Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 315/ШШ2025/00184

 

2025 06 13 315/ШШ2025/00184

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 1дүгээр баг, ******* 11-1108 тоотод оршин суух, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 1дүгээр баг, ******* 11-1108 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ю.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Зулаа

Хариуцагч Э.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ю.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан хоёр хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Э.*******тай гэр бүл болж, дундаасаа 4 хүүхэдтэй болсон. Том охин 2012 онд төрсөн одоо 13 настай, дараах охин Н.Номин-Эрдэнэ 2018 онд төрсөн, одоо 7 настай, хоёулаа сургуульд суралцдаг. Бид хамт амьдрах хугацаанд би амьдралаа авч явдаг, ажил төрөл хийдэг, хажуугаар нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд анхаарч чадах чинээгээрээ зүтгэж байсан. Хамт байх хугацаандаа бие биеийнхээ зан араншинг мэдэлцэж харилцаа хандлага өөрчлөгдөж хүүхдүүдээ бодоод амьдарч байсан боловч эхнэр хамт амьдрахгүй гээд 4 хүүхдээ аваад байр түрээслэнэ гээд хамаг хувцсаа аваад гэрээсээ яваад өгсөн. Миний хувьд гэртээ ээжтэйгээ үлдсэн. Энэ хугацаанд эхнэр ажил хийх нэрийдлээр хүүхдүүдээ гэртээ цоожлоод хоол ундгүй үлдээгээд явдаг болсон. Манай 2 охин одоо өсвөр насных учраас над руу залгаад ааваа ээж биднийг цоожлоод ажилдаа явчихсан, бид харанхуйгаас айгаад байна, мөн бидэнд идэж уух зүйл алга, та идэж уух хоол унд дөхүүлж өгөөч гэж ярьдаг болсон. Би үр хүүхэдтэйгээ уулзангаа тэдэнд хэрэглээний зүйлийг өгдөг байсан. Миний хувьд хүүхдүүдээ бодоод эвлэрээд хамт амьдрах талаар эхнэртээ хэлдэг боловч тэрээр би чамтай суухгүй гэрлэлтээ цуцлуулна гээд шүүхэд хандсан. Ингээд бид хоёр 2024 онд шүүхээр орж зөвхөн гэрлэлтээ цуцлуулсан. Миний дөрвөн хүүхэд ээжийнхээ асрамжид амьдардаг. Миний хувьд одоо хэвийн амьдралдаа шилжээд ээжтэйгээ өөрийн гэртээ амьдарч байна. Хоёр том охин ааваа таньтай цуг амьдармаар байна. Ээжтэй амьдрах хэцүү байна, аль болох хурдан бид хоёрыг аваач гэж хэлдэг, ээж нь ч та хоёр аавыгаа дагаад яв гэдэг гэсэн. Миний хувьд ч 2 охинтойгоо хамт амьдармаар байна. Ээж нь өөр хүнтэй хамт амьдарч байгаа. Тэрнээс болоод том охин маань аавтайгаа амьдарна гэсэн. Хоёр бага хүүхдийн хувьд ээжтэйгээ амьдардаг тул ээжтэйгээ байхыг зөвшөөрч байгаа. Иймд охин , Н.Номин-Эрдэнэ нарыг эцэг Ю.******* миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ю.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан ба хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр зөвхөн гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүдээ миний бие өсгөж хүмүүжүүлэхээр шүүхийн шийдвэр гарч байсан. Өмнөх шүүх хурлаар Ю.*******ыг ядарч явахад нь ачаалал өгөөд яах юм гэж бодоод хүүхдийн тэтгэлэг тогтоолгоогүй. Миний хүүхдүүд 2, 7, 9, 13 насны дөрвөн хүүхэд байгаа. Би хүүхдүүдээ тэжээхийн тулд гэрт нь үлдээх, цоожлох асуудал байдаг. Ю.******* том охин , охин нарыг авна гэснийг зөвшөөрөхгүй. Хоёр охиноо өөрийн асрамжид байлгамаар байна. Охин Н.Номин-Эрдэнийг өөрийн асрамжид авах саналтай байна. Гэтэл Ю.******* нь иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүүхдүүд өлсөж цангадаг, аавтайгаа баймаар байна гэх мэтээр хүүхдүүдийн ярьж, хэлээгүй зүйлийг ярьсан мэтээр худал ярьж, хэлээгүй зүйлийг хэлсэн болгож нэхэмжлэлдээ дурдсан байна. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/126 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, , нарын төрсний бүртгэлийн лавлагаа, , нарын сургуулийн тодорхойлолт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 279 дугаартай Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр,

 

4. Хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ю.******* нь, хариуцагч Э.*******д холбогдуулан хоёр хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар, бичгийн бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 279 дугаартай шийдвэрээр зохигчид гэрлэлтээ цуцлуулж тэдний дундаас төрсөн , , , нар нь эх Э.*******гийн асрамжид байсан болох нь Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 147/ШШ2024/00279 дугаартай шийдвэр, зохигчдын тайлбар мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. (хх-5-11х)

 

5. Нэхэмжлэгч Ю.******* нь 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин , 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин нарын асрамжийг өөрчлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.******* хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж заасан бөгөөд зохигчдын хүүхдүүд болох , нар ...аавтайгаа хамт амьдрах саналтай байна... гэж мэдүүлсэн. (хх-28-29х)

 

7. Зохигчид 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 279 дугаартай Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж тусдаа амьдарч байгаа ба нэхэмжлэгчийн ...Манай 2 том охин одоо өсвөр насных учраас над руу залгаад ааваа ээж биднийг цоожлоод ажилдаа явсан. Бид харанхуйгаас айгаад байна, бидэнд идэж уух зүйл алга, та идэж уух хоол унд дөхүүлж өгөөч гэж ярьдаг болсон. Би үр хүүхэдтэйгээ уулзангаа тэдэнд хэрэглээний зүйлийг өгдөг байсан. Хоёр том охин аавтайгаа хамт амьдарна гэдэг. Ээж нь ч та хоёр аавыгаа дагаад яв гэдэг. Миний хувьд том 2 охинтойгоо хамт амьдарна, бага 2 хүүхдийн хувьд ээжтэйгээ амьдарна. гэх тайлбар, охин , нарын аавтайгаа хамт байна гэх санал, мөн тэдгээр нь одоо аавтайгаа хамт амьдарч байгаа зэргийг харгалзан 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин , 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин нарын асрамжийг өөрчилж эцэг Ю.*******ын асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ю.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн , 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн нарын асрамжийг өөрчилж, эцэг Юра овогтой *******ын асрамжид үлдээсүгэй.

 

2Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ю.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.*******д олгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эхийн үүргээ биелүүлэхийг Э.*******, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Ю.******* нарт тус тус даалгасугай. 

  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА