| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 1738003980051 |
| Дугаар | 2026/ДШМ/06 |
| Огноо | 2026-02-25 |
| Зүйл хэсэг | 11.1, 21.2.1., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2026/ДШМ/06
2026 02 25 2026/ДШМ/06
Д.М, А.Л нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Л.Отгончимэг,
Яллагдагч Д.М /цахим/,
Яллагдагч А.Л,
Яллагдагч Д.Мын өмгөөлөгч: Б.Амаржаргал,
Яллагдагч А.Лгийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,
Нарийн бичгийн дарга: М.Хулан нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЗ/31 дүгээр захирамжийг эс зөвшөөрч гаргасан Дээд шатны прокурорын эсэргүүцлээр Д.М, А.Л нарт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв
1. Монгол Улсын иргэн, О овогт Д-гийн М, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Х-д ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хотод суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /000 /.
2.Монгол Улсын иргэн, Б овогт Агийн Л, 000 оны 000 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Ө суманд Н ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймагт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /000 /.
Д.М нь 000 оны 0 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Өсумын нутаг дэвсгэрт иргэн А.Лтэй маргалдан улмаар түүний толгойн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, А.Л нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 000 дугаартай хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЗ/31 дүгээр захирамжаар Д.М, А.Л нарт холбогдох эрүүгийн 000 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч Д.М, А.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн 000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: “...Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч танилцахад шүүхийн шийдвэр хэлбэр бүтцийн хувьд шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага хангаагүйн зэрэгцээ шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байх болон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, түүнчлэн хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэж үзлээ.
1.Шүүхийн шийдвэрт тавигдах хэлбэр бүтцийн шаардлага хангаагүй талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр” гэж Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4, 22.5-д заасныг хэлнэ” гэж, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ”, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална”, 22.3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага. талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна” гэж, 22.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 00 дүгээрсарын 20-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь удиртгал тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж заасныг зөрчин хэргийг прокурорт буцаасан захирамж нь “Удиртгал, Тодорхойлох, Үндэслэх, Захирамжпах” гэсэн хэсгүүдээс бүрдсэн байх тул хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл болж байна.
2.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлага хангаагүй талаар:
Шүүхийн шийдвэр нь “хууль ёсны байх” шаардлагыг хангахын тулд шүүх хэрэг маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлан хэрэглэнэ1.
Шүүгчийн захирамжийн “Үндэслэх” хэсгийн 1 дэх заалтын тухайд:
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байна” гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар яллагдагч Д.Мыг 000 оны 00 дүгээрсарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Өсумын нутагт түүний толгойн тус газарт мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэх боловч яллагдагч Д.Мыг хохирогч А.Лгийн нүүрийг алгадсан үйлдлийн улмаас биед нь тархины тал бөмбөглөгийн хатуу бүрхүүл доор цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан эсэхийг нарийн шалгаж тогтоогоогүй гэсэн дүгнэлт нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй, хэрэгт хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлууд хэргийг шийдвэрлэхэд буюу яллагдагч нарыг шийтгэх болон цагаатгах шийдвэр гаргахад хэрхэн нөлөөлж байгаа талаар дүгнэлт хийгээгүй нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар ямар мөрдөн шалгах ажиллагаа хийж хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзэж байгаа нь ойлгомжгүй болжээ.
2 дахь заалтын тухайд:
“Яллагдагч А.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 000 дугаартай хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэж дурдсан боловч 000 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, 000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 000 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 000 оны02 дугаар сарын 02- ны өдөр, 000 оны06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлгүүдийг аль нь хэргийн бодит байдалтай нийцсэн, аль мэдүүлгийг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн өгсөн талаар яллах дүгнэлтэд тусгаагүй нь гэмт хэрэг гарсан байдлыг тогтоогоогүй” гэжээ.
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 498 дугаартай тогтоолд ...анхан шатны шүүх А.Лгийн худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн 000 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, 000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 000 оны02 дугаар сарын 02-ны өдөр, 000 оны02 дугаар сарын 02-ны өдөр, 000 оны06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлгүүдийг аль нь хэргийн бодит байдалтай нийцсэн, аль мэдүүлгийг өгөхдөө зориуд худал мэдүүлсэн гэж үзсэн талаараа дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байгааг дурдсан байхад яллах дүгнэлтэд дурдаагүй мэтээр захирамжид заасан нь ойлгомжгүй.
Тодруулбал: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрийн зүгээс шалгаж үнэлсэн байдал тухайлбал, нотлох баримтыг үнэлсэн, үнэлээгүй үндэслэлийг, шаардлага хангасан хангахгүй байгаа, эсхүл нотлох чадвартай, чадваргүй, хэрэгт хамааралтай хамааралгүй болон үйл баримтыг тогтооход ач холбогдолтой холбогдолгүй байгааг мөн талууд тухайн баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа, түүнийг шүүх зөвшөөрч буй эсхүл няцааж буй дүгнэлтээ бичнэ2 гэсэн журмын заалтыг зөрчсөн төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэх зорилттой нийцээгүй байна гэж үзэх үндэслэл болов.
3 дахь заалтын тухайд:
“Яллагдагч А.Лгийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн: ..засаг даргаар ажиллаж байсан Ө.Бын нөлөөнд автаж мэдүүлгээсээ буцсан ...гэж мэдүүлж байгаа нь гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал байгаа эсэхийг шалгаж тодруулах” гэжээ:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Дөрөвдүгээр бүлэгт “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал”-уудыг хуульчилсан байх ба яллагдагч А.Лгийн үйлдсэн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-тэй эдгээр нөхцөл байдлууд хамаарахгүй тул дээрх заалт үндэслэлгүй байна.
Түүнчлэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар яллагдагч нарын өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг прокурорт ирүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн.
-Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг яллагдагч нарын өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу хийсэн атлаа тэдний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа шүүгчийн захирамждаа тусгаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” зөрчилд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагатай байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЗ/31 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь ойлгомжгүй байгаа учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.” гэв.
Яллагдагч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж оролцоно.” гэв.
Яллагдагч Д.Мын өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Яллагдагч А.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...н.Б даргын нөлөөнд автан мэдүүлгээсээ буцсан тул хэргийг дахин шалгуулах шаардлагатай гэж үзэж байна” гэв.
Яллагдагч А.Лгийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
1.Д.М нь 000 оны 0 дүгээрсарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Өсумын нутаг дэвсгэрт иргэн А.Лтэй маргалдан улмаар түүний толгойн тус газар мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, А.Л нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 000 дугаартай хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдож, прокуророос Д.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэсэн үндэслэл зааж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3.Хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаах хуулийн зохицуулалттай.
Гэтэл дээрх байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байхаас гадна шүүх “...яллагдагч Д.Мыг хохирогч А.Лгийн нүүрийг алгадсан үйлдлийн улмаас биед нь тархины тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан эсэх, эсхүл мөргөсөн үйлдлийн улмаас учирсан эсэхийг нарийн шалгаж тогтоогоогүй... Яллагдагч А.Л нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 000 дугаартай хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэж яллах дүгнэлтэд дурдсан боловч ...хоёр өөр агуулга бүхий мэдүүлгүүдийн аль нь хэргийн бодит байдалд нийцсэн, аль мэдүүлгийг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэх талаар яллах дүгнэлтэд тусгаагүй байна...” гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна.
Тодруулбал: Прокурорын 000 оны10 дугаар сарын 18-ны өдрийн 298 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Д.Мын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд яллагдагч Д.Мын алгадсан, эсхүл мөргөсөн гэх үйлдэл нь хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй юм.
Хэрэв мөрдөн шалгах ажиллагааны шатанд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг нотлох баримтаар тооцох эсэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13-т заасан “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн” үндэслэл тогтоогдвол мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6-д заасан журмаар шийдвэрлүүлэх боломжтой.
4.Мөн прокурор яллах дүгнэлтэд “Яллагдагч А.Лгийн үйлдсэн мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 000 дугаартай хэрэгт 000 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр болон 000 оны6 дугаар сарын 06-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хоорондоо илт зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгсөн” гэж тодорхой дурдсан байхад шүүх “...А.Лгийн 000 оны 11 дүгээр сарын 16- ны өдөр, 000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 000 оны2 дугаар сарын 2-ны өдөр /хх-ийн 16, 20, 22-р хуудас/ болон 000 оны6 дугаар сарын 6-ны өдөр өгсөн хоёр өөр агуулга бүхий мэдүүлгүүдийн аль нь хэргийн бодит байдалд нийцсэн, аль мэдүүлгийг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэх талаар яллах дүгнэлтэд тусгаагүй…” гэсэн нь ойлгомжгүй болсноос гадна гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа тодорхойгүй гэж дүгнэх үндэслэлгүй.
5.Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн, эсхүл тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй, хохирол, хор уршиг учруулахаар заналхийлсний улмаас бусдын эрхшээлд гарцаагүй автсаны улмаас хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд тооцохоор Эрүүгийн хуулийн дөрөвдүгээр бүлэгт хуульчлан тодорхойлсон.
Гэтэл шүүх яллагдагч А.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...н.Б даргын нөлөөнд автсан...” гэх мэдүүлгийг үндэслэж гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байгаа эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн нь хуулийн дээрх агуулга, зорилттой нийцээгүй байна.
6.Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зөрчлийг дахин засуулахаас өөрөөр тогтоох, үгүйсгэх, үнэлэх аргагүй нөхцөл байдал хамаарах бөгөөд шүүгчийн захирамжид дурдсан үндэслэл ийм нөхцөл байдалд хамаарахгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.”, мөн зүйлийн 15-д “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шийдвэрлэнэ.”, 16.11 дүгээр зүйлд “Нотлох баримтаар тооцохгүй байх” гэж тус тус зохицуулсны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас аль нь шийдвэрийн үндэслэл болохыг шүүх үнэлж, дүгнэн хэргийг шийдвэрлэх боломжтой.
7.Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр боловсруулах журмын 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2-т “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ.” гэж заасан бөгөөд шүүгчийн захирамжид үндэслэх хэсэг тусгасан нь хууль, журмын дээрх зохицуулалтыг зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1, 39.0 дүгээрзүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЗ/31 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Л.ЭРДЭНЭБАТ