| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0178/Э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2018-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 148
2018 оны 8 сарын 06 өдөр 2018/ШЦТ/148 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0178/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Т.Баярмаа,
Хохирогч Б.Энхтөр
Шүүгдэгч Д.Л. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Л.д холбогдох 1839002770162 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1983 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 7б-08 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Д.Л. /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Л. нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Өндөрхаан” жуулчны баазын манаачийн өрөөнд Б.Энхтөрийг гараараа цохиж хамар ясыг нь хугалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Л. нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Өндөрхаан” жуулчны баазын
манаачийн өрөөнд Б.Энхтөрийг гараараа цохиж хамар ясыг нь хугалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: ”...2018 оны 06 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед танил Д.Л.д нүүрэн тус газраас мөн толгойн ар дагз хэсэгрүү 2-3 удаа цохиулсан....манаачийн өрөөнд миний таньдаг 6 залуу хөзөр тоглоод сууж байхаар нь өдөржин хажууд нь харж суусан...Тэгээд Давка гэдэг залуутай маргаж муудах гээд хоорондоо булхайцсан, булхайцаагүй гээд маргаж байх үед би Д.Л. чи булхайцаад байна шдээ гэсэн чинь надад уурлаад миний нүүрэн тус газар 2 удаа цохихоор нь нүүрээ дараад доошоо тонгойсон чинь ар дагзруу 1 удаа гараараа цохьсон. Тэгээд толгойруу цохих үед би сууж байсан сандал дээрээсээ унасан....Намайг сандал дээрээсээ унах үед тэнд байсан хүмүүс Д.Л.г салгаж болиулсан....Би Д.Л.д зодуулснаас болж хамар маань хугарсан ...гэх мэдүүлэг...\ХХ-ийн 12-13 дугаар хуу\
Гэрч Э.Сугарын мөрдөн байцаалтад өгсөн: “....Би 2018 оны 06 дугаар сарын 02-ны орой гэртээ байж байсан бэр эгч маань орж ирээд ахыг хүн зодсон гэж байна хоёулаа хамт явъя гэсэн юм.Тэгээд бид хоёр такси бариад Малчдын хороо ороод Өндөрхаан амралтын газрын манаачийн байшинд очсон чинь Энхтөр ахын маань хамраас цус гарсан байдалтай хэдэн хүмүүстэй байхаар нь дотогш орох гэсэн чинь ах маань намайг оруулахгүй явж бай гээд байсан.Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг \хх-ийн 15-16 дугаар хуудас\
Гэрч Г.Загдцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед гэртээ байж байсан чинь нөхөр Энхтөр маань утсаар залгаад 102 луу залга гэж хэлээд тасалсан юм. Тэгээд эргээд залгасан чинь утсаа авахгүй таслаад байсан. Тэгэхээр нь би хажуу гэрт байсан Сугарыг дагуулаад Өндөрхаан жуулчны бааз руу явсан юм. Тэгээд манаачийн байранд орсон чинь нөхрийн маань хамраас цус гарсан байдалтай хэдэн хүнтэй байж байсан.Тэгэхээр нь юу болсон юм бэ хэн цохьсон юм гэсэн чинь нэг залуу би цохьсон юм. Юун сүртэй юм гэж хэлээд наадах чинь яагаа ч үгүй байна гэж хэлсэн...Тэгээд удалгүй цагдаа нар ирээд тэр хүнийг авч явсан...гэх мэдүүлэг \хх-ийн17-18 дугаар хуудас\
Гэрч Г.Энхсүхийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2018 оны 06 дугаар сарын 02-ны орой 19 цагийн орчимд Хэрлэн сумын 6 дугаар багт байрладаг “Өндөрхаан” жуулчны баазын манаачийн өрөөнд найз Д.Л., Энхтөр, Цэгмээ, Даваажав, Бааска нарын хамт байж байхад Энхтөр, Д.Л. хоёр тоглоомон дээрээс болж хоорондоо маргаж муудаад Энхтөрийг Д.Л. гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би салгасан. Тэгэхэд Энхтөрийн хамраас нь цус гарсан байсан...гэх мэдүүлэг \хх-ийн 19 дүгээр хуу\
Гэрч Ч.Даваажавын мөрдөн байцаалтад өгсөн:....Ингээд 19 цагийн үед Д.Л., Энхтөр хоёр тоглоомон дээрээс болж маргалдсан. Энхтөр чи четон хулгайлж булхайлцлаа гээд Д.Л.д хэлсэн чинь Д.Л. би четон хулгайлж булхайцсан юм байхгүй гээд маргалдаж байснаа Д.Л. гарынхаа ар хэсгээр Энхтөрийн нүүрэнд цохьсон. Тэгтэл Энхтөр нүүрээ дараад доошоо тонгойсон тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Тэгэхэд Энхтөрийн хамрын дунд хэсгээс нь цус гарсан...гэх мэдүүлэг \хх-ийн 20 дугаар хуудас\
Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 270 дугаартай: ...Б.Энхтөрийн биед хамар ясны зөрүүтэй хугарал , хамрын нуруунд зулгаралт, баруун нүдэнд цус хуралт, баруун доод зовхи, хамар дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт \хх-ийн 25 дугаар хуудас\
Яллагдагч Д.Л.гийн....Би 2018 оны 06 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Өндөрхаан жуулчны бааз”-ын манаачийн өрөөнд Б.Энхтөртэй маргалдаж байгаад нүүрэн тус газарт нь 2 удаа, ар дагзруу нь 1 удаа цохьсон. Би тэр өдөр 11 цагийн үед Цэгмээ гэдэг танилынхаа хамт очсон. Намайг очиход Гончиг, Баасанцэрэн, Даваадорж гурав байсан. Ингээд бид нар юм ярьж байгаад 12 цагийн үеэс эхэлж хөзөр тоглосон. Ингээд бид нар тоглож байгаад 19 цаг болгосон. Би Даваадоржтой хөзрөөсөө болоод гилийн 7 эргэх байсан, эргэхгүй байсан гээд тоглоомын талаар маргаж байсан чинь Энхтөр намайг чи булхайцаад байна гэсэн. Тэгэхээр нь би булхайцаагүй гэж хэлээд хоорондоо маргалдсан. Тэгээд сандал дээр сууж байхад би гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон чинь Энхтөр тонгойсон тэгэхээр нь толгойн тус газарт дагз орчим нь дахин нэг цохьсон... гэх мэдүүлэг \хх-ийн 34-35 дугаар хуудас\ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Энхтөрийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалд 296.400 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Д.Л. нь төлж барагдуулж, хохирогч Б.Энхтөрийг хохиролгүй болгосон нь хавтаст хэргийн 61, 65 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Л.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л.г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л.д оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.Л.д оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Л.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ