Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 207/МА2022/00071

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 207/МА2022/00071

 

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.*******д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2022/00594 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.*******д холбогдох,

Худалдан авсан хонины үлдэгдэл төлбөр болох 7.800.000 төгрөг гаргуулах иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

Д.*******гийн хоттой хониноос 180 эр хонийг ялгаж, тоолж аваад бэлнээр 23.000.000 төгрөг өгөөд хонио зарсны дараа үлдэгдэл 7.800.000 төгрөгийг өгнө гээд өгөлгүй өдийг хүрчээ. Д.*******гийн 2020 оны 04 дүгээр сард төлнө гэсэн нотариатаар батлуулсан баталгаанд итгэж, хүлээсэн боловч мөн үлдэгдэл төлбөрийг барагдуулсангүй. Улмаар Булган аймгийн цагдаагийн газарт хандсан ба Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Шижиртуяа хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, ...гэсний дагуу хонины үлдэгдэл төлбөр 7.800.000 төгрөгийг гаргуулж, Д.*******г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын тайлбар, татгалзал, түүний агуулга:

Д.******* Д.******* нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 180 толгой хонийг 1 хонийг 160.000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон ба нийт үнэ нь 180ш*160.000 төгрөг= 28.800.000 төгрөг болсон. Гэтэл нэхэмжлэгч Д.*******гээс 23.000.000 төгрөг бэлнээр авсан одоо 7.800.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хонины нийт үнэ нь Д.*******гийн хувьд 30.800.000 төгрөг болж анх тохирсон 28.800.000 төгрөгнөөс 2.000.000 төгрөгөөр хэтэрсэн байна. Д.******* эр хонь худалдаж аваад махалж зарж ашиг олох зорилготой байсан ба Д.******* нь эр хонь өгөх ёстой байтал биет байдлын доголдолтой буюу эр хонь өгөөгүйгээс үүдэн Д.******* алдагдалд орсон. Д.******* нь хонь худалдаж авсны дараа Орхон аймагт хонио тууж ирээд Батка гэх махны ченжид 22 хонины 506 кг махыг 1 кг-ыг нь 6500 төгрөгөөр тооцон 3 289 000 төгрөгөөр зарсан ба тухайн үед Батка хоньдыг хараад маш муу хоньд байна 25 кг-аас дээш гарах хоньд бараг алга, 25 кг-аас дээш гарч байж л ашиг олно ш дээ, чи наад хонио буцааж өг гэсний дагуу Д.******* Д.*******гийнд 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр очсон. Д.******* хонио буцааж өгөөд мөнгөө авах талаар хэлсэн боловч Д.******* тухайн үед уурлаж хонио авахгүй гэж маргасан тул буцааж өгч чадаагүй. Иймд Д.******* Таван Эрдэнэ ХХК-ний захирал Д.Байгалмаатай ярилцаж гуйгаад түүний нэрээр 100 толгой хонийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нийлүүлсэн. Д.Байгалмаа нь тус үйлдвэртэй мах нийлүүлэх гэрээтэй ба махны ченжүүдээс хямд мал авч цааш нь нийлүүлж ашиг олдог байсан тул Д.*******гээс 1 кг махыг 6.800 төгрөгөөр тооцож 100 хонины 2030 кг махыг 13.811.000 төгрөгөөр авч зарж өгсөн. Д.******* нь Эрдмийт ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 52 хонины мах буюу 1054,6 кг махыг 1 кг-ийг нь 7 200 төгрөгөөр тооцон 7.593.120 төгрөгөөр худалдсан байдаг. Мөн өөрөө 6 хонийг танихгүй хүмүүст 140.000 төгрөгөөр амьдаар нь зарж нийт 840.000 төгрөгийн борлуулалт хийсэн ба эдгээр хоньд зарсан үнийн нийт хэмжээ нь 3.289.000 төгрөг+13 811 000 төгрөг +7 593 120 төгрөг+ 840 000төгрөг= 25.533.120 төгрөг болж байна. Д.******* нь Д.*******гээс авсан 180 толгой хонийг зараад нийтдээ 25.533.120 төгрөгний борлуулалт хийсэн бөгөөд 23.000.000 төгрөгийг хонь авахдаа бэлнээр өгсөн байсан. Д.*******, Д.******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдагч тал буюу Д.******* нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг Д.*******д шилжүүлж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Учир нь Д.*******гийн худалдсан хоньд нь дунджаар 20 орчим кг жинтэй мах гарч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна тэгэхээр 1 хонь 20кг * 6 800 төгрөг = 136.000 төгрөг болно гэсэн үг. Зүй нь бол Д.******* 160.000 төгрөгний үнэ хүрэх сайн хоньдыг Д.*******д өгөх үүрэгтэй мөртлөө үүргээ биелүүлээгүйгээс үүдэн Д.******* 1 хонь тутмаас 24.000 төгрөг алдах буюу нийт 180 толгой хониор тооцоход 4.320.000 төгрөг алдсан юм. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй, мөн зүйлийн 253.2-т Энэ хуулийн 253.1-д зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон /ачих, тээвэрлэх, гүйцэтгэсэн ажлын хөлс, зарцуулсан материалын үнэ гэх мэт/ зардлыг худалдагч хариуцна гэж заасны дагуу Д.******* нь биет байдлын доголдолтой буюу тохирсон үнэ ханшиндаа хүрэхгүй байгаа муу хоньдыг өөр сайн хониор сольж өгөх үүрэгтэй байсан боловч маргаан үүсгэн хоньдыг сольж өгөөгүй тул Д.******* аргагүйн эрхэнд хямдхан зарахаас өөр аргагүй байдалд орсон байдаг. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, мөн зүйлийн 254.2-т Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно гэж тус тус заасан. Д.******* нь Д.*******д хоньд нь биет байдлын доголдолтой буюу 160.000 төгрөгийн үнэлгээтэй хоньд биш болохыг мэдмэгцээ 3 хоногийн дараа очиж наймааг буцаах санал гаргасан, хоньдыг туух, хадгалах зэрэгт 200.000 төгрөгийн зардал гарсан, хэрэв сайн хоньд байсан бол Д.******* хоньдыг үнэд хүргэж зараад үлдэгдэл төлбөр болох 5.800.000 төгрөгөө Д.*******д бүрэн төлөх боломжтой байсан зэргийг харгалзан үзэх ёстой. Хариуцагчийн буруутай үйлдлээс болж маргаан үүсээгүй харин нэхэмжлэгчийн буруутай үйлдэл буюу бусдад муу хоньдыг өндөр үнээр зарснаас болж маргаан үүссэн. Д.******* нь худалдах худалдан авах гэрээний анх тохиролцсон 1 хонины үнийг 160.000 төгрөгөөс бууруулж 1 хонийг 136.000 төгрөг болгохыг Д.*******гээс шаардах эрхтэй тул энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргана гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******гээс 5.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139.750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамжаар 107.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Булган аймгийн Хангал сумын Засаг даргын тамгын газраас ирсэн мал тооллогын А баримт нь хуурамч 2019 оны баримтыг 2018 оны болгож зассан байсан ба хариуцагчаас шаардаж байж дахин нотлох баримтыг авахад 2018 оны малын тооллогод Д.******* нь 2 настай эр хонь 87 толгой, эм хонь 310 толгой гэж тоолуулсан байсан. Шүүх хуралдааны мэтгэлцээний үед би энэ талаар тодорхой хэлж 87 толгой эр хоньтой хүн хэрхэн 180 толгой эр хонийг бусдад зарах вэ ийм боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг хэлж тайлбарласан түүнчлэн Д.******* нь өөрийн оршин суудаг газрынхаа албаны хүмүүстэй үгсэн тохиролцож хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байж болзошгүй байсан боловч анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Шүүхээс энэ нотлох баримтыг үнэлж дүгнэсэн бол Д.*******гийн мал тооллогын баримтаас харахад 180 толгой эр хонийг бусдад худалдаалах боломжгүй болох нь шууд нотлогдох юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дахь заалтад хариуцагч худалдан авч байгаа хониныхоо тарга тэвээрэг ямар байгааг өөрөө харж үзэж авсан бөгөөд доголдолтой тарга хүч муутай гэдгийг худалдан авч байхдаа мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна гэжээ. Хариуцагчаас тухайн үед хонийг худалдаж авч байхад хамт байсан Д.Дэмбэрэлсүрэнг гэрчээр оролцуулсан ба гэрч нь тухайн үед хашаанд хашчихсан байсан 180 хоньдыг очиж авсан зарим муу хоньдыг буцаах гэхэд Д.******* уурлаад байсан тул буцааж өгч чадаагүй, ер нь бол муу хоньд байсан Эрдэнэт хотод ирээд махны ченжид өгөхөд муу хоньд гэдгийг мэдсэн зэргийг тодорхой дурдсан. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж дүгнээгүй. Шийдвэрийн 9 дэх хэсэгт Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авахдаа уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар хуульд заажээ гэсэн байна. Тус зүйлийн 255.2-т худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй гэж хуульчилсан. Үүнээс харахад худалдагч Д.******* нь эр хоньд биш муу хоньдыг буцаах гэхэд уурлаж загнасан тул аргагүйн эрхэнд худалдаж авсан талаар хариуцагч, гэрч нар нотолдог. Тэгэхээр Д.******* нь хоньдынхоо доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулж Д.*******д худалдсан нь 255.1.1-д заасан үндэслэлийг үгүйсгэж байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Д.******* нь хоньдыг зараад олсон цэвэр ашиг болох 25 533 120 төгрөгийг Д.*******д өгөх ёстой, түүнээс биш доголдолтой хоньдыг буцааж өгөх гэхэд худалдан авагч нь хууль бусаар татгалзсанаар аргагүйн эрхэнд хямдхан зарсан. Нэгэнт 180 хоньдыг зараад олсон орлого нь 25 533 120 төгрөг болсон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх худалдаж авахдаа доголдлоо мэдэх боломжтой байсан гэдэг үндэслэлгүй дүгнэлт хийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй, мөн зүйлийн 253.2-т Энэ хуулийн 253.1-д зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон /ачих, тээвэрлэх, гүйцэтгэсэн ажлын хөлс, зарцуулсан материалын үнэ гэх мэт/ зардлыг худалдагч хариуцна гэж заасны дагуу Д.******* нь биет байдлын доголдолтой буюу тохирсон үнэ ханшиндаа хүрэхгүй байгаа муу хоньдыг өөр сайн хониор сольж өгөх үүрэгтэй байсан боловч маргаан үүсгэн хоньдыг сольж өгөөгүй тул Д.******* аргагүйн эрхэнд хямдхан зарахаас өөр аргагүй байдалд орсон байдаг. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, мөн зүйлийн 254.2-т Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно гэж тус тус заасан. Д.******* нь Д.*******д хоньд нь биет байдлын доголдолтой буюу 160.000 төгрөгийн үнэлгээтэй хоньд биш болохыг мэдмэгцээ 3 хоногийн дараа очиж наймааг буцаах санал гаргасан, хоньдыг туух, хадгалах зэрэгт 200.000 төгрөгийн зардал гарсан, хэрэв сайн хоньд байсан бол Д.******* хоньдыг үнэд хүргэж зараад үлдэгдэл төлбөр болох 5.800.000 төгрөгөө Д.*******д бүрэн төлөх боломжтой байсан зэргийг анхан шатны шүүх харгалзан үзэх ёстой байсан. 180 хонийг 160.000 төгрөгөөр тооцоход 28.800.000 төгрөг болох ба Д.*******гийн хоньдыг зарсан орлого нь 25.533.120 төгрөг болсон ба бэлнээр 23.000.000 төгрөг өгсөн зөрүү 2.533.120 төгрөгийг Д.******* Д.*******д өгөх ёстой гэж үзэж байна. Гэтэл шүүх анх худалдаж авсан үнээр тооцож 5.800.000 төгрөгийг төлөх ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21 -ны өдрийн 594 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж Д.*******гээс 5.800.000 төгрөг гаргуулан Д.*******д олгож гэснийг Д.*******гээс 2.533.120 төгрөг гаргуулах болгон өөрчилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

594 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, Д.*******гээс 5.800.000 төгрөг гаргуулан ... олгож, гэснийг Д.*******гээс 2.533.120 төгрөг гаргуулах болгон өөрчилж өгнө үү... гэснийг зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн 594 дугаартай шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." шаардлагыг хангасан үндэслэлтэй шийдвэр гэж үздэг. Маргаан бүхий харилцааг ИХ-ийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ гэж үнэлсэн нь үндэслэлтэй юм. Шүүх хариуцагчийн гаргасан бүхий л хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн.Эрхийн доголдолтой мал өгсөн талаар ч ярьдаг.Тэд өөрсдөө Д.*******гийн хотонд орж, 800 гаруй хониноос ялгаж аваад явсан шүү дээ.Үүнийг үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй. Энэ талаарх тайлбараа шүүх хуралдаанд оролцож, дэлгэрэнгүй тайлбарлах болно. Хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, 594 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав ...хариуцагчаас худалдан авсан хонины үлдэгдэл төлбөр -2.533.120 төгрөгийг гаргуулж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т ...зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж зааснаар хянан шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн ...худалдсан хонины үлдэгдэл төлбөр-7.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.******* ...ашиг олох зорилгоор эр хонь худалдан авсан боловч зарагдсан хонины үнэ-136.000 төгрөгөөр тооцогдсон, биет байдлын доголдолтой буюу 160.000 төгрөгөөр зарагдах хонь аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

3. Шүүх хариуцагч Д.*******гээс хонины үлдэгдэл төлбөр-5.800.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар болон бусад нотлох баримтаар хариуцагч Д.******* нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Д.*******гээс нэг хонийг 160.000 төгрөгөөр үнэлж, 180 толгой эр хонь худалдаж авсан, нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөрт тооцож 23.000.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон байна.

5. Шүүх талуудын хооронд Худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж хариуцагч Д.*******гээс худалдан авсан хонины үлдэгдэл төлбөр-5.800.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

6. Хариуцагч Д.******* нь ...биет байдлын доголдолтой буюу 160.000 төгрөгөөр зарагдахгүй хонь авсан, буцааж өгөх гэтэл нэхэмжлэгч аваагүй гэх тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй татгалзал нь хэрэгт авагдсан 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 52 хонь зарсан тухай нэхэмжлэл, зарагдсан хонины үнийг өөрийн дансанд шилжүүлсэн авсан тухай Хаан банкны хуулбар зэрэг баримтаар үгүйсгэгдэж байна.

7. Түүнчлэн хариуцагч нь хонь худалдан авсан өдрөөс хойш 4 хоногийн дараа бусдад хонь зарсан, хонины үлдэгдэл төлбөр төлөх талаар нэхэмжлэгчид 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баталгаа гаргаж байсан тул нэхэмжлэгч худалдсан хонины үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрхтэй ба энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

8. Дээрх байдлаас үзэхэд хариуцагч Д.******* нь нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байна.

9. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж дүгнэж, хэргийн болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байна.

10. Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэн байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2022/00594 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...Д.*******д олгосугай... гэснийг ...нэхэмжлэгч Д.*******д олгосугай... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.479 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ