Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00102

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Б.Эрхэмбаатар

Хохирогч Д.Гд

Хохирогчийн өмгөөлөгч С.Ариунцацрал

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа

  Шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Тад холбогдох 1732000940078 дугаартай эрүүгийн хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Артиллерийн команд тактикийн офицер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт *тоотод оршин суух хаягтай, урьд нь 1 удаа ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Бүргэд овогт Жаргалын Т РД:/*/

           

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

 

Шүүгдэгч Ж.Т нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р багийн нутаг дэвсгэр, Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн төв асфальтан 173-174 клометрийн замд 33-99 ДАР улсын дугаартай Тоёото Премо загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан Ж.Эбын жолоодон явсан 13-50 УНМ улсын дугаартай Приүс-30 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Д.Гдын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Ажын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёото Приүс-30 загварын 13-50 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Ж.Эбын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т өгсөн: … 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр оюутан хүүгээ авах гэж Улаанбаатар хот орсон. Хүүгээ хотоос аваад орой 20 цаг болж байхад хүүгээ урдаа суулгаад Цм, Гд, Аж нарыг аваад Дархан-Уул аймаг руу гарсан. Тэгээд Баруунхараа орох гэж явахад цасан шуургатай зам нойтон Баруунхараагаас цааш зам мөстсөн байдалтай байсан. Тэгээд явж байтал урд явж байсан приус 20 машин гэнэт зогссон тэгэхээр нь тэрийг гүйцэт түрүүлэх үед өөдөөс гэрэл гарч ирсэн. Буцаад эгнээндээ орох үед машин шарваад хөндлөн очиж хөндлөн чигээрээ явсаар байгаад  хохирогч Эбын машинтай очиж мөргөлдсөн.  Осол болсоны дараа урд суудалд хүү бид 2 сууж явсан урд талын хаалгаа онгойлгож хүүгээ гаргаж авсан. Дараа нь Аж өөрөө гараад ирсэн, Цм бас гараад ирсэн Цмг гаргаад цасан дээр юм тавиад суулгасан. Гд эгчийг харсан чинь толгойноос нь цус гараад байж байсан. Тэгээд машинд байсан бинтээр цусыг нь тогтоох гэж хүүтэйгээ оролдсон боловч цус нь тогтохгүй байсан. Тэгээд Гд эгчийг хүүгээрээ түшүүлж суулгаж байгаад сүүлдээ замын машин зогсоох гэхэд зогсохгүй байсан учир хүү бид 2 хоёулаа гар гараасаа барьж байгаад машин зогсоож энэ хүний цусыг тогтоо гэж хамгийн түрүүнд Гд эгчийн цусыг тогтоосон. Тэгээд түргэн, цагдаад дуудлага өгөөд бараг 20,30 минут болсон. Тэр үед Гд эгчийг манай хүү тэврээд сууж байсан. Машинууд зогсохгүй хэцүү байсан. Эхлээд нэг машин зогсоож Ажыг өгч явуулсан дараагийн машинд Цмг өгч явуулсан. Гд эгчийг болохоор зогссон машины жолооч нар цустай хүн авахгүй гээд байсан. Тэгээд түргэн, цагдаа руу дахиж 30,40 минутын дараа утасдаж хаана явж байна гэсэн чинь дөнгөж Хонгор орж явна зам хэцүү байна гэсэн. Тэгэхээр нь удах юм бол энэ хүн хэцүүдэх юм байна гэж бодоод дахиж хүү бид 2 хоёулаа гараа алдалж байж хотын kluger машин зогсоогоод Гд эгчийг хүүдээ тэврүүлж явуулсан. Тэгээд манай эхнэр найз нар маань тосож аваад эмчилгээнд нь оруулсан байна лээ. Хохирол төлбөрийн тухайд Гд эгчид учруулсан хохиролоо бүрэн төлнө. Харин түүнийг өвчтэй байх хугацааны хоолны мөнгө, унааны зардал, нэмэгдэл зэргийг төлөх үндэслэлгүй гэж бодож байна. Тухайн үед өөрт байсан бүх мөнгөө шавхаад дуусгасан байсан гэв.Хохирогч Д.Гд эгчид өмнө нь 6500000 төгрөг өгсөн, энэ шүүх хуралдаан дээр 1 800 000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Гд өгсөн: … Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны орой Дархан явах гээд 20 цаг өнгөрч байхад Драгон дээр очоод энэ хүнийг Дархан явна гэж байхаар нь машинд суусан. Энэ ослоос болж би бараг үхээд боссон. Миний толгойн яс цөмрөөд амьд явах боломжгүй гэж байхад би эрүүл саруул өөр ямар нэгэн архаг өвчингүй байсны улмаас  тэр хагалгааг дааж толгойндоо насан туршдаа авахааргүй метал суулгуулсан. Би ингэж эрэмдэг болсон. Баруун нүднийхээ доор бас металл суулгуулсан. Баруун тал бол тэр чигээрээ саажилттай болсон. Нүднийхээ харааг лаазардуулж байж эргэн сэргээлгэсэн эмчийн байнгийн хяналтанд эмчилгээ хийлгэдэг. Биедээ суулгуулсан металлуудаас болоод дээшээ харж унтдаг хоёр тийш харж унтаж чадахгүй болсон. Үүний улмаас нуруу бөөр өвддөг болсон байнгын удаа сууж чадахаа больсон. Биеийн эрүүл мэндийн байдал хүнд болсон. Энэ хүн намайг босч яваад байгаа болохоор эрүүл саруул байж надаас зүгээр мөнгө нэхээд байна гэж бодоод байх шиг байгаа юм, тийм биш би зүгээр болоогүй би өөрийгөө дайчилж байж өдий зэрэгтээ хүрсэн. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдаан болсоноос хойш над руу нэг ч удаа залгаагүй бие өвдөөд аргаа бараад 04 дүгээр сард залгатал чи давж заалдах гэж байгаа гэсэн шүүхийнхээ шийдвэрийг гаргаад тэр мөнгөө олоод авахыг чинь харъя гэх мэтээр өөдөөс доромжлохоор нь би за за шүүх дээр ярья гээд тасалсан. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл нэг ч яриагүй байж уржигдар орой 20 цаг 30 минутанд над руу залгахаар нь надад мөнгө өгөх гэж байгаа юм уу гэтэл  надтай уулзъя гэсэн тэгэхээр нь би эмчилгээ хийлгэж байна миний данс руу мөнгө өгвөл хийчих гэтэл намайг дандаа урдаас өвдлөө хавдлаа гэж ярьдаг шүүх дээр гомдол саналтай гээд шоронд оруулна гээд байв гэхээр нь би чамтай ярихгүй манай өмгөөлөгчтэй ярьчих гэж хэлсэн. Тэгтэл би хэрэв шоронд орох юм бол миний 6 хүүхэд яах юм бэ гэж би яах юм бэ л гэж байгаа болохоос нэг ч удаа намайг хохироосон талаараа бодохгүй байгаа би ч бас хүүхдүүдтэй шүү дээ. Эмчилгээний төлбөр 5767105 төгрөг, 931396 төгрөг өнөөдрийн нэхэмжилсэн 802192 төгрөгний эмчилгээ болон эм тарианы мөнгө, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин өнөөдрийг хүртэл 9500000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2000000 төгрөг нийт 19693000 төгрөг нэхэмжилж байгаагаас 6500000 төгрөгийг хасаад 12500693 төгрөгийг нэхэмжилж авмаар байна. Би гомдолтой байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Эб мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: … Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18-19 цагийн үед шиг санаж байна. Дархан-Уул аймгийн төвөөс Улаанбаатар хот руу орохоор манай аавынхаа эзэмшлийн приус-30 маркын 13-50 унм улсын дугаартай машиныг жолоодон ганцаараа явж байгаад Хонгор сумын наад талд байдаг Цайдам цайны газарт жаахан саатаж байж байгаад нэлээн оройхон болгоод хот руу гарахаар Хустайн даваа гэдэг газраар явж байтал миний өөдөөс мөнгөлөг өнгийн приус-20 маркын машин явж байтал түүний ард явж байсан машин гэрлээ холын тусгал дээрээ тавьчихсан байсан машин гэнэт өөдөөс гарч ирээд миний машиныг зүүн урд талаас нь мөргөөд осол гаргасан юм. Уг ослын улмаас миний унаж явсан машинд маш их эвдрэл учирсан ба биеийн маань баруун хөлний тойгны шингэн нь асгарч яс нь бэртсэн юм. Би 20-30 километр цагийн хурдтай л явсан байх. Тухайн үед дөнгөж цас ороод зам хальтиргаатай болчихсон байсан юм. Тийм болохоор би их удаан гэлдрүүлээд явж байсан юм, Харин миний өөдөөс ирж мөргөсөн машиныг би приус-20 маркын машины араас асар хурдтай орж ирээд тулж ирэнгүүтээ миний өөдөөс ямар ч самбаачлах боломж өгөлгүй орж ирээд мөргөсөн юм. Би бол миний өөдөөс ирж мөргөсөн машиныг 100 гаруй километр цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. Уг машиныг манай аав Жс 2017 оны 08 дугаар сард банк бус санхүүгийн байгууллагын лизингээр худалдаж авсан юм. Ер нь бол манай аавын өмч байгаа юм. Машины хувьд аав маань Солонгос улсаас ирж байж л үнэ мөнгийг нь нэхэмжлэх байх. Гомдол санал байхгүй. /ХХ-ийн 34-35, 127 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Аж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн үед шиг санаж байна. Улаанбаатар хотын Дроган төвөөс Дархан руу явна гэсэн нэг машинд хөлсөө төлөөд суусан юм. Тэгээд Улаанбаатар хотоос гараад нэлээн явсны дараа голын суудалд явж байсан чи миний дүү голд суучих би жаахан захад сууя гээд байраа сольсон юм. Тэгээд би хойд талын голын суудалд суугаад гар утсаараа эхнэртэйгээ яриад явж байтал гэнэт л машины гэрэл гялбаад өөдөөс машин ирж мөргөөд осол гарсан юм. Осол болсны дараа би ухаан ороод машинаас бууж нүүрээ цасаар угаагаад зүүн гараа барьтал зүүн гар маань сонин болчихсон байсан юм. Тэгээд би замын унаанд суугаад Дархан-Уул аймаг руу явсан юм. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Би яг ослын талаар нарийн сайн хараагүй би зам руу харалгүй суудлынхаа арын дэрийг дэрлээд дээшээ харчихсан утсаар яриад явж байсан юм. Тэгтэл гэнэт л хажууд сууж явсан эгч нар орилохоор нь хартал өөдөөс гэрэл гялбаад л тэгээд юу болсныг мэдэхгүй ухаан балартсан байсан юм. Миний зүүн гарын булчин хэсгээр хугаралтай байгаа юм. Миний зүгээс эмчилгээний зардалд мөнгө төгрөг нэхэмжлэхгүй ээ. Уг машины жолооч миний эмчилгээний зардлийн мөнгийг 100% гаргасан болно. Би гараа хугалснаас болоод ажил хийж чадахгүй байгаа. Тийм болохоор би ажилгүй байх хугацааны байрны түрээсийн 2 сарын төлбөрийг буруутай жолоочоос нэхэмжилнэ. Энэ төлбөрийг төлчихбөл миний зүгээс гаргах гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Цмгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн үед шиг санаж байна. Улаанбаатар хотын Дроган төвөөс Дархан руу явна гэсэн нэг машинд хөлсөө төлөөд суусан юм. Би жолоочийн хажуугийн суудлын ар талд сууж явсан юм. Тэгээд Улаанбаатар хотоос гараад нэлээн явсны дараа гэнэт л миний сууж явсан машины өөдөөс машин орж ирээд мөргөлдсөн юм. Би угаасаа машинд суухаар дотор муухай оргиод байдаг болохоор нүдээ аниад явдаг юм. Осол яг юунаас болсныг би ерөөсөө мэдэхгүй байна. Осол болсны дараа би машинаас буугаарай гээд байхаар нь би машинаас буусан юм. Тэгээд миний сууж явсан машины жолооч замын унаа зогсоогоод л энэ хүнийг аваад яваач би осолд орчихлоо гэж гүйж байгаад намайг нэг замын унаанд суулгаад би Дархан-Уул аймаг руу явсан юм, Би тэрийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ би хотоос гараад хэрэг болгоод тэр машины хурдыг харахад 80-тай л явж байсан юм. Тэгээд би за энэ жолооч иймэрхүү л хурдтай явах юм байна гээд тайвширсан байсан юм. Тухайн үед зам хальтиргаатай байна гээд бас аажуухан л явж байгаа санагдсан юм. Миний баруун талын хоёр хавирга хугарсан бага зэргийн хавдартай байсан юм. Миний зүгээс эмчилгээний зардалд мөнгө төгрөг нэхэмжлэхгүй ээ. Уг машины жолооч миний эмчилгээний зардлийн мөнгийг 100% гаргасан болно. Миний зүгээс гаргах гомдол санал байхгүй ээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 42 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Жсы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: … Эхнэр бид 2 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би Өмнөд Солонгос улс руу ажлаар явсан юм. Тэгсэн 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр над руу манай хүү Ж.Бб Ж.Эб Дарханы зам дээр осолд орсон талаар хэлсэн тэгэхээр нь Монгол руу буцах гэтэл визны хугацааг дуусахаар ир гээд хүүхэд тэгээд байхаар нь эхнэр бид 2 зөвшөөрөөд ирээгүй байж байгаад 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн орой ирсэн тэгээд Ж.Эбаас юу болсон талаар нь асуухад Дарханаас явж байхад өөдөөс урсгалд машин орж ирэхээр нь гэрлээрээ дохиод болохгүй байхаар нь замаас гартал өөдөөс нь ирээд мөргөсөн гэсэн тэгээд л гэмтсэн байна лээ. 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Да Хүрээ захаас 17 сая төгрөгөөр худалдаж авсан худалдан авах гэрээ нь байгаа гэхдээ 11 сая төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаар төлүүлэхээр барьцаалсан юм. Одоо ингээд тээврийн хэрэгсэл маань ашиглах боломжгүй болчихлоо Инвескор ББСБ-д 17 сарын хугацаатай барьцаалсан байсан юм сард 900.000 гаруй төгрөг төлдөг гэхдээ үүнийгээ би сар сард нь төлөөд явнаа. Тийм гэсэн би үнэлүүлээгүй манай хүү Бб машинаа үзүүлж гаргуулсан байна лээ оношлогооны газар 80 хувь нь гэмтэл байна гэмтсэн эд зүйлүүдийг бүгдийг нь дурьдаж гаргасан орж ирээд 2 сар болж байгаа машин 80 хувь нь гэмтэхээр энэ зэргийн үнэлгээ гаргана шдээ гэж хэлсэн уг үнэлгээний газартай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй шаардлагатай гэж үзвэл Ж.Т өөрөө зардлаа гаргаад дахиж үнэлгээ тогтоолгоно биз адилхан гаргана шдээ Би машиныхаа үнэлгээг нэхэмжилнэ гэх  мэдүүлэг /Хх-ийн 44-45 дугаар хуудас/ , Хавтаст хэрэгтэй танилцсан, хохирол барагдуулсан учир цаашид гомдол саналгүй гэх / хх-130 хуудас/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 13268 дүгнэлт

 

            1. Ж.Эбын биед баруун хөлийн тойг ясны бяцарсан зөрөөгүй ил хугарал, баруун өвдөгний шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Дээрх баруун хөлийн тойг ясны бяцарсан зөрөөгүй ил хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй гэх /Хх-ийн 54 дүгээр хуудас/

 

          Шинжээчийн №1042 дугаартай дүгнэлт

 

            1. Б.Ажын биед зүүн бугалганы битүү хугарал хагалгааны дараах байдал, тархи доргилт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шилбэний зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу мөргөх, хөшигдөх, хавчигдах үед үүсгэгдэх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-ийн 59 дүгээр хуудас/

 

           Шинжээчийн №1040 дугаартай дүгнэлт

 

1. Д.Цмгийн биед тархи доргилт, баруун талын 2 хавирганы хугарал, 2 хөлийн шилбэн дэх цус хуралт, хүзүү цээж орчмын зөөлөн эдийн няцра тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /Хх-ийн 63 дугаар хуудас/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 13347 дугаартай дүгнэлт

 

            1. Д.Гдын биед дух ясны цөмөрсөн ил хугарал, баруун талд хоншоор ясанд гайморовын хөндийн урд хана, арын хана, дотор хана, нүдний ухархайн дотор хана, гадна хана, доод хана, гадна хана, дээд хана, суурь яс хамар яс, этмойд яс, этмойд хөндийн таславч, зүүн талын гайморовын хөндийн урд хана, нүдний ухархайн дотор хана, гадна хана, доод хана, хоёр талын духны хөндийн гадна, дотор ялтас, дух ясыг хамарсан олон тооны ясны сэлтэрхий бүхий бяцарч цөмөрсөн нийлмэл хугарал, баруун гайморовын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн доод болон дотор дотор ханын цөмөрсөн хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, зулай хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархи доргилт, баруун талын 2,3,4,5,6-р хавирганы зөрөөтэй, зүүн талын 3-р хавирганы зөрөөгүй хугарал, хоёр талын уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний баруун, зүүн хөндий дэх шингэн хуралт, баруун нүдний алим, хоёр нүдний зовхи, хоёр хацар, эрүү, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх /Хх-ийн 67 дугаар хуудас/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт хийсэн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 08-13 дугаар хуудас/

Ж.Тын согтуурлыг шалгахад 0,00 % гарсан гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /Хх-н 14 дүгээр хуудас/

Ж.Эбын согтуурлыг Мета багажаар шалгахад 0,00 % согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэсэн согтуурал шалгасан тэмдэглэл /Хх-н 15 дугаар хуудас/

Ж.Тын эзэмшлийн 33-99 ДАР улсын дугаартай тээврийн хэрэслийн гэрчилгээний хуулбар /Хх-н 16 дугаар хуудас/

Ж.Тын Цагдаагийн ерөнхий газар жолоочийн лавлагаа мэдээлэл /Хх-н 18 дугаар хуудас/

Инвескор ББСБ-ын эзэмшлийн 13-50 УНМ улсын дугаартай тээврийн хэрэслийн гэрчилгээний хуулбар /Хх-н 19 дүгээр хуудас/

Ж.Эбын жолооны үнэмлэхний хуулбар /Хх-н 20 дугаар хуудас/

Инвескор ББСБ, Ч.Жс нарын хооронд байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн В17072261 дугаартай зээлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэслийн даатгалын гэрээний хуулбар /Хх-н 46-51 дугаар хуудас/

13-50 УНМ улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 9.925.000 төгрөгөөр, шууд бус зардлыг 1.720.000 төгрөгөөр, нийт 11.645.000 төгрөгөөр үнэлсэн Арвижих эстимэйт ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 74-80 дугаар хуудас/

            Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 91 дүгээр хуудас/

Ж.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 92 дугаар хуудас/

Ж.Т нь урьд нь ял шийтггүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 93 дугаар хуудас/

Ж.Т урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /Хх-н 95 дугаар хуудас/

Ж.Тад холбогдох эрүүгийн 1732000940078 дугаартай хэргийн хохиролын тооцоо /Хх-н 102 дугаар хуудас/

Хохирогч Д.Гдын эмчилгээний зардал /2017-10-14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх/ хохирол нэхэмжилсэн баримт /Хх-н 111-113 дугаар хуудас/

Хохирогч Ж.Эбын эмчилгээний зардал хохирол нэхэмжилсэн баримт /Хх-н 103-110 дугаар хуудас/

Ж.Таас хохирогч Д.Цмд хохирол нөхөн төлсөн баримтууд /Хх-н 114-115 дугаар хуудас/

Ж.Таас хохирогч нарт хохирол төлбөр төлсөн тухай баримт /Хх-н 117-121 дүгээр хуудас/

 

Хохирогч Д.Гдоос хохирол нэхэмжилсэн баримтууд баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Т нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р багийн нутаг дэвсгэр, Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн төв асфальтан 173-174 клометрийн замд 33-99 ДАР улсын дугаартай Тоёото Премо загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан Ж.Эбын жолоодон явсан 13-50 УНМ улсын дугаартай Приүс-30 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Д.Гдын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Ажын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёото Приүс-30 загварын 13-50 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Ж.Эбын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Мөн шүүгдэгч Ж.Т нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл ангиар зүйлчлэн ял оногдуулан тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжтой байна.

 

Харин шүүх хуралдаан дээр хохирогч Д.Гд, хохирогчийн өмгөөлөгч нарын шүүгдэгчид  ял оногдуулах санал гаргасныг шүүх хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө төлсөн зэрэг үндэслэлийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг шүүх хэрэглэх боломжтой байх тул шүүгдэгчид заавал хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Ж.Тын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Ж.Т нь хохирогчид нийт 8 232 193 төгрөгийг төлсөн болно.

 

Хохирогч Д.Гд нь баримтаар нийтдээ Эмчилгээний төлбөр 5767105 төгрөг, эм тарианы 931396 төгрөг, шүүх хуралдааны шатанд шинээр нэхэмжилсэн 802192 төгрөгний эмчилгээ болон эм тарианы мөнгө, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 9 500 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг нийт 19 732 193 төгрөг нэхэмжилж байгаагаас шүүгдэгч Ж.Тын хохирогчид төлсөн 6 500 000 төгрөг, шүүх хуралдааны үед 1 800 000 төгрөг нийт 8 232 193 төгрөг төлсөн,  нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс болох 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.Харин шүүгдэгчээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 9 500 000 төгрөг нэхэмжилснийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй /нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай/ байх тул хэлэлцэхгүй орхих үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.Хохирогч Д.Гдт энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Жс нь шүүхэд иргэний нэхэмжлэлийн талаар нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Ж.Тын иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хохирогч Ж.Эб, Б.Аж, иргэний нэхэмжлэгч Ч.Жс, Д.Цм нар нь хохирол төлбөргүй гомдол саналгүй, шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хавтаст хэрэгт нь хадгалахыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Бүргэд овогт Жаргалын Тыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсугай.

 

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирол төлбөрт нийт 19 732 193 төгрөг нэхэмжилснээс,   8 232 193 төгрөгийг шүүгдэгч Ж.Т төлж барагдуулсан, хохирогч Д.Гдын нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд 2 000 000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс  болох 9 500 000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

4. Иргэний нэхэмжлэгч Ч.Жс нь нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг нь дурьдсугай.

 

5.Шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй, хохирол төлбөргүй, хэрэгт хавсарган ирүүлсэн СД 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар У.Тад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Тад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Д.РЕНЧЕНХОРОЛ