Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 793

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Б, түүний өмгөөлөгч Ц.Батбэх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Э овогт Т.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 00385 0238 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э овогт Т.Э, Монгол Улсын иргэн, ......... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ....... регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Т.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант өртөөний “М1 Энержи” ХХК-ийн агуулахын зүүн талын замд Тоёота Лексус-400 загварын 86-39 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч 10 настай Г.Н-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Э овогт Т.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант өртөөний “М1 Энержи” ХХК-ийн агуулахын зүүн талын замд Тоёота Лексус-400 загварын 86-39 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч 10 настай Г.Н-г мөргөж, хохирогчийн бие махбодод тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дэлбэн хамарсан хатуу бүрхүүл доорх цусан хураа, тенториус, шулуун синусын хальсны доорх тархмал цус харвалт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, нуруу, хоёр өвдөг, шагайд зулгаралт бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Т.Э шүүх хуралдаанд: “...2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ногоо тарих гээд Батсүмбэр лүү явж байсан. Замд автобус 1 дүгээр эгнээнд зосгож байсан бөгөөд эхлээд нэгэн эмэгтэй автобусны урдуур гарч ирсэн, тэгээд араас нь хүүхэд гарч ирсэн. Надад зогсох боломж байгаагүй, хүүхдийг машиныхаа хажуу булангаар мөргөөд замын хажуу руу орж зогссон. Хохирогчид нийт 3,000,000 төгрөг төлж барагдуулсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд: “...охины маань эмээ Рашаант өртөөнд байдаг бөгөөд амралтынхаа өдрөөр эмээ рүүгээ явж байсан юм. Тэгж явах үедээ зам тээврийн осолд орсон байсан. Намайг эмнэлэгт очиход охин маань ухаангүй байсан. Тархиндаа битүү гэмтэл авсан зүүн талдаа саажилт үүсээд, одоо миний асаргаанд, хичээлдээ явж чадахүй байгаа юм. Нийт 20 хоног гэмтлийн эмнэлэгт хэвтэхэд надад их зүйл хэрэг болсон. Би тэр болгоноо баримтжуулж чадаагүй. Э гэж хүн хэдэн тариа өвч өгөөд алга болсон. Би ер нь хагас галзуурлын байдалтай байсан. Миний охин унтуулдаг тариа хийлгэж байж унтаж байсан. Тухайн үед надад эмчилгээний баримт цуглуулах боломж байгаагүй тул өөрт байсан баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Э эмчилгээний зардлыг шахуулж, шаардуулж байж өгч байсан. Тэрээр “үхэх гэж байгаа юм шиг мөнгө нэхлээ” гэж хэлсэнд нь гомдолтой байна. Миний охин 10 настай сэргэлэн цовоо охин байсан юм. Би охиноо сайн эмчлүүлж эрүүл болгохыг хүсэж байна. Бээжингийн эмнэлэгт тархины саажилтыг сайн эмчилдэг гэж сонсоод охиныхоо эрүүл мэндийн материалыг явуулахад “ирж эмчлүүлэх боломжтой, тархиндаа үлдэцтэй байна” гэсэн хариу ирүүлсэн болно. Зам тээврийн ослоос үүдсэн гэмтэл хожуу илэрдэг тул хэдэн жилийн дараа яахыг би мэдэхгүй байна. Шүүгдэгчээс нийт 3,000,000 төгрөгийн нөхөн төлбөр авсан бөгөөд одоогоор нэмж гаргах баримтгүй тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа жич иргэний журмаар нэхэмжилнэ...” гэв.

3. Насанд хүрээгүй хохирогч Г.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би одоо юу ч санахгүй байна, нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 дугаар хуудас),

4. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...жолооч эмчилгээний зардал 1,290,000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг жолоочоос нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас),

5. Гэрч Ц.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн орчимд Н охин надруу залгаад “би аав руугаа явна, та яахуу” гэж надтай утсаар ярьсан. Би “явна” гэж хэлэхэд, Н “би тэгвэл таныг хүлээж байя” гэж хэлсэн. Би 13 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр байрлах ТБД Андуудын замын урд талд байдаг гэрийнх нь гадаа очоод “гэрийн чинь гадаа ирчихлээ” гэж хэлэхэд Н охин гарч ирсэн. Бид хоёр замын хойд талаас “Хархорин” зах руу явдаг автобусанд суусан, автобус 16 цагийн үед Рашаант өртөөний “М1 Энержи” ХХК-ийн агуулахын ойролцоо зогссон. Автобусны төлбөрийг өгөх гэхэд жолооч “жолоочийн талаар хүрч ирээд өгчих” гэхээр нь Н бид хоёр зогсож байсан автобусны урдуур тойрч гараад жолоочийн хаалган дээр буюу зүүн талд нь очиж мөнгөө өгчихөөд хариултаа авч эргэх үед миний хажуу талаар нэг машин зөрөөд өнгөрөх шиг болсон. Би “Номунаа” гээд харахад охин “түс” хийгээд машин дээр шидэгдээд унаж байгаа харагдсан. ...замаар машины хөдөлгөөн байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36-37  дугаар хуудас),

6. Гэрч У.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би “Буурал мянган” ХХК-д гэрээгээр хүн тээвэрлэдэг “Yutong” загварын 30-86 УНП улсын дугаартай автобусаа жолоодоод ...16 цагийн үед ...Рашаант өртөөний харалдаа замын зорчих хэсгийг хагас чөлөөлж зогсоод, сургуулийн насны эмэгтэй хүүхдийг, эгч нь гэх хүний хамт буулгасан. Тэгээд эгч эмэгтэй нь жолооч талын цонхон дээр ирээд зардлаа өгсөн. Тэр эгч нь “хүүе машин” гээд хэлтэл нөгөө сургуулийн насны хүүхдийг миний араас ирсэн цагаан саарал өнгийн Лексус-400 загварын 86-39 УНҮ дугаартай автомашин мөргөсөн. Би хүүхэд машинд мөргүүлээд шидэгдэж байхыг харсан. ...осол болох үед зорчих хэсэг хөдөлгөөнгүй гэхээр байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39 дүгээр хуудас),

7. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн: ”...Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “М1 Энержи” ХХК-ийн агуулхын зүүн урд талд байрлах төмөр замын Рашаант өртөөний   үзэгдэх орчин хязгаарлагдмал, бүрхэг салхитай, суурингийн доторх, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, хоёр эгнээтэй, хашлагагүй, хайсгүй, шулуун тэгш, нойтон асфальтан зам байв. Lexus RX 400 загварын тээврийн хэрэгслийн урд бамперын баруун хэсэг, баруун урд крыло хонхойсон, баруун урд гэрэл хагарсан, урд салхины шил хагарсан, баруун толь сууриараа хугарсан...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 6-11 дүгээр хуудас),

8. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5657 дугаартай: “Г.Н-гийн биед тархины зүүн тал бөмбөлгийн дух чамархай, дэлбэн хамарсан хатуу бүрхүүл доорх цусан хураа, тенториус, шулуун синусын хальсны доторх тархмал цус харвалт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, нуруу, хоёр өвдөг, шагайд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт (хх-ийн 56 дугаар хуудас),

9. Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 351 дугаартай: “Тоёота Лексус загварын 86-39 УНҮ улсын дугаартай автомашины жолооч Т.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “ жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 79 дүгээр хуудас),

10. Шүүгдэгч Т.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн үед Улаанбаатар хотоос Төв аймгийн Батсүмбэр сум орохоор өөрийнхөө эзэмшлийн 86-39 УНҮ дугаартай Т.Лексус загварын автомашиныг жолоодоод эхнэр Мөнх-Учралын хамт Төмөр замын рашаант өртөөний орчим замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд 80 орчим км/цагийн хурдтай явж байсан. Урд машин зам дээр дунд оврын автобус хойш харсан байрлалтай зогсож байсан. Тэгээд би автобусны хажуугаар хурдаа сааруулаад орох үед нэгэн эмэгтэй автобусны урдуур гарч ирж зогссон. Би тухайн үед тэр эмэгтэйг хараад хажуугаар нь гарах үед нэгэн хүүхэд баруун гар талаас автобусны урдуур гүйгээд гараад ирэхээр нь зогсоох арга хэмжээ авч амжилгүй шууд жолоогоо зүүн гар тийшээгээ зайлуулж дараад, уг хүүхдийг машины буруун урд хэсгээр мөргөөд, замаас гарч замын хажуу талын эрэг рүү орж зогссон. Машинаасаа буугаад шууд мөргүүлсэн хүүхэд рүү гүйж очиход мөргүүлсэн хүүхэд машин зам дээр ухаан алдсан байдалтай хэвтэж байсан. Эмэгтэй хүүхэд байсан. Хүүхдийг тэврээд машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг аваад явах гэмтэл миний машины дугуй хагарчихсан байсан. Тэгээд эхнэр бид хоёр 102, 103 дугаарын утас руу дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 84-85 дугаар хуудас),

11. Шүүгдэгч Т.Э иргэний болон жолооны үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 87, 90 дүгээр хуудас),

12. Шүүгдэгч Т.Э нь урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 94 дүгээр хуудас) зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэдэг нь анагаахын шинжлэх ухааны хүнд зэргийн гэмтлийг өөртөө агуулахын зэрэгцээ гэмтлээс үүдсэн эдийн болон эдийн бус гэм хорыг багтаасан өргөн ойлголт юм. Иймд хүний биед хүнд зэргийн гэмтэл учирсныг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэж үзэх хууль зүйн үндэслэл болох бөгөөд энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Б нь шүүх хуралдаанд “шүүгдэгчээс нийт 3,000,000 төгрөгийн нөхөн төлбөр авсан бөгөөд одоогоор нэмж гаргах баримтгүй тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа жич иргэний журмаар нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Э-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Харин цаашид энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Н-гийн биед учирсан гэмтлээс үүдэлтэй эмчилгээний зардал гарвал Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь насанд хүрээгүй хохирогч Г.Н болон түүнийг харгалзаж явсан Ц.Т нарын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлтэй салшгүй холбоотой боловч энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан байдаг. Шүүгдэгч болон хууль ёсны төлөөлөгч нар өөр хоорондоо харилцан тохиролцож, энэ өдрийг хүртэлх гэм хорын асуудлаа сайн дурын үндсэн дээр шийдвэрлэсэн байх тул эрүүгийн шүүх хүний эрүүл мэндэд учирсан хүнд хохирлоос үүдэлтэй гэм хорын хэмжээг хөндөөгүй, хуулийн дээрх заалтыг хэрэглээгүй бөгөөд уг асуудлыг цаашид гарч болох зардлын хүрээнд иргэний шүүхэд нээлттэй үлдээв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Т.Э нь хэргийн үйл баримт, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүх шүүгдэгч Т.Э-ийг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлж, учруулсан хохирлоо төлсөн, хохирогчийн хууль бус (замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн) үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлтэд: “...шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Т.Э-ийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Тухайн үед явган зорчигч автобусны урдуур гүйж гарч ирээгүй бол энэ гэмт хэрэг гарахгүй байсан. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

Хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: “...Улсын яллагчтай санал нэг байна. Шүүгдэгч өдий болтол гэм буруугаа сайтар ойлгохгүй байна. Энэ хэргийн хохирогч нь 10 настай хүүхэд гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Шүүгдэгч тухайн үед тоормос гишгэлгүй охиныг мөргөсөн. Эрүүл байсан хүүхдийг мөргөж хохирол учруулсан. Шүүгдэгч хохирол төлбөрөө төлсөн боловч цаашид “хүүхэд эрүүл болж чадах уу, үгүй юу” гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн миний үйлчлүүлэгч хүүхдийнхээ эмчилгээний зардлыг л нэхэмжилсэн, өвчтэй хүн асарна гэдэг хэцүү гэдгийг ойлгоно уу...” гэв.

Шүүхээс тогтоосон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн байгааг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж дүгнэв.

Тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахын зэрэгцээ шүүгдэгч Т.Э-ийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар албадлагын арга хэмжээг ял дээр нэмж хэрэглэх боломжтой тул шүүгдэгч Т.Э-д тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан хэдий ч албадлагын арга хэмжээгээр тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт давхар тогтоосон болно.

Энэ тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Т.Э тээврийн хэрэгсэл жолоодвол “эрх хасах нэмэгдэл ял”-ын хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд хамаарах, түүнчлэн “тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” албадлагын арга хэмжээний хүрээнд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн үндэслэлээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах хууль зүйн үр дагавартайг анхаарвал зохино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс тоолж, хэргийн хамт ирсэн 274643 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын зохих нэгжид хүргүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37,1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Э овогт Т.Э-ийг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Э-д оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирсэн 274643 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Удирдлагын төвд хүргүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Б нь гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Н-гийн эрүүл мэндэд учирсан хохиролд хамаарах эмчилгээний зардал гарсан бол гэм хороо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Э-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА