| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0181/Э |
| Дугаар | 146 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 146
2018 оны 8 сарын 03 өдөр 2018/ШЦТ/146 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0181/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч Л.Д. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Д.д холбогдох 1839003500186 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 14-16 тоотод оршин суух хаягтай, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан Л.Д. РД: / /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Лхагвасүрэнгийн Л.Д. нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 14-17 тоотод хэрүүл маргаан үүсгэж, иргэн Г.Жаргалсайханы нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Д. нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 14-17 тоотод иргэн Г.Жаргалсайханы нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 7 сарын 12-ны орой Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 14-17 тоотод найз Даваацэрэнгийнд ирээд 2 хоноод байсан юм. Би 2018.7.15-ны өдөр Даваацэрэнгийнхээс гарч яваад таньдаг хүмүүстэйгээ таараад 2 шил архи хувааж уусан. Би тухайн үед уусан архиндаа халаад тэр хүмүүсээс салаад найз Даваацэрэнгийн гэрт ирэхэд Даваацэрэн, эхнэр Ариунгэрэл хүүхдүүдийн хамт гэртээ байж байсан. Ингээд намайг Даваацэрэнгийн гэрийн гадаа сууж байхад зүүн хашаанд Л.Д. эхнэр Цэвэлмаатай гэртээ маргаад байх шиг байсан. Тэр үед Даваацэрэнгийн охин Нандинболор нар зүүн хашаа руу орсон. Тэд нар хоорондоо маргаж муудаад байх шиг байсан би яг юу ярьсныг нь сонсоогүй. Тун удалгүй Даваацэрэн, эхнэр хүүхдээ дагуулаад хашаандаа буцаж ирсэн. Тэднийхний хашаа дундаа хаалгатай хоорондоо орж гардаг айлууд юм байна лээ. Тэгтэл Л.Д. эхнэр Цэвэлмааг дагуулаад гэртээ ороод тэд нар хоорондоо маргалдаад байсан. Ингээд бүгдээрээ гэрээс гарч ирсэн. Тэгтэл гэрийн зүүн урд хаалганы хавтасны хажууд Ариунгэрэлийн хоолойг Л.Д. шахчихсан зогсож байсан. Тэгтэл Даваацэрэн чи салгаад өгчих гэж надад хэлэхээр нь би Ариунгэрэлийг салгаж авах гэтэл Л.Д. Ариунгэрэлээс гараа аваад миний баруун шанаанд хальт цохьсон.Тэгэхээр нь би газраас чулуу аваад Даваалхагвыг чулуугаар далайгаад айлгах гэсэн чинь миний урдаас баруун гараараа цохиход миний дээд уруулын баруун талд цохигдсон” гэх мэдүүлэг \ХХ-ийн 17-18 дугаар хуудас\
Гэрч О.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай нөхөр рүү Жаргалсайхан гартаа юм бариад цохих гэж дайраад байсан. Тэгтэл манай нөхөр Жаргалсайханыг гараараа цохисон байсан. Жаргалсайхан ахын уруулаас цус гараад байсан...” гэх мэдүүлэг \ХХ-ийн 19 дүгээр хуудас\
Гэрч Л.Даваалхагвын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ариунгэрэлийг гэрт нь түлхэж оруулах гээд байсан. Ариунгэрэл гэртээ орохгүй манай эхнэртэй маргалдаад байхаар нь аминдаа оруулах санаатай байтал Жаргалсайхан надруу дайраад байхаар нь цохиулахгүй гэж бодож байгаад Жаргалсайхны уруулд цохьсон” гэх мэдүүлэг \ХХ-ийн 22 дугаар хуудас\
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018.331 дугаартай дүгнэлт. \ХХ-ийн 29 дүгээр хуудас\ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Жаргалсайханы биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...Л.Д.тай сайн дураараа эвлэрсэн, ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 65 тал/ гэсэн тул шүүгдэгч Л.Даваалхагвыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д.д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сард 200.000 төгрөг төлөхөөр буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар Л.Д. нь түүнд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Д.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ