Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2026/ДШМ/254

 

2026              03            05                                                                     2026/ДШМ/254

 


Ц.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч Ч.Чимэддорж

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2897 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч Ч.Чимэддорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.М-д холбогдох эрүүгийн 2506008142296 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш- овгийн Ц-ын М-, ......, /РД:Ц-/;

Шүүгдэгч Ц.М- нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын Ц- тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз нөхдийн харилцаа холбоотой хохирогч Э.Т-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар ахуйн хэрэглээний хутга ашиглан хохирогчийн цээжний ар нуруу тус газарт нь 1 удаа хутгалж, нурууны 5-6 дугаар нугалмаас цээжний баруун хөндий рүү нэвтэрч хутгалагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.М-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах" гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ц.М-ыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Т- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах эмчилгээний зардал, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг шийтгэх тогтоол уншиж сонсгосон өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.М- давж заалдах гомдол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн салсан нөхөр Б.А-ын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын Ц- тоотод оршин суух нөхрийн танил, хуурай ах н.Э-ынд очихоор явж байхдаа хохирогч Э.Т-тэй замд тааралдан хамт тухайн айл руу явсан. Хохирогч Э.Т- замдаа нэг шил архи аван н.Э- ахынд очиж салсан нөхөр Б.А-, хохирогч Э.Т-, хуурай ах гэх н.Э- нар тухайн архийг уусан. Төд удалгүй Э.Т- дэлгүүр явж 2 шил архи авчирч уусан. Энэ гурав тухайн 2 шил архийг ууснаар согтолтын хэмжээ өндөр болсон. Хохирогч Э.Т- нь салсан нөхөр Б.А-ыг хэл амаар доромжилж “Банди, би чамайг шоронгийн банди болгоно” гэх мэтээр доромжилж эхэлсэн. Энэ хоёр ойлголцохгүй маш их согтолттой байсан тул манай салсан нөхөр буруу хараад хэвтээд өгсөн. Энэ үед миний бие хоол хийх гээд ногоо арилгаад сууж байсан. Э.Т- босож байгаа харагдсан. Би түүнийг гадагш гарах гэж байна гэж бодсон. Гэтэл миний гараас татаж чангаагаад намайг тэврэх гэж оролдоход нь нөхөр харчих вий, буруу ойлгох вий гэж  бодоод сандарч түлхэх шиг болсон. Хохирогчийн биеэс цус гарч байгааг хараад сандарч хутгатай гараараа түлхсэнээ анзаарч маш их айж балмагдсан. Тэгээд нөхрийг дуудаж сэрээгээд түргэн дуудаарай гэж орилсон. Тухайн үед маш их айж сандарч, балмагдсан учраас ширээн дээрх архинаас тайвшрах гэж ууж байснаа санаж байна. Иймд миний бие хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах санаа зорилго байгаагүй. Өөрийн санамсар болгоомжгүйгээс хүний биед гэмтэл учруулсандаа маш их харамсаж, гэмшиж байна.

Миний бие 6 сартай жирэмсэн хорих ангид хоригдож байгаа. Миний эрүүл мэндийн байдал, даралт ихэссэн, жирэмсний хожуу үеийн хордлоготой хүндэвтэр байна. Мөн бага насны хоёр хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.М-ын өмгөөлөгч Ч.Чимэддорж давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар ял оноосон нь бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Ц.М- нь хохирогч Э.Т-тэй өс хонзон, ямар нэг ашиг сонирхлын зөрчил байхгүй, урьд өмнө таньж мэдэхгүй, дотно харьцаа байхгүй. Тийм учраас уг гэмт хэргийг хийх үедээ урьдчилан төлөвлөж бэлдээгүй, хохирогчийг гэмтээх санаа, сэдэл байхгүй хутгыг зэвсэг болгон хэрэглэхээр зориуд бэлдэж бариагүй, тухайн үед хоол хийх гэж төмс арилгаад нэг гартаа ахуйн зориулалттай хутга, нөгөө гартаа төмс барьсан арилгаж байхад нь хохирогч болох Э.Т- гараас нь барих, тэврэх зэрэг бэлгийн дарамт үзүүлэх үед нь шүүгдэгч уурлаж өөрөөсөө холдуулах зорилгоор түлхэх үедээ хутгатай гарaapaa үйлдэл хийснээс болж хутганы үзүүр хэсэг хохирогчийн нуруу хэсэгт орсон байна. Түүнээс хохирогчийг гэмтээх ямар нэг субьектив санаа байгаагүй гэж үзэж байгаа тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах зүйл ангиар ял оноох нь зүйтэй. Мөн энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гарцаагүй байдлын хэр хэмжээг хэтрүүлсэн байх магадлалтай байна. Ц.М- нь жирэмсэн бөгөөд тухайн үед хүчиндүүлэх бодит боломж байсан. Нөхөр нь байсан Б.А-, н.Э- нар архи уугаад унтсан тул бэлгийн харьцаанд орсон бол мэдэх боломжгүй байсан. Хохирогч Э.Т- нь хамт архи уусан н.Э-, Б.А- нар согтоод унтсан байсан тул Ц.М-тай бэлгийн харьцаанд орохыг санаархаж бэлгийн дарамт үзүүлсний улмаас дээрх гэмт хэрэг гарчээ гэж дүгнэж байна. Хохирогч Э.Т- эрүүл мэндийн нөхөн төлбөр болон сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилсэн тохиолдолд шүүгдэгч түүнийг нь төлж барагдуулахаа илэрхийлж байгаа тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж, хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож дахин шүүн хэлэлцүүлэх, өөрийгөө болон өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхийг нь хангаж байцаалт, мэдүүлэг авах үед өмгөөлөгчийг оролцуулан мэдүүлэг авах өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн суурь зарчмаа тайлбарлан ойлгуулах, хэрэг үйлдэх үедээ өөрийгөө хянах чадвартай байсан уу, эсхүл хянах чадвараа алдсан байсан уу гэдгийг нарийн тогтоох шаардлагатай байна. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргаж байна.” гэжээ.

Шүүгдэгч Ц.М-ын өмгөөлөгч Ч.Чимэддорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч эмэгтэй хүний халдашгүй байдалд халдаж бэлгийн дарамт үзүүлсэн тул шүүгдэгч цочирдож түүнийг түлхэхдээ хутгатай гараараа түлхэж гэмтэл учруулсан тул шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна. Мөн мөрдөгч нар энэ хэрэгт гэмтэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрыг шалтгаант холбоотой гэж яллах байр суурийг барьснаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг огт хэрэглээгүйд гомдолтой байна.” гэв.

Прокурор М.Сүхчулуун шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн зүйлчлэл хангалттай нотлогдон тогтоогдсон. Хохирогчоос шүүгдэгчийн бэлгийн эрх чөлөөнд халдаж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь хохирогчийн ар нуруу хэсэгт нэг удаа хутгалсан нөхцөл байдал тогтоогдсон. Давж заалдах гомдолд хохирогчийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэг үйлдэгдсэн гэх боловч хохирогчийг буруутгах үндэслэл нь түүний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явдал. Гэвч согтуурсан гээд хүнийг хутгалж гэмтэл учруулах ёсгүй. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.М- нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын Ц- тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз нөхдийн харилцаа холбоотой хохирогч Э.Т-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар ахуйн хэрэглээний хутга ашиглан хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Т-ийн “...юу болсон талаар А-аас асуусан чинь “чи манай эхнэртэй маргаад байсан, тэрнээс болж ийм зүйл болсон” гэж надад хэлсэн. Намайг эхнэр нь хутгалсан, ... хэл амаар доромжлохдоо Ц.М-ыг луузангийн хорихын янхан эмэгтэй, А-ыг банди болгоно гэх зэргээр би тэгж хэлсэн. Тэгээд маргалдаад байснаа санаж байна. Гэхдээ миний хэл амаар доромжилсноос болж л намайг хутгалсан байх. Тэр хутгыг Ц.М- бариад сууж байсан болохоор тэр хутгаар л намайг хутгалсан байх. ...” /хх 17-18, 22-23/,

гэрч Б.А-ын “...бид нийлээд 3 шил архи уусан. Эхлээд Э.Т- над руу агсам тавиад байсан. Урьд нь бид маргаж байгаад больчихдог байсан. Би больчих байх гэж бодоод цаашаа хараад хэвтэж байсан чинь манай эхнэр Ц.М-тай маргаж эхэлсэн. ...Намайг буруу хараад хэвтэж байхад “ёо ёо” гэж дуугарсан. Босоод ирсэн чинь Э.Т- хутгалуулсан байсан. Ц.М- хутгалсан байсан...” /хх 21-28/,

гэрч Н.Б-ын “...хаалга онгойлгож өгсөн чинь А- ганцаараа явж байсан. “Та гар утсаа өгч байгаач, манай авгай хүн хутгалчихлаа” гэсэн. Тэгээд цагдаа, түргэн тусламж хоёр зэрэг ирсэн....” /хх 31-32/,

гэрч Б.Э-ийн “...эргүүлийн офицерийн хамт тухайн тоотод алхаж очоод ороход Монгол гэрт 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн согтуу байсан ба 1 эрэгтэй хутгалуулчихсан, цус алдсан байдалтай байсан. Нуруу хэсэгтээ хутгалуулсан...Тухайн үед эргүүлийн офицер бид хоёртой түргэний машин бараг хамт ирсэн ба түргэний жолооч эмч болон эргүүлийн офицер бид 4 тэр хутгалуулсан эрэгтэйг өргөөд түргэний машинд суулгасан. Харин тэр гэрт байсан эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийг жижүүр дээр хүлээлгэж өгсөн. Ямартай ч тэр 3 хамт архи ууж байгаад маргалдаад нэг эмэгтэй нь хохирогч Э.Т-ийг хутгалсан гэсэн...” /хх 38-39/ гэсэн мэдүүлгүүд,

2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1242 дугаар “...Э.Т-ийн биед сээр нурууны баруун талаар 5-6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины бүрэн бус авчилт, цээжний хөндийн цусан хураа /1000 мл/, баруун 7, 8 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Сээр нурууны баруун талаар 5-6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины бүрэн бус авчилт, цээжний хөндийн цусан хураа /1000 мл/ гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой...Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг хамаарна...” /хх 48-52/ гэсэн шинжээчийн дүгнэлт,

Цэргийн төв эмнэлгийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04372 дугаартай өвчний түүх /хх 80-99/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.М-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.М-аас “...хохирогч намайг татаж чангаагаад намайг тэврэх гэж оролдоход нь сандарч түлхэх шиг болсон, надад хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах санаа зорилго байгаагүй, санамсар болгоомжгүйгээс хүний биед гэмтэл учруулсан, ...6 сартай жирэмсэн, бага насны хоёр хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү...” гэх,

шүүгдэгч Ц.М-ын өмгөөлөгч Ч.Чимэддоржоос “...гэмт хэргийн субьектив санаа байгаагүй тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргээр зүйлчилж, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “...шүүгдэгчийн үйлдлийг “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргээр зүйлчилж өгнө үү ...” гэж гомдлын агуулгыг өөрчилсөн тайлбар гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн обьектив тал нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд гэмт үйлдэл, эс үйлдэхүй, хохирол хоёрын хооронд шууд болон шууд бус шалтгаант холбоо байх ёстой. 

Харин санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүн сэтгэл санааны хүчтэй, огцом хөдөлсөн сэтгэцийн байдал, гэнэтийн цочрол балмагдал зэргээс шалтгаалан хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгодог билээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас тэрээр хоромхон зуур өөрийн үйлдлийг жолоодох чадваргүй байдалд орж, түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана.

Хэрэгт авагдсан баримтуудыг үзэхэд, хохирогч Э.Т- болон гэрч Б.А- нарын мэдүүлгээр хохирогч нь шүүгдэгчийн эсрэг бэлгийн хүчирхийллийн шинжтэй тодорхой үйлдэл хийсэн гэх нотлох баримтгүй. Харин шүүгдэгчийг “луузангийн хорихын янхан эмэгтэй” гэх доромж үгээр хэлсэн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйлд хамаарах боловч доромжлох, дарлах, гутаах байдлаараа шүүгдэгч Ц.М-ыг хүчтэй цочроосон, сэтгэцийн тэнцвэрт байдлыг нь илтэд алдагдуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч нь “намайг ногоо арилгаж байхад тэврэх гээд байсан учраас сандарч түлхэх шиг болсон, гэтэл цус гарч, түүнийг хутгалснаа мэдсэн” хэмээн тайлбарлаж байгаа боловч “хохирогчийн цээжний ар нуруу тус газарт нь 1 удаа хутгалж, нурууны 5-6 дугаар нугалмаас цээжний баруун хөндий рүү нэвтэрч хутгалагдсан шарх” бүхий хүнд хохирол учирсан хэргийн үйл баримтыг тогтоосноос үзэхэд шүүгдэгч хохирогч өөрийг нь тэврэх гэж байхад түлхэх үед хохирогчийн ар нуруу хэсэгт хутгалагдсан шарх үүссэн гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанчлан шүүгдэгчийн дээрх мэдүүлгийн эх сурвалж бусад нотлох баримтаар тогтоогдсон байх хуулийг шаардлагыг хангахгүй байна.

Сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан, эсхүл болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.М-ын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Э.Т-тэй үл ялих зүйлээр маргалдан түүний цээжний ар нуруу хэсэгт хутгалж, биед нь “нурууны 5-6 дугаар нугалмаас цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн шарх” бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх бөгөөд үүрэг бөгөөд ийнхүү ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог.

Мөн шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэм бурууд нь хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг.

Нөгөө талаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж хуульчилсан.

Харин анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжилсэн 2.824.640 төгрөгийн талаар шийдвэрлэлгүй орхигдуулсан атлаа шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэсэн зөрчилтэй нөхцөл байдал тогтоогдлоо.

Гэсэн хэдий ч давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлбөл зохих 2.824.640 төгрөгөөс 2.723.000 төгрөгийг нөхөн төлсөн тухай Хаан банкны дансны хуулга бүхий баримтыг гаргаж өгснийг давж заалдах шатны шүүх хянаад “шийтгэх тогтоолд бусдад төлөх төлбөргүй хэмээн шийдвэрлэсэн боловч хохирол тодорхой хэмжээнд төлөгдсөн нь хохирол нөхөн төлөх илэрхийлэл” гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэснийг буруутгаж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах шаардлагагүй юм.

Анхан шатны шүүх нь хууль хэрэглээний талаарх нийтээр хэвшсэн ойлголт практикийг алдагдуулахгүйгээр аливаа зөрчил хийдэлгүй хэргийг хянан шийдвэрлэх тал дээр цаашид анхаарвал зохино.

Үүнтэй холбогдуулан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Ц.М-аас иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2.723.000 төгрөгийг төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлбөл зохих 2.824.640 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 101.640 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор тогтоосон нэмэлт заалт оруулав.  

Түүнчлэн, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор...” авахаар хуульчилсан ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.М-д хорих ял шийтгэсэн учир уг таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.М- болон түүний өмгөөлөгч Ч.Чимэддорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.М- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2897 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 “Шүүгдэгч Ц.М-аас иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2.723.000 төгрөгийг төгрөг төлсөн болохыг дурдсугай.”,

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлбөл зохих 2.824.640 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 101.640 төгрөгийг шүүгдэгч Ц.М-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор тогтоосугай.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын:

...шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн...” гэснийг “...шүүгдэгч Ц.М-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.М- болон түүний өмгөөлөгч Ч.Чимэддорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           Т.АЛТАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ