| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 176/2023/0290/Э |
| Дугаар | 2026/ДШМ/18 |
| Огноо | 2026-02-26 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.3.3., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2026/ДШМ/18
2026 02 26 2026/ДШМ/18
Г.М, А.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор У.Анхжаргал
Шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч М.Ариунболд, Б.Дагиймаа /цахим/,
Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч С.Уламбаяр /цахим/, Г.Наранбаатар /цахим/,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/1579 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор У.Анхжаргалын гаргасан эсэргүүцэл, шүүгдэгч А.Тын өмгөөлөгч М.Ариунболдын гомдлыг үндэслэн А.Т, Г.М нарт холбогдох эрүүгийн 2202002860258 дугаар хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч А.Т нь 2022 оны нь 4 дүгээр сарын 01-14-ний өдрүүдийн хооронд Америкийн Нэгдсэн Улсад амьдарч буй Б.Б893.94 ам долларыг валют арилжаа эрхлэгчээр дамжуулан шилжүүлж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "prime" гэсэн бичиглэл, ягаан ногоон өнгөтэй, нийт 13,42730 грамм цэвэр жинтэй Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
шүүгдэгч Г.Мтай үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран, Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "prime" гэсэн бичиглэлтэй, ягаан ногоон өнгөтэй, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсад авахын тулд Г.Маас нэр, оршин суух хаягийн мэдээллийг нь авч гэмт хэрэгт татан оруулж, Г.Мын нэрээр улс хоорондын шуудан илгээмж ашиглан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудал боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэргийг үйлдэхэд хатгагч, гүйцэтгэгчээр оролцсон,
шүүгдэгч Г.М нь А.Ттай үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран, Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "prime" гэсэн бичиглэлтэй, ягаан ногоон өнгөтэй, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсад авахын тулд өөрийн нэр, оршин суух хаягийн мэдээллийг өгч дэмжлэг үзүүлж, улс хоорондын шуудан илгээмж ашиглан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудал боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Нийслэлийн Прокурорын газраас А.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т зааснаар,
Г.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т зааснаар яллагдагч Ханхар Амгаланбаатарын Тд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т зааснаар яллагдагч ГМт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202002860258 дугаартай 7 хавтас хэргийг прокурорт буцааж,
Яллагдагч А.Т, Г.М нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн 2202002860258 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Prime гэсэн бичиглэлтэй, ягаан, ногоон өнгөтэй, бүтэн 32 ширхэг, тал 4 ширхэг нийт 13,4274 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болохыг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч А.Тын өмгөөлөгч М.Ариунболд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 17-ний өдрийн 2025/Ш3/1579 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ ТОДОРХОЙЛОХ хэсгийн сүүлийн хэсэгт "Өмгөөлөгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласнаас, хууль зөрчиж яллагдагчаар мэдүүлэг авсан, нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй, харъяалал зөрчиж хэргийг шилжүүлсэн гэх агуулга бүхий хүсэлтүүдийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв." гэсэн нь татгалзаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлээ огт тайлбарлаагүй, хэргийг тал бүрээс нь шалгаж бодит байдлыг тогтооход хязгаарлахаар байна.
Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаан дээр буцаасан тогтоол нэг заалттай эсэхийг тодруулж, шүүгч энэ дээр нэг заалттай бусад хүсэлтүүдийг хүлээн аваагүй болно гэж тодорхой хариулсан.
Энэ нь давж заалдах шатны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн магадлалаар анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгоод дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлүүд нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхэд хязгаарласан гэж үзэж байна.
Магадлалын тодорхойлох хэсгийн 7 дугаар бичигдсэн эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлүүдийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож, зөрчлийг арилгах боломжгүй байна.
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/Ш3/1579 дугаартай шүүгчийн захирамжаар яллах дүгнэлтийг хууль зүйн үндэслэлийг засварлаад, гардуулаад хэргийг шүүх рүү шилжүүлэхээр, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхээргүй байхаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн бодит байдлыг тал бүрээс нь үнэн зөв тогтоох үүднээс дараах ажиллагаануудыг хийх шаардлагатай байна. Үүнд:
1. Хууль зөрчиж авсан анхны мэдүүлгийг дахин авах, хууль зөрчсөн мэдүүлгийг хүчингүйд тооцуулан нотлох баримтаас хасуулах хүсэлт, гомдлуудыг прокурор шийдвэрлэх
2. Дахин мэдүүлэг авсантай холбоотойгоор Маас дахин мэдүүлэг авах, Бэлгүүдэй, М нарын харилцааны талаар нотлох баримтыг гаргуулах, тайлбар, мэдүүлэг авах,
3. Хилээр нэвтрүүлсэн үйлдлийг гүйцэтгэсэн үйлдлээр нь нарийвчлан тогтоох, оролцоогүй эсэхийг тогтоох,
4. Хэргийн бодит байдалд нийцэх үйл явдал, фактуудыг тогтоох шаардлагатай байна.
Хэргийн бодит байдалд нийцээгүй учир нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх тухайд яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгч А.Тын үйлдэл холбогдлыг дүгнэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Энэ нь дараах байдлаар бодит байдалтай нийцээгүй байна. Үүнд:
-А.Т нь Монгол Улсын хилээр зорчоогүй, гаалийн хяналт шалгалтаар ороогүй, улс хоорондын шуудангийн илгээмж явуулаагүй, уг хэрэгт хураагдсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийгээгүй, А.Тын овог нэр, хаяг байгаагүй юм.
-Мөн Гаалийн тухай хуулийн 3.1.12. "гаалийн бүрдүүлэлт" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг, 3.1.7."гаалийн мэдүүлэг" гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг, 3.1.8."мэдүүлэгч" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзнэ.
-Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 4.1-т "Илгээмжийг илгээгч, хүлээн авагч нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны талаар гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэх Үүрэгтэй", 4.3-т "Энэхүү журмын 4.2.1-4.2.5-д заасан бараанд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ, 4.5-т "Гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх зорилгоор илгээмжийг задлах, боох, савлах, жигнэх, хадгалах, илгээгчээс нь хүлээн авах, хүлээн авагчид нь гардуулах үүргийг шуудангийн байгууллага хариуцан гүйцэтгэнэ" гэж заажээ. Эндээс дүгнэхэд улсын хилээр нэвтрүүлсэн зохих этгээдийг тодорхойлоход барааг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн мэдүүлгийг илгээмжийг илгээгч, хүлээн авагчаар тодорхойлдог хууль, журамтай байна. Иймд А.Түвшинжарлыг улсын хилээр нэвтрүүлсэн гэм буруутай үйлдэл гаргасан гэж дүгнэх нь бодит байдалд нийцэхгүй байна.
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчим, 2.1 дүгээр зүйлийн 1-т "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж заасны дагуу гэмт этгээдийн үйлдэл Эрүүгийн хуульд тусгагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хууль нь хуульд тодорхой тусгагдаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг хориглодог. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Т мансууруулах бодисыг олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан үйлдэл хийсэн болох нь тогтоогддоггүй. Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдсон үйлдэлд ял оногдуулна гэж заасан, энэ нь гэм бурууг хуулиар тогтоох, хууль ёсны байдлыг хангах үндсэн зарчим.
-Гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн байхгүй тохиолдолд хүндрүүлэх боломжгүй бөгөөд түүнчлэн зөвхөн Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр аливаа ял шийтгэл хүндрэх учиртай. Гэтэл анхан шатны шүүх өрсөлдөх хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 3.3 хоёрыг өөр хоорондоо өрсөлдөх хэм хэмжээ хэмээн авч үзэж, энэ тохиолдолд хүндрүүлэх хэм хэмжээг авч хэрэглэнэ гэж ялыг хүндрүүлж шийдвэрлэсэн нь шүүх хуульд тусгагдаагүй онолын үзэл баримтлал хэрэглэсэн, үүгээрээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулсан, хуулийн зөвшөөрсөн хэм хэмжээгээр ял оногдуулах зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, эрүүгийн эрх зүйд "өрсөлдөх хэм хэмжээ" гэдэг нь нэг үйлдэл эсхүл нөхцөл байдалд хэрэглэж болох хоёр буюу түүнээс олон хэм хэмжээний аль тохирохыг сонгох тухай асуудал байдаг. Тодруулбал, өөр өөр зүйл, заалтад туссан хэм хэмжээний хооронд л өрсөлдөөн үүсдэг болохоос нэг зүйл дэх хэсгүүд өөр хоорондоо өрсөлдөнө гэж үзэх нь онолын хувьд үндэслэлгүй. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/Ш3/1579 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн хууль зүйн дүгнэлтэд өөрчлөлт оруулж, өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийг хангаж, дурьдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
6.Прокурор У.Анхжаргал гаргасан эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүх 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн яллах дүгнэлт утга агуулгын хувьд ойлгомжгүй, гэмт хэргийн үндсэн шинжийг хэрхэн, яаж хангаж байгааг тодорхойлж чадаагүй, утга агуулга, хэлбэрийн хувьд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай тогтоол болон яллах дүгнэлт нь Эрүүгийн хуулийн зүйл, заалт болон агуулгын хувьд тохирч байхаар хуульчлагдсан байх... тодорхой нэг зүйлийн хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан тэр хэсгээр зүйчилж хариуцлага хүлээлгэдэг байх..." гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон бөгөөд хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтууд нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "... Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь... прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасны дагуу хавтаст хэрэгт тусгагдсан баримтын хүрээнд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шүүх бүрэн шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэж, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан яллах дүгнэлтэд бичих шаардлагатай зүйлүүдийг прокурор тусгаж бичсэн. Нөгөөтэйгүүр дээрх хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2 удаа анхан шатны шүүх рүү буцаахдаа "...хууль зүйн дүгнэлт..." хийх буюу шийдвэр эргэлзээгүй, ойлгомжтой байх шаардлагыг удаа дараа магадлалд тусгасан. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/Ш3/1579 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн” гэв.
7.Шүүгдэгч А.Тын өмгөөлөгч Б.Дагиймаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Өмгөөлөгч М.Ариунболдын гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Уг хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр удаа дараа хэлэлцэгдэж, шийтгэх тогтоол хүчингүй болж, хэргийг прокурорт буцаасан захирамжууд гарсан. Гэвч буцаасны дараа хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй. Өмгөөлөгч М.Ариунболдын гомдолд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нөхцөл байдал, процессын алдааг арилгаагүй. А.Таас мэдүүлэг авсан боловч хууль бус ажиллагаа явагдаж, зогсоогдсон нөхцөл байдал бий. Анхан шатны шүүх хуралдаан нь прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана. Гэтэл прокуророос шилжүүлсэн яллах дүгнэлт нь агуулга, хэлбэрийн шаардлагыг хангаагүй, ойлгомжгүй, зөрчилтэй тул шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн гэж үзэж байна. 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын ямар үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарч байгааг тодорхой, ойлгомжтой тусгаагүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл, заалтыг журамласан боловч аль хэсэг нь ямар үйлдэлтэй холбогдож байгааг тодорхой заагаагүй. Ийм нөхцөлд анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй боловч өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн аль хэсгийг хүлээн авч, аль хэсгийг хүлээн аваагүй талаар үндэслэл бүхий тайлбар хийгдээгүй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлд шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг тодорхой заасан. Шүүх шийдвэртээ талуудын маргаантай асуудал, тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой. Гэтэл шүүгчийн захирамжид өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй шалтгааныг үндэслэлтэй тайлбарлаагүй байна. Өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт нь ач холбогдолтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд өмгөөлөгч оролцож болохгүй тохиолдлыг заасан. Гэтэл ашиг сонирхлын зөрчилтэй 2 шүүгдэгчийг нэг өмгөөлөгч өмгөөлсөн асуудал байгаа нь хууль зөрчсөн ажиллагаанд хамаарна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судлахад Ариунзаяагаас биологийн дээж авсан асуудал, шинжээчийн дүгнэлтэд дурдсан зөрүүтэй мэдээлэл зэрэг нь нотлох баримтыг хэрхэн, ямар журмаар авсан нь тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Давж заалдах шатны шүүхээс 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн магадлалаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж буцаасан боловч магадлалд заасан ажиллагаа бүрэн биелэгдээгүй. Дээд шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, мөрдөгч, прокурор заавал биелүүлэх үүрэгтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан зөрчил арилаагүй, өмгөөлөгч нарын дурдсан зөрчлүүдийг арилгахгүйгээр анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Хэргийг прокурорт буцаах тухай захирамжид өөрчлөлт оруулж, өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах байдлаар шийдвэрлэж өгнө үү. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй, хангахгүй орхиж өгнө үү. Учир нь анхан шатны шүүх хуралдаанаар шууд мэтгэлцээний хүрээнд дээрх зөрчлүүдийг арилгах боломжгүй бөгөөд дахин шийдвэр хүчингүй болох эрсдэлтэй гэж үзэж байна.” гэв.
8.Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч С.Уламбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Яриад байгаа зүйлийг нь шалгаж нэг мөр болгохгүй бол энэ хэрэг шийдэгдэхгүй байна. Нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах саналыг дэмжиж байна. Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой хэлэх тайлбар байхгүй” гэв.
9.Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг сонслоо. Энэ хэрэг 2023 оноос хойш давж заалдах шатны шүүхээр 6 дахь удаагаа хэлэлцэгдэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн, хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шийдвэрлэх хууль зүйн боломжтой гэж миний зүгээс үзэж байна.
Анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр миний үйлчлүүлэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Харин 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн. Иймээс өөр өөр бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн нөхцөл байдал үүссэн. Миний үйлчлүүлэгч Г.Мтай ижил үйлдэлтэй Агэх хүн байгаа. Ань А.Тын найз охин. Анхан шатны шүүх хуралдаанаар CD бичлэгийг шинжлэн судлахад Ариунзаяагаас шинжилгээгээр сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн нь тогтоогдсон. Мөн каргогоос илгээмж авахдаа мөнгийг нь төлж авсан үйлдэлтэй. Гэтэл Г.Мтай ижил үйлдэлтэй байхад Агэрчээр оролцож байгаа. Г.М, А2 хамт очиж илгээмж авсан, мөнгийг нь Атөлсөн атлаа илгээмж Г.Мын нэр дээр ирсэн үйл баримт хэрэгт байна. Иймд өмгөөлөгч М.Ариунболдын гаргасан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар яллах дүгнэлтэд гарсан алдаа, давхардлыг засаж, хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх шаардлагатай. Давж заалдах шатны шүүх 3 удаа, анхан шатны шүүх 3 удаа хэргийг шийдвэрлэсэн боловч шийдвэрүүд өөрчлөгдөж, дутуу үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлаар хэрэг шийдвэрлэгдэж ирсэн. Ингэж шийдвэрлэлгүй удааширч байгаагаас шалтгаалан уг хэрэг шүүхийн шатанд 4 жил болж байна. Мөн харьяаллын асуудлыг анхаарч үзэх шаардлагатай. Карго нь анх Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу уг хэргийг Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэх харьяалалтай гэж үзэж байна. Хэрэв Төв аймгийн шүүх шийдвэрлэж чадахгүй байгаа бол Улаанбаатар хотын шүүхэд харьяалуулан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.
10.Шүүгдэгч Г.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дундаа нэг өмгөөлөгчтэй байсан гэж яриад байна. Би 2022 оны 8 дугаар сард яллагдагчаар татагдсанаасаа хойш өмгөөлөгч С.Уламбаяртай нэг удаа мэдүүлэг өгсөн. Нэг л мэдүүлгээр явж байгаа. Түүнээс өмнө мөрдөн байцаалтын шатанд өөр өмгөөлөгч байсан, одоогоор нэр нь санаанд орж ирэхгүй байна. Гэхдээ хамт мэдүүлэг өгч байсан үйл баримт надад байхгүй. Ийм байхад яагаад цугтаа нэг өмгөөлөгчтэй явж байсан гэж яриад байгааг ойлгохгүй байна. Магадгүй хавтаст хэргийн материал дээр хамт орсон мэтээр гарын үсэг зурсан байж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ би яллагдагчаар татагдахаас өмнө нэг ч мэдүүлгийг өмгөөлөгчтэй хамт өгч байгаагүй. Анх өгсөн мэдүүлгийнхээ дагуу явж байгаа. Энэ хэрэг нэлээд удаж байна. Өмгөөлөгч М.Ариунболдын гаргасан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтэд Америкийн Нэгдсэн Улсад байгаа Б гэх хүнтэй намайг холбогдсон эсэхийг тогтоолгох талаар бичсэн байсан. Хэргийн үйл явдлын хувьд би Америкт байгаа ямар нэгэн хүнтэй холбогдоогүй, Америкт байгаа хүн рүү дансаар мөнгө шилжүүлээгүй, Америкаас бараа захиалаагүй. А.Т хувцас, пүүз захиалах гэж байна гэж хэлээд миний иргэний үнэмлэхийг авсан. Түүний дагуу би каргогоос илгээмж авч өгсөн асуудлаар энэ хэрэгт холбогдсон. Гэтэл каргоны илгээмж дээр Билгүүнбат гэх хүний нэр байдаг. Харин А.Тын мэдүүлгээр Б гэх хүн рүү мөнгө шилжүүлсэн гэдэг. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой эдгээр хэсгийг А.Т өөрөө гэрч, эсхүл яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлэх ёстой байтал надаас шалгуулахаар хүсэлтэд бичсэн нь ойлгомжгүй байна. Миний хувьд энэ хэрэг нэлээд удаж байгаа тул хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоож, шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа байвал хийлгэж, хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
11.Шүүгдэгч А.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч М.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анх 2022 оны 5 дугаар сард хэрэгт холбогдуулан надаас мэдүүлэг авах үед Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд “энэ дээр үнэн зөв гэж бичээд гарын үсэг зурчихвал өнөөдөр хэн ч хоригдох шаардлагагүй” гэж тайлбарласан. Мөн “чиний хэрэгт онц нөлөө байхгүй, удахгүй Тагнуулын ерөнхий газраас байцаагч томилогдохоор хэргийг чинь үнэн зөвөөр шийдвэрлэх бүрэн боломжтой” гэж хэлсэн. Би тухайн үед найз охин Аболон найз Г.М нарыг хоригдуулахгүй байх үүднээс тухайн мэдүүлэг дээр гарын үсэг зурсан. Дараа нь Лбайцаагч томилогдсоны дараа би бодит байдлыг тайлбарлаж мэдүүлэг өгөхийг хүссэн боловч хүлээж аваагүй, бичиж аваагүй. Энэ асуудлаар гомдол гаргах талаар тухайн үед надад хууль зүйн зөвлөгөө өгч байсан Төмөрхуяг өмгөөлөгчид хандсан. Гэвч “хил давуулсан үйлдэл байхгүй тул анхан шатны шүүх чамайг буруутгах боломжгүй, гомдол гаргах шаардлагагүй” гэж зөвлөсөн тул тухайн үед гомдол гаргаагүй. Би 2023 оны 6 дугаар сард Соёлмаа прокурорт гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Дараа нь Улсболд прокурорт гомдол гаргасан боловч “хэрэг анхан шатны шүүхэд байна” гэсэн үндэслэлээр мөн хүлээж аваагүй. 2025 оны 2 дугаар сард хэргийг 50 хоногийн хугацаагаар прокурорт буцаасан боловч надаас нэмэлт мэдүүлэг аваагүй. Иймд дээрх нөхцөл байдлуудтай холбоотой нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар хэлэхэд би анхнаасаа яллах дүгнэлттэй санал нийлэхгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Миний анхны мэдүүлэг бодит байдалд нийцээгүй гэж үзэж байгаа бөгөөд бодит байдлын талаар нэмэлт мэдүүлэг өгөх хүсэлтээ удаа дараа гаргасан боловч одоог хүртэл нэмэлт мэдүүлэг өгч чадаагүй байна. Иймд нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай байна, мөн яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Т, Г.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор У.Анхжаргалын гаргасан эсэргүүцэл, шүүгдэгч А.Тын өмгөөлөгч М.Ариунболдын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэлээ.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.
2.Хэрэгт шүүгдэгч А.Т нь 2022 оны 4 дүгээр сарын 01-14-ний өдрүүдийн хооронд Америкийн Нэгдсэн Улсад амьдарч буй Б.Б893.94 ам долларыг валют арилжаа эрхлэгчээр дамжуулан шилжүүлж Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "prime" гэсэн бичиглэл, ягаан ногоон өнгөтэй, нийт 13,42730 грамм цэвэр жинтэй Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
шүүгдэгч Г.Мтай үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран, Америкийн Нэгдсэн Улсаас Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "prime" гэсэн бичиглэлтэй, ягаан ногоон өнгөтэй, нийт 13,4274 грамм жинтэй Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсад авахын тулд Г.Маас нэр, оршин суух хаягийн мэдээллийг авч, түүний нэрээр улс хоорондын шуудан илгээмж ашиглан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" Олон Улсын нисэх буудал боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэргийг үйлдэхэд хатгагч, гүйцэтгэгчээр оролцсон,
шүүгдэгч Г.М нь А.Ттай үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран, Америкийн Нэгдсэн Улсаас дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсад авахын тулд өөрийн нэр, оршин суух хаягийн мэдээллийг өгч дэмжлэг үзүүлж, улс хоорондын шуудан илгээмж ашиглан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан" Олон Улсын нисэх буудал боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэх гэмт хэргийн талаар тусгагджээ.
3.Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т зааснаар,
шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
4.Анхан шатны шүүх шүүгдэгч А.Тын өмгөөлөгч Б.Дагиймаа болон М.Ариунболд нарын гаргасан хүсэлтийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулан хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаахдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай тогтоол болон яллах дүгнэлт нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт болон агуулгын хувьд тохирч байхаар хуульчлагдсан байх бөгөөд уг шаардлагыг хангаагүй”, “...үндсэн бүрэлдэхүүн, хүндрүүлэх бүрэлдэхүүн өрсөлдөх тохиолдолд эрүүгийн хуулийн тодорхой нэг зүйлийн хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан тэр хэсгээр зүйлчилж хариуцлага хүлээдэг болохыг дурдах нь зүйтэй” гэсэн ойлгомжгүй, зөрүүтэй дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
4.1.Тодруулбал, шүүгдэгч А.Тыг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т зааснаар /1хх-9/, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, энэ тогтоолд
-Прокурорын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 265 дугаартай тогтоолоор Г.Мтай бүлэглэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 20.7 дугаар зүйлийн 3.3-т зааснаар /1хх-ийн 13/,
-Прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 98 дугаартай тогтоолоор Г.Мтай бүлэглэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан 20.7 дугаар зүйлийн 3.3-т зааснаар /3хх-ийн 137/,
-Прокурорын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 340 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, мөн Г.Мтай бүлэглэсэн үйлдэлд 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 20.7 дугаар зүйлийн 3.3-т зааснаар өөрчлөлт тус тус оруулсан байна.
Дээрх эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах тухай тогтоол болон өөрчлөлт оруулсан тогтоолуудаас үзэхэд шүүгдэгч А.Тын үйлдсэн гэх гэмт хэргийн талаар утга найруулга, хуулийн зүйл, хэсэгт өөрчлөлт оруулсан, түүнчлэн хамгийн сүүлд өөрчлөлт оруулсан хуулийн зүйл хэсгээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн байна.
4.2.Анхан шатны шүүх нь шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлт гардуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор хэрэг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах эрх нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон байхад шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэсэн агуулгаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болсон байна.
4.3.Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн нотлох баримтын хэмжээнд болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн дүрслэхэд нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангагдсан, нэг нь нөгөөгөө нотолсон, эсхүл үгүйсгэсэн зэрэг байдлыг дүгнэж, яллагдагч нарын гэм буруутай эсэхийг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан зарчмыг хэрэгжүүлэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
5.Түүнчлэн хэрэгт авагдсан шүүгдэгч А.Т, Г.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүгчийн захирамжийн “Захирамжлах нь” хэсгээс зөрүүтэй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9-д заасан “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол” гэх зөрчилд хамаарч байна.
6.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шатны шүүхэд буцааж, прокурор У.Анхжаргалын гаргасан эсэргүүцлийг хангаж, шүүгдэгч А.Тын өмгөөлөгч М.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд шүүгдэгч А.Т, Г.М нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/1579 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шатны шүүхэд буцааж, шүүгдэгч А.Тын өмгөөлөгч М.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурор У.Анхжаргалын бичсэн эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3-т зааснаар шүүгдэгч А.Т, Г.М нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.МӨНХБҮРЭН
А.ЦЭРЭНХАНД