| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00149/И |
| Дугаар | 315/ШШ2025/00192 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 315/ШШ2025/00192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* 5-500 тоотод оршин суух, утас *******, *******, *******ын *******ын,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар баг, ******* 11-09 тоотод оршин суух, утас *******, ийн д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цолмон,
Хариуцагч О.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жамъяндорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Би О.тэй 2010 онд танилцаж, 2011 онд гэр бүл болсон. 2012 онд гэрлэлтээ батлуулж, хүү 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус тус төрсөн. О. 2020 оноос эхлэн байнга архи ууж, хэл амаар доромжилж, намайг боож унагаан зоддог. Би 2021 оны 10 сард гэрээсээ хүүхдүүдээ авч яваад байр түрээсэлж тусдаа амьдарч эхэлсэн. Үүнээс хойш одоог хүртэл хүүхдүүдийнхээ хамт О.эс тусдаа амьдарч байна.
Тусдаа амьдарсан 4 жил гаруйн хугацаанд хүүхдүүд минь аав руугаа 4 удаа явсан. Аавтайгаа 7-14 хоноод ирдэг. Аавтайгаа удаан байдаггүй. Байнга надтай байдаг. Аав нь хүүхдүүддээ мөнгө төгрөг өгдөггүй. Цаашид О.тэй эвлэрэх боломжгүй, бид онд эвлэрүүлэн зуучлагчаар орж эвлэрээгүй, цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Миний хувьд 1 жил гаруй өмнөөс өөр хүнтэй хамтран амьдарч байгаа. Миний бие одоо жирэмсэн 7 дугаар сарын сүүлээр төрнө. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү , нарыг миний асрамжид хэвээр үлдээж, эцэг О.эс хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
1.2. Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие үр хүүхдүүддээ анхаарал халамж тавих эцгийн үүргээ биелүүлэхгүй явсан удаа байхгүй. М.******* хүүхдүүд дагуулж явчихаад над руу явуулах дургүй байдаг. М.******* надтай суухдаа 5 настай хоёр ихэр охинтой ирсэн. Би тэр хоёр хүүхдийг өөрийн хүүхдээ гэж бодож тэжээн тэтгэж ирсэн. Одоо ч хоёр охинтойгоо холбоотой байдаг. Хоёр охин өөрсдөө ирж, очдог. Хоёр хүүг явуул гэж хэлэхээс нааш явуулдаггүй, хоёр хүүгээ өөр дээрээ авмаар байна. Намайг архи уусан үед зодсон гээд цагдаад дуудлага өгдөг. Хоёр хүүдээ би хайртай, хойд эцгийн гар харуулмааргүй байна. Би хоёр хүүхдээ өөрийн асрамжид авмаар байна. Хадланд гарчихаад ирэхэд хүүхдүүд аваад гэрээ орхиод явсан байсан. Араас нь очиход өөр хүнтэй болсон байсан. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрөхгүй гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, (РД:)-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Буяндэлгэр (РД:)-ий төрсний бүртгэлийн лавлагаа, М.*******, О. нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөх тухай хүсэлт, Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/155 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 61-р сургуулийн сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн , нар тус сургуульд суралцдаг гэх тодорхойлолт, Энэрэлт Ачтан өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн , нар эрүүл бойжиж байгаа гэх тодорхойлолт, Сүхбаатар аймгийн ******* сумын 1-р багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн М.******* нь ам бүл 6, тус багийн Амгалан хороолол 5-500 тоотод оршин суудаг нь үнэн болно гэх тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг,
3. Хариуцагчаас нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд нотлох баримтаар тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч О.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид хэвээр үлдээж эцгээс нь хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч М.*******, хариуцагч О. нар нь 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү , 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2021 оноос эхлэн тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах хүсэлгүй болох нь Нэхэмжлэгчийн ...О. 2020 оноос эхлэн байнга архи ууж, хэл амаар доромжилж, намайг зодох болсон. Намайг зодож 2021 онд цагдаад баривчлагдаж байсан. Би 2021 оны 10 сард гэрээсээ хүүхдүүдээ авч яваад байр түрээсэлж тусдаа амьдарч эхэлсэн. Одоо өөр хүнтэй хамтран амьдардаг, 8 сартай жирэмсэн.. гэх тайлбар, хариуцагчийн ..миний бие үр хүүхдүүддээ анхаарал халамж тавих эцгийн үүргээ биелүүлэхгүй явсан удаа байхгүй. М.******* хүүхдүүд дагуулж явчихаад над руу явуулах дургүй байдаг. Хоёр охин өөрсдөө ирж, очдог. Хоёр хүүг явуул гэж хэлэхээс нааш явуулдаггүй, хоёр хүүгээ өөрийн асрамжид авмаар байна. Энэ хүн өөр хүнтэй болоод надаас салсан, би гэрлэлтээ цуцлуулмааргүй байна... гэх тайлбар, гэрлэгчид шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч үр дүнд хүрээгүй зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
6. Зохигчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцохгүй маргаж байна. Тэдний дундаас 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү , 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү нар төрсөн. Нэхэмжлэгч хүү , нарыг өөрийн асрамжид авна гэснийг, хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар хүүхдүүд 9-14 настай өсвөр насны хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа байдал, сүүлийн дөрвөн жил гаруй хугацаанд эцэг, эхийгээ тусдаа амьдарснаас хойш эхийнхээ асрамжид амьдарч байгаа, эцэг, эхийнх нь анхаарал халамж тавьж байгаа байдал, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал зэргийг нь харгалзан хүүхдүүдийн амьдарч дассан орчин нөхцлийг өөрчлөхгүй эх М.*******ын асрамжид хэвээр үлдээх нь зохимжтой гэж шүүх үзлээ.
8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно, гэж зааснаар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.эс сар бүр тэтгэлэг гаргуулж 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн , 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн нарыг эцэг О.эр тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч М.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар хариуцагч О.эс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын *******, ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн , 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн нарыг эх М.*******ын асрамжид хэвээр үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн , 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг О.эр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч М.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар хариуцагч О.эс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.д даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА