИД                         Н.БАЯРХҮҮ

                                                                                  Л.ЭРДЭНЭБАТ