Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 207/МА2022/00072

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 207/МА2022/00072

 

 

 

Э.Оргил-Эрдэнийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2022/00700 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.Оргил-Эрдэнийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг,

Хүсэлт гаргагч Э.Оргил-Эрдэнийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.******* цахимаар, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Э.Оргил-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

Хүсэлт гаргагч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Эрдэнэцогт овогтой ******* нь Орхон аймаг дахь Цагдаагийн газарт 1998 оны 06 дугаар сараас Хүрэнбулаг багийн Цагдаагийн хэсэгт дадлагажих ажилтнаар 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хууль, эрх зүй болон цагдаагийн ажилтны мэдлэг, дадлага сурч, цагдаагийн академийн цагдаагийн ахлагч бэлтгэх курст суралцаж төгссөн. Тухайн үеийн дадлагажих ажилтан нь Цагдаагийн газрын даргын тушаалаар цагдаагийн ажилтнаар томилогдож байсан. Миний хувийн хэрэгт байгаа баримтаар 1999 оны 04 дүгээр сарын 3-ны өдрийн 45 тоот тушаалаар туслах ажилтнаар авахаар шийдвэрлэж байсан баримт байгаа бөгөөд уг тушаал нь Орхон аймгийн Цагдаагийн газарт байхгүй гэсэн тул 1999 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Орхон аймгийн Цагдаагийн газарт туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Тайхар овогт Эрдэнэцогтын ******* /РД:МД80120670/-ийг Орхон аймгийн Цагдаагийн газарт 1999 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдаагийн туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Э.Оргил-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч Э.******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие Э.******* нь 1999 оны 04 дүгээр сарын 03-ны Орхон аймгийн Хүрэнбулаг багийн Цагдаагийн хэсэгт дадлагажих ажилтнаар 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Дээрх ажлыг эрхлэн гүйцэтгэж байх хугацаанд хууль эрх зүйн болон цагдаагийн ажилтны мэдлэг, дадлага сурч, Цагдаагийн ёс зүй, Цагдаагийн эргүүл, харуулын дүрэм зэрэг хэм хэмжээг дагаж мөрдөн, Цагдаагийн албан хаагчийг дагалдан суралцаж дадлагажиж ажилласан. Тухайн үеийн дадлагажих ажилтан нь Цагдаагийн газрын даргын тушаалаар цагдаагийн дадлагажигч ажилтнаар томилогдож байсан. Миний хадгалагдаж буй хувийн хэргийн материалд 1999 оны 04 дүгээр сарын 3-ны өдрийн 45 дугаартай тушаал нь олдохгүй байгаа ба тушаалын огноо, дугаар зэргээс өөр баримт байхгүй. Ингээд миний бие Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1999 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Орхон аймгийн цагдаагийн газарт ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1. цагдаагийн туслах ажилтнаар гэж шийдвэрлэсэн нь Цагдаагийн албаны тухай хуулийн /одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа/ 70 дугаар зүйлийн 70.7. Туршилтын хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцно гэж заасан зохицуулалтад хамаарах эсэх нь эргэлзээтэй болж улмаар ажилласан жилээ тооцуулах боломжгүй болоод байгаа юм. Тухайн үед миний Цагдаагийн байгууллагад хийж гүйцэтгэж байсан ажил нь дадлагажигчаар ажиллаж байсан ажил албан тушаал юм. Энэ талаар Орхон аймаг дахь Цагдаагийн газрын тодорхойлолт, Х.Мөнх-Ялалт, Г.Цэрэн-Онолт нарын тодорхойлолтоор тус тус нотлогдож байгаа. Мөн Цагдаагийн албанд анх орох иргэнийг тухайн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4.Цагдаагийн алба хаагчаар томилохын өмнө туршилтын хугацаагаар, эсхүл дагалдуулан ажиллуулж болно гэж зааснаар туршилтын болон дадлагажигчаар ажиллуулдаг байсан. Харин намайг өмнө дадлагажин ажиллаж байсан байдлыг дадлагажин болон туршилтын хугацаагаар ажилласантай адилтан үзэж Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга С.Саадэлэгийн 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 192 дугаартай "Ажилд томилох тухай тушаалаар шууд Хэв журмын тасагт цагдаагаар томилж цагдаагийн дэд ахлагч цол олгосон байдаг. Иймд миний цагдаагийн албан хаагчийг дагалдан ажиллаж байсан, дагалдан ажиллаж байснаар тооцож шууд цол олгон цагдаагийн албанд томилсон зэргийг харгалзан үзэж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/00700 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын цагдаагийн туслах ажилтнаар гэснийг цагдаагийн дадлагажих ажилтнаар гэж өөрчилж өгөхийг хүсье гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ :

1. Хүсэлт гаргагч Э.Оргил-Эрдэнийн ...шийдвэрт өөрчлөлт оруулж намайг дадлагажих ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч Э.******* нь шүүхэд ...би 1998 оны 6 сараас эхэлж цагдаагийн дадлагажих ажилтнаар ажиллаж байсан юм. Энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэх хүсэлт гаргасан байна.

3. Шүүх Э.Оргил-Эрдэнийг 1999 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Цагдаагийн туслах ажилтнаар эсхүл дадлагажих ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж байгаа эсэхийг тодруулалгүйгээр Орхон аймгийн Цагдаагийн газарт цагдаагийн туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

4. Хэрэгт авагдсан 1999 оны 9 дүгээр сарын 10 ны өдрийн Туслах ажилтантай байгуулсан гэрээ-г ажил олгогч Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан Цагдаагийн туслах ажилтны дүрэм-ийг баримталсан байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.-д Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг албаны бэлтгэл, албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор 1 жил хүртэл туршилтын хугацаанд ажиллуулж болно гэж, 70.2.-т Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтнаар томилж гэрээ байгуулна. Дадлагажих ажилтан туршилтын хугацаанд гүйцэтгэх чиг үүрэгт нийцсэн энэ хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж, үүрэг хүлээнэ гэж зохицуулагдсан байх тул нэхэмжлэгчийг дадлагажих ажилтнаар ажиллаж байсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан гэрч Х.Мөнх-Ялалт, Г.Цэрэн-Онолт нарын гаргасан тодорхойлолтод ...Э.*******тэй хамт дадлагажих ажилтнаар ажиллаж байсан нь үнэн гэж тодорхойлсныг шүүх анхаарч үзээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж хүсэлт гаргагч Э.Оргил-Эрдэнийг Цагдаагийн газарт дадлагажих ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахв хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2022/00700 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд ...туслах ажилтнаар... гэснийг дадлагажих ажилтнаар... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хүсэлт гаргагч Э.Оргил-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ