Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 06 өдөр                       2018/ШЦТ/147                             Хэрлэн сум

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0159/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                А.Уламбаяр,

Улсын яллагч                                                  Я. Сансар,

Хохирогч                                                           Г.Мөнх-Эрдэнэ,

Хохирогч нарын өмгөөлөгч                            Э.Түвшинбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Б.Баатарсайхан,

Шүүгдэгч                                                          Д.Б. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б.д холбогдох 1839000500137  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр  суманд 1965 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 53 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Оорцог уул” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 14-р хороо Гавжийн шандын Задгайн-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Д.Б.  /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б.  нь 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 5-р багийн төв аспальтан зам дээр 71-92 УБН улсын дугаартай “Хино” маркийн тээврийн хэрэгслийг жолоодохдоо МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна., 6.3 б/ “Түр  зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй /эсхүл байхгүй/ буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд ... хэрэглэнэ”, мөн 11.1 “жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно, мөн 11.7 “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “45-64” УБП улсын дугаартай “Тоёота Раум” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г.Есөн- Эрдэнэ араас нь мөргөж зам тээврийн осол гарган Г.Есөн-Эрдэнэ, Г.Мөнх-Эрдэнэ нарын эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол, Э.Гантуяагийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б.  нь 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 5-р багт засмал зам дээр 71-92 УБН улсын дугаартай “Хино” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна., 6.3 б/ “Түр  зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй /эсхүл байхгүй/ буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд ... хэрэглэнэ”, мөн 11.1 “жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно, мөн 11.7 “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино” гэсэн заалтуудыг зөрчиж Г.Есөн-Эрдэнэ, Г.Мөнх-Эрдэнэ нарын эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол, Э.Гантуяагийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан болох нь:

Хохирогч Г.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 01 сарын 21-ний орой Хэнтий аймгийн Норовлин сумаас хамаатны ах  Есөн-Эрдэнэ, хамаатны дүү Гантуяа нарын хамт Мөрөн суманд ирсэн. Тэгээд Мөрөн сумаас эхнэр Мөнхдэлгэрийг аваад ах Есөн-Эрдэнийн жижиг суудлын автомашинтай Улаанбаатар хот руу явж байгаад зам тээврийн осолд орсон. Юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн... Би жолоочийн эсрэг талд сууж явсан, суудлын бүсээ зүүсэн байсан. Бид нар ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Хэнтий аймгаас Мөрөн сум руу явахдаа хурд хэтрүүлэлгүй их л удаан явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар  тал/,

Хохирогч Г.Есөн-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2018 оны 01 дүгээр сарын 21-ний орой  19 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Норивлон сумаас хамаатны дүү Мөнх-Эрдэнэ, Гантуяа нарын хамт аймгийн төвд өвөө Сахиагийн гэрт ирсэн. Тэгээд Мөрөн суманд очиж Мөнхдэлгэрийг аваад дөрвүүлээ болоод цааш Улаанбаатар хот руу хөдлөөд 7 гаран км явж байтал миний өөдөөс машин гэрлээ шилжүүлэлгүй яваад байхаар нь би өөрийн машиныхаа гэрлийг ойр дээр нь тавиад тухайн машиныг ямар машин болохыг харах гээд явж байтал гэнэт юм мөргөх шиг болоод замаа хартал урд том машины чиргүүл тулж орж ирээд би чигээр нь араас нь мөргөсөн. ...Мөргөсөн тээврийн хэрэгслийн ард ямар нэгэн анхааруулах гэрэл дохио юу ч байгаагүй. Гэнэт чулуу мөргөх шиг болоод л тэр том машины араас мөргөсөн... Намайг зам дээр явж байхад ямар нэгэн зүйл ерөөсөө харагдахгүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 51-52 дугаар  тал/,

Хохирогч Н.Гантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...бид нар орой 20 цагийн алдад Хэнтий аймагт ирээд хоол идчихээд 20 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Мөрөн сумаас Мөнх-Эрдэнэ ахын эхнэр Мөнхдэлгэр эгчийг авахаар явсан. Тэрнээс хойш бүх зүйлийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 56-58 дугаар тал/,

Гэрч Э.Мөнхдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Мөрөн сумын 4-р багт гэртээ байж байтал манай нөхөр Мөнх-Эрдэнэ  Норовлин сумаас хамаатны ах Есөн-Эрдэнэ хамаатны дүү Гантуяа нарын хамт ирээд намайг аваад Улаанбаатар хот руу Есөн-Эрдэнэ ахын жижиг суудлын машинтай явсан. Тэгээд замдаа нойр хүрээд зүүрмэглээд явж байтал гэнэт машин зогсох шиг болохоор нь би сэрсэн чинь нэг том машины доогуур мөргөж ороод урд талын шил нь хагараад зогссон...”  гэх мэдүүлэг /ХХ-ийн 59-60 дугаар тал/

Гэрч С.Дамбажавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгслийг би  2017 оны 04 сард найзаасаа худалдаж авсан. Одоо тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байгаа. 2018 оны 01 сарын 22-ны өглөө Эрдэнэбат над руу залгаад машины мотор цохиод зам дээр зогссон. Тэгээд би асахгүй болохоор нь зам дээр тавиад айлд ирчихээд очиж үзсэн чинь араас машин мөргөсөн байна. Уг нь машинаасаа зайтай дугуй болон чулуу тавиад дугуйгаа цагаан шуудайгаар ороож тавьсан. Гэтэл тэрийг мөргөөд машины араас орсон байна...гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 65-66 дугаар тал /

Шүүх эмнэлгийн №46 тоот дүгнэлт:

- Иргэн Г.Мөнх-Эрдэнийн биед баруун хөлийн дунд чөмөгт ясны хоёрлосон зөрүүтэй далд хугарал  бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтэл  нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /ХХ-ийн 71 дүгээр тал/,

Шүүх эмнэлгийн №47 тоот дүгнэлт:

-Г.Есөн-Эрдэнийн биед баруун хөлийн дунд чөмөгт ясны дунд хэсгийн хоёрлосон хугарал бүхий гэмтэл тогтоодлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтэл  нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /ХХ-ийн 96 дугаар тал/,

 Шүүх эмнэлгийн №95  тоот дүгнэлт:

-Э.Гантуяагийн  биед  суурь ясны их бие, суурь ясны баруун далавчны хугарал, суурийн хөндий, 2 талын хөхлөг сэртэн, зүүн хацар, хоншоор яс, зүүн ухархайн бүх хана, зүүн гайморын хөндий бүх хана, хамрын яснуудын нийлмэл хугарал, тархины нүүрэнд зөөлөн няцрал гэмтэл тогтоодлоо.

-Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна Эдгээр гэмтлүүдээс суурь ясны хугарал нь 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн хацар, хоншоор яс, зүүн ухархайн бүх хана, зүүн гайморын хөндийн бүх хана хамар яснуудын нийлмэл хугарал нь 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт тархины аалзан хальсан доорхи цус харвалт, зүүн дээд зовхинд шарх, 2 нүдэнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэг тус тус хамааруулна.../ХХ-ийн 119-120 дугаар тал/,

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн:

“71-92” УБН улсын дугаартай “Ниссан Хино” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Д.Б. нь ЗХД-ийн 6.3 “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг учруулан анхааруулах зорилгоор тээврийн хэрэглээс суурин газарт 15 метрээс багагүй зайд байрлуулна.” 6.3 б/ “Түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй /эсхүл байхгүй / буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд”, 11.1 “жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсоно”, мөн 11.7 “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбол зохино.”  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх ба зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөл болжээ” гэх дүгнэлт /ХХ-ийн 146-147 тал /

Яллагдагч Д.Б.ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө Баянхутаг сумын нутгаас 71-92 УБН улсын дугаартай “Ниссан Хино” маркийн ачааны автомашинаар  чиргүүл чирээд өвс ачаад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд би 15 цагийн алдад Хэнтий аймгийн Мөрөн сум өнгөрөөд явж байтал машин гэнэт зам дээр унтарсан. Тэгэхээр нь би яагаад унтарсан талаар машинаасаа буугаад үзтэл тухайн автомашины моторын тос гоожиж мотор нь цохиж байсан. ...тэгээд баруун урагшаа 600 гаруй метр газар байрлах нэг танихгүй айлд очиж хоносон. ...тээврийн хэрэгслийг ямар нэгэн байдлаар замаас чөлөөлөх боломжтой байсан. Би өөрийн гаргасан зам тээврийн ослыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 153-154 дүгээр  тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Гантуяагийн биед хүнд, хохирогч Г.Мөнх-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын биед хүндэвтэр хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Д.Б.өөс хохирогч Э.Гантуяа 5.000.000 төгрөг хүлээж авсан, хохирол барагдсан /хх-ийн 92, 93/ гэсэн, хохирогч Г.Мөнх-Эрдэнэ нь “967.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйл үгүй” /хх-ийн 110 тал/ гэсэн байна.

Харин хохирогч Г.Есөн-Эрдэнэ нь гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа /хх-51 тал/ мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргаагүй байгаа бөгөөд түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нь хохирогчийн эрүүл мэнд болон эд хөрөнгөнд учирсан хохиролд 3.253.000 төгрөг нэхэмжилсэн боловч өмгөөлөгч нь хохирогчийг төлөөлөх эрхгүй байх тул хохирогч Г.Есөн-Эрдэнэ нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй айна.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусад хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн байдал болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                    

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Д.Б-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5, 3.4 дэх хэсэгт зааснаар Д.Б-д оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин  явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн улмаас хохирогч Г.Есөн-Эрдэнэд учирсан хохирлыг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, тэнсэгдсэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Б.ийн жолоочийн  үнэмлэхийг Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186  дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Д.Б.ийн тэнсэгдсэн хугацаанд болон эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд  зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Б-д анхааруулсугай.  

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба хохирогч Г.Есөн-Эрдэнэ нь өөрт учирсан хохирлоо  нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          Д.ГАНЗОРИГ