| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2538003210587 |
| Дугаар | 2026/ДШМ/07 |
| Огноо | 2026-02-25 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Э.Г |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2026/ДШМ/07
2026 02 25 2026/ДШМ/07
П.Эхолбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч: П.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Баттөмөр,
Нарийн бичгийн дарга: М.Хулан нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 000 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор П.Эхолбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б овогт П-ийн Э, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Д сумын ерөнхий боловсролын сургуулийн тогооч ажилтай, ам бүл 5, аав, нөхөр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймагт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.
П.Э нь 000 оны 00 дугаар сарын 05-наас 06-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч цолтой Г.Ог Хөвсгөл аймгийн Д сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 000 авто зам дээр Тоёота Рав 4 маркийн 000 ХӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгах явцад албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хэл амаар доромжилж, машины түлхүүрийг авахаар эрүү, баруун шуу хэсгээс нь маажиж, нүүр рүү нь алгадаж цохих, хувцсыг нь урж, хүч хэрэглэн эсэргүүцэж, 106,385 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 000 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолоор Б овогт Пгийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Пгийн Эийг 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Эрүүгийн 000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн 2538003210587 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Х.Адилмаад даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.Э давж заалдах гомдолдоо: ...Миний хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд шүүх хуралд гэрч, хохирогчийг оролцуулаагүй. Прокурор нь хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх нь хамгийн амархан гэж хэлсэн. Уг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд миний эрхийг хангаагүй бөгөөд тухайн үед цагдаа нар 000 оны 00 дугаарсарын 05-ны шөнө намайг намайг гавлаж хоносон. Намайг түлхэж унагаах, хэл амаар доромжлох зэрэг тухайн үеийн бичлэг бичигдээгүй талаар мөрдөн байцаагчийн мэдүүлэгт дурдагдаагүй байна. Тухайн цагдаа мэдүүлэг өгөхдөө нүүр, ам руу цохисон, маажсан, алгадсан гэж худал мэдүүлэг өгсөн. Прокурор нь гэрч, хохирогчийн мэдүүлгээр нэг шийдвэр гаргаж надад хохирол учирсан талаар надаас мэдүүлэг аваагүй байна. Би эмэгтэй хүний хувьд хууль сахиулагчийн шаардлагыг биелүүлэхтэй холбогдуулан зодолдож, хүч хэрэглэж, нүүр рүү нь алгадаагүй болно. Миний хувьд цагдаа, прокуророор анх удаа явж байгаа тул айж балмагдсандаа хялбаршуулсан журмаар шийдвэл амархан гэж прокурор хэлсэн тул үүнд гомдолтой байна. Тухайн цагдаа нар давуу эрхтэй мэдүүлэг өгсөн. Харилцан намайг боож унагааж 24 цаг гавласан. Иймд шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан, миний эрхийг хангаагүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-р бүлгийн 1.8, 1.9, 1.13, 4.1, 3-р бүлгийн 3.1.2 болон холбогдох хуулийн заалтыг үндэслэн миний хэргийг дахин хянаж үзэхийг хүсэж гомдол гаргаж байна” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч П.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Отэй маргалдсан нь үнэн. Прокурор надад хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх, цаг зүүх, баривчлах гэсэн 3 ялын санал хэлсэн бөгөөд нөгөө хоёр ялаас айгаад хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэсэн дээр гарын үсэг зурчихсан юм. Учрыг нь сайн ойлгоогүй.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... нэгэнт хэргийг бүхэлд нь хянаж байгаа учир шүүгдэгчийн эрх зөрчигдсөн асуудал байгаа эсэхийг хянаж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “П.Э нь 000 оны 00 дугаарсарын 05-наас 06-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч цолтой Г.Ог Хөвсгөл аймгийн Д сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 000авто зам дээр Тоёота Рав 4 маркийн 000ХӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгах явцад албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хэл амаар доромжилж, машины түлхүүрийг авахаар эрүү, баруун шуу хэсгээс нь маажиж, нүүр рүү нь алгадаж цохих, хувцсыг нь урж, хүч хэрэглэн эсэргүүцэж, 106,385 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцээд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг нь үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүрэг бүхий албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл, хууль сахиулагчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд П.Э нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11-р тал/, энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-18-р тал/, хохирогч Г.Огийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23, 25-р тал/, гэрч Д.Баасанбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/, гэрч Б.Эрхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/, “Ашид Билгүүн” ХХК- ийн шинжээч Б.Хөхөөгийн 000 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 914195 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хор уршгийг харгалзан шүүгдэгч П.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч П.Эийн гаргасан “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд миний эрхийг хангаагүй ...хялбаршуулсан журмаар шийдвэл амархан гэж прокурор хэлсэн тул үүнд гомдолтой байна. Тухайн цагдаа нар давуу эрхтэй мэдүүлэг өгсөн. Харилцан намайг боож унагааж 24 цаг гавласан. Иймд шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан, миний эрхийг хангаагүй гэж үзэж байна...” гэх агуулга бүхий гомдлын тухайд:
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхээс гомдолд дурдсан асуудалд дүгнэлт өгөх боломжгүй.
Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Н.БАЯРХҮҮ