Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 216/МА2022/00003

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 134/ШШ2022/00063 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Э,

Хариуцагч Г.Я холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 4 030 852 төгрөг гаргуулах тухай

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганбат, хариуцагчийн өмгөөлөгч П.Наранхүү, нарийн бичгийн дарга П.Нямзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлага:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага: Миний бие нь Г овогтой Я, түүний нөхөр П овогтой А нартай хамтарч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын С  с ногоо нөөцлөх төсөл хамгаалж, 5 000 000 төгрөгийн зээлийг 2013 оны 05 дугаар сарын 17-нд авсан билээ. Уг зээлийг өөрийн данснаас 5 000 000 төгрөгийг бэлэн аваад нөхөр П.А нь би үнэтэй машинаа зээлийн барьцаанд тавьсан болохоор 4 000 000 төгрөгийн зээлийг бэлэн авсан. Эхнэр Г.Я нь уг зээлээс 500 000 төгрөг бэлнээр авсан, Б.Э миний бие нь уг зээлийн төсөл хамгаалсан гэж 500 000 төгрөгийг бэлнээр авсан билээ. 2013 оны 05 дугаар сард авсан 5 000 000 төгрөгийг иргэн Г.Я одоо болтол төлөөгүй ба Г.Я ярьж, тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж, 3 500 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Уг зээлийн хүү болох 530 852 төгрөг, нийт 4 030 852 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагчийн татгалзал, түүний тайлбарын агуулга:

Хариуцагч Г.Я шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:  Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би Б.Э хамт С х с зээл авч байгаагүй. Одоо энэ материалыг харахад би автомашинаа барьцаалж тусалсан байсан. Хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд байгаа Б.Э хавсаргасан гар бичвэр байгаа. 4 000 000 төгрөгийн талаарх бичгийг би өмнө нь огт харж байгаагүй. Ийм зүйл дээр огт гарын үсэг зурж байгаагүй. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бичсэн гэж байгаа зүйл нь бас утга учиртай. Тухайн үед Б.Э бид хоёр эрүүгийн хэрэгт холбогдсон байсан. Эрүүгийн хэрэгт холбогдсон байх үедээ Б.Э 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр намайг ярих юм байна гээд дуудсан. Би нөхөртэйгээ очоод гэрт нь орсон. Тэгэхэд Б.Э зовлон, жаргалаа яриад нэг зүйл тохирно. Би хэлээд өгье, чи бич гэж хэлсэн. Би бичиж дуусаад яагаад намайг ийм өр төлбөрт оруулж, өөрийнхөө өрийг намайг төлөх мэтээр гарын үсэг зуруулах гээд байгаа юм гэж маргалдаад хэн хэн нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Тэр цаасыг маргалдаад гарахдаа ширээн дээр нь орхиод гарсан. Гэтэл өнөөдөр намайг хүлээн зөвшөөрсөн, албан ёсны гэрээ мэтээр ашиглаад өмнөх эрүүгийн хэрэг дээр 3 500 000 төгрөгөөр өмгөөлөгч авсан мөнгөө надаар төлүүлэх гэж ийм зан гаргаж байна. Тэр эрүүгийн хэрэгт мөн ийм зан гаргаж, хүн рүү дайрсан зүйл болсон. Ер нь бол энэ хүнийг иймэрхүү маягаар хандаад байж болдог юм байна гэсэн ойлголттой болсон юм байна гэж бодож байна. Тийм учраас би энэ мөнгийг төлөхгүй. Би Б.Э ямар ч өр төлбөр байхгүй. С х с би зээл авч байгаагүй. 3 500 000 төгрөг байтугай 300 000, 400 000 төгрөгийн өр ч байхгүй. Энэ яриад байгаа зүйл нь тухайн эрүүгийн хэрэгт авсан өмгөөлөгчийн мөнгийг надаас авах гээд байна гэж ойлгож байна. Тухайн эрүүгийн хэрэгт Б.Э их ууртай байсан. Ууртай байсан учраас надаар төлүүлэх гээд байна. Энэ мөнгө надад ирээгүй. Миний дансанд ороогүй. Өмгөөлөгчид өгсөн мөнгө байх гэж бодож байна. Надад өөр хэлээд байх зүйл байхгүй. Энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 42 дугаар зүйлийн 42.1.-д заасныг баримтлан хариуцагч Г.Я 4 030 852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Э улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79 444 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж  шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г давж заалдах гомдолдоо:

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 134/ШШ2022/00063 дугаар шийдвэрийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцан шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Э Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын С х с ногоо нөөцлөх төсөл хамгаалж 5 000 000 төгрөгийг 2013 оны 05 дугаар сард авсан ба 5 000 000 /таван сая/ төгрөгийг иргэн Г.Я өгсөн.

Г.Я  ярьж тохиролцсны үндсэн дээр гэрээ байгуулж 3 500 000 /гурван сая таван зуун/ төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Уг зээлийн хүү болох 530852 төгрөг нийт 4030852 /дөрвөн сая гучин мянга найман зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дагуу шийдвэрлээгүй илт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж хууль ёсны шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ :

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Г.Я холбогдуулан гэрээний үүрэгт нийт 4 030 852 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Г.Я нь Б.Э хамтарч С х с зээл аваагүй, харин машин барьцаалуулж тусалсан, гар бичвэрийг өмнө нь би харж байгаагүй, 3 500 000 төгрөг надад өгсөн талаар болон хүүгийн талаар тохиролцсон тохиролцоо байхгүй, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний бичвэрийг би бичсэн, гэхдээ надаар өмгөөлөгчийнхөө хөлсийг төлүүлэх юм байна гэж ойлгосон, тэгээд маргалдаад хэн хэн нь гарын үсэг зурахгүй гээд цаасыг орхиод гарсан гэх тайлбарыг гаргаж гаргаж  маргасан байна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдолдоо “... Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын сум хөгжүүлэх сангаас ногоо нөөцлөх төсөл хамгаалж 5 000 000 төгрөгийг 2013 оны 5 дугаар сард авсан ба 5 000 000 төгрөгийг Г.Я өгсөн. Г.Я ярьж тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж 3 500 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Уг зээлийн хүү болох 530 852 төгрөг нийт 4 030 852 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэсэн нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дагуу шийдвэрлээгүй илт нэг талыг барьж шийдвэрлэсэн” гэх агуулгыг  дурджээ.

5. Хэргээс судлан үзэхэд :  Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Учир нь : хэргийн 3 дугаар талд хариуцагч Г.Я бичсэн гэх гар бичмэл авагдсан байх ба түүнд ‘’... сум хөгжүүлэх сангийн төслийн зээлийн 2013 оны 5 сард 5 000 000 төгрөгийн зээлийг авсан. Г.Я миний бие нь таван сая төгрөгийн зээлийн 3 500 000 төгрөгийг 2020 оны 3 сараас эхлэн сар бүр 292 000 төгрөгөөр 1 жилийн буюу 12 сарын дотор төлж дуусгана. Жич тухай бүрд төлбөрийг Б.Э 5097001197 тоот дансанд сар бүр төлж байх болно. Гэрээ байгуулсан Г.Я, Б.Э’’ гэсэн байх бөгөөд үүнийгээ хариуцагч нь ‘’ өөрөө бичсэн’’ гэдгээ үгүйсгэдэггүй, улмаар зээлийн тодорхой хэсгийг төлнө гэдгээ илэрхийлж байсан зэргээс үзэхэд  ‘’С х с авсан 5 000 000 төгрөгийн 3 500 000  төгрөгийг төлөх үндэслэлгүй ’’  гэх  татгалзал болон уг бичвэрийг дарамт шахалтаар бичсэн гэдгээ нотолж чадаагүй байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  ‘’ 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Зээл барагдуулах гэрээ гэх бичвэр, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хариу тайлбар, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан хариу тайлбар зэргийг хариуцагч Г.Я бичсэн эсэхийг тодруулах, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гар бичвэр дээр байгаа гэрээ байгуулсан Б.Э гэж бичсэн байгаа нь Б.Э гарын үсэг мөн эсэхийг тодруулах, 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Э би гээд бичсэн зүйл байгаа, тэр бичвэр дээр П.А гэх хүний нэр байгаа. Зурсан гарын үсэг нь П.А гарын үсэг мөн эсэх зэрэгт тус тус шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан байна.

7. Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ ‘’2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Зээл барагдуулах гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хариу тайлбар, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан хариу тайлбар зэргийг хариуцагч Г.Я бичсэн гэж маргаангүйгээр шүүх хуралдаанд тайлбар гаргасан. П.А гарын үсэг мөн эсэхэд шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй”  гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

8. Түүнчлэн Г.Я, П.А нар нь С х с зээлэнд машинаа барьцаалуулж итгэмжлэл хийж өгч байсан зэргээр түүнийг зээл авсан гэж үзэхээр  байна.

9.  Харин нэхэмжлэгч нь зээлийн хүүнд  530 852 төгрөг нэхэмжилсэн байх ба энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул хүү шаардах эрхгүй юм.

10. Иймд талуудын тайлбар, хэргийн үйл баримт болон нөхцөл байдал зэргийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000 төгрөгийг хариуцагч Г.Я гаргуулж, нэхэмжлэгч Б.Э олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 134/ШШ2022/00063 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Я 3 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э олгож, нэхэмжлэлийн үлдэх 530 852 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай”  гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ‘’Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар ...‘’ гэснийг ‘’ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар ..., хариуцагч Г.Я улсын тэмдэгтийн хураамжид 70950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э олгосугай ” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 444 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийн Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгсүгэй.

 

 

..............ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ..........................Г.ТЭГШСУУРЬ

............. ШҮҮГЧ................................................Х.БАЙГАЛМАА

..............ШҮҮГЧ................................................О.ОДНЯМАА